Кардинал Жиоржио Маренго

НАМТАР

Монгол улсын Улаанбаатар хот дахь Апостолик Тэргүүн, Кардинал Жиоржио Маренго 1974 оны 6-р сарын 7-нд Итали улсын Кунео хотод мэндэлжээ. Гэр бүл нь түүнийг 3 настайд Турин хот руу ирж тэнд суурьших болсон. Бага залуу насаа спорт, скаут, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй өнгөрөөсөн. Турин дахь Каворын лицейг төгссөний дараа Ай Эм Си (I.M.C) буюу шашин дэлгэрүүлэгч санваартнуудын Консолата хэмээх байгууллагын гишүүн болохоор элссэн.

1993-1995 онд Хойд Италийн Теологийн (Тэнгэрбурхан судлал) Тэнхимд философийн (гүн ухаан), 1995-1998 онд Ром дахь Папын мэдлийн Грегорианы Их сургуульд теологийн чиглэлээр суралцсан. 2000 оны 6-р сарын 24-нд Консолата байгууллагын гишүүний хувьд үүрдийн сахилын тангаргаа өргөж, 2001 оны 5-р сарын 26-нд сахил санваарын хэргэм хүртжээ. 

1999-2002 онд Папын мэдлийн Урбаниана Их сургуульд мэдлэгээ ахиулан суралцаж шашин дэлгэрүүлэлтийн чиглэлээр магистр, хожим нь 2016 онд докторын зэрэг хамгаалсан.

2003 онд байгууллагаасаа Монгол руу томилогдсон анхны гишүүдийн нэг болж байгууллагынхаа нэг санваартан болон гурван гэлэнмаа нарын хамт Монголд иржээ. 2006 онд бусад гишүүдийн хамт Арвайхээр хотыг зорьсон. Эдгээр жилүүдэд Арвайхээрт мэндэлсэн Энэрлийн Эх хэмээх католик сүмийн ахлах санваартнаар үйлчилж байсан. Дараа нь шашин хоорондын харилцаа болон соёлын судалгааны нэгэн жижиг төвийг Хархорин хотод санаачлан эхлүүлсэн. Үүний зэрэгцээ Папын дэргэдэх шашин хоорондын харилцааны зөвлөлд ажил үүрэг гүйцэтгэж байсан. 2020 оны 4-р сарын 2-ны өдөр Пап Францис түүнийг Монгол дахь католик Шашны анхны хамба лам асан эрхэмсэг хүндэт Вэнсэслао Падиллагийн залгамжлагчаар сонгон Улаанбаатар дахь Апостолик Захиргааны тэргүүн, Кастра Севериана нэр цол оноон хамба ламаар томилсон. 

2022 оны 8-р сарын 27-нд Кардиналуудын албан ёсны уулзалтаар (Consistory) Пап Францис түүнийг Гэгээн Жиуда Таддэо Апостоло хэмээх цол олгон Кардинал болгон зарлан тунхаглажээ.

 

Тайлбар: Ромын хамба лам буюу Папын шашны хариуцлагатны үйл ажиллагааг дэмжих зэмсэг гэсэн утгаар кардиналуудын коллежиумын (нийт бүрэлдэхүүний) нэгдлийг бэлгэдэхийн тулд Кардинал хүнд Ром дахь шашны хүрээнд хамаарах сүмүүдээс эсвэл Ромын ойролцоох шашны хүрээнүүдээс аль нэгийг нь сонгон оноодог бөгөөд оноосон газрын нэр нь түүний цол гуншин болдог.