Сион хот оо, магтагтун!

Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Lauda Sion - Laud, O Zion)

Аяа, Сион хот оо!
Аврагч ба удирдагчаа
Ариун магтаaлаар та магтагтун!
Тэрээр хамаг магтаaлын чанадахь
Тиймийн тул хир хэмжээгээрээ
Түүнийг магтаалаар магтагтун!
Ариун магтаал болох
Ариун нандин зоогт
Арван хоёр шавьд
Аргагүй үнэн өгөгдсөн
Амийн ба амин талх
Ахин бидэнд үзэгдэнэ.
Эвхаристыг үндэслэсэн
Энэхүү зоогийг эргэн санахдаа
Энэ өдрийг баяр ёслол болгогтун!
Тиймийн тул халуун сэтгэлээр
Түүнийг суу алдартай магтаад
Түүнд талархлаа илэрхийлцгээе!
Шинэ хааны тахилын ширээн дээрх
Шинэ дээгүүр өнгөрөх зоогийн
Шинэ тогтоол хуучныг гүйцэтгэнэ.
Тиймийн тул хуучныг шинэ,
Түнэр харанхуйг үнэн болгоод
Тэрхүү сүүдрийг гэрэл гийгүүлнэ
Оройн зоог дээрээ Христ
Өөрийн тэмдэглэсэн зүйлсийг
Өөрийн дурсгалд үйлд хэмээн тушаасан
Түүний ариунаар тогтоосон тогтоолоор
Тахилын авралд өргөлт дарс ба
Талхыг бид аравнайлна.
Түүний биеийг тус талх болгосон,
Түүний цусыг тус дарсанд хувиргасан,
Тийм гүн номлол итгэгчдэд соёрхогдоно.
Эс ойлгогдох, эс үзэгдэх зүйлсийг
Эрэлхэг зоригтой итгэл бишрэл нь
Энгийн зүйлсийн чанадад бататгана.
Эд юм бус атал тэмдэг нь
Энэхүү гайхамшигтай зүйлсийг
Эдгээр өөр зүйлсийн дор далдална
Бүхэл Христ одоо цустай аяга,
Бодит амин зуулга болж
Бидний хоёр зүйлсийн дор оршино.
Үл хагарсан, үл хэсэглэгдсэн
Үл хуваагдсан бүхэл бүтэн
Үүнийг бид хүлээн авна.
Ганц хүн байвч, мянган хүн боловч
Газар энд байвч, газар тэнд боловч
Гагц нэг амин зуулга үл барагдана.
Алив саар муу эсхүл сайн сайхан
Амьд явах эсхүл мөхөж сөнөх
Ав адилгүй хувь заяа.
Амьдрах сайхан, үхэх муухай
Ав адилхан амин зуулга
Ав адилгүй хувь заяа.
Ариун зүйлийг хуваахад
Алив хэсэг дотор
Бүхэл бүтэн чанар оршдогийг
Бүү сэжиглэ, харин санагтун!
Гадаад тэмдгийг хуваахад
Ганц зүйл ч өөрчлөгдөхгүй
Басхүү нэгэн хэлбэр дүрс ба
Байдал төлөв нь оршсоор байдаг юм.
Харваас, тэнгэр элчүүдийн талхыг
Аян замын амин зуулга болгоно.
Харваас, хөвгүүдийн үнэн талхыг
Анч нохойн хоол үүрд үл болгоно.
Дээр цагаас бэлтгэсэн, Исаакийн золиос,
Дээгүүр өнгөрөхийн золиос дахь хурга,
Дээд эцгүүдэд өгөгдсөн маннагаар
Дүрсийг зөгнөж бэлгэдсэн байсан юм.
Та, Есүс, бидний өршөөл нигүүлсэл.
Та сайн хоньчин ба амин талх.
Та биднийг тэжээж, биднийг хамгаална.
Та энэхэн газар дээр
Бидэнд сайн сайхныг харуулна.
Та бүхнийг мэдэгч, бүгдийг чадагч.
Та биднийг тэжээж, биднийг удирдана.
Тантай хамт одоо бид талхыг хуваалцана.
Та цаашид гэгээнтнүүдийнхээ хамтаар
Биднийг ариун гэгээн болгоно уу.
Амэн. Аллэлуяа!