Сайн мэдээг түгээх хүсэл тэмүүлэл: Христэд итгэгчийн идэвх зүтгэл. 24. Славуудын элч нар Гэгээн Кирилл ба Гэгээн Мефодий
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өнөөдөр би дорно зүгт маш алдартай, "Славуудын элч нар" гэж нэрлэгддэг ах дүүс Гэгээн Кирилл, Мефодий нарын талаар та бүхэнд ярина. Есдүгээр зуунд Грект язгууртны гэр бүлд төрсөн тэд ламын амьдралд өөрсдийгөө зориулахын тулд улс төрийн карьераас татгалзжээ. Гэвч олноос тусгаар амьдрах гэсэн тэдний мөрөөдөл богино настай байв. Тэднийг тухайн үед янз бүрийн угсаа гаралтай хүмүүс амьдарч байсан Их Морави улс руу шашин дэлгэрүүлэгчдийн хувиар илгээжээ. Тэр үед Их Моравийн зарим хэсэгт сайн мэдээ аль хэдийн түгсэн байсан боловч хүмүүсийн дунд онгод шүтэх заншил, уламжлалууд хадгалагдсан хэвээр байлаа. Их Моравийн ханхүү тэдний хэлээр Христийн шашныг тайлбарлах багшийг авчрахыг хүсжээ.
Кирилл, Мефодий нарын хамгийн эхний ажил бол тэдгээр хүмүүсийн соёлыг гүнзгий судлах явдал байлаа. Энд би үргэлж хэлдэг үгээ давтан хэлье. Итгэлийг тухайн соёлд тааруулж сайн мэдээг түгээх ёстой. Дахин хэлье, бид үргэлж итгэлийг тухайн соёлд тааруулж сайн мэдээг түгээх ёстой. Кирилл хүмүүсээс цагаан толгойтой эсэхийг нь асуухад тэд түүнд үгүй гэж хариулжээ. Кирилл хариуд нь: "Хэн усан дээр үг бичиж чадах билээ?" хэмээсэн аж. Үнэхээр л сайн мэдээг тунхаглаж, залбирах хүнд зохистой, тохирсон, тодорхой хэрэгсэл хэрэгтэй. Тиймээс тэр Глаголит цагаан толгойг зохион бүтээжээ. Тэгээд Библи болон шашны ёслолын бичвэрүүдийг тэрхүү хэл рүү орчуулсан аж. Хүмүүст Христэд итгэх итгэл "харь" санагдахаа больж, өөрсдийнх нь хэл дээрх өөрсдийнх нь итгэл болов. Грекийн хоёр лам Слав хүмүүст цагаан толгой зохиож өгсөн гээд бодоод үз дээ. Тэр хоёрын нээлттэй зүрх хүмүүсийн дунд Сайн мэдээний үндсийг суулгажээ. Тэр хоёрт айдас байсангүй, тэд эр зоригтой байв.
Гэвч тун удалгүй Латинчуудыг Слав хүмүүст дангаараа номлоход нь ах дүү хоёр саад болж байна гэж үзсэн зарим Латин хүн Кирилл Мефодий нарыг эсэргүүцэж эхлэв. Сүмийн доторх тэмцэл үргэлж иймэрхүү шалтгаантай байдаг. Гаднаас нь харахад Латинчуудын эсэргүүцэл шашны шинж чанартай мэт боловч мөн чанар нь тийм байгаагүй. Тэд Тэнгэрбурханыг зөвхөн загалмай дээр бичигдсэн еврей, грек, латин гэсэн гурван хэлээр л магтаж болно гэсэн. Тэд өөрсдийн тусгаар байдлаа хамгаалах гэсэн хаалттай сэтгэлгээтэй байв. Гэвч Кирилл хүн бүр өөрийг нь эх хэлээрээ магтаасай гэж Тэнгэрбурхан хүсдэг хэмээн итгэлтэйгээр хариулжээ. Тэр ах Мефодийтайгаа хамт Пап ламд хандаж, Пап слав хэл дээрх шашны ёслолын бичвэрүүдийг нь баталсан юм. Пап бичвэрүүдийг Гэгээн Мариа Мажор сүмийн тахилын ширээн дээр байршуулж, тэдгээрийн дагуу ах дүү хоёрын хамт Эзэнийг магтан дуулжээ. Үүнээс хэдхэн хоногийн дараа Кирилл нас барсан бөгөөд түүний шарилыг одоо ч Ром дахь Гэгээн Клементийн сүмд хүндэтгэсээр байна. Түүний оронд Мефодийг хамба ламаар томилж, слав нарын нутаг дэвсгэрт буцаан илгээжээ. Тэнд Мефодий ихээр зовж шаналсан. Тэр шоронд хүртэл хоригдсон. Гэвч ахан дүүс ээ, Тэнгэрбурханы Үг дөнгөлүүлэлгүй нутгийн ард түмэнд түгсэн гэдгийг бид мэднэ.
Гэгээн Иохан Паул II тэр хоёрыг Европыг ивээгч гэгээнтнүүдээр сонгож, тэдний талаар Slavorum Apostoli захидлаа бичсэн. Энэ хоёр сайн мэдээ дэлгэрүүлэгчийн гэрчээс гурван чухал зүйлийг авч үзэцгээе.
Юуны өмнө Грекчүүд, Пап лам, Слав нар хоорондоо эв нэгдэлтэй байжээ. Тэр үед Европт Христийн шашин хуваагдаагүй байсан бөгөөд тэд сайн мэдээг түгээхийн тулд хамтран ажиллаж байлаа.
Хоёрдугаар чухал зүйл бол миний өмнө хэлсэн Христ итгэлийг тухайн соёлд тааруулан нутагшуулсан явдал. Итгэлийг тухайн соёлд тааруулж сайн мэдээг түгээснээс харвал соёл ба сайн мэдээг түгээх ажил хоорондоо нягт холбоотой гэдэг нь харагдаж байна. Сайн мэдээг хийсвэрээр, нэрж тунгаасан маягаар номлож болохгүй ээ. Сайн мэдээг тухайн соёлд тааруулан нутагшуулах ёстой бөгөөд тэр өөрөө соёлын илэрхийлэл билээ.
Эцэст нь эрх чөлөөг авч үзье. Шашныг номлохын тулд эрх чөлөөтэй байх шаардлагатай боловч эрх чөлөөтэй байхын тулд үргэлж зориг хэрэгтэй байдаг. Хүн эрх чөлөөг нь булаахыг оролдох олон зүйлд өөрийгөө хүлүүлэлгүй, зоригтой байх тусмаа эрх чөлөөтэй байдаг.
Ахан дүүс ээ, бид бусдын төлөөх “энэрэл хайраар дүүрэн эрх чөлөөтэй” хэрэгсэл болохын тулд Слав нарын элч болсон Гэгээн Кирилл, Гэгээн Мефодий нараас гуйцгаая. Залбирал, үйлчлэлд бүтээлч, тууштай, даруу байхын тулд тэднээс гуйн залбирцгаая.
Тусгай мэндчилгээ
Би өнөөдрийн Сонсголд оролцож буй англи хэлтэй мөргөлчид болон зочидтой, ялангуяа Англи, Ирланд, Албани, Дани, Норвеги, Зимбабве, Индонези, Филиппин, Вьетнам, Канад, Америкийн Нэгдсэн Улсын бүлгүүдтэй мэндчилж байна. Тэр дундаа Луизиана мужийн Ватикан дахь Урлагийн бүтээлүүдийг ивээн тэтгэгчид, АНУ-ын Католик шашны хурлын захирлуудын холбооны гишүүд болон цэргийн санваартнуудын бүлэгт мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн болон танай гэр бүлийнхний дээр би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай!
УРИАЛГА
Би үргэлж Палестин, Израилын ноцтой нөхцөл байдлын талаар бодож байна. Барьцаалагдсан хүмүүсийг суллаж, Газад хүмүүнлэгийн тусламж оруулахыг би дэмжиж байна. Би зовж шаналж буй хүмүүсийн төлөө залбирсаар байгаа ба, Ойрхи Дорнод, бүслэгдсэн Украин болон дайнд нэрвэгдсэн бусад бүс нутагт энх тайван тогтоно хэмээн найдсаар байгаа. Нөгөөдөр буюу 10 сарын 27-ны Баасан гараг мацаг барилт, залбирал, гэмшлийн өдөр байх болно гэдгийг би та бүхэнд сануулж байна. Тэр өдөр 18.00 цагт Гэгээн Петрийн талбайд бид дэлхийн энх тайвныг гуйн залбирахаар цугларах болно .
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ. Элч нарын идэвх зүтгэлийн тухай үргэлжилсэн сургаалдаа бид янз бүрийн цаг үе, газар нутагт өөрсдийн гэрчлэлээр сайн мэдээг түгээж байсан Христэд итгэгч хүмүүсийн талаар эргэцүүлж байгаа билээ. Өнөөдөр бид Моравийн ард түмний дунд номлолын гарамгай үйлсээрээ "Славуудын элч нар" хэмээн хүндлэгдсэн ах дүү Кирилл, Мефодий хоёрын талаар ярина. Слав хүмүүсийн дунд Тэнгэрбурханы үгийг тунхаглаж, нутагшуулах хүчин чармайлтынхаа хүрээнд тэд кирилл цагаан толгойг боловсруулснаар нутгийнхны хэлээр Тэнгэрбурханы үгийг номлож тэнгэрлэг ёслолыг тэмдэглэх боломжтой болсон. Эсэргүүцэлтэй тулгарсан тэд Ромд ирж, Пап ламаас дэмжлэг авчээ. Кирилл Ромд нас барсан бол хамба ламаар томилогдсон Мефодий Славуудын нутагт сайн мэдээг түгээх ажлаа үргэлжлүүлэхээр буцаж ирээд тарчлагч болж амьсгал хураасан. Гэгээн Иохан Паул II Кирилл, Мефодий хоёрын үрийг нь тарьсан Христийн шашин, соёлын арвин их ургацыг хүлээн зөвшөөрч тэднийг Европыг ивээгч гэгээнтнүүдээр тунхагласан юм. Эдгээр хоёр агуу гэгээнтний залбирал хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж жинхэнэ шударга ёс, ахан дүүсийн нөхөрлөлийн төлөөх Ариун Сүнсний бэлгүүд болох эвлэрэл, эв нэгдэл, амар амгаланг өнөөгийн Европын ард түмнүүдийн дунд шинэчлэн төлөвшүүлэх болтугай.
