Талархал-магтаалын ариун нандин мөргөлийн дэг жаяг

Угтлагын зан үйл
 

Санваартан : Эцэг, Хүү, X Ариун Сүнсний нэр алдраар.
Хариу: Амэн.
1. Санваартан: Есүс Христ бидний Эзэний хишиг ивээл, Тэнгэрбурханы энэрэл хайр, Ариун Сүнсний эв нэгдэл та бүхэнтэй хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
2. Санваартан: Тэнгэрбурхан бидний Эцэг, Есүс Христ Эзэний амар амгалан ба хишиг ивээл та нартай хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
3. Санваартан: Эзэн та нартай хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
4. Хамба лам: Амар амгалан та нартай хамт байх болтугай.
Хариу : Таны амь сүнстэй хамт байх болтугай.

 

Наманчлалын өчиг
 

1. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
Төгс хүчит Тэнгэрбурхан, мөн ахан дүүс та нартаа өөрийн буруугаас бодлоороо, үгээрээ, үйлдсэн болон үйлдээгүй бүхнээрээ гэм нүглийг ихэд үйлдэж байснаа
би хүлээж байна.

Цээжээ дэлдэхдээ тэд ийн хэлдэг :
Тийм, миний буруу, миний буруу, миний туйлын буруу.
Тиймийн тул би төгс жаргалт мөнхөд Цэвэр Охин Мариа, бүх Тэнгэр элчүүд, бүх Гэгээнтнүүд, мөн ахан дүүс та нараасаа Тэнгэрбурхан бидний Эзэнд миний төлөө залбирахыг гуйж байна.

Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
Хариу: Амэн.
2. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
Аяа, Эзэн минь, та биднийг өршөөнө үү.
Хариу: Учир нь, бид таныг доромжлон гутаав.
Санваартан: Аяа, Эзэн минь, та өөрийн өршөөл ивээлийг бидэнд үзүүлнэ үү.
Хариу: Та өөрийн аврал ивээлийг бидэнд хайрлан соёрхоно уу.
Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
Хариу: Амэн.
3. Санваартан: Ахан дүүс ээ, Христийн ариун нандин далд нууцыг үнэн сэтгэлээсээ ёслон тэмдэглэхийн тулд гэм нүглээ хүлээн зөвшөөрцгөөе.
Гэмшсэн зүрх сэтгэлийг илаарьшуулахын төлөө таныг илгээсэн ажээ : Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
Санваартан: Та гэм нүгэлтнүүдийг дуудахаар ирсэн билээ : Христ минь, өршөөгөөрэй.
Хариу: Христ минь, өршөөгөөрэй.
Санваартан: Бидний төлөө зуучлан залбирахын төлөө та Эцэгийн баруунтаа суудаг юм. Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
Санваартан : Төгс хүчит Тэнгэрбурхан биднийг нигүүлсэн соёрхож, бидний гэм нүглийг уучлан өршөөж, биднийг мөнх амьдрал руу удирдан залах болтугай.
Хариу: Амэн.
Эзэн минь, өршөөгөөрэй хэмээх гэмшлийн дуудлагыг үргэлжлүүлэн хэлнэ. Тус гэмшлийн дуудлага нь өмнө үйлдсэн наманчлалын даатгал залбиралд багтсан бол хэлэхгүй.
Санваартан: Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.
Санваартан: Христ минь, өршөөгөөрэй.
Хариу: Христ минь, өршөөгөөрэй.
Санваартан: Эзэн минь, өршөөгөөрэй.
Хариу: Эзэн минь, өршөөгөөрэй.

 

Сүр жавхлан хэмээх магтаал
 

Хамгийн дээд оргилд байгаа Тэнгэрбурханд сүр жавхлан, дэлхий дэх түүний таалалд оршин буй хүмүүст амар амгалан байх болтугай. Аяа, Тэнгэрбурхан Эзэн, тэнгэрийн Хаан, Тэнгэрбурхан төгс хүчит Эцэг, таныг бид магтаж, таныг бид ерөөж, таныг бид шүтэж, таныг бид алдаршуулж, таны агуу сүр жавхлангийн төлөө тандаа бид талархъя.
Аяа, Амин Ганц Хүү Эзэн, Есүс Христ Тэнгэрбурхан Эзэн, Тэнгэрбурханы Хурга, Эцэгийн Хүү: Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, биднийг өршөөнө үү.
Та дэлхийн гэм нүглийг арилгадаг, бидний залбирлыг хүлээн авна уу. Та Эцэгийн баруунтаа заларч байдаг, биднийг өршөөнө үү. Учир нь, Эцэг Тэнгэрбурханы сүр жавхлангийн дотор Ариун Сүнсний хамт, ганц та Ариун Нэгэн, ганц та Эзэн, ганц та Дээдийн дээд, Есүс Христ. Амэн.

Магтаал дууссаны дараа санваартан гараа хавсраад ийнхүү хэлдэг: Залбирцгаая.
Санваартантай хамтдаа бүгдээрээ түр хугацаанд аниргүйгээр залбирдаг.

• Ирэлтийн цаг улирал
Аяа, Тэнгэрбурхан минь, таны ард түмэн Эзэний Мэндэлсэн өдрийн их баярыг үнэнчээр хүсэн хүлээдгийг та үзэн мэддэг. Бид авралыг тун баяртайгаар хүртэж, энэхүү их баярыг туйлын цэнгэлтэйгээр ямагт тэмдэглэхийг та бидэнд хайрлан соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
• Дөч хоногийн цаг улирал
Аяа, Тэнгэрбурхан минь, хамаг сайн сайхан хийгээд энэрэл нигүүлслийг бүтээгч минь. Даатган залбирах ба өглөг өгөх хийгээд мацаг барих эдгээр сахих гурван ёс нь гэм нүглийг арилгах арга зам болдгийг та бидэнд нотлон үзүүлсэн билээ. Бидний ухамсар сэтгэл биднийг толгой бөхийлгөх үед таны энэрэл нигүүлсэл биднийг ямагт өргөн тэтгэхийн тулд доорд сэтгэлээр өргөсөн бидний наманчлалыг та таалан болгооно уу.
Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
• Дээгүүр өнгөрөх цаг улирал
Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан минь, ариун угаалаар шинэчлэгдсэн таны хүмүүс таны ивээл өмгөөлөл дор арвин үр шимийг ургуулж, танаар мөнх амьдралын баяр баясгаланд хүрэхийн тулд та дээгүүр өнгөрөх үндсэн ёслолыг бидний дотор үргэлжид үйлдэнэ үү.
Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
• Жирийн цаг улирал
Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, бид таныг сэтгэлийн гүнээс шүтэн биширч, бүх хүмүүсийг зүрхний угаас хайрлахыг та болгоон соёрхоно уу.
Тантай, Ариун Сүнсний нэгдэлтэй үүрд мөнх оршин хаанчилдаг Тэнгэрбурхан Есүс Христ бидний Эзэн, таны Хүүгээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.

 

Үгийн ёслол үйлдэх нь
 

Уншлагын төгсгөлийг тэмдэглэхийн тулд уншигч ийнхүү тунхаглана: Эзэний Үг.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.
Дууллын уншигч аль эсвэл дуучин дууллыг дуулдаг эсвэл хэлдэг. Сүсэгтэн олон дууллын хариултаар хариулна.
Дараа нь хоёрдугаар уншлага байгаа бол түүнийг уншигч дээр дурдсан ёсоор индрээс уншина. Уншлагын төгсгөлийг тэмдэглэхийн тулд уншигч ийн тунхаглана:
Эзэний Үг.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.
Аллэлуяа эсвэл Шашны ёслол үйлдэх цаг улирлаар тогтоосон заавар ёсоор аль нэгэн дууг дуулна.
Санваартан тахилын ширээний өмнө бөхийн амандаа ийн хэлнэ:

Аяа, төгс хүчит Тэнгэрбурхан минь, намайг таны Сайн Мэдээний айлдлыг үнэн сэтгэлээсээ тунхаглахын тулд та миний зүрх болон уруулыг ариусгаж соёрхоно уу.
Санваартан : Эзэн та нартай хамт байх болтугай.
Хариу : Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Санваартан: Н. -н/ы/ийн бичсэний дагуу
Сайн Мэдээний ариун айлдлаас унших уншлага,
Хариу: Эзэн минь, сүр жавхлан танд байх болтугай.
Санваартан : Эзэний Үг.
Хариу: Христ минь, сайшаал магтаал танд байх болтугай.
Дараа нь тэр номыг үнсээд амандаа хэлнэ:
Сайн Мэдээний тунхагласан айлдал бидний гэмийг барагдуулах болтугай.

 

Элч нарын бэлгэдэл
 

Би тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, Тэнгэрбурханд итгэнэ. Би түүний Амин Ганц Хүү, бидний Эзэн, Есүс Христэд итгэнэ.
Доорх үгээс эхлэн Мариагаас мэндэлжээ гэдэг хүртэл бүгд бөхийн хүндэтгэдэг.
Тэрээр Ариун Сүнснээс бүрэлдэж, Цэвэр Охин Мариагаас мэндэлжээ. Тэрээр Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ.
Тэрээр тамд буугаад гурав дахь хоногтоо үхлийг сөрөн амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр ирнэ.
Би Ариун Сүнс, бүх нийтийн католик Шашин, гэгээнтнүүдийн нэгдэл, гэм нүглийн уучлал өршөөл, бие махбодын амилалт болон мөнх амьдралд итгэнэ. Амэн.

 

Никеа Константинополийн бэлгэдэл
 

Би хамаг үзэгдэхүй ба эс үзэгдэхүй хийгээд тэнгэр газрыг бүтээгч, төгс хүчит Эцэг, гагц Тэнгэрбурханд итгэнэ. Би хамаг үеэс эхлэлтэй Эцэгээс гаралтай Тэнгэрбурханы Амин Ганц Хүү Есүс Христ, гагц Эзэнд итгэнэ. Тэрээр бүтээгдээгүй атал төрсөн, Эцэг лүгээ нэгэн адил бодистой, Тэнгэрбурханаас Тэнгэрбурхан, гэрлээс гэрэл, үнэн Тэнгэрбурханаас үнэн Тэнгэрбурхан юм. Хамаг бүхнийг түүгээр бүтээжээ. Тэрээр хүмүүс болон бидний авралын төлөө
тэнгэрээс бууж,
Доорх үгээс эхлэн хүмүүн ажээ гэдэг хүртэл бүгд бөхийн хүндэтгэдэг.
Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн хүмүүн ажээ. Тэрээр бидний төлөө Понти Пилатын дор зовон, цовдлуулж, амьсгал хурааж, булшлуулжээ. Тэрээр Судрын ёсоор гурав дахь хоногтоо амилж, тэнгэрт залран, төгс хүчит Эцэгийн баруунтаа сууж, амьд болон үхэгсдийг шүүхээр сүр жавхлантайгаар эргэж ирнэ. Түүний хаанчлал эцэс төгсгөлгүй билээ. Би Эзэн болон амин хайрлагч, Ариун Сүнсэнд итгэнэ. Тэрээр Эцэг ба Хүүгээс гарчээ.
Түүнийг Эцэг ба Хүүгийн хамтаар тахин шүтэж алдаршуулдаг. Тэрээр зөнчдөөр уламжлан өгүүлжээ. Би элч нарын эрх мэдэл дээр суурилсан бөгөөд бүх нийтийн католик, ариун нандин, нэг Шашинд итгэнэ. Би гэм нүглийг уучлан өршөөдөг нэг ариун угаалыг сүсэглэнэ. Би үхэгсдийн амилалт хийгээд мөнх амьдрал хүрч ирэхийг хүсэн хүлээнэ. Амэн.
Дараа нь бүх нийтийн даатгал залбирал буюу сүсэгтнүүдийн залбирлыг үйлдэнэ.

 

ТАЛАРХАЛ-МАГТААЛЫН ЁСЛОЛЫГ ҮЙЛДЭХ НЬ
 

Сүсэгтнүүд тус тусын өргөлөөрөө өөр өөрсдийн оролцоог илэрхийлэх нь зөв юм. Тэд Эвхарист буюу Талархал-магтаалын ёслолд зориулан талх эсвэл дарс аль эсвэл Сүмийн хэрэгцээ хийгээд ядууст зориулан өөр бусад хишгийг авчирч болно.
Санваартан: Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан, Эзэн минь, таны өгөөмөр билгээр уламжлан танд өргөн барих энэ талхыг бид хүлээн авсан тул та ерөөлтэй. Энэ бол газар дэлхийн үр шим, хүний хөдөлмөрийн үр өгөөж : энэ бол бидний амийн талх.
Хариу: Тэнгэрбурхан үүрд мөнх ерөөлтэй еэ.
Тахилч эсвэл санваартан хундаганд дарс болон дусал усыг хийгээд, амандаа хэлнэ:
Эдгээр ус ба дарсны далд нууцаар дамжуулан хүний мөн чанарыг хуваалцсан Христийн тэнгэрлэг мөн чанарыг бид хуваалцагчид болох болтугай.
Санваартан : Аяа, ертөнцийн Тэнгэрбурхан, Эзэн минь, таны өгөөмөр билгээр уламжлан танд өргөн барих энэ дарсыг бид хүлээн авсан тул та ерөөлтэй. Энэ бол усан үзмийн модны үр жимс, хүний хөдөлмөрийн үр өгөөж: энэ бол бидний сүнслэг сэтгэлийн ундаа.
Хариу: Тэнгэрбурхан үүрд мөнх ерөөлтэй еэ.
Дараа нь санваартан гүнээ бөхийн амандаа ийн хэлнэ:
Аяа, Эзэн минь, доорд сэтгэлээр гэмшиж буй биднийг та хүлээн авна уу.
Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, таны мэлмийд өргөж буй бидний өнөөдрийн өргөл тахил танд тааламжтай байх болтугай.
Үүний дараа санваартан тахилын ширээний хажууд зогсон гараа угаагаад, амандаа хэлнэ:
Аяа, Эзэн минь, гэм буруугаас минь намайг угааж, гэм нүглээс минь намайг цэвэршүүлнэ үү.
Тэр тахилын ширээний ард зогсоод гараа урагш сунган хавсраад сүсэгтнүүдэд ийн хэлнэ:
Санваартан: Ахан дүүс ээ, та нарын болон миний өргөл тахил төгс хүчит Эцэг Тэнгэрбурханы таалалд нийцэхийн тулд залбирцгаая.
Сүсэгтэн олон босож, ийн хариулна:
Таны гар дээрх энэхүү өргөл тахилыг бидний Эзэн өөрийн нэр алдрын магтаал ба сүр жавхлангийн төлөө, бидний болон өөрийн түгээмэл ариун нандин Шашны ач тусын төлөө таалан авах болтугай.
Санваартан: Аяа, Эзэн минь, таны ард түмний энэхүү өргөл тахил тэдэнд ариусал болж, гуйсан бүхнийг нь хүртээхийн тулд тэдний өргөл барьц танд тааламжтай байх болтугай хэмээн танаас бид залбиран гуйж байна.Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.

 

Талархал-магтаалын 2 дугаар Даатгал залбирал
 

Санваартан : Эзэн та нартай хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Санваартан: Зүрх сэтгэлээ өөдөө өргөцгөө.
Хариу: Бид Эзэн рүү түүнийгээ өргөцгөөе.
Санваартан: Бид Тэнгэрбурхан Эзэндээ талархлаа
өргөцгөөе.
Хариу: Энэ нь зөв зохистой.
Санваартан : Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан Эзэн, ариун гэгээн Эцэг минь. Есүс Христ таны хайрт Хүүгээр уламжлан бид хэзээ ямагт газар бүрд танд талархлаа өргөх нь үнэхээр зохистой бөгөөд ивээлтэй, бас даатгал авралтай.
Учир нь, та Үгээрээ юм бүхнийг бүтээсэн ажээ : Ариун Сүнсээр бие махбодыг олж, Цэвэр Охин Мариагаас мэндэлсэн түүнийг та Аврагч ба Цагаатгагч болгож, бидэнд илгээсэн ажээ.
Таны дур тааллыг гүйцэлдүүлэн ариун гэгээн ард түмнийг эрхшээлд тань багтаахдаа Христ Эзэн үхлийн хүлээсийг тайлж, амилалтыг илчлэхийн төлөө тарчлалтынхаа зовлонг эдэлж, мутраа дэлгэсэн ажээ.
Тиймийн тул Тэнгэр элч нар болон хамаг Гэгээнтнүүдтэй хамт таны сүр жавхланг бид тунхаглаж, нэгэн дуугаар ийн хэлнэ :
Ариун, Ариун, Ариун Түг түмний Тэнгэрбурхан Эзэн. Тэнгэр газар таны сүр жавхлангаар бялхам билээ. Хосанна хамгаас өндөрт. Эзэний нэр алдраар ирэгч нь ерөөлтэй еэ. Хосанна хамгаас өндөрт.
Санваартан: Аяа, Эзэн минь, та үнэхээр ариун гэгээн, хамаг ариун гэгээн ахуйн эх булаг билээ.
Эдгээр өргөл барьцыг та шүүдэр мэт өөрийнхөө Сүнсээр aриусгана уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Тиймийн тул тэдгээр нь бидэнд Есүс Христ бидний Эзэний Бие ба Цус болох болно.
Тарчлалтанд өөрийгөө сул чөлөөтэй өгөх үедээ,
тэр талх авч, талархал өргөхдөө түүнийг хувааж, шавь нартаа өгөөд, хэлсэн нь :
Та бүхэн үүнийг ав, тэгээд ид : энэ бол та нарын төлөө өгөх миний Бие.
Үүнтэй нэгэн адил, оройн зоог дууссаны дараа
тэрээр хундагыг авч, талархлыг дахин дэвшүүлэхдээ шавь нартаа өгөөд, хэлсэн нь :
Та бүхэн үүнийг ав, тэгээд уу : энэ бол миний Цустай хундага, энэ бол шинэ гэрээ, мөнхийн эвслийн гэрээний Цус. Түүнийг та нарын төлөө , түмэн олны төлөө гэм нүглийг уучлан өршөө хөө р урсгах болно. Намайг дурсан үүнийг үйлд.
Санваартан: Итгэл бишрэлийн далд нууц.
Хариу: Аяа, Эзэн минь, таныг ирэх хүртэл бид үхлийг тань зарлаж, амилалтыг тань тунхаглана.
Эсвэл:
Аяа, Эзэн минь, энэхүү талхнаас идэж, тэрхүү хундагаас уух болгондоо таныг ирэх хүртэл бид үхлийг тань зарлана.
Эсвэл:
Та өөрийн загалмай ба амилалтаар биднийг чөлөөлсөн тул ертөнцийн Аврагч минь, та биднийг аварна уу.
Тиймийн тул, Эзэн минь, түүний үхэл ба амилалтыг дурсан санахдаа бид амийн талх ба авралын хундагыг танд өргөн барья. Бид таны өмнө залбиран зогсож, танд сүсэглэн үйлчлэх болсондоо талархаж байна.
Түүнчлэн Христийн Бие ба Цусыг хуваалцахдаа бид Ариун Сүнсээр хамтдаа нэгдэхийн тулд танд хандан залбиран гуйж байна.
Аяа, Эзэн минь, манай Пап лам Н., бидний Хамба лам Н. болон бүх лам санваартантай хамт газар дэлхийд дэлгэрсэн түгээмэл таны Шашныг тэнгэрлэг энэрэл хайрын дотор улам төгс байлгахын тулд
түүнийгээ та эргэн санана уу.

Талийгаачдын төлөөх талархал-магтаалын Мөргөл дээр үүнийг нэмж хэлэх болно.
Энэ ертөнцөөс хальсан Н. -г/ыг/ийг та (өнөөдөр) өөртөө дуудсны тул өөрийн зардасыг дурсан санана уу. Таны Хүүгийн үхлийн хувь заяатай нэгтгэгдсэн тэр түүний амилалтын хувь заяагаар түүнтэй нэгдэхийг та болгоон соёрхоно уу.

Амилалтын горьдол найдварын дотор мөнх нойрсож буй бидний ахан дүүс болон таны энэрэл нигүүлслийн дотор багтсан хамаг талийгаачдыг та дурсан санаж, тэдэнд өөрийн жавхлант нүүр царайг үзүүлнэ үү.
Тэнгэрбурханы Эх, төгс жаргалт Цэвэр Охин Мариа тэргүүтэй түүний нөхөр гэгээн Иосеф, гэгээн Элч нар болон үеийн үед танд таацан нийцсэн хамаг Гэгээнтнүүдийн хамтаар бид бүхэн мөнх амьдралын хувь заяаг эдлэхдээ таныг магтан дуулж, таныг алдаршуулахын тулд биднийг өршөөнө үү хэмээн танаас бид Есүс Христ таны Хүүгээр уламжлан залбиран гуйж байна.
Түүгээр, түүнтэй, түүнд, Ариун Сүнсний нэгдэлд төгс хүчит Эцэг Тэнгэрбурхан минь танд хамаг хайр хүндлэл ба сүр жавхлан мөнхөөс мөнхөд байх болтугай.
Хариу: Амэн.

 

Ариун нандин Нэгдлийн зан үйл
 

Авралын сургаалаар суралцсан ба тэнгэрлэг тогтоолоор төлөвшсөн бид ийн зүрхлэн хэлье :
Тэнгэр дэх Эцэг минь ээ, таны нэр алдар эрхэм дээд байх болтугай. Таны хаанчлал орших болтугай. Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу. Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү. Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
Санваартан: Аяа, Эзэн минь, Есүс Христ Аврагчийнхаа ирэлт ба түүний ариун найдварыг хүсэн хүлээхдээ бид таны энэрэл нигүүлсэлд түшиглэн хамаг гэм нүглээс үргэлж чөлөөлөгдөх ба хамаг зовлонгоос үүрд хамгаалагдахын тулд биднийг та хорон муу бүхнээс гэтэлгэж, бидний өдрүүдэд амар амгаланг соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Хариу: Учир нь, хаанчлал, ид хүчин ба сүр жавхлан танд үүрд мөнх байдаг билээ.
Санваартан: Аяа, Есүс Христ Эзэн минь, та өөрийн Элч нарт Амар амгаланг би та нарт үлдээнэ, амар амгалангаа би та нарт өгнө хэмээн айлдсан билээ. Бидний гэм нүглийг бус харин Шашныхаа итгэл бишрэлийг үзэхдээ та өөрийн дур тааллын үүднээс
амар амгалан ба эв нэгдлийг өөрийн Шашинд хайрлана уу. Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Санваартан: Эзэний амар амгалан та нартай хамт үргэлж байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Үүний дараа тохиромжтой бол тахилч эсвэл санваартан нэмж хэлнэ:
Та нар амар амгаланг өргөн баригтун.
Үүний дараа санваартан тахилын талх авч, түүнийг тахилын тавган дээр хувааж, хундаган дотор талхны жижиг хэсгийг хийгээд, амандаа хэлнэ:
Есүс Христ бидний Эзэний Бие ба Цусны энэхүү нэгдэл биднийг мөнх амьдралыг хүртэгчид болгох болтугай.
Энэ үед ийн дуулна эсвэл хэлнэ:
Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: биднийг өршөөнө үү.
Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: биднийг өршөөнө үү.
Тэнгэрбурханы Хурга аа, та дэлхийн гэм нүглийг арилгадаг: бидэнд амар амгалангаа хайрлана уу.

Дараа нь санваартан гараа хавсран амандаа хэлнэ:
Аяа, Есүс Христ Эзэн минь, амьд Тэнгэрбурханы Хүү та Эцэгийнхээ дур тааллын ёсоор Ариун Сүнсний ид хүчээр уламжлан өөрийн үхлээр ертөнцийг амьдруулсан билээ. Та туйлын ариун нандин Бие ба Цусаараа намайг хамаг гэм нүгэл ба хорон муугаас ангижруулна уу. Та надаар өөрийн тушаалыг үүрд баримтлуулж, намайг өөрөөсөө үүрд үл хагацааж соёрхоно уу.
Эсвэл :
Аяа, Есүс Христ Эзэн минь, таны биеийг хүртэх энэхүү үйл явц намайг үл буруутгаж, намайг эс шийтгэх ба харин таны асрал соёрхлын үүднээс миний бие ба сэтгэлийг сахин хамгаалж, намайг илаарьшуулах болтугай.
Санваартан өвдөг сөхөрч, тахилын талхыг авч, түүнийг бариад тахилын таваг эсвэл хундаган дээр бага зэрэг өргөөд, сүсэгтэн олонд хандаж өндөр дуугаар ийн хэлнэ:
Үзэгтүн, энэ бол дэлхийн гэм нүглийг арилгах Тэнгэрбурханы Хурга. Хургын зоогт уригдсан хүн бүхэн жаргалтай яа.
Аяа, Эзэн минь, би таныг дээвэр дороо оруулах зохистой нэгэн биш, харин та ганцхан үгийг айлдана уу. Тэгвэл миний амь сүнс эдгэх болно.
Тэгээд санваартан тахилын ширээний өмнө зогсоод амандаа ийн хэлнэ:
Христийн Бие намайг мөнх амьдралын төлөө сахин хамгаалах болтугай.
Үүний дараа тэр тахилын таваг эсвэл тахилын савыг аваад, нэгдлийг хүртэгчид рүү явж очно. Тэр тахилын талхыг авч, ялимгүй дээш өргөөд хүн бүрд үзүүлж хэлнэ: Христийн Бие.
Нэгдлийг хүртэгч хариулна: Амэн.
Тэр нэгдлийг хүртэнэ.
Ариутгалыг үйлдээд санваартан амандаа ийн хэлнэ:
Аяа, Эзэн минь, эдгээр мөнх бусын билигт хишиг биднийг илаарьшуулах мөнхийн их тус болохын тулд
бид амаараа хүртсэн ариун нандин зүйлийг ариун сэтгэлээрээ олж авах болтугай.
Тэгээд санваартан сэнтий рүү буцах боломжтой. Тохиромжтой бол аниргүй ариун бясалгалыг богино хугацаанд үйлдэж болно эсвэл дуулал, магтаалын дуу буюу магтаалыг дуулж болно. Дараа нь тахилын ширээ эсвэл сэнтийн өмнө зогсож буй санваартан сүсэгтэн олонд хандаж гараа хавсраад ийн хэлнэ:
Залбирцгаая: Аяа, Эзэн минь, та Хүүгийнхээ Бие ба Цусаар биднийг тэжээсэн билээ. Зөвхөн үг хэлээр бус харин үйл хэрэг, үнэн мөнөөр таныг тунхаглахдаа бид тэнгэрийн хаанчлалд нийцэн орохын тулд та өөрийнхөө Сүнсээр биднийг удирдана уу хэмээн танаас бид залбиран гуйж байна. Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.

 

Төгсгөлийн зан үйл
 

Санваартан : Эзэн та нартай хамт байх болтугай.
Хариу: Таны амь сүнстэй хамт байх болтугай.
Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, X Ариун Сүнс та нарыг адислах болтугай.
Хариу: Амэн.
Тахилч эсвэл санваартан : Талархал-магтаалын мөргөл өндөрлөлөө, та бүхэн амар амгалан явцгаа.
Эсвэл: Эзэний Сайн Мэдээний айлдлыг тунхаглахаар та бүхэн амар амгалан явцгаа.
Эсвэл: Та бүхэн өөрийн амьдралаар Эзэнийг алдаршуулж, амар амгалан явцгаа.
Эсвэл: Та бүхэн амар амгалан явцгаа.
Хариу: Тэнгэрбурхандаа талархъя.

 

ТАЛАРХАЛ-МАГТААЛЫН МӨРГӨЛИЙН ДАРААХ ДААТГАЛ ЗАЛБИРАЛ
 

Лам санваартан болон үйлчлэгчид зориулсан:
Аяа, Эзэн Есүс минь. Талархал-магтаалын мөргөлийн үед танд үйлчлэх учралын төлөө танд талархлаа.
Таны ариун нандин оршихуй миний зүрх сэтгэлийг баяр баясгалан ба амар амгалангаар бялхаасан билээ.
Тэнгэрлэг Эцэгийн хишиг ивээлээр уламжлан таны хайрын дотор би өсөхийн тулд таны ариун Сүнс намайг үргэлж удирдан залах болтугай.
Эцэг, Хүү, Ариун Сүнсэнд жавхланг эхэн цагт байсан мэт аливаа цагт болготугай. Амэн.

 

Акуйно нутгийн Томас гэгээнтний даатгал залбирал
 

Аяа, Эзэн, ариун гэгээн Эцэг, төгс хүчит, мөнхийн Тэнгэрбурхан минь. Миний гавьяагаар бус харин гагц өөрийн өршөөлөөр уламжлан та Хүүгийнхээ эрдэнэт Бие ба Цусаар гэм нүгэлтэн мөхөс намайг тэжээсэн тул би танд гүн талархлаа илэрхийлж байна. Уг ариун нандин нэгдэл надад ял шийтгэлийн учралыг бус харин авралын зуучлалыг хүртээх болтугай хэмээн би залбирч байна. Тэр надад итгэл бишрэлийн хуяг ба хүсэл зоригийн дуулга болох болтугай.
Тэр миний сөрөг гажлаас тонилж, миний махан биеийн хүсэл тачаалыг дийлэх болтугай. Тэр энэрэл хайр ба тэсвэр тэвчээр, төлөв даруу ба дуулгавартай байдал, хамаг эрдэм буяныг өсгөн олшруулах болтугай.
Тэр үзэгдэх ба эс үзэгдэх миний хамаг өстөн дайснуудын эсрэг бат бэх хэрэм болж, миний биет ба сүнслэг хамаг хөөрлийг төгс тайвшруулах болтугай.
Тэр намайг үнэн Тэнгэрбурхан болох тантай нягт
нэгтгэж, эцэст тантай хамт мөнхийн аз жаргалыг хүртэх болготугай. Мөн түүнчлэн та, Хүү, Ариун Сүнстэй хамт Гэгээнтнүүдийн үнэн гэгээн гэрэл, бялхам жаргалан, мөнхийн баяр хөөр, дуусашгүй хангалуун амь амьдрал, төгс аз жаргал болох өгүүлж баршгүй энэхүү зоогт гэм нүгэлтэн мөхөс намайг удирдан зална уу хэмээн танаас залбиран гуйж байна.
Есүс Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай. Амэн.

 

Христийн сүнс
 

Христийн сүнс намайг ариун болготугай!
Христийн Бие намайг авартугай!
Христийн Цус намайг согтоотугай!
Христийн хавирганы ус намайг угаатугай!
Христийн тарчлалт намайг хүчтэй болготугай!
Сайн Есүс ээ. Намайг сонсон соёрхтугай.
Намайг олон шархныхаа дотор хоргодуултугай.
Намайг өөрөөсөө бүү салгатугай.
Намайг сүнсний зальт дайснаас хамгаалтугай!
Намайг үхэхийн цагт дуудтугай.
Бас гэгээнтнүүдийн тань хамтаар
Таныг мөнхөд магтахын тулд
Намайг өөрийнхөө өмнө ирүүлтүгэй. Амэн.
Өөрийгөө өргөн барих өчиг
Эзэн, та миний бүхий эрх чөлөөг таалан авна уу.
Та миний ой ухаан, миний оюун ухаан, миний бүхий хүсэл зоригийг хүлээн авна уу.
Хамаг эзэмших зүйлс минь таны өгөөмөр билигт хишиг байдаг бөгөөд таны дур таалал намайг удирдан залахын тулд би энэ бүгдийг танд эгүүлэн өгнө өө.
Таны хайр дурлал ба хишиг ивээлд миний сэтгэл хангалуун байдаг тул та надад эдгээрийг хайрлана уу.
Өөр юуг ч танаас үл гуйна. Амэн.


XI Клэмэнт Пап ламын алдар нэрийн дор танигдсан
даатгал залбирал


Аяа, Эзэн минь,
Би итгэж байгаа боловч улам бат итгэсүгэй ;
Би найдаж байгаа боловч улам нот найдсугай ;
Би хайрлаж байгаа боловч улам их хайрласугай ;
Би шаналж байгаа боловч улам гүн шаналсугай .
Анхлан бүтээгч таныгаа шүтэн биширье, би ;
Эцэслэн гүйцэтгэгч таныгаа хүсэн хүлээе, би ;
Мөнхийн тэтгэгч таныгаа сайшаан магтья, би ;
Нигүүлсэхүйн ивээгч тандаа даатган залбирья, би.
Таны билиг ухаан намайг удирдах болтугай;
Таны шударга ёс намайг захирах болтугай;
Таны өршөөл ивээл намайг тайвшруулах болтугай;
Таны ид хүчин намайг хамгаалах болтугай.
Аяа, Эзэн минь,
Танд нийцэх санаа бодлоо,
Танаас гарах үг хэлээ,
Таныг дагах ажил үйлсээ,
Танд зориулах зовлон зүдгүүрээ
Тандаа өргөн барья, би.
Танд тааламжтай аливаа бүхнийг хүсье, би ;
Танд тааламжтай учир шалтгааныг хүсье, би ;
Танд тааламжтай зам мөрийг хүсье, би ;
Танд тааламжтай цаг мөчийг хүсье, би.
Аяа, Эзэн минь,
Тандаа даатган залбирья, би ;
Оюун ухааныг минь гийгүүлнэ үү, та ;
Хүсэл зоригийг минь бадраана уу, та ;
Зүрх сэтгэлийг минь ариусгана уу, та ;
Амь сүнсийг минь ариулна уу, та.
Өнгөрсөн гэм нүгэлдээ гэмшсүгэй, би ;
Ирэх сорилтоос татгалзсугай, би ;
Өөрийн алдаа эндэгдлээ зассугай, би ;
Эрдэм буяныг дэлгэрүүлсүгэй, би ;
Аяа, энэрэнгүй Тэнгэрбурхан минь,
Таныгаа хайрлаж,
Өөрийгөө умартаж,
Хөршдөө үйлчилж,
Аливаа бүхнийг хэлтрүүлэхийг болгоон соёрхоно уу, та.
Дээдсээ сонсож,
Доодсоо тэтгэж,
Анд нөхдөө халамжилж,
Атаатан дайснаа өршөөж явья, би.
Савсаг самууныг хатуужлаараа,
Хариг харамчийг өгөөмөрөөрөө,
Уур хилэнг тэвчээрээрээ,
Залхуу хойргыг зүтгэлээрээ давж явья, би.
Бодож төлөвлөхдөө болгоомжтой,
Аюул нүүрлэхэд туйлбартай,
Харш бүхэнд тэвчээртэй,
Магтаал үгэнд хүлээцтэй байлгаж хайрлана уу, та.
Аяа, Эзэн минь, залбирахдаа анхааралтай,
Хооллохдоо хэмжээтэй,
Ажиллахдаа тууштай,
Шийдэхдээ ухамсартай байлгаж хайрлана уу, та.
Үнэн сэтгэлтэй,
Даруу зантай,
Үлгэр дууриалтай,
Зөв амьдралтай амьд явья, би.
Ааш авираа засаж,
Хишиг буяныг дээдлэж,
Ёс зүйг дагаж,
Аврал ивээлийг хүртэж явья, би.
Газар дэлхийн юм бүхэн хэмжээтэй,
Тэнгэрлэг юм бүхэн эгнэшгүй,
Мөнх бус бүхэн хугацаатай,
Мөнх бүхэн хязгааргүй гэдгийг
танаас танин мэдсүгэй, би.
Үхэлдээ бэлтгэж,
Шүүлтээс эмээж,
Тамаас зугтааж,
Тэнгэрийн оронд хүрэхийг болгоон соёрхоно уу, та.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Амэн.

 

Цовдлогдсон Есүс Христ бидний Эзэнд зориулсан
даатгал залбирал

 

Аяа, сайн, туйлын зөөлөн Есүс ээ.
Өөрийн зүрх сэтгэлд итгэл бишрэл, горьдол найдвар ба энэрэл хайрын мэдрэмжийг бялхаахын тулд өөрийн гэм нүглээс ариун үнэн наманчлал ба туйлбар төгс гэмшлийг төрүүлэхийн тулд мөхөс миний бие таны өлмийн өмнө сөгдөж, танд чин сэтгэлээсээ хандан залбиран гуйж байна.
Аяа, сайн Есүс ээ.
Таны тухай : Тэд миний гар, хөлийг нэвт хатгасан. тэд миний бүх ясыг тоолсон юм (Дуулал 2216-17) хэмээн таны аманд урьдаас тавьсан Давид зөнчийн үгсийг нүдэндээ нандигнахдаа ихэд зовон гашуудаж буй би таны таван шархыг оюун сэтгэлдээ тунгааж, гүн гүнзгий эргэцүүлье. Амэн.

 

Амар сайн уу, Хатан эх минь
 

Амар сайн уу, нигүүлсэхүй Хатан эх минь.
Амар сайн уу, амь нас минь, зөөлөн найдвар минь.
Евагийн огоорсон хөвгүүд бид тандаа хандму.
Эмгэнэж, гашууддаг бид нулимст энэхэн хөндийд
таныгаа эгээрмү.
Асрагч эх та нигүүлсэнгүй мэлмийгээрээ биднийг тольдоно уу.
Ариун хэвлийнхээ үр Есүсийг та бидэнд
энэхэн цөллөгөөс хагацсанаас хойш үзүүлнэ үү.
Аяа, өршөөлт, итгэлт, зөөлөн охин Мариа минь. Амэн.


Ассиси нутгийн Францис гэгээнтний зохиосон даатгал залбирал
 

Эзэн, та намайг амар амгалангийнхаа зам мөрч болгон соёрхоно уу.
Хаа нэгтээ үзэн ядалт байх аваас
би энэрэл хайрыг хүргэх болно.
Хаа нэгтээ доромжлол басамжлал байх аваас
би уучлал өршөөлийг хүргэх болно.
Хаа нэгтээ хэрүүл тэмцэл байх аваас
би эв нэгдлийг хүргэх болно.
Хаа нэгтээ эргэлзээ тээнэгэлзэл байх аваас
би итгэмж найдлагыг хүргэх болно.
Хаа нэгтээ эндүү ташаарал байх аваас
би үнэн зөвийг хүргэх болно.
Хаа нэгтээ ядрал цөхрөл байх аваас
би итгэл найдварыг хүргэх болно.
Хаа нэгтээ уйтгар гуниг байх аваас
би баяр баясгаланг хүргэх болно.
Хаа нэгтээ сүүдэр харанхуй байх аваас
би гэгээн гэрлийг хүргэх болно.
Аяа, тэнгэрлэг Эзэн, тайтгарахаасаа илүүтэй бусдыг тайтгаруулж, ойлгогдохоосоо илүүтэй бусдыг ойлгож, хайрлагдахаасаа илүүтэй бусдыг хайрлаж болохыг та надад соёрхоно уу.
Учир нь өгөхдөө бид хүлээн авна, уучлахдаа бид өршөөгдөнө, үхэхдээ бид мөнх амьдралд төрнө. Амэн.

 

Пап лам VI Паулын залбирал


Аяа, Эзэн минь, та биднийг дэлхий даяар өлсгөлөн, ядуурал дунд амьдарч, үхэж буй ахан дүүстээ үйлчлэх зохистой хүмүүс болгоно уу.
Та тэдгээр ахан дүүст маань бидний гараар өдөр тутмын талхыг өгнө үү.
Бидний хайр халамжаар уламжлан амар амгалан ба баяр баясгаланг тэдэнд хайрлана уу. Амэн.