Монгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн,

Гэгээн Жиуда Таддэо Апостоло цолтой эрхэмсэг хүндэт Кардинал Жиоржио Маренгогийн сүлд тэмдэг

 

СҮЛД

Сүлдний бамбай дээрх Мадонна Консолата. Түүний арыг мөнгөөр дэвсгэрлэсэн. Бамбайн дээд шугамны голоос хоёр захын шугам руу муруйлгаж татсан хөх өнгөтэй хэсгүүд. Үүний баруун хэсэгт несторианы алтан өнгөтэй загалмай болон мөнгөн зүрх харин зүүн хэсэгт нь монгол хэв загвартай алтан өнгөтэй дүрслэгдсэн талархал магтаалын Мөргөлийн хундага ба дээр нь мөнгөн эвхаристын бие. 

Сүлдний бамбайг өлгөсөн алтан загалмай, дээр нь байрлах Кардиналын сүлд болохыг илтгэх улаан өнгийн малгай нь хоёр талын бүч бүртээ 15 цацагтай. 

УРИА: ТҮҮН РҮҮ ХАРААД ГИЙГҮҮЛЭГДЭГТҮН!

БЭЛГЭДЛИЙН БА ТЕОЛОГИЙН ТАЙЛБАР

Сүлдний бамбайн дийлэнх хэсгийг дүүргэсэн үнэт металл болох мөнгө нь өөрийн цасан цагаан гэрэлтсэн шинжээрээ Цэвэр Охин Мариагийн цэвэр ариун байдлыг тодотгон түүний хөрөг дүрслэлд сайтар тохирч байгаа юм. Сүлд дээр Цэвэр Охин Мариаг толилуулахдаа Турин хотын төв шашны хүрээний сахин хамгаалагч хэмээгддэг Мадонна Консолата гэх хөргийг сонгон харуулжээ. Энэхүү Мариаг сүлдний эзний харьяалагддаг байгууллага нь хүндэтгэн биширдэг ба уг хөргийн Консолата хэмээх нэрээр байгууллагаа нэрлэсэн байдаг. Консолата байгууллагыг үүсгэн байгуулагч нь католик Шашинд хожим төгс жаргалт хэмээн өргөмжлөгдсөн Иосеф Алламано санваартан юм. Тэрээр 46 жилийн турш Турин дахь Мадонна Консолатагийн нэрэмжит ариун шүтээний сүмийн даргын алба хашсан нэгэн байжээ. Үүнээс гадна Туринд алдартай Кафассо санваартан бол түүний нагац ах байсан гэнэ. Консолата байгууллагын хувьд Консолата (Тайтгаруулагдсан Мариа) бол тэдний урам зоригийг бадраагч ба Эх нь болж байдаг тул өөрсдөө ч мөн Цэвэр Охин Мариагийн адилаар дэлхийд чин үнэн Тайтгарлыг буюу Есүсийг, Сайн Мэдээг болон гадуурхагдсан хүмүүс ойр байдал, гашуудагчдад тайвшрал, өвчлөгчдөд илааршил, хүний үнэ цэнэ ба эрхийн хамгаалалт, шударга ёс ба энх тайвны дэвшлийг хамтад нь авчрахыг хүсдэг. Сүлд дээр ахин харуулсан Мадонна Консолата хэмээх хөрөг шүтээн өнөөдөр Пиэмонтэ мужийн төв хот Турины ариун шүтээний сүмд бий (Santuario di Torino). Уг зураг бол Ровэрэгийн Кардиналын (Турин хотын Дуомо сүмийг бүтээн байгуулагч) Туринд өгсөн бэлэг бөгөөд 15-р зуунд Антониаззо Романо гэгч уран бүтээлч үүнийг Ром хотын Мадонна дэл Пополо (Madonna del Popolo di Roma) зурагнаас санаа аван зуржээ. 

Бамбайн дүрсний дээд хоёр буланд байрлах Мариагийн уламжлалт өнгө буюу хөх өнгөтэй хэсэг тус бүрт харагдаж буй дүрснүүд нь чухал бэлгэдлийн утгатайгаас гадна монсиньор Маренго Жиоржио хамба ламаар томилогдохоос өмнө шашин дэлгэрүүлэгчийн хувиар хорь шахам жилийг идэвхтэй өнгөрүүлсэн нутаг дэвсгэр Монголтой холбогдож байгаагаараа онцлог билээ. Эхлээд бид несторианы загалмайг харъя. Загалмай бол Христийн үйлдсэн Авралын төгс тэмдэг. Мөн түүнчлэн газар газрын бүх цаг үеийн Христэд итгэгчдийн эхний ба хамгийн чухал ялгарах тэмдэг болсон. Сүлд дээрх өвөрмөц хэлбэртэй загалмайг несторианы сүм ашиглаж байжээ. Ийм загалмайг урьд өмнө несторианы сүм байсан, одоо ч оршин байгаа Азийн нутаг дэвсгэрүүдэд харж болно. Ихэвчлэн тагтааны дүрс (Ариун Сүнсний бэлгэдэл) болон бадамлянхуа цэцэг хамт дагалдах энэхүү загалмай нь харагдах байдлаараа Цовдлогдож Амилсан Нэгний амь дэлхий даяар түгэн дэлгэрч байгаа гэлтэй дөрвөн талын төгсгөл хэсгээрээ өргөссөн ялалтын загалмай лугаа хийцтэй.            

Харин нөгөө дүрсээр талархал магтаалын Мөргөлд хэрэглэгддэг хундагыг монгол хэв загвараар харуулжээ. Үүний дээр байрласан тойрог дүрс нь эвхаристыг бэлгэдсэн болох нь тодорхой байна. Эвхарист бол Шашны амь амьдралын эх булаг ба орой нь байхаас гадна шашин дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэлийн хүч нь юм. Нөгөө талаас шашин дэлгэрүүлэх үйл ажиллагаа нь хүмүүсийг эвхарист ёслолд орших Христтэй гүн нэгдэлд дагуулахад чиглэсэн байдаг билээ.

Дон Антонио Помпили

Италийн сүлдний үүсэл гарал судлалын институтын гишүүн