Пап Францис таалал төгслөө

2025-04-21

Пап Францис өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 21-нд 88 насандаа Ватикан дахь Санта Марта өргөөндөө таалал төгслөө. Энэ эмгэнэлт мэдээг Апостолик танхимын дарга кардинал Кевин Фаррел хүргэжээ.
“Эрхэм хүндэт ах дүү нараа, Ариун Эцэг Пап Францис таалал төгссөнийг би хүлээн авсан үүргийнхээ дагуу гүнээ харамсан зарлаж байна. Өнөө өглөө 7:35 цагт Ромын хамба Францис Тэнгэр дэх Эцэгийн гэрт буцлаа. Түүний амьдрал бүхэлдээ Эзэнд болон Түүний Сүмд үйлчлэхэд зориулсан юм. Тэр бидэнд Сайн Мэдээний үнэт зүйлсийг чин сэтгэлээр хүлээн авч, үнэнч тууштай, зоригтой амьдрах мөн хэнийг ч ялгалгүй, ялангуяа хамгийн буурай, гадуурхагдсан хүмүүсийг хайрлахыг заасан. Эзэн Есүсийн жинхэнэ шавь байхын үлгэр жишээ байсан түүнд гүнээ талархаж, Пап Францисын сүнсийг бид Нэг ба Гурвал Тэнгэрбурханы хязгааргүй нигүүлсэнгүй хайранд даатгаж байна.”
Пап Францис хэдэн өдрийн бронхит өвчний улмаас 2025 оны 2 дугаар сарын 14-нд эмнэлэгт хэвтсэн. Түүний бие аажмаар суларсаар 2 дугаар сарын 18-нд эмч түүнийг хоёр талын уушгины хатгалгаа гэж оношилсон. 38 өдрийн дараа Пап Францис эмнэлгээс гарч Ватикан дахь Санта Марта өргөөндөө буцан эмчилгээгээ үргэлжлүүлж байсан юм.
Пап Францис таны эгэл даруу хэв маяг, эелдэг найрсаг зан төрх, уужуу ухаан, зоримог чанар, Католик шашинд төдийгүй даян дэлхийн хүмүүсийн сайн сайхны төлөөх бүх гавьяа зүтгэлийг Монгол дахь Католик шашны сүсэгтнүүд бид зүрх сэтгэлдээ үүрд санан дурсах болно.