Сайн мэдээг түгээх хүсэл тэмүүлэл: элч нарын хичээл зүтгэл. 23. Гэгээн Шарль де Фуко, олны нүднээс далд энэрэл хайраар цохилох зүрх
Эрхэм ахан дүүс нар аа, өглөөний мэнд!
Сайн мэдээг тунхаглах идэвх чармайлтаар дүүрэн Христ итгэлийн гэрчүүдтэй үргэлжлүүлэн танилцацгаая. Бид Сайн мэдээний айлдлыг тунхаглах гэсэн элч нарын хичээл зүтгэлийн үлгэр жишээ болсон зарим Христийн сүсэгтнүүдийн амьдралыг судалж буй. Би өнөөдөр Есүсийг болон ядуугаас ядуу ахан дүүсээ гэх сэтгэлээ өөрийн амьдралын гол хүсэл тэмүүлэл болгосон хүний тухай ярихыг хүсэж байна. Тэр бол “Тэнгэрбурханыг гүнзгий мэдэрсэн туршлага дээрээ үндэслэн өөрийгөө хүн бүрийн ах дүү болохоо мэдэртлээ өөрчлөгдсөн” Гэгээн Шарль де Фуко Saint /Charles de Foucauld/ юм (Түгмэл захидал Fratelli tutti , 286).
Шарль де Фукогын амьдралын "нууц" нь юу байв? Тэр залуу насаа Тэнгэрбурханаас хол, таашаал авах гэсэн замбараагүй эрэл хайгуулаас өөр юунд ч үл итгэн өнгөрөөсөн. Наминчлалын үеэр Тэнгэрбурханы өршөөлийн хишиг ивээлийг хүлээн авч, итгэгч болсныхоо дараа тэрээр үл итгэгч найздаа өөрийн амьд яваагийн шалтгааныг дэлгэжээ. Тэр: "Би Назарын Есүст сэтгэл алдарсан" хэмээн бичсэн байдаг. [1] Үүгээрээ Шарль ах бидэнд сайн мэдээг түгээх эхний алхам бол Есүсийг зүрх сэтгэлдээ тээж, Түүнд “гүнзгий дурлах" явдал гэдгийг сануулж байна. Ийм зүйл болоогүй цагт бид сайн мэдээг амьдралаараа харуулах аргагүй. Есүс, түүний хайр, нигүүлслийн тухай ярихын оронд бид өөрсдийнхөө тухай, харьяалагддаг бүлгийнхээ тухай, ёс суртахуун, эсвэл бүр дүрэм журмын тухай ярих эрсдэлд ордог. Би үүнийг шинээр гарч ирж буй зарим хөдөлгөөнөөс харж байна л даа. Тэд хүн төрөлхтний ирээдүйн талаарх өөрсдийн төсөөлөл, өөрсдийн оюун санааны тухай ярьж, өөрсдийн замыг хүмүүсийн дагах ёстой шинэ зам гэж боддог... Гэвч яагаад Есүсийн тухай ярихгүй байна вэ? Тэд олон зүйлс, тэр дундаа зохион байгуулалтын бүтэц, оюун санааны аяллын тухай ярьдаг ч Есүсийн талаар яаж ярихаа мэддэггүй. Өнөөдөр хүн болгон өөрөөсөө: “Миний зүрх сэтгэлийн төвд Есүс байна уу? Би Есүст ‘ухаанаа алдталаа’ дурласан уу?" гэж асуух нь зүйтэй гэж би бодож байна.
Шарль Есүст татагдахаас эхлээд Есүсийг дуурайх хүртлээ Түүнд дурласан байв. Наминчлалыг нь сонссон санваартны зөвлөснөөр тэр Эзэний амьдарч байсан газруудад очиж, Багшийн алхсан замуудаар алхахаар Ариун нандин газрыг зорьжээ. Ялангуяа Назар хотод тэрээр Христийн сургаалаар бүрэлдэн төлөвших ёстой гэдгээ ойлгодог. Шарль Эзэнтэй нягт харилцаатай болж, Сайн мэдээний айлдалыг уншихад олон цагийг зарцуулж, өөрийгөө Есүсийн дүү мэт санах болжээ. Есүсийг таних тусам Түүнийг бусдад таниулах хүсэл Шарльд төрсөн аж. Бид бүгдийн дотор ч мөн ийм үйл явц болдог. Есүсийг илүү сайн таньж эхэлсний дараа Түүнийг бусдад таниулж, тэрхүү эрдэнэсээ хуваалцах хүсэл төрдөг. Мариа эх Гэгээн Элизабет дээр зочилсон үеийн талаарх Шарлийн тайлбарт Есүс түүгээр дамжуулан: “Би өөрийгөө энэ дэлхийд өгсөн ... намайг дэлхийд хүргэ” хэмээдэг. Тэгье ээ, гэхдээ хэрхэн хүргэх билээ? Элизабет дээр зочилсон Мариагийн нэгэн адил "чимээгүйхэн, өөрийн үлгэр жишээ, амьдралаараа" Түүнийг дэлхийд хүргэцгээе. [2] "Бид бүхий л оршихуйгаараа Сайн мэдээний айлдалыг тунхаглах ёстой" гэж Шарль ах бичсэн байдаг. [3] Бидний оршихуй ихэвчлэн дэлхийн юмсыг тунхаглаж, олон тэнэг, сонин зүйлсийг зарлаж байдаг. Харин Шарль, үгүй ээ, "бид бүхий л оршихуйгаараа Сайн мэдээний айлдалыг тунхаглах ёстой" гэж хэлсэн юм.
Ингээд Шарль Есүсийн Назарт өнгөрүүлсэн амьдралын адилаар ядуу, нуугдмал байдалд чимээгүйхэн Сайн мэдээг тунхаглахын тулд алс холын бүс нутагт суурьшихаар шийддэг. Тэрээр Сахарын цөлд Христэд үл итгэгч нарын дунд Эвхарист дахь Есүсийн хүлцэнгүй дүрийг авч тэдний анд нөхөр, ах дүүгийн хувиар очдог. Шарль "Эвхаристийн амьдрал" сайн мэдээг түгээдэг гэдэгт итгэн Есүст чимээгүйхэн ажлаа хийх боломжийг олгожээ. Шарль Христийг анхны сайн мэдээ дэлгэрүүлэгч байсанд итгэлтэй байсан. Тиймээс ч тэр Есүсийн хөлд, Христийн биеийн гэрийн өмнө өдөрт олон цагаар залбирдаг байв. Учир нь сайн мэдээг түгээх хүч тэнд оршдог гэдэгт Шарль итгэлтэй байсан ба, түүнийг холын ахан дүүстэй ойртуулдаг хүн нь Есүс гэдгийг мэдэрсэн юм. Бид Эвхаристийн хүч чадалд итгэдэг билүү гэж би өөрөөсөө асуусан. Бусдад хүрэх бидний үйлчлэл шүтэн бишрэхүйгээс эхлэл, төгсгөлөө олдог билүү? Миний бодлоор бид шүтэн бишрэхүйн мэдрэмжээ алдсан байна. Сахилтан буюу хамба лам, санваартнууд, гэлэнмаа нар болон Тэнгэрбурханд амьдралаа зориулсан хүмүүсээс эхлэн бид бүгд Христийн биеийн гэрийн өмнө цагаа "үрж", шүтэн бишрэхүйн мэдрэмжийг эргэн олж авах ёстой.
Шарль де Фуко, "Тиймээс Христэд итгэгч бүр түүний элч болох ёстой" [4] гэж бичсэн бөгөөд найздаа "санваартнуудын дэргэд санваартны хардаггүй зүйлийг хардаг, бүгдэд сайхан сэтгэлээр хандаж, энхрий зөөлнөөр бусдын төлөө өөрийн цагийг зарцуулахад үргэлж бэлэн, энэрэл хайрын ойр дотно харилцаагаар сайн мэдээг түгээдэг эгэл сүсэгтнүүд байх хэрэгтэй" хэмээн сануулжээ. [5] Энд өндөр байр суурийг эрэлхийлэгч нар биш, ариун эгэл сүсэгтнүүдийг хэлж байна. Санваартанд өөрийг нь албан тушаалтан биш, харин зууч, тайлгач гэдгийг нь ойлгуулдаг Есүст хайртай эгэл жирийн эрэгтэй, эмэгтэй сүсэгтнүүд хэрэгтэй. Чин үнэн итгэл бишрэлтэй, өөрсдийн гэрчлэлээр замыг маань зааж өгдөг энгийн хүмүүс хажууд байх нь санваартнуудад ямар их хэрэгтэй гэж санана. Шарль де Фуко өөрийн үзэж туулсан амьдралаараа Ватиканы хоёрдугаар дээд хуралдааны үеийг зөгнөсөн юм. Тэрээр эгэл сүсэгтнүүдийн ач холбогдлыг мэдэрч, Сайн мэдээний айлдалыг тунхаглах нь Тэнгэрбурханд итгэгч бүх хүний үүрэг гэдгийг ойлгож байсан. Харин тэдний оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ? Үүний тулд бид Шарль де Фукогын жишээг дагаж. Шашин болоод шашны хариуцлагатнуудтай үргэлж холбоотой байж, уулзах, сонсох, харилцан яриа өрнүүлэх, хамтран ажиллах, итгэлцэх шинэ арга замуудыг өдөөн урамшуулж байдаг Ариун Сүнсний үйлдлийг өвдөг сөгдөн хүлээн авах юм.
Бидний цаг үеийг зөгнөсөн Гэгээн Шарль де Фуко элчийн хүлцэнгүй үйлсээр дамжуулан сайн мэдээг хүргэхийн сайхныг гэрчилсэн юм. Тэр өөрийгөө "бүх хүний ах/дүү" гэж үзэн, хүн бүхнийг нээлттэй хүлээн авснаараа хүлцэнгүй зөөлөн байдлын сайн мэдээг түгээх хүчийг бидэнд харуулсан. Тэнгэрбурханы бидэнд хандах хандлагыг ойр дотно, өрөвч, зөөлөн гэсэн гурван үгээр илэрхийлдгийг бид мартаж болохгүй. Тэнгэрбурхан үргэлж бидний дэргэд байдаг ба тэр үргэлж өрөвч, үргэлж зөөлөн байдаг. Христэд итгэлийн гэрч ойр дотно, өрөвч, зөөлөн байдлаар амьдралыг туулах ёстой. Шарль тийм л хүлцэнгүй зөөлөн нэгэн байсан юм. Уулзсан хүн болгон нь түүний сайн сайхнаас Есүсийн сайн сайхныг хараасай гэж тэр хүссэн. Шарль өөрийгөө “надаас хавь илүү дээр нэгний зарц” хэмээдэг байв. [6] Есүсийн сайн сайхнаар амьдарсан нь түүнийг ядуу хүмүүстэй, туарег хүмүүстэй, өөрөөс нь огт өөр сэтгэлгээтэй хүмүүстэй ах дүүгийн холбоо тогтооход хүргэжээ. Аажмаар тэдгээр холбоо нь ах дүүгийн барилдлага, бүгдийг хамарсан оролцоо, өөр соёлыг үнэлэх чадварыг бий болгосон. Сайн сайхан гэдэг энгийн бөгөөд бусад руу инээмсэглэхээс айдаггүй энгийн хүмүүс байхыг биднээс хүсдэг. Шарль ах инээмсэглэлээрээ, энгийн байдлаараа Сайн мэдээг гэрчилсэн. Хэзээ ч шашинд татан оруулах гэсэн үг үйлдлээр биш, харин гэрчлэлээр Сайн мэдээг түгээсэн. Хэн нэгнийг шашинд татан оруулах гэсэн чармайлтаар бус, харин гэрчлэх замаар, сэтгэлийг нь татсанаар сайн мэдээг түгээдэг билээ.
Эцэст нь хэлэхэд, бид Христэд итгэгчийн баяр баясгалан, хүлцэнгүй зөөлөн байдал, өрөвч зан, ойр дотно байдлыг өөртөө тээж, бусдад хүргэдэг эсэхээ өөрсдөөсөө асууцгаая. Баярлалаа.
[1] Lettres à un ami de lycée. Correspondance avec Gabriel Tourdes (1874-1915), Paris 2010, 161.
[2] Crier l’Evangile, Montrouge 2004, 49.
[3] M/314 in C. de Foucauld, La bonté de Dieu. Méditations sur les Saints Evangiles (1), Montrouge 2002, 285.
[4] Letter to Joseph Hours, in Correspondances lyonnaises (1904-1916), Paris 2005, 92.
[5] Ivi, 90.
[6] Carnets de Tamanrasset (1905-1916), Paris 1986, 188.
Тусгай мэндчилгээ
Өнөөдрийн сонсголд оролцож буй англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочидтой, ялангуяа Ирланд, Норвеги, Индонез, Малайз, Филиппин, Вьетнам, Канад, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүстэй халуун дотноор мэндчилье. Ромын энх тайвны төлөөх олон улсын семинарт оролцож буй их сургуулийн оюутнуудад ч бас онцгой мэндчилгээг дэвшүүлье. Мөн Хойд Америкийн Папын коллежийн Теологийн тасралтгүй боловсролын хүрээлэнгийн санваартнуудтай мэндчилж байна. Та бүгдтэй бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгалан байх болтугай. Тэнгэрбурхан та нарыг адислах болтугай!
Энэ Ням гарагт “дүрэлзсэн зүрх, замд гарсан хөл” сэдэвт Дэлхийн Католик шашныг дэлгэрүүлэгчдийн өдөр болно. Жил бүр болдог энэхүү чухал өдөр би шашны хүрээнүүд, сүмүүд болон бүх сүсэгтэн олныг Сүмийн сайн мэдээг түгээх ажлын хэрэгцээг хангахын төлөө залбирч, биет дэмжлэг үзүүлэх замаар идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эцэст нь би залуучууд, өндөр настнууд, өвчтэй болон шинээр гэрлэсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр бол Гэгээн Лукийн баярын өдөр. Бид Тэнгэрбурхантай залбирлаараа нэгдэж, Түүний гарт өөрсдийгөө бүрэн даатгахад бэлэн байгаа цагт л Сүмийн эрхэм зорилго биелнэ гэдгийг Лукийн Сайн мэдээний айлдал бидэнд сануулдаг. Ахан дүүс ээ, энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Одоо яригдахгүй байгаа ч эмгэнэлт явдал үргэлжилсээр байгаа туйлдсан Украиныг санацгаая.
Би та бүхнийг адислаж байна.
