Аяа, Ариун Сүнс

Аяа, Ариун Сүнс ээ! Та Пэнтикостын өдөр дээд
өрөөнд цугларсан Элч нарын дээр гал дөл хаялах
мэт хэлүүдээр гэнэт бууж, тэдний ухаан санааг
гийгүүлж, тэдний зүрх сэтгэлийг шатааж, тэдний
дур зоригийг бататгасан болохоор тэд дэлхий даяар
ялж, газар сайгүй Есүс Христийн сургаал номлолыг
итгэлтэйгээр бас зоригтойгоор тунхаглаад, түүнийг
цусаа урсгаснаар тамгалсан билээ. Ийнхүү бидний
сүнсэнд хишиг ивээлийнхээ оргилолтыг дахин
сэргээнэ үү хэмээн бид танаас залбиран гуйж байна.
Хүн төрөлхтөн авралд эс найдсанаас буюу итгэл
бишрэлийн өгүүлэгдэхүүн болох бодит бөгөөд
тэнгэрлэг баттай үнэнийг үл мэдсэнээс бидний
ухаан санаа будангуйралд хэдийхэн автсан байсан
бэ! Сүнсэнд нэг бус удаа үзэгдсэн дэлхийн баялгийг
үнэлэх үнэн зөв үнэлэлт дүгнэлтээс хүн төрөлхтөн
ямархан хол явна вэ! Бүтээгчийг хайрлах учиртай
хайраар бус, харин бүтээлийг тачаах тачаалаар
бидний зүрх хэр удаан цохилж байна вэ! Есүс
Христийн бошгуудыг илт тунхаглаж, эдгээрийг
чин сэтгэлээсээ, үйлсээрээ, мөн түүнчлэн хэрэгтэй
бол, бодит үгсээрээ хэрэгжүүлэхээс илүүтэйгээр
хүний шүүлтийг хүндэтгэх хуурмаг хүндлэлээр бид
хэр удаан хөтлөгдөж байсан бэ! Христэд итгэгчийг
тэнгэрлэг багшийн үнэн шавь болгох энэхүү аж
амьдралын загалмайг уужим бөгөөд энэрэнгүй
сэтгэлээсээ хүлээн авч, үүрэхийн цагт бид ямар сул
дорой байдаг вэ!
Аяа, Ариун Сүнс ээ! Бид өөрийн сүнсийг илт дээдлэх
хийгээд энэхүү дэлхийн баялгаас алгасахын тулд,
Тэнгэрбурханыг бүхнээс дээгүүр хайрлаж, түүний
хайрын төлөө хөршөө өөрийн адил хайрлахын
тулд, итгэл бишрэлээ тунхаглах үед бид айдсаас
чөлөөлөгдөхөөсөө илүүтэй өөрсдийгөө түүн дотор
алдаршуулахын тулд, эцэст Эзэнд өөрт нь дуртайяа
хандаж буй хүмүүст зориулагдсан хамаг зүйлсийг
сайн сайхан болгоход итгэж, түүний мутраас
зөвхөн мандал бадралыг бус гай зовлонг бас бид
хүлээн авахын тулд оюун санааг минь гийгүүлж,
зүрх сэтгэлийг минь ариутгаж, дур зоригийг минь
бататгана уу. Таны зөөлөн хишиг ивээлийг дагаж,
шулуудсан сэтгэлээр сайн сайхныг үйлдэхээр
уламжлан та нэгэн сайхан өдөр бидэнд мөнхийн
шагнал хүртээж соёрхоно уу хэмээн бид танаас
залбиран гуйж байна. Амэн.