Пап Францисын мөнхийн амар амгаланд зориулж Катедралд залбирав.

Пап Францисыг таалал төгссөнд эмгэнэн ирэлхийлж, түүний мөнхийн амар тайванд зориулсан даатгал залбирал 2025 оны 4 сарын 23-нд Катедралд зохион байгуулагдлаа. Залбирлын арга хэмжээнд олон салбарын төлөөллүүдээс хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.
Кардинал Жоржо Маренгогийн номлолыг хүлээн авна уу.
Эрхэм анд нөхдөө, бид өнөөдөр хүн бүрийн хүлээн авсан амьдрал гэгч агуу бэлгийг тунгаан бодохоор энд байна. Тэнгэрт хальсан Пап Францис энэ бэлгийг өөрөөрөө гайхамшигтай илэрхийлж, тод гэрэлтүүлж чадсан билээ. Хайртай дотно нэгнээ алдсан хүн дүүргэж үл чадах хоосон орон зайг мэдэрдэг. Гэсэн хэдий ч тэнгэрт хальсан тэр хүний насан туршдаа ургуулсан үр жимс биднийг тайтгаруулдаг. Энд өнөөдөр янз бүрийн үндэс угсаа, соёл уламжлал, шашин шүтлэгийн төлөөлөл цугласан байгаа нь Пап Францисын амьдрал, үйл хэрэг үр жимсээ харуулж байгааг илтгэнэ. Энэ бол энх тайван, эе зохицол ба өршөөнгүй хайрын үр жимс юм.
Нэгдүгээр уншлага нь Христтэй учирснаар эрс өөрчлөгдсөн нэгэн хүний тухай өгүүлж байна: Тэр бол бүх цаг үеийн агуу элч нарын нэг Гэгээн Паул билээ. Пап Францисыг бид энэхүү гэгээнтний шийдэмгий байдалтай нь адилтгах дуртай. Чухамдаа, түүний сайн үйл хийх зориг эрмэлзэл, энх тайван, бүх дэлхийн ахан дүүсийн ёсыг эрхэмлэх тууштай байдал, шударга ёс, эвлэрлийн төлөөх хүчин чармайлт нь Христтэй гүн гүнзгий нэгдэж, өөрийн оршихуйг Түүнтэй холбож чадсан байдлаас нь үүдэлтэй байв. Тэр үнэхээр Христтэй уулзан учирч, амьдралынхаа бүхий л шатанд бүх хүчээ дайчлан дагасан билээ. Амьдралын ямар олон салбарт, хэчнээн олон хичээлийг Пап Францис бидэнд хайрлаа вэ!
Экологи, эдийн засаг, урлаг, шинжлэх ухааны судалгаа, нийгэм судлал... Үнэхээр, хүн төрөлхтний эрхэм чанарыг дээш өргөх Христийн тэнгэрлэг сургаалыг итгэн дагасан үед ямар ч зүйл орхигддоггүй. Тийм ч учраас Католик шашин үргэлж амьдралыг бүх хэлбэрээр нь хамгаалж, хүн бүрийг хүндэтгэн, хамгийн ихээр анхаарал, халамж шаардлагатай нөхцөл байдлыг асран хамгаалахад тууштай зүтгэж ирсэн юм.
Хэрэв бид Пап Францисын сонгосон "Miserando atque Eligendo" хэмээх уриаг авч үзвэл, энэ нь нэгэн гэгээнтний эшлэл болохыг харж мэднэ. Энэ нь VII зуунд амьдарч байсан агуу Библи судлаач Ариун Бедегийн үг юм. Уг уриа нь бидний саяхан сонссон Сайн Мэдээний нэгэн үйл явдалтай холбоотой бөгөөд энэхүү Бичээс тайлбарлагчийн анхаарал Есүсийн энэрэл дүүрэн харц дээр төвлөрдөг. Тэрхүү харц л татвар хураагч Левийг Есүсийг дагах шийдвэр гаргахад хангалттай байжээ. 1953 онд, 17 насандаа, Пап Францис яг ийм адил туршлага мэдэрсэн бөгөөд дотооддоо бүхнийг орхиж, Христэд өөрийгөө бүрэн зориулан Иезүитийн ордерд нэгдэх дуудлагыг хүлээн авчээ. Үүнээс хойш, түүний амьдрал тасралтгүй дуулгавартай байдлаар тодорхойлогдсон бөгөөд эцэст нь 2013 оны 3-р сарын 13-нд Кардиналуудын бүрэлдэхүүн түүнийг Папаар сонгосон юм.
Есүсийн хайр дүүрэн харц хүн бүрт хүрдэг бөгөөд энэ нь түүний шавь нарын сэтгэлийг хөглөж, амьдралын сорилтуудын дунд ч гүн баяр баясгалан авчирдаг эх сурвалж юм. Бид бүгд нүгэлтэн, олонхийн нүдэнд таагүй төвөг удсан, яг л татвар хураах ширээний ард сууж байсан тэр хүн шиг. Гэвч сайн мэдээ нь Тэнгэрбурхан биднийг яг энэ дутагдалтай, эмзэг хүний мөн чанартай минь уулзан, биднийг анхных нь зорилго руу буцаан авчрахын тулд ирсэн явдал юм.
Пап Францис энэ дэлхийг орхихоос нэг өдрийн өмнө бидэнд сануулсанчлан, бидний доторх найдвар урьд өмнөхөөсөө ч илүү амьд хэвээр байна.
Өнөөдөр эцэст нь "Аллэлуяа" хэмээх дуулал дахин Сүмд цуурайтаж, амнаас аманд, зүрхнээс зүрхэнд дамжин, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Тэнгэрбурханы ардыг баярын нулимс унагахад хүргэж байна.
Иерусалим дахь хоосон булшнаас бид гэнэтийн сайн мэдээг сонсож байна: Загалмайд цовдлогдсон Есүс "энд байхгүй, Тэр амилсан" (Лк 24:5). Есүс булшинд биш, Тэр амьд!
Хайр нь үзэн ядалтыг ялж, гэрэл нь харанхуйг ялж, үнэн нь худлыг яллаа. Өршөөл нь өш хонзонг давж гарлаа. Хорон муу түүхээс арчигдаагүй, эцсийн өдрийг хүртэл оршсоор байх болно. Гэхдээ одоо энэ нь ноёрхох эрхгүй болсон; тэр зүйл энэ өдөр Тэнгэрбурханы нигүүлслийг хүлээн авсан хүмүүсийн дээр эрх мэдэлгүй болсон!
Ахан дүүс нар минь, ялангуяа шаналал, уй гашууг туулж буй та бүхэн, та нарын чимээгүй хашгираан сонсогдсон, нулимс бүрийг тоолж хүлээн авсан! Нэг ч нулимс талаар өнгөрөөгүй! Есүсийн зовлон шаналал, үхлийн дотор Тэнгэрбурхан энэ дэлхийн бүх муу муухайг өөр дээрээ үүрсэн бөгөөд хязгааргүй өршөөлөөрөө үүнийг ялсан. Тэр хүний сэтгэлийг хордуулж, хүчирхийлэл, авлига дэгдээдэг чөтгөрийн бардамналыг үндсээр нь устгажээ. Тэнгэрбурханы Хурга ялалт байгуулсан!
Тийм учраас өнөөдөр бид "Христ, миний итгэл найдвар, амилсан!" гэж баяртайгаар дуулж чадна! (Амилалтын баярын дуулал).
Есүсийн амилалт бол үнэхээр бидний итгэл найдварын суурь юм. Учир нь энэ гайхамшигт үйл явдлын гэрэлд найдвар бол хий хоосон төөрөгдөл биш. Загалмайд цовдлогдож, үхлээс амилсан Христийн ачаар найдвар биднийг гонсойлгодоггүй! Spes non confundit! (Ром 5:5)
Энэ найдвар бол бодитой зүйл, энэ бол сорилт, энэ нь төөрөгдөл биш, харин биднийг хүчирхэгжүүлдэг. (Francis, Urbi et Orbi message, April 20, 2025).
Пап Францисын 2023 онд Монголд хийсэн түүхэн айлчлалын гол сэдэв нь найдвар байсан. Дэлхийн 66 орноор хийсэн түүний айлчлалуудын дотроос Монголд хийсэн айлчлал хамгийн онцгой, утга учиртай айлчлалуудынх нь нэг болсон хэмээн олон хүн үнэлсэн билээ. Тэрхүү айлчлалыг бодит болгосон төрийн болон шашны эрх мэдэлтнүүдэд бид гүн талархал илэрхийлж байна. Айлчлалын уриа нь “Хамтдаа найдацгаая” байв. Үнэхээр ч бид бүгд нийтлэг сайн сайхны төлөө нэгэн сэтгэлээр нэгдэж чадсан тэр мөчүүдийг мартахын аргагүй. Янз бүрийн шашинтай хүмүүс ахан дүүс мэт нэг гэрт – магадгүй монгол гэрт – цуглаж, нийгмийн нийтлэг сайн сайхны төлөө хамтран ажиллах үед дэлхийд найдвар дахин сэргэдэг. Ингэж энх тайван, хөгжил цэцэглэлтийн гүүрнүүд босдог билээ.
Католик сүсэгтнүүдийн хувьд, 2025 оны Жүбили жилийн гол сэдэв ч мөн найдвар юм. Энэ бол Тэнгэрбурханы хязгааргүй өршөөл нигүүлслийг илүү гүнзгий мэдрэх онцгой хишиг ивээлийн жил. Тэнгэрбурхан бидэнд амьдралаа бусдын төлөөх хайр энэрлийн зам болгон өөрчлөх шинэ боломжийг үргэлж олгодог гэдгийг энэхүү онцгой жил сануулдаг. Үүний илэрхийлэл болгож Ром дахь Папын дөрвөн сүмийн хаалгыг нээсэн нь биднийг Тэнгэрбурхан болон бие биетэйгээ шинэ нэгдэлд уриалсан үйл явдал байлаа. 2024 оны 12 сарын 24-ний шөнө, Пап Францис тэргэнцэр дээрээ даруухнаар Гэгээн Петрийн сүмийн сүр жавхлант хаалгыг нээснээр түүгээр орж шинэ нигүүлсэлд хүрэхийг хүссэн хүн бүрд хаалга нээгдсэн юм. Харин одоо энэ дэлхий дээр хайр энэрэл, өршөөл нигүүлслийн жинхэнэ гэрч байж чадсан түүнд тэнгэрийн хаалга нээгдэж, түүнийг мөнхийн амар амгаланд угтан авах болтугай.
Одоо би та бүхнийг Пап Францисын “Fratelli Tutti” буюу “Бид бүгд ахан дүүс” хэмээх түгмэл захидлын хэсгээс сонсож, хүн төрөлхтний төлөөх найдварын үрийг зүрх сэтгэлдээ ургуулахыг урьж байна. Баярлалаа.