Сайн мэдээг түгээх хүсэл тэмүүлэл: итгэгч хүний идэвх зүтгэл. 25. Мадлен Делбрель. Үл итгэгчдийн дундах итгэлийн баяр баясгалан
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Сайн мэдээг тунхаглах хүсэл тэмүүлэлтэй олон гэрчийн дундаас би өнөөдөр XX зуунд амьдарч байсан Франц эмэгтэй, Тэнгэрбурханы хүндтэй үйлчлэгч Мадлен Делбрелийг танилцуулна. Тэрээр 1904 онд төрж, 1964 онд нас баржээ. Мадлен нийгмийн ажилтан, зохиолч, бясалгагч нэгэн байсан бөгөөд Парисын захын ядуу, ажилчин ангийн хороололд 30 гаруй жил амьдарсан. Эзэнтэй учирсандаа алмайрсан тэрээр: “Нэгэнт Тэнгэрбурханы үгийг сонссон хүн түүнийг хүлээн авахгүй байх аргагүй. Нэгэнт хүлээн авсан нэгний дотор Үг махбод болохгүй байх аргагүй. Үг нэгэнт бидний дотор махбод болсон бол бид түүнийг зөвхөн дотроо хадгалах аргагүй. Ийн бид цаашдаа Үгийг хүлээж буй хүмүүсийнх болдог билээ” хэмээсэн байдаг. (We, the Ordinary People of the Streets, trans. David Louis Schindler, Jr. and Charles F. Mann. Grand Rapids: Eerdmans, 2000, 62). Түүний бичсэн зүйл их сайхан.
Өсвөр насандаа юунд ч итгэдэггүй агностик байсан Мадлен 20 орчим настайдаа итгэгч найз нөхдийнхөө гэрчлэлд гайхширан Эзэнтэй анх учирсан гэдэг. Ингээд тэр дотроо мэдэрч байсан гүн цангаагаа тайлахаар Тэнгэрбурханыг эрэлхийлж эхэлсэн ба "түүний дотоод хоосноос хашхирч байсан зовлон шаналалт хоолой" бол өөрийг нь хайж буй Тэнгэрбурхан байсныг мэджээ (The Dazzling Light of God, trans. Mary Dudro Gordon. San Francisco: Ignatius Press, 2023). Итгэлийн баяр баясгалан нь түүнийг дэлхийн болон Сүмийн зүрхэнд өөрийгөө бүхэлд нь Тэнгэрбурханд зориулж, "гудамжны хүмүүс"-тэй ижилссэн эгэл амьдралыг сонгоход хөтөлсөн аж. Тэрээр уран яруугаар Есүст ингэж бичсэн байдаг: “Залхуурал маань биднийг үлдэхийг гуйсан ч Таны замд Тантай хамт алхахын тулд бид явах ёстой. Гагцхүү хөдөлгөөн, эрчээр л хүрч, хадгалж болдог хачирхалтай тэнцвэрт байдлыг та бидэнд сонгож өгчээ. Дугуй нь эргэлдэхгүй бол тогтдоггүй унадаг дугуй мэт[...]. Энэрэл хайрын хөдөлгөөнөөр урагшилж, хөдөлж байж л бид тогтвортой байж чадна." Үүнийгээ Мадлен "итгэлийн унадаг дугуй" хэмээжээ (cf. Umorismo nell’Amore. Meditazioni e poesie, Milan 2011, 56). Зөвхөн хөдөлж, явж, тэнцвэргүй байхдаа л бид итгэлийн тэнцвэрийг олдог. Яг л зогсчих юм бол эгц тогтдоггүй унадаг дугуй шиг.
Мадлены зүрх үргэлж гадагш чиглэж байсан бөгөөд ядуусын дууг сонсох сорилтыг тэр хүлээн авсан. Эзэний нэрийг Түүнийг хараахан таньж мэдээгүй хүмүүст хүргэх хүртэл Сайн мэдээний амьд Тэнгэрбурхан бидний дотор дүрэлзэж байх ёстойг Мадлен мэдэрч ойлгож байв. Ертөнцийн үймээн, ядуусын хашхирах дууг анхаарснаараа тэр "сайн самари хүний тосноос эхлээд Голгота дах дарсыг хамарсан бүрэн дүүрэн Есүсийн хайрыг яг таг баримтлан амьдарч, Түүний хайрыг хайраар хариулах" дуудлагыг мэдэрчээ. [...] “Учир нь Түүнийг харамгүй хайрлаж, Түүнээр бүрэн хайрлагдахыг зөвшөөрөх үед энэрэл хайрын хоёр агуу тушаал бидний дотор биеллээ олж, нэг болдог” (La vocation de la charité, 1, Œuvres complètes xiii, Bruyères-le-Châtel, 138-139).
Эцэст нь Мадлен бидэнд сайн мэдээг тунхаглагч өөрөө сайн мэдээг хүлээн авдаг гэдгийг; сайн мэдээг түгээсэн бид өөрсдөө сайн мэдээг сонсдог гэдгийг заасан юм. Гэгээн Паулын адилаар тэр: "Сайн мэдээг бусдад дэлгэрүүлэхдээ би өөрийн дотор сайн мэдээг дэлгэрүүлдэггүй бол хөөрхийлөлтэй еэ" гэж хэлдэг байжээ. Үнэн хэрэгтээ сайн мэдээг бусдад тунхаглаж буй хүн өөртөө ч түүнийг тунхаглаж байдаг. Энэ их сайхан сургаал юм.
Сайн мэдээний гэрч болсон энэ эмэгтэйг хараад бид ч бас бидний хувийн болон нийгмийн амьдралын нөхцөл байдал бүрд Эзэн оршин байдаг гэдгийг, Тэр биднийг өөрсдийн цагт амьдарч, амьдралаа бусадтай хуваалцаж, баяр баясгалан, уй гашуу аль алийг нь мэдрэхэд дууддаг болохыг ойлгож авдаг. Мадлен ялангуяа шашингүй орчин хүртэл өөрчлөлтөд тустай байдгийг бидэнд харуулсан. Учир нь Тэнгэрбурханд итгэдэггүй хүмүүстэй харилцах нь итгэгч хүнд өөрийн итгэлээ эргэн харж, түүний мөн чанарыг дахин олж нээх байнгын түлхэц болж байдаг (We, the Ordinary People of the Streets trans. David Louis Schindler, Jr. and Charles F. Mann. Grand Rapids: Eerdmans, 2000).
Итгэлийн үйлдэл бүрийг сайн мэдээг тунхагласан энэрэл хайрын үйл болгодог үр жимстэй, "хөдөлгөөнт" итгэлээр амьдрах аргыг Мадлен Делбрель бидэнд зааж өгөх болтугай. Баярлалаа.
Тусгай мэндчилгээ
Өнөөдрийн Нийтийн сонсголд оролцогчид, ялангуяа англи хэлээр ярьдаг Англи, Дани, Австрали, Индонез, Малайз, Америкийн Нэгдсэн Улсын зочид болон мөргөлчдөд халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бүгдийн дээр бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгалан байгаасай хэмээн би хүсэж байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээх болтугай!
Дайнд нэрвэгдсэн ард түмнүүдийн тухай бодож, залбирцгаая. Тарчилж буй Украиныг марталгүй Палестин, Израилын ард түмнүүдийн тухай ч мөн бодоцгооё. Эзэн биднийг шударга энх тайванд хөтлөх болтугай. Хүүхдүүд, өвчтэй хүмүүс, өндөр настнууд ихээр зовж шаналж маш олон залуус амь үрэгдэж байна. Дайн бол ялагдал гэдгийг бид мартаж болохгүй. Дайн үргэлж ялагдал байдаг.
Эцэст нь залуус, өндөр настнууд, өвчтэй хүмүүс, шинээр гэрлэсэн хүмүүстэй би мэндчилж байна.
Маргааш бид Гэгээн Иохан Латераны сүмийг равнайлах шашны ёслолын баярыг тэмдэглэх болно. Энэ бол Ромын гол сүм бөгөөд Ромын хамба лам болохынхоо хувьд Пап ламын сэнтий билээ. Энэ үйл явдал хүн бүрийн дотор Эзэнд үйлчлэх амьд чулуу болох хүслийг бадраах болтугай.
Би та бүхэнд адис хүртээе!
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ. Элч нарын идэвх зүтгэлийн тухай цуврал сургаалдаа бид янз бүрийн цаг үе, газар нутагт өөрсдийн гэрчлэлээр сайн мэдээг түгээж байсан хүмүүсийн талаар эргэцүүлж байгаа билээ. Өнөөдөр бид XX зуунд амьдарч байсан Францын нийгмийн ажилтан, зохиолч, бясалгагч, Тэнгэрбурханы зарц Мадлен Делбрелийг авч үзнэ. Залуу байхдаа хэсэгхэн хугацаанд агностик байсан Мадлен найз нөхдийнхөө гэрчлэлээр дамжуулан Христтэй учирч, өөрчлөлтийг мэдэрснийхээ дараа Сүмийн болон дэлхийн зүрхэнд амьдралаа Тэнгэрбурханд бүрэн зориулах сонголтыг хийсэн юм. Мадлен ядуусын зовлон зүдүүр болон амьдралын утга учрыг олох гэж тэмцэж буй хүмүүсийн шаналлыг гүнзгий мэдэрсэн бөгөөд үүнийг бидний үеийн Сүмийн шашин дэлгэрүүлэгчийн дүрэлзсэн хүслийг сэргээх яаралтай дуудлага гэж үзжээ. Тэрээр гуч гаруй жилийн турш Парисын захад ядуусын дунд амьдарч, залбирч, ажилласан. Мадлен Делбрэлийн хичээл зүтгэлийн жишээ бидэнд ариун угаалаар хүлээн авсан эрхэм зорилгыг маань сануулж байна. Тэрхүү зорилго нь сайн мэдээний баяр баясгаланг бусадтай хуваалцаж, улмаар Тэнгэрбурханыг болон бүх ах дүүгээ хайрлах хоёр тушаалыг үнэнчээр дагаж биелүүлэх явдал билээ.
