Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 13. Амьд Тэнгэрбурханы Сүнстэй хамт бичсэн захидал: Мариа эх ба Ариун Сүнс

2024-11-13

НИЙТИЙН БАРААЛХАЛ

Гэгээн Петрийн талбай

2024 оны 11 сарын 13, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 13. Амьд Тэнгэрбурханы Сүнстэй хамт бичсэн захидал: Мариа эх ба Ариун Сүнс

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Биднийг ариусгах үйлсдээ Ариун Сүнс Тэнгэрбурханы Үг, сакраментууд, залбирал гэх мэт олон арга замыг ашигладаг билээ. Гэвч тэдгээрийн дунд онцгой нэгэн арга бий. Тэр нь "Мариа эхэд сүсэглэх" юм. Католик уламжлалд “Ad Iesum per Mariam” буюу “Мариагаар дамжин Есүст хүрэх” гэсэн үг бий. Мариа эх бидэнд Есүсийг үзүүлдэг. Тэр үргэлж Есүст хүрэх хаалгыг бидэнд нээж өгдөг! Мариа бол гараас маань хөтлөөд биднийг Есүс рүү хүргэж өгдөг ээж маань. Тэр үргэлж өөрийгөө бус, харин Есүсийг онцолдог. Мариад хандсан сүсэглэл бол Мариагийн гараас хөтлөөд Есүст очих явдал юм. Христийг бидэнтэй холбогч жинхэнэ зууч нь Ариун Сүнс гэдгийг Есүс Өөрөө заасан билээ. Ариун Сүнс биднийг Есүстэй ойртуулахдаа хэд хэдэн арга зам хэрэглэдгээс нэг нь Мариа эх юм.  

Гэгээн Паул Христийн сүсэгтэн олныг “бэхээр бус, харин амьд Тэнгэрбурханы Сүнсээр, чулуун самбарт бус, харин махбодын зүрхэн самбарт бичигдсэн захиа” гэжээ (2 Коринт 3:3). Мариа эх Эзэний анхны шавь, сүмийн бэлгэ тэмдэг мөний тул амьд Тэнгэрбурханы Сүнсээр бичигдсэн захиа юм. Тиймээс ч Мариа “бүгдэд уншигдаж мэдэгдэх” (2 Коринт 3:2) боломжтой. Шашин судлалын ном уншиж ойлгож чадахгүй хүмүүс буюу Есүсийн хэлснээр, “балчир хүүхдүүд” (Матай 11:25) ч түүнийг мэдэх боломжтой.

Мариа тэнгэрэлчид “за” гэж хариулснаараа Есүсийн эх болохыг зөвшөөрсөн. Мариа Тэнгэрбурханд “Би энд байна. Би Таны бичих самбар болъё. Бүгдийн Эзэн та миний дээр хүссэнээ бичиж, тааллаараа намайг бүтээнэ үү” гэж хэлсэн мэт. Эрт цагт хүмүүсийн бичдэг байсан лаван самбарыг өнөөдрийн цагаан цаас гэж ойлгож болно. Мариа өөрийгөө Тэнгэрбурханы хүссэнээ бичиж болох цагаан цаас болгон өргөжээ. Нэгэн судлаач түүний хариултыг “Бүтээгчийн өмнө хүний үзүүлэх хариу үйлдлийн оргил” хэмээн тодорхойлсон байдаг. “Мариа дээд зэргээр ашиглагдахад бэлэн байсан ба түүнд аугаа дүүрэнтэй хослох гүн гүнзгий хоосон чанар байв.”  

Ийнхүү Тэнгэрбурханы эх Ариун Сүнсний ариусгах үйлсийн зэмсэг болжээ. Өнөө үед Тэнгэрбурхан, сүм, ариуслын талаар маш олон зүйлс бичигдэж яригдаж байгаа ч тэдгээрийг ихэнх хүн ойлгоход бэрх. Харин Мариа бүх хүн ямар ч үед ойлгож, хэлж болох “харагтун” болон “биелэх болтугай” гэх хоёр үгийг бидэнд заасан юм. Тэр бол Тэнгэрбурханд “за” гэж хариулсан хүн. Бидний өмнө Тэнгэрбурханд дуулгавартай байхын сорилт, эсвэл даван дийлэх ёстой сорилт тулгарах бүрд Мариа өөрийн үлгэр жишээгээр болон бидний төлөөх залбирлаараа Тэнгэрбурханд “за” гэж хэлэх зоригийг бидэнд өгдөг.

Түүхийн турш, ялангуяа өнөө үед, сүм яг л Есүс тэнгэрт өргөгдсөний дараах Христэд итгэгч сүсэгтэн олны тулгарсан нөхцөл байдалтай ижил нөхцөлд байна. Тэд Сайн мэдээг бүх үндэстэнд тунхаглах үүрэгтэй байсан атлаа “дээрээс ирэх хүч”-ийг хүлээж байсан. Мөн элч нарын Үйлс номд бичсэнчлэн, шавь нар “Есүсийн эх Мариатай хамт” байсныг санацгаая (Үйлс 1:14).  

Мэдээж, Дээд Өрөөнд Мариагаас гадна өөр эмэгтэйчүүд байсан ч Мариа эхийн оролцоо бүгдээс онцгой байсан. Учир нь Түүнд Ариун Сүнстэй тогтоосон мөнхийн салшгүй холбоо бий. Тэр нь бидний итгэл бишрэлийн өчигтөө “Ариун Сүнснээс бүрэлдэж Цэвэр Охин Мариагаас мэндэлжээ” хэмээдэг Христ Өөрөө билээ. Сайн мэдээний айлдлыг бичээч Лук, Ариун Сүнс Хэл мэдээ хүргэсэн үед Мариа дээр буусныг болон Пентекостын өдөр шавь нар дээр буусан явдлын хоорондын ижил төстэй байдлыг онцгойлон харуулсан.  

Ассизийн Гэгээн Францис нэгэн залбиралдаа Мариа эхийг “Тэнгэрлэг Эцэг, Төгсхүчит Хааны охин, бидний Эзэн Дээдийн Дээд Есүс Христийн Эх, Ариун Сүнсний Сүйт Бүсгүй” хэмээсэн байдаг. Эцэгийн охин, Ариун Сүнсний сүйт бүсгүй! Мариа болон Ариун Гурвалын хоорондох онцгой харилцааг үүнээс илүү энгийнээр илэрхийлэх аргагүй.  

“Ариун Сүнсний сүйт бүсгүй” хэмээх дүрслэлийг туйлшруулах хэрэггүй ч агуулж буй үнэнийг нь харгалзан үзэх нь зүйтэй. Учир нь энэ бол гайхамшигтай үнэн мөн. Мариа сүйт бүсгүй мөн ч юун түрүүнд Ариун Сүнсний шавь юм. Сүйт бүсгүй, бас шавь. Түүний жишээнээс суралцаж, Ариун Сүнсний чиглүүлгийг дуулгавартай дагацгаая. Ялангуяа Ариун Сүнс биднийг “яаран босож”, хэрэгцээтэй нэгэнд туслахаар очихыг уриалсан мөчид Мариагийн жишээг дагаарай (Лук 1:39).  Баярлалаа!

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлтэй мөргөлчид, зочид, ялангуяа Англи, Индонез, Япон, Солонгос, Нидерланд, Филиппин, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлье.  Ялангуяа, Ромд  суралцахаар ирсэн Танзанийн санваартнууд, сахилтнууд болон шашны сургуулийн оюутнуудтай мэндчилье.  Та бүхний болон гэр бүлийнхнийх нь дээр бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбиръя.  Тэнгэрбурхан та нарыг ивээг!

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, бид сүмийн амьдрал дахь Ариун Сүнсний талаарх номлолуудаа үргэлжлүүлэн, энэ удаад Ариун Сүнсний Мариа эхтэй тогтоосон онцгой холбоог авч үзэх болно. Ариун Сүнс биднийг Есүст хөтлөх үйлсдээ Мариа эхийг онцгой үүрэгтэйгээр оролцуулдаг. Ассизийн Гэгээн Францис Мариаг Ариун Сүнсний сүйт бүсгүй хэмээн нэрийдэж байсан нь учиртай. Учир нь тэрээр Эцэгийн төлөвлөгөөнд “за” гэж хариулснаар Тэнгэрбурханы Хүүг махбодоор төрүүлэх Эх болсон. Ариун Сүнсээр дүүрэн Мариа эх Эзэний хамгийн анхны шавь болж, Христэд итгэгч бүх шавь нарын үлгэр дуурайлал болсон юм. Мариа эх биднийг эхийн хайраар халамжлан, бидний төлөө зуучилж байдаг. Түүний жишээг даган Ариун Сүнсний дуудлагад дуулгавартай байж, залбирлаар Тэнгэрбурханы хүслийг эрж хайн, ахан дүүсийнхээ хэрэгцээг хайр энэрлээр хангаж байхын төлөө хичээхийг Мариа эх бидэнд зааж өгөх болтугай.