Бүх Католик сүсэгтэнд мөрдөгддөг Шашны нэгдүгээр тушаал нь бүх ням гараг болон үүрэгт Ариун өдрүүдэд Талархал магтаалын мөргөлд оролцох юм.
Үнэхээрийн ноцтой зарим шалтгаан биднийг саатуулахгүй бол энэ нь бидний ухамсар дахь хүнд үүрэг юм. Талархал магтаалын мөргөл эхэлчихсэн байхад санаатайгаар эсвэл хайхрамжгүйгээсээ хоцорч ирэх нь наанадаж, өчүүхэн гэм нүгэл юм. Талархал магтаалын мөргөлд оролцох нь таны хувьд маш бэрхшээлтэй байх үед эсвэл Сүм рүү явж чадахгүй түүнийг таслах нь гэм нүгэл биш юм. Хэрэв өвчтэй учраас Талархал магтаалын мөргөлийг тасалсан бол эсвэл өвчтэй хүнийг болон хүүхдийг харж хандахаар гэртээ үлдсэн учраас, эсвэл сүмээс маш хол байсан учраас, аль эсвэл өөр бусад шалтгаанаар та явж чадаагүй бол энэ нь гэм нүгэл болохгүй юм. Хэрэв боломжтой бол Талархал магтаалын мөргөлд явж чадаагүй үедээ Талархал магтаалын мөргөлийн даатгал залбирлуудыг гэртээ өөрөө уншаарай.
Үүрэгт Ариун өдрүүд нь:
Тэнгэрбурханы ариун эх Мариагийн их баяр (1 сарын 1);
Иосеф гэгээнтэн, Т. Ж. Ц. О. Мариагийн нөхөр (3 сарын 19);
Христийн Туйлын Эрдэнэт Бие ба Цус (Туйлын ариун нандин Гурвалын Ням гарагийн дараах Пүрэв гараг);
Петр, Паул гэгээнтэн (6 сарын 29);
Төгс жаргалт цэвэр охин Мариа Тэнгэрт залагдсан өдөр (8 сарын 15);
Хамаг гэгээнтнүүд (11 сарын 1);
Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн Төгс жаргалт цэвэр охин Мариа (12 сарын 8);
Христ/Эзэний мэндэлсэн өдөр (12 сарын 25);
Талархал магтаалын мөргөлийг энгийнээр тайлбарлахуй
Түүнийг дурсан бидний хийдэг болон загалмай дээрх түүний золиослолын үхлийг бүх үеийнхэнд бүх хүмүүст харуулдаг ариун зан үйлийн бүрэлдэхүүнийг Сүүлчийн Оройн зоог дээр Есүс бидэнд даатгаж өгсөн билээ.
Эхэнд тэрээр Тэнгэрбурханы үгийг шавь нартаа номлоод, энэрэл хайрын шинэ тушаалыг тэдэнд өгсөн билээ. Тэр тэдний төлөө болон өөрт нь итгэдэг тэдгээр шавь нараараа дамжуулж бүх хүмүүсийн төлөө залбирсан юм. Тэр бүх итгэгчдийн нэгдлийн төлөө залбирсан юм.
Энэ нь Талархал магтаалын мөргөлийн ёслол дээр Тэнгэрбурханы Үгийн Үйлчлэлээр илэрхийлэгддэг. Бид судар номууд болон номлол дахь Тэнгэрбурханы үгийг сонсдог, бид түүний үгээр өөрсдийн итгэл бишрэлийг илэрхийлдэг, Тэнгэрбурханы ард түмний хэрэгцээний төлөө Сүсэгтний Даатгал залбирлаар залбирдаг.
Тэгээд тэр талх болон дарстай хундагыг авчээ. Христийн энэ үйлдэл нь Талархал магтаалын мөргөлийн ёслол дээр Өргөлийн зан үйлээр эсвэл бэлгүүдийг өргөх ёслолоор илэрхийлэгддэг. Талх болон дарсыг тахилын ширээнд авчраад, санваартан тэдгээрийг өргөж, тэдгээрийн тул Тэнгэрбурханыг ерөөдөг. Учир нь тэдгээр нь загалмай дээр бидний төлөө өргөл болсон Христийн бие ба бидний төлөө, түмэн олны төлөө гэм нүглийг уучлан өршөөхөөр урсгах түүний цус болдог. Нэгдлийн зан үйлээр тэдгээр нь бидний төлөө “амийн талх” ба “бидний сүнслэг сэтгэлийн ундаа” болдог.
Тэр адислалын даатгал залбирлыг тэдгээрийн дээр хэлсэн билээ. Энэ нь Талархал магтаалын мөргөлийн
үед түүний бүх билигт хишгүүдийн төлөө, нэн ялангуяа түүний амьдрал, үхэл, амилалтаар Есүсийн биелүүлсэн юмсыг болон Тэнгэрбурханыг магтаж, талархдаг Эвхаристын Даатгал залбирал юм. Тэдгээрийг Христийн бие ба цус болгох хийгээд бид тэдгээрийг зохистой бөгөөд үр ашигтайгаар хүлээн авахын тулд билигт хишгүүдийг доош буулгахаар Ариун Сүнс нь дуудагдсан билээ. Адислалын дараа, тэдгээрийг Эцэг Тэнгэрбурханд бүх дэлхийн төлөө, амьд болон үхэгсдийн хэрэгцээний төлөө өргөн барьдаг.
Тэр талхыг адислан хувааж, шавь нартаа өгсөн ; тэр тэдэнд уулгахаар хундагыг өгсөн. Энэ бол ариун зоогоор Христийн золиослолын үр шимийг бидэнд өгдөг Нэгдлийн зан үйл юм. Христийн бие ба цусыг хүртэхдээ, бид Христтэй болон Христ доторх нэг нэгэнтэйгээ нэгддэг. Түүнчлэн Христийн тэнгэрлэг хаанчлалын алдаршууллаар Христтэй биднийг үүрд нэгдсэн үед биднийх болох баяр баясгалангийн баярын совинг бид хүлээн авдаг.
Талархал магтаалын мөргөлийн өмнөх даатгал залбирал
Аяа, Тэнгэрбурхан минь, танд сэтгэл бүхэн нээгдэж, хүсэл бүхэн танигдах бөгөөд нуугдаж хоцрох нууц гэж үгүй юм. Бид таныг үнэхээр хайрлаж, таны ариун нэр алдрыг зүй зохистойгоор магтахын тулд та Ариун Сүнснийхээ урам зоригоор бидний зүрх сэтгэлийн бодлуудыг ариусгана уу.
Лам санваартан болон үйлчлэгчид зориулсан:
Аяа, энэрэнгүй Эцэг минь, ертөнцийн бүтээгч минь. Талархал-магтаалын мөргөлийн үед таныг шүтэн бишрэх ба тантай болон бие биетэйгээ хамт байхын төлөө та өөрийн ард түмнийг уриалан дууддаг билээ.
Таны ариун нандин тахилын ширээнд танд үйлчлэх ба танд залбирах бусдын даатгал залбирлыг тэтгэхийн төлөө намайг сонгож дуудсан тул танд би талархаж байна.
Та хамаг хорон муу хийгээд сарниун тогтворгүй санаанаас миний зүрх сэтгэлийг ариусгана уу.
Даатгасан итгэлээ үл эвдэхийн сацуу үлгэр дууриал болон үйлчлэлээрээ бусдыг танд зөвөөр ойртуулахын тулд та өөрийн Сүнсээр уламжлан намайг удирдан зална уу. Амэн.