Католик шашны сургаал номлол. Эцэгийн хамгийн хайрт нэгэн 1

2025-03-21

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдрийн болон ирэх шашны цуврал хичээлийг би хүүхдүүдэд зориулахыг хүсэж байна. Тэр дундаа хүүхдийн хөдөлмөр хэмээх харгислалыг авч үзэцгээе.

Өнөө үед бид Марс гараг, эсвэл хийсвэр ертөнц рүү харцаа чиглүүлэхийг хүсэх атлаа нийгмийн захад мөлжлөг, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн нүд рүү эгцэлж харж чадахгүй байна. Энэ зуунд бид хиймэл оюун бүтээж, олон гарагт амьдрах боломжийг судалсан атлаа доромжлогдож мөлжигдсөн, харгис хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн зовлон шаналалд эцэс тавьж чадсангүй. Үүнийг бид бодох ёстой.

Юуны өмнө өөрсдөөсөө “Ариун Судар бидэнд хүүхдийн тухай юу өгүүлдэг вэ?” хэмээн асууцгаая. Хуучин Гэрээнд Тэнгэрбурханы нэрийн дараа хамгийн олон давтагддаг үг бол "ben" буюу "хүү" гэсэн үг байдаг нь сонирхолтой. Энэ үг бараг таван мянган удаа давтагддаг. “Үр хүүхэд (ben) бол Тэнгэрбурханаас ирэх өв, умайн үр жимс нь шагнал болой” (Дуулал 127:3). Хүүхэд бол Тэнгэрбурханы бэлэг мөн. Харамсалтай нь энэ бэлэгт хүндэтгэлтэй хандахгүй байх тохиолдол олон. Библид баярын дуун цуурайтах түүх байх ч хохирогчдын хашхираан бүхий түүхүүд ч бий. Жишээлбэл, Гашуудал номд “Нялхас минь цангаж, хэл тагнай нь зуурчээ. Багачууд талх нэхэвч хувааж өгөгч нь алга” (4:4) гэж бичигдсэн байдаг. Эртний Но-амон болон Ниневе хотуудад юу тохиолдсоныг сануулан зөнч Нахум “Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь хэмхэртэл чулуудсан” (3:10) хэмээсэн байдаг. Өнөөдөр ч гэсэн хэр олон хүүхэд өлсгөлөн, ядуурлаас болж нас барж, бөмбөгдөлтийн золиос болж байгааг бодоорой.

Херодын уур хилэн Бетлэхэмийн нялхсыг хядан устгасан бөгөөд энэ хүчирхийллийн шуурга нялх Есүсийг ч нөмөрсөн билээ. Энэ эмгэнэлт явдал өөр өөр хэлбэрээр түүхийн туршид давтагдсаар ирсэн. Есүс болон Түүний эцэг эх харь нутагт дүрвэгсдийн хүнд амьдралыг туулсан нь өнөөдөр ч олон хүмүүс, олон хүүхдэд тохиож байна (Матай 2:13-18). Хүчирхийллийн шуурга намдсаны дараа Есүс Хуучин Гэрээнд дурдагдаж байгаагүй Назар гэх тосгонд очиж, өсөн торнисон ба хууль ёсны эцэг Иосефоосоо мужааны ажлыг сурсан (Марк 6:3; Матай 13:55). Ийнхүү “Хүүхэд өсөж, хүчирхэг болсон бөгөөд мэргэн ухаанд боловсорсоор байлаа. Тэнгэрбурханы таалал Түүн дээр байв” (Лук 2:40).

Өөрийн нийтийн үйлчлэлийн үеэр Есүс шавь нарынхаа хамт тосгоноос тосгон дамжин сайн мэдээг тунхаглаж явсан. Нэгэн өдөр хэдэн эхчүүд Түүнд ойртон ирж, хүүхдүүдээ адислуулахыг хүссэнд шавь нар нь тэднийг зандрав. Харин Есүс хүүхдийг зүгээр л идэвхгүй объект гэж үздэг тухайн үеийн ойлголтыг эвдэн, шавь нараа Өөртөө дуудаж “Хүүхдүүдэд зөвшөөр. Над дээр тэдний ирэхийг нь бүү хоригло, учир нь Тэнгэрбурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм” гэж айлдсан (Лук 18:16). Ингэж Тэр багачуудыг насанд хүрэгчдийн үлгэр жишээ болгов. Мөн Тэрээр “Үнэнээр Би та нарт хэлье, Тэнгэрбурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй нь тийш ер орохгүй” гэж чухалчлан хэлжээ (Лук 18:17).

Үүнтэй төстэй нэгэн хэсэгт Есүс нэг хүүхдийг дуудаж, шавь нарынхаа дунд зогсоогоод, “Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд яавч орохгүй” (Матай 18:3) гэж айлдсан. Дараа нь Тэр “Надад итгэгч энэ балчруудаас нэгийг нь хэн бүдрүүлнэ, тэр нь хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд, тэнгисийн гүнд живсэн нь дээр” (Матай 18:6) гэж анхааруулдаг.

Ахан дүүс ээ, Есүс Христийн шавь нар хэзээ ч хүүхдүүдийг хайхрахгүй орхиж, хүчирхийлэлд өртөхийг зөвшөөрөх ёсгүй. Хүүхдүүдийн эрхийг хасаж, хайр халамжгүй, хамгаалалтгүй орхих нь байж боломгүй зүйл. Христэд итгэгчид бид хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлж, тэдгээрийг эрс эсэргүүцэх үүрэгтэй.

Өнөөдөр ч маш олон хүүхэд албадан хөдөлмөр эрхэлж байна. Инээд хөөр, мөрөөдөлгүй өссөн хүүхэд өөрийн авьяас билгээ танин мэдэж, хөгжүүлж чадахгүй. Дэлхийн хаа сайгүй амь амьдралыг үл хүндэтгэсэн эдийн засгийн тогтолцооны дор хүүхдүүд мөлжигдөж байна. Энэ нь бидний хамгийн үнэт баялаг болох найдвар, хайрыг сорсоор байна. Гэвч хүүхдүүд Тэнгэрбурханы зүрхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд хүүхдэд хор хөнөөл учруулсан хэн боловч Түүний өмнө хариуцлага хүлээх болно.

Хүндэт ахан дүүс ээ, өөрсдийгөө Тэнгэрбурханы хүүхдүүд гэж хүлээн зөвшөөрдөг хүн бүр, тэр дундаа Сайн мэдээг тунхаглах үүрэг хүлээсэн хүмүүс хүүхдүүдэд хайхрамжгүй хандаж болохгүй. Бяцхан дүү нар маань хайрлагдаж хамгаалагдах ёстой. Тэдний хүүхэд нас, мөрөөдлийг нь булааж, мөлжлөг, гадуурхалтын золиос болгож байгаа явдлыг бид хүлээн зөвшөөрч болохгүй.

Бидний зүрх сэтгэлийг хайр халамжид нээж өгөхийг Эзэнээс гуйцгаая. Хөвгүүд охид бүр мэргэн ухаан, бие хаа, хишиг ивээлээр өсөж (Лук 2:52), хайрыг хүлээн авч, өгч чаддаг хүмүүс  болох болтугай хэмээн Түүнээс гуйцгаая. Баярлалаа.

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Хайрт ахан дүүс ээ,

Христмасын цаг улирлын төгсгөлд би хүүхдүүдийн эрхэм чанар, сайн сайхан байдлын талаар онцгойлон эргэцүүлмээр байна. Өдгөө бид сансар огторгуйн гүн рүү өнгийж чадаж байгаа хэр нь эргэн тойрондоо буй гэм зэмгүй хүүхдүүдийн ядуурал, мөлжлөг, хүчирхийлэлд харалган яваа нь гунигтай. Сайн мэдээний айлдал Есүсийн хүүхдүүдийг гэх онцгой хайрыг илчилдэг. Тэр тэднийг тэнгэрийн хаанчлалд орохыг хүсэгчдийн үлгэр жишээ болгон дурдаж, хайрлан энэрч байсан. Христийн шавь нар болохынхоо хувьд бид хүүхдүүдийн балчир нас, хүсэл мөрөөдлийг хамгаалах үүрэгтэй. Ялангуяа дайн тулааны харгислал, хүүхдийн хөдөлмөрийн харгис мөлжлөгөөс тэднийг хамгаалах нь бидний үүрэг мөн. Дэлхийн бүх хүүхэд хайр, эрх чөлөө, аюулгүй байдал, нэр төртэй ирээдүйн амлалтыг мэдрээсэй хэмээх найдвартайгаар Эвэр бүрээдэлтийн жилийг эхэлцгээе.