Сайн мэдээг түгээх хүсэл тэмүүлэл: элч нарын хичээл зүтгэл. 26. Тунхаглал бол баяр баясгалан

2023-11-15

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Элч нарын хичээл зүтгэлийн талаарх цуврал шашны сургалтаараа бид Сайн мэдээг тунхаглаж байсан итгэлийн гэрчүүдийн заримтай нь танилцсан. Энэ цуврал хичээлийг тоймлоод би өөрийн арван жилийн өмнө бичсэн Evangelii Gaudium номлолоос санаа аван дөрвөн зүйлийг тэмдэглэх хүсэлтэй байна. Өнөөдөр бид тэр дөрвөн зүйлийн эхнийхийг нь буюу сайн мэдээг тунхаглах үйлийн суурь болсон баяр баясгалант хандлагыг авч үзнэ. Баяр баясгалан. Тэнгэрэлч хоньчдод хэлсэнчлэн Христийн сайн мэдээ бол бүх ард түмнийг "үлэмж баярлуулах" тунхаглал юм (Лук 2:10). Яагаад вэ гэж үү? Сайхан мэдээ, гэнэтийн бэлэг, сайхан үйл явдал учраас тэр үү? Үүнээс илүүтэйгээр тэр бол Хүн, Есүс учраас тэр! Тэр бол бидэн дээр хүний дүрээр ирсэн Тэнгэрбурхан. Тиймээс эрхэм ахан дүүс ээ, сайн мэдээг тунхаглах уу үгүй юу гэх биш, харин хэрхэн тунхаглах вэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Хариулт нь баяр баясгалан юм. Бид Есүсийг нэг бол баяр баясгалантайгаар тунхаглана, эсвэл огт тунхаглаж чадахгүй. Есүс жинхэнэ бодитоор оршдог гэдгийг баяр баясгалантайгаар тунхаглахаас өөр ямар ч аргагүй юм. 

Тийм ч учраас сэтгэл дундуур, гунигтай, хангалуун бус, эсвэл бүр дургүйцэж хорссон Христэд итгэгч хүн үнэмшил төрүүлдэггүй билээ. Ийм хүн Есүсийн тухай яривч хэн ч түүнд итгэхгүй! Нэгэн удаа нэг хүн надад ийм Христэд итгэгчдийн тухай: "Гэхдээ тэдэнд ямар ч нүүрний хувирал байдаггүй!" буюу тэдний царай юуг ч илэрхийлдэггүй гэж ярьсан. Баяр баясгалан чухал. Сэтгэл хөдлөлөө хянах нь нэн чухал. Сайн мэдээ дарамтаар бус харин бүрэн дүүрэн байдлаас чөлөөтэй гарж дэлгэрдэг билээ. Мөн сайн мэдээг үзэл суртлын үндсэн дээр тунхаглахыг оролдсон хүн бүтэлгүйтдэг. Сайн мэдээ бол баяр баясгалангийн тунхаглал. Үзэл суртал бүгд хүйтэн шинжтэй байдаг. Харин Сайн мэдээнд баяр баясгалангийн илч дулаан бий. Үзэл суртал инээмсэглэж мэддэггүй бол Сайн мэдээ өөрөө инээмсэглэл юм. Сайн мэдээ бидний сүнсэнд хүртэл нэвтэрдэг учраас биднийг инээмсэглүүлдэг.

Есүсийн түүхэн болон бидний амьдрал дахь төрөлт баяр баясгалангийн эх үүсвэр билээ. Баярлан гайхсандаа итгэж ядан байсан Еммау тосгон руу явж байсан шавь нарыг, Дээд өрөөнд Есүстэй уулзсан шавь нарыг бодоод үз. Тэд амилсан Есүстэй байхын баяр баясгаланг мэдэрч байсан. Есүстэй уулзах нь үргэлж баяр баясгаланг авчирдаг бөгөөд хэрэв баяр баясгалан төрөхгүй байвал Есүстэй уулзсан жинхэнэ учрал биш гэсэн үг.

Есүс шавь нартаа үзэгдсэн нь сайн мэдээг хамгийн түрүүнд шавь нарт дэлгэрүүлэх шаардлагатай гэдгийг бидэнд хэлж өгдөг. Сайн мэдээг хамгийн эхэнд сонсох ёстой  хүмүүс бол Христэд итгэгч бид нар юм          . Энэ маш чухал. Өнөөгийн хурдацтай, толгой эргэм нийгэмд бид хүртэл “сайн мэдээг хүмүүс сонсохоо больсон, тунхаглахыг ч хичээх хэрэггүй” гэдэг бодолд автан, итгэл бишрэлээ бага зэрэг голонгуй өнгө аястайгаар амьдарч байж болох юм. “Бусдад” өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрье гэсэн санаанд бид уруу татагдах магадлалтай. Гэвч яг энэ цаг мөчид Христ “үүрд залуу бөгөөд, тэр үүрдийн шинэ байдлын тогтмол эх ундарга” болдгийг олж мэдэхийн тулд бид Сайн мэдээний айлдлыг эргэж харах ёстой (Evangelii gaudium, 11).

Ингэснээр Еммау дахь хоёр шавийн адил, эрдэнэс олсон хүний баяр хөөрийг бид өдөр тутмын амьдралдаа тээдэг. Тэр хоёр Есүсийг олсондоо баяртай байсан бөгөөд Есүс тэдний амьдралыг өөрчилсөн. Ингэж бид хүн төрөлхтөн дунд итгэл найдварын үгийг хүлээж буй ахан дүүс дүүрэн байгааг олж мэддэг. Сайн мэдээний айлдлыг сонсохоор хүлээж буй хүмүүс өнөөдөр ч бий. Өнөөгийн хүмүүс бусад бүх цаг үеийн хүмүүстэй л адилхан. Тэдэнд Сайн мэдээ хэрэгтэй. Тэр ч байтугай итгэл бишрэлгүй байдлыг төлөвшүүлсэн, зохион байгуулалттайгаар шашнаас ангид соёл иргэншилд; ялангуяа шашны утга учиртай орон зайг эзгүйрүүлж орхидог нийгэмд Есүс хэрэгтэй. Яг одоо бол Есүсийг тунхаглахад тохиромжтой мөч. Тиймээс би хүн бүрд дахин ингэж хэлмээр байна: “Есүстэй учирсан бүхний зүрх сэтгэл, амьдралыг сайн мэдээний баяр баясгалан дүүргэдэг. Түүний авралын саналыг хүлээн авсан хүмүүс нүгэл, уй гашуу, дотоод хоосрол, ганцаардлаас ангижирдаг. Христтэй хамт байхад баяр баясгалан байнга шинэчлэгдэж байдаг." Үүнийг битгий мартаарай. Хэрэв та баяр баясгаланг мэдрэхгүй байвал Есүсийг олсон эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Дотоод баяр баясгалан. Сайн мэдээ нь баяр баясгалангийн замыг сонгодог. Баяр баясгалан үргэлж агуу тунхаглал болдог юм. “Би хаа сайгүй байх бүх Христэд итгэгчийг яг энэ мөчид Есүс Христтэй дахин уулзахыг урьж байна (ibid., 1, 1.3). Хүн бүр түр азнаад дотроо ийн бодоорой. ‘Есүс ээ, та миний дотор байгаа. Би тантай өдөр бүр уулзахыг хүсэж байна. Та бол бодол санаа биш; Та бол Хүн. Та бол аяллын хөтөлбөр биш, аяллын минь хамтрагч билээ. Есүс та баяр баясгалангийн эх үүсвэр. Та бол сайн мэдээний эхлэл. Есүс, та баяр баясгалангийн эх үүсвэр!’" Амен.

Тусгай мэндчилгээ

Өнөөдрийн Сонсголд оролцож буй англи хэлээр ярьдаг мөргөлчдийг, ялангуяа Англи, Малайз, Филиппин, Солонгос, Америкийн Нэгдсэн Улсын хүмүүст би тавтай морил хэмээн хэлмээр байна. Та бүгдийн болон танай гэр бүлүүдийн дээр бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгалан орших болтугай. Тэнгэрбурхан та бүхнийг адислаг!

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ,

Элч нарын хичээл зүтгэлийн талаарх үргэлжилсэн цуврал хичээлийн хүрээнд бид Evangelii Gaudium номлолын "Сайн мэдээний баяр баясгаланг" дахин тунхаглах дуудлагыг авч үзэх болно. Шинэ бөгөөд мөнх амийн амлалтыг бидэнд өгсөн, үхлээс амилсан Есүстэй биечлэн уулзсан бидний учрал Бетлехемд тэнгэрэлч нарын анх зарласан тэрхүү баяр баясгалангийн шалтгаан болдог.

Үүнийг бид Еммау хүрэх замд амилсан Эзэнтэй уулзсан шавь нарын тухай Сайн мэдээний түүхээс харж болно. Есүсийн тэдэнд тунхагласан Тэнгэрбурханы үгээр тэдний зүрх шатаж, тэрхүү зүрхээрээ тэд талх хуваахад нь Есүсийг таньсан ба амилсан гэдгийг нь бусдад зарлахаар баяр хөөртэйгөөр Иерусалим руу буцдаг.

Тэдгээр шавь нарын нэгэн адил бид ч бас биднийг эрх чөлөөтэй болгодог Сайн мэдээний илгээлтийг бусадтай хуваалцахын тулд Эзэний Үг болон сакрамент дахь Түүний оршихуйтай дахин дахин уулзах хэрэгтэй. Бидний зовлонт ертөнцөд маш олон хүн итгэл найдварын үгийг хүлээж буй. Амилсан Эзэнтэй уулзсаны баяр баясгалан, Түүний Сүнсээр өгөгдсөн шинэ амьдрал, амлалтад нь итгэх итгэлээс төрсөн эрх чөлөөг хуваалцах сорилтыг Христэд итгэгч бүх хүн хүлээж авах болтугай.