Гаж буруу ба эрдэм буян: 5. Хармын сэтгэл
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Бид өнөөдөр гаж буруу, эрдэм буянтай холбоотой хичээлээ үргэлжлүүлэх бөгөөд хүнийг өгөөмөр сэтгэлээс холдуулж мөнгөнд шунуулдаг хармын сэтгэлийн тухай ярих болно.
Энэ нь зөвхөн их хэмжээний хөрөнгөтэй хүмүүст хамаардаг нүгэл биш, харин ихэвчлэн дансны үлдэгдлийн хэмжээтэй огтхон ч холбоогүй байдаг гаж буруу юм. Харамлах бол хэтэвчний биш харин зүрх сэтгэлийн өвчин билээ.
Цөлд амьдарч байсан лам нар энэхүү хорон мууг шинжилж үзэхдээ асар их өв хөрөнгөөс татгалзаж ганцаар амьдрах сонголт хийсэн лам нар хүртэл хармын сэтгэлд эзэмдүүлж болдгийг мэджээ. Тэд умгар байрныхаа үнэ цэн багатай эд зүйлсээс зуурч, тэдгээрийг бусдад өгөх байтугай, зээлдүүлэх, хувааж хэрэглэх дургүй байсан аж. Жижиг зүйлстэй зууралдах нь эрх чөлөөг үгүй хийдэг. Эд зүйлс нь тэдний хувьд салж чадахгүй юмс болж, нэг төрлийн дон болж хувирчээ. Тэд тоглоомоо шүүрч аваад, “Энэ бол минийх! Энэ минийх!" гэдэг хүүхдүүдийн түвшин рүү ухарсан байна. Үүнд бодит байдалд хандах эрүүл бус хандлага нуугдаж байх агаад эд юмс хурааж хуримтлуулах гэсэн тэсэхийн аргагүй хүсэл, эмгэгт хүргэж болдог.
Энэ өвчнөөс эдгэрэхийн тулд үхлийн тухай бясалгах хэрэгтэй гэдэг шийдэмгий боловч маш үр дүнтэй аргыг лам нар санал болгожээ. Хүн энэ ертөнцөд хэчнээн их эд хөрөнгө хуримтлуулсан ч тэдгээр нь бидэнтэй хамт авс руу орохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Бид үхэхдээ эд хөрөнгөө аваад явах боломжгүй! Үүнээс энэ гаж буруу ямар утгагүй болох нь харагддаг. Бид газар дэлхийн эзэд биш учраас эд зүйлстэй үүсгэдэг бидний холбоо өнгөц төдий л байдаг. Бидний хайрладаг энэ дэлхий үнэндээ биднийх биш. Бид түүн дээрх түр суугчид болон ирмэл хүмүүс билээ (Леви 25:23).
Ийм энгийн зүйлсийг эргэцүүлэх үед харамчийн мунхаг болон түүний дотоод шалтгааныг ойлгох боломжтой болдог. Бодит байдал дээр гартаа атгах мөчид хийсэн алга болдог эд баялгийг хармын сэтгэл эрэлхийлж байдаг. Энэ нь үхлээс айх айдсаас ангижрах гэсэн оролдлого юм. Мунхаг баяны талаарх сургаалт зүйрлэлийг санацгаая. Түүний газар маш үржил шимтэй байсан ба тэр ургацаа хадгалахын тулд амбааруудаа томруулах бодлоор өөрийгөө тайвшруулдаг. Тэр эр бүхнийг тооцоолж, ирээдүйгээ төлөвлөсөн байлаа. Гэвч тэр амьдралын хамгийн тодорхой хувьсагч болох үхлийг харгалзаж үзээгүй. “Мунхаг чи, яг энэ шөнө амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ?” гэж Сайн мэдээний айлдалд бичсэн байдаг билээ.
Зарим тохиолдолд хулгайч нар бидэнд энэ үйлчилгээг үзүүлдэг. Сайн мэдээний айлдалд хулгайч нар олон удаа гардаг шүү дээ. Тэдний үйлдлүүд зэмлэл хүлээдэг ч бидэнд тустай сануулга болж чаддаг. Уулан дээрх номлолдоо Есүс ийнхүү тунхагласан байдаг: “Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод, хулгайлдаг аж. Харин өөрсдөдөө эд баялгийг тэнгэрт хураа. Учир нь тэнд хивэн хорхой ба зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.” (Матай 6:19-20). Цөлд амьдарч байсан лам нарын нэгэн түүх бий. Нэгэн ламыг унтаж байх ахуйд нь өрөөндөө хадгалсан хэдэн эд хөрөнгийг нь хулгайч аваад явчихжээ. Лам сэрээд болсон явдалд огтхон ч санаа зовсонгүй. Тэр хулгайчийн мөрийг мөшгөж олоод хулгайд алдсан зүйлсээ нэхэхийн оронд өөрт үлдсэн байсан хэдэн зүйлээ өгөөд: “Чи эднийг авахаа мартчихаж!" гэсэн гэдэг.
Ахан дүүс ээ, бид өөрсдийн эзэмшилд буй зүйлсийнхээ эзэн нь байж болно. Гэвч эсрэгээрээ тэдгээр эд зүйлс эцэстээ бидний эзэд болох нь олонтоо. Зарим баячууд эрх чөлөөтэй байхаа больсон байдаг. Хуримтлуулсан эд баялгаа аюулгүй хадгалах шаардлагатай учраас тэд амрах ч завгүйгээр түүндээ санаа зовж, манах хэрэгтэй болдог. Үе дамжсан эд хөрөнгийг асар их хөлс дуслуулж бий болгодог ч хормын дотор алга болох боломжтой учраас тэдний сэтгэл үргэлж түгшүүртэй. Тэд эд баялаг өөрөө нүгэл биш ч, үүрэг болдог хэмээх Сайн мэдээний айлдлыг мартдаг. Тэнгэрбурхан ядуу биш: Тэр бол бүх зүйлийн Эзэн. Гэхдээ Гэгээн Паулын бичсэнчлэн, "Хэдийгээр Тэр баян байсан боловч Өөрийнхөө ядуурлаар та нарыг баян болгохын тулд та нарын төлөө Тэр ядуу болсон. " (2 Кор 8:9)
Үүнийг харамч хүн ойлгодоггүй. Тэр олон хүнд адислал болж тусалж болох байсан ч аз жаргалгүй мухар гудамж руу орчихсон явдаг. Харамч хүн муухай харагддаг. Нэг шашны хүрээнд би их баян эртэй тааралдсан юм. Ээж нь өвчтэй байсныг би санаж байна. Тэр гэрлэсэн байлаа. Ах дүүс нь ээлжлэн ээжийгээ асардаг байсан ба, ээж нь өглөө бүр тараг иддэг байжээ. Тэр эр таргийг хэмнэхийн тулд ээждээ өглөө таргийн талыг өгч, үдээс хойш нөгөө талыг нь өгч байв. Энэ бол эд зүйлстэй зууралдсан хармын сэтгэл юм. Дараа нь тэр эрийг нас барахад, оршуулгын ёслолд нь очсон хүмүүс, "Тэр бүх эд зүйлээ орхиод хоосон явжээ" гэлцэж байлаа. Тэгээд тэд бага зэрэг шоолонгуй өнгө аясаар, "Тэр бүх хөрөнгөө авч явахыг хүссэн учраас авсны хаалга нь хаагдаагүй" гэж ярьж байв. Хармын сэтгэл бусдын инээдийг хүргэдэг. Амьдралын эцэст бид бие, сүнсээ Эзэнд өгөөд, бүхнийг орхих ёстой шүү дээ. Бүгдээрээ хармын сэтгэлээс болгоомжилцгооё! Мөн бүх хүнд өгөөмөр хандацгаая. Ялангуяа бидний тусламж хамгийн хэрэгтэй хүмүүст өгөөмөр байцгаая. Баярлалаа.
Уриалга
Ирэх бямба гарагт буюу 1 сарын 27-ны өдөр Холокостын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохионо. Өнгөрсөн зууны эхний хагаст олон сая еврей хүн болон бусад шашин шүтлэгтэй хүмүүсийг аймшигтайгаар устгасныг эргэн санах нь бидэнд хүнлэг чанарыг маань үгүйсгэдэг үзэн ядалт, хүчирхийллийн логикийг хэзээ ч зөвтгөж болохгүй гэдгийг сануулах болтугай.
***
Дайн өөрөө хүн төрөлхтнийг үгүйсгэдэг. Бид энх тайвны төлөө, мөргөлдөөн зогсохын төлөө, зэвсгүүдийг буулгаж, гамшигт нэрвэгдсэн ард түмэнд тусламж хүрэхийн төлөө залбирахаас шантарч болохгүй. Ойрх Дорнод, Палестин, Израил үргэлж миний бодолд буй. Тарчилж зовсон Украинаас ирж буй түгшүүрт мэдээнүүд, ялангуяа энгийн иргэд олноор очдог газрыг бөмбөгдөж, үхэл, сүйрэл, зовлон зүдүүр тарьсан хэмээх мэдээг би санаж байна. Би хохирогчид болон тэдний ойр дотнын хүмүүсийн төлөө залбирч байгаа. Хүн бүрээс, ялангуяа улс төрийн хариуцлага үүрсэн хүмүүсээс дайныг зогсоож, хүний амийг хамгаалахыг би хүсэж байна. Дайн ямагт ялагдал байдгийг бид мартаж болохгүй. Түүний цорын ганц "ялагчид" нь зэвсэг үйлдвэрлэгчид байдаг.
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид, зочид, ялангуяа Шотланд, Солонгос, Америкийн Нэгдсэн Улсын хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бүгд болон гэр бүлийнхэнд нь бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг би хүсэн залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буян ба гаж буруугийн тухай өнөөдрийн сургаал номлолдоо бид эд баялагт хэт их шунасан хармын сэтгэлийн талаар авч үзнэ. Хармын сэтгэл бусдад өгөөмөр хандахад маань бидэнд саад болдог. Эдийн шунал бол зүгээр нэг хувиа хичээн мөнгө, материаллаг зүйл хураах явдал биш, харин бодит байдалд хандах эрүүл бус хандлага, тэр ч байтугай боолчлолын нэг хэлбэр юм. Энэхүү шунал нь үхлийн бодит байдалтай нүүр тулахаас зайлсхийх гэсэн оролдлого гэж цөлд амьдарч байсан эрт үеийн лам нар үзэж байсан. Энэ нь газар дээр эд баялгийг бус тэнгэрт эрдэнэс хуримтлуул хэмээх Есүсийн зөвлөгөөний эсрэг юм (Матай 6:19-20). Хэдийгээр баян байсан боловч биднийг Өөрийн ядуурлаараа баян болгохын тулд ядуу болсон Христийг дуурайн бид сайн мэдээний эрх чөлөө, хариуцлага, эв нэгдэл бүхий өгөөмөр сүнсээр газар дэлхийн эд зүйлсийг ашиглах болтугай. (2 Кор 8:9)
