Акуйно нутгийн Томас гэгээнтэн (1225-1274)
(Oratio Sancti Thomae Aquinatis Post Missam -
Prayer of Saint Thomas Aquinas after mass)
Аяа, Эзэн, ариун Эцэг, төгс хүчит, мөнхийн
Тэнгэрбурхан минь. Миний гавьяагаар бус харин гагц
өөрийн өршөөлөөр уламжлан та Хүүгийнхээ эрдэнэт
Бие ба Цусаар гэм нүгэлтэн мөхөс намайг тэжээсний
тул би танд гүн талархлаа илэрхийлж байна. Уг ариун
нандин нэгдэл надад ял шийтгэлийн учралыг бус,
харин авралын зуучлалыг хүртээх болтугай хэмээн
би залбирч байна. Тэр надад итгэл бишрэлийн хуяг
ба дур зоригийн дуулга болох болтугай. Тэр миний
сөрөг гажлаас тонилж, миний махан биеийн хүсэл
тачаалыг дийлэх болтугай. Тэр энэрэл хайр ба тэсвэр
тэвчээр, төлөв даруу ба дуулгавартай байдал, хамаг
эрдэм буяныг өсгөн олшруулах болтугай. Тэр үзэгдэх
ба эс үзэгдэх миний хамаг өстөн дайснуудын эсрэг
бат бэх хэрэм болж, миний биет ба сүнслэг хамаг
хөөрлийг төгс тайвшруулах болтугай. Тэр намайг
үнэн Тэнгэрбурхан болох тантай нягт нэгтгэж,
эцэст тантай хамт мөнхийн аз жаргалыг хүртэх
болготугай. Мөн түүнчлэн та, Хүү, Ариун Сүнстэй
хамт Гэгээнтнүүдийн үнэн гэгээн гэрэл, бялхам
жаргалан, мөнхийн баяр хөөр, дуусашгүй хангалуун
аж амьдрал, төгс аз жаргал болох өгүүлж баршгүй
энэхүү зоогт гэм нүгэлтэн мөхөс намайг удирдан
зална уу хэмээн танаас залбиран гуйж байна. Есүс
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.