Амилсан Эзэн Амилалтын өдрийн үдэш өөрийгөө элч нартаа үзүүлж “Ариун Сүнсийг хүлээн авагтун. Та нар хэний гэм нүглүүдийг уучилна, тэд уучлагдана. Та нар хэний гэм нүглүүдийг үл уучилна, тэд үл уучлагдах болно” (Иохан 20:22-23) гэж хэлэхдээ Наманчлалын үндсэн ёслолыг үндэслэн тогтоосон байна.
Наманчлалын үндсэн ёслол: үүсэл гарал ба зорилго
1. Христ яагаад Наманчлал хэмээх үндсэн ёслолыг үндэслэн тогтоосон бэ?
Христийн сүсэгтний амьдралд оруулах үндсэн ёслолоор Есүсийн бидэнд өгсөн шинэ амьдрал гэм нүглээс болж эрч хүч нь суларч, улмаар төгсөж болох учраас бидний бие ба сүнсний Эмч болсон тэрээр Наманчлал хэмээх үндсэн ёслолыг үндэслэн тогтоожээ.
2. Яагаад Ариун угаалын дараа Эвлэрлийн үндсэн ёслол гэж байдаг вэ? Ариун угаалаар хүлээж авсан хишиг ивээлт шинэ амьдрал нь хүний мөн чанарын сул дорой байдал ба гэм нүглийг үйлдэх хандлага (өөрөөр хэлбэл, хүсэл тачаал) -ыг арилгадаггүй учраас Христ энэхүү үндсэн ёслолыг гэм нүглээс болж, өөрөөс нь холдсон Ариун угаал хүртэгсдийн гэмшил өөрчлөлтийн төлөө үндэслэн тогтоожээ.
“Аяа, Есүс минь, хайрт минь. Ариун угаал хүртэх үед таны хишиг ивээлээр уламжлан сүнс минь гоо сайхан байсан атал би гэм нүглээрээ сүнснийхээ хэвийг алдагдуулсан юм.
Аяа, Цагаатгагч минь. Зөвхөн та сүнсний минь төрөлх гоо сайхныг сэргээж чадах бөгөөд та үүнийг хийнэ үү хэмээн тарчлалтын тань гавьяагаар танаас би залбиран гуйж байна.”
3. Эвлэрлийн үндсэн ёслолын гол хэрэглэл нь юу вэ?
Эвлэрлийн үндсэн ёслолын хоёр гол хэрэглэл байдаг. Үүнд : Ариун Сүнсний үйлдлээр гэмшилд хүрдэг наманчлагчийн үйлс ба Есүсийн нэрийн өмнөөс гэм нүгэлтнийг уучилж, зохист цагаатгал үйлдэх арга замыг зааж өгдөг санваартны ангижруулалт.
Наманчлагчийн үйлс гэж юу вэ?
1. Тэдгээр нь:
а) гэм нүгэл үйлдсэнээ нягтлан цэгнэх ухамсрын цэгнүүр;
б) цаашид нь гэм нүгэл үйлдэхгүй гэх зүрх сэтгэлийн шулуудалт бүхий гэмшил;
в) гэм нүглүүдээ санваартанд илчилж хэлэх буюу наманчлал;
г) гэм нүглийн хор уршгаар бий болсон хохирлыг нөхөн барагдуулах зорилгоор санваартнаас наманчлагч хүнд оногдуулсан наманчлалын зарим үйлсийг биелүүлэх буюу цагаатгал юм.
2. Ямар гэм нүглүүдийг наманчлах ёстой вэ?
Нягтлан цэгнэх ухамсрын цэгнүүрийн дүнд санаанд орж ирсэн өдий хүртэл наманчлаагүй байсан бүх хүнд (буюу мөхлийн) гэм нүглийг наманчлах ёстой. Үйлдсэн хүнд гэм нүглүүдийг наманчлах нь уучлал өршөөлийг хүртэх цорын ганц энгийн арга зам болно.
Хэдийгээр тэр нь зайлшгүй шаардлагатай биш боловч Шашин нь өчүүхэн гэм нүглүүдийг наманчлахыг машид дэмждэг, учир нь тэр нь хүнд зөв ухамсрыг төлөвшүүлж, хорон муугийн хандлагын эсрэг тэмцэхэд тусалдаг. Тийн наманчилснаар Христ биднийг илаарьшуулж, бид Ариун Сүнсний амьдралдаа ахиц гаргадаг.
Энэхүү үндсэн ёслолын үр дүн юу вэ?
Наманчлалын үндсэн ёслолын үр дүн гэдэг бол : Тэнгэрбурхантай эвлэрэх эвлэрэл хийгээд гэм нүглүүдийн уучлал өршөөл ; Шашинтай эвлэрэх эвлэрэл ; хишиг ивээлт байдлыг алдсан байсан тохиолдолд түүн доторх эргэлт ; мөхлийн гэм нүглүүдээс шалтгаалсан мөнхийн ял шийтгэлийн өршөөл ба гэм нүглүүдээс шалтгаалсан хугацаат ял шийтгэлийн хэсэгчилсэн өршөөл ; амар амгалан, тэнүүн ухамсар, сүнслэг тайтгарал ; Христийн сүнслэг амьдралаар амьдрах тэмцэлд шаардагдах хүчин чадлын өсөн нэмэгдэлт юм.
Наманчлалын өмнөх сэтгэлийн бэлтгэл
Уг үндсэн долоон гэм нүгэл
1. Омог бардам 2. Хариг харамч 3. Савсаг самуун 4. Уур хилэн 5. Ховдог хомхой 6. Атаа жөтөө 7. Залхуурал хойргошил
Эргэцүүлэхэд зориулсан даатгал залбирал
Аяа, Эзэн минь, бодлоор, үгээр, үйлээр болон эс биелүүлсэн үүргээр үйлдсэн өнөөдрийнхөө гэм нүглийг нягтлан цэгнэхэд та надад туслана уу. Түүнчлэн зуршил болсон миний бурууг та надад ухамсарлуулна уу. Амэн.
Намайг ангижруултугай!
Есүс Христ, Эзэн минь. Миний хамаг гэм нүгэл болон аливаа хорон муугаас намайг ангижруулна уу. Таны бошгийг баримтлахуй дор намайг өөрөөсөө үүрд үл явуулахаа зөвшөөрнө үү. Амэн.
Ухамсрын цэгнүүр
“Би бол Эзэн, чиний Тэнгэрбурхан, чи надаас өөр бурхадтай байж болохгүй”.
Нэгдүгээр бошгийн эсрэг гэм нүгэл : олон бурхан шүтэх ёс ба онгон шүтэх, мухар сүсэг буюу мэргэ төлгө, илбэ жилбэ, хар шид, сүнсийг дуудах ёс зэрэг болно.
• Би Тэнгэрбурханыг болон түүний Ариун католик Шашныг доромжилсон уу?
• Би Есүс Христэд итгэх итгэл бишрэлээс татгалзсан уу?
• Би өдөр тутмын залбирлуудад итгэлгүй байсан уу, эсвэл залбирлаас удаан хугацаагаар хол байсан уу, эсвэл анхааралгүйгээр зугаа цэнгэл болгон хэлж байсан уу?
• Би Библи судрыг уншиж, тунгаан бодож, эргэцүүлсэн үү?
• Би шашны талаарх, тухайлбал сүм, санваартан зэргийн талаарх жигшсэн яриагаараа бусдын итгэлийг эвдэж, эсвэл бууруулж байсан уу?
• Би бөө эсвэл зурхайчид очиж байсан уу?
“Чи өөрийн Тэнгэрбурхан Эзэний алдрыг дэмий бүү дурд”.
• Би Тэнгэрбурханы алдрыг бардамнал, хараал, амлалт, уур уцаар, гайхшрал, тоглоомд бүдүүлэг хэл яриа болгож гутаасан уу?
• Би Тэнгэрбурхан, Есүс, Мариа, Тэнгэр элчүүд болон гэгээнтнүүдийн нэр алдрыг гутаасан уу?
• Би ариун хүмүүс, ариун газар болон ариун зүйлстэй хүндэтгэлгүй харьцсан уу?
“Эзэний өдрийг ариунаар сахихаа санагтун”.
• Би Ням гарагийн талархал-магтаалын Мөргөлийг санаатайгаар өнгөрөөж байсан уу?
• Би ямар ч шалтгаангүйгээр Мөргөлд хоцрон ирж, эсвэл дуусахаас нь өмнө гарч явж байсан уу?
• Би Мөргөлд анхаарал хайхрамжгүй сууж байсан уу?
• Би шаардлагагүй хүнд ажил эсвэл удирдан жолоодох ажлыг Ням гарагт хийж байсан уу?
• Би Есүс Христийн бие болох Ариун нандин Нэгдлийг үл дээдлэж, зохист бэлтгэлгүйгээр хүртсэн үү?
“Эцэг эхээ хүндэл”.
• Би эцэг эхээ хүндэтгэж, тэдэнд талархаж, номхон дуулгавартай байсан уу?
• Би эцэг эхээ зовсон, өвдсөн, ганцаардсан үед нь дэмжиж, тэжээн тэтгэсэн үү?
• Би үр хүүхдээ Тэнгэрбурханы хүүхэд хэмээн үзэж, хайрлаж, хүндэлсэн үү?
• Би үр хүүхдийхээ төлөө бололцооныхоо хэрээр материаллаг ба сүнслэг хэрэгцээг нь хангасан уу?
• Би иргэний хуулийг зөрчиж байсан уу?
• Би бүх хууль ёсны эрх мэдлийн зарлигийг даган мөрдөж, сахин биелүүлж байсан уу?
• Би санваартан, өндөр настан, багш нар, ахлагч нарын гишүүдэд хүндлэлгүй харьцаж байсан уу?
“Чи хүн бүү ал”.
• Би тавдугаар бошгийн эсрэг гэм нүглийг үйлдсэн үү?
Эдгээр нь : хүнийг шууд, санаатайгаар алах, гэмтээх, тарчлаах, хүчирхийлэх, хулгайлах, барьцаалах, шууд үргүй болгох, үр хөндүүлэх зэрэг болно.
• Би хэт бага идэж, эсвэл хэт бага унтаж эрүүл мэнддээ аюул учруулдаг уу?
• Би согтууруулах ундааг хэтрүүлэн ууж, тамхийг хэтрүүлэн татдаг уу?
“Чи бүү завхайр - Чи хөршийнхөө эхнэрт бүү тачаад”.
• Би журамт байдлын эсрэг гэм нүглийг үйлдсэн үү? Эдгээр нь : гэрлэгсдийн журамгүй байдал, гар хангалга, гэрлэлтээс өмнөх ба гадуурх бэлгийн харьцаа, садар самуун, биеэ үнэлэх, бэлгийн хүчирхийлэл, ижил хүйстэнтэй явалдах зэрэг болно.
“Чи бүү хулгайл”.
• Би хулгай хийсэн үү? Би хулгайлсан хөрөнгийг буцааж өгсөн үү?
• Би өгсөн амлалт ба байгуулсан гэрээндээ үнэнч байсан уу?
• Би шударга бус үйлдлээ нөхөн зассан уу?
• Би ажлаа зориуд муу хийсэн үү?
• Би хувийн, сүмийн эсвэл нийтийн өмчийг санаатайгаар эвдсэн үү?
• Би татвараас зайлсхийсэн үү?
• Би байгалийн бүрэн бүтэн байдлыг зөв ашиглаж, хүндэтгэсэн үү?
• Би байгалийн баялаг, ургамал амьтны нөөцийг зөв хэмжээтэй ашигласан уу?
“Чи хөршийнхөө эсрэг худал бүү гэрчил”.
• Би санаатайгаар худлаа ярьсан уу эсвэл үнэний эсрэг өгүүлсэн үү?
• Би хуурамчаар гэрчилсэн үү?
• Би хараалын үгсийг хэлсэн үү, аль эсвэл гутааж гүтгэлэг хийсэн үү?
• Би бүдүүлэг, ширүүн үгсийг хэлж, бусдыг доромжилсон уу?
• Би өөрийн ашгийн төлөө бусдад долигонож, бядуучилж, зусардан зассан уу?
“Чи хөршийнхөө өмчид бүү шуна”.
• Би бусдад атаархаж байсан уу? Би шуналтай байсан уу? Би тэсвэр тэвчээргүй байсан уу?
• Би хэн нэгний сүнслэг амьдрал, гадаад төрх, эзэмшил хөрөнгө, ололт амжилтад атаархаж байсан уу?
• Би хэн нэгний азгүйтэл, эсвэл байгалийн гамшиг надад хожоотой байж магад гэсэн үүднээс баярлаж байсан уу?
• Би бусдын өмчийг хүндэтгэсэн үү?
• Би атаархлаасаа болж хэн нэгний сайн ажлыг зогсоож байсан уу?