Манассегийн даатгал залбирал

Аяа, төгс хүчит Эзэн, Абрахам, Исаак, Иаков
бидний өвөг дээдэс болон тэдний шударга үр удмын
Тэнгэрбурхан минь.
Аяа, Эзэн минь. Та тэнгэр огторгуй, газар дэлхий
болон тэдний чимэг зүүлтийг бүтээж, тэнгис далайг
үгийнхээ бошгоор тамгалж, ёроолгүй гүн ангалыг
гайхамшиг ба суу алдраар тэмдэглэсэн билээ. Тэр
болон таны хүчин чадлын өмнө хамаг зүйлс дагжин
чичирдэг, учир нь таны гайхалтай сүр жавхлан агуу
уудам, таны уур хилэнгийн занал гэм нүгэлтнүүдийн
өмнө тэсвэрлэшгүй, таны уучлал өршөөлийн амлалт
үнэхээр хэмжээлшгүй бөгөөд нэвтэршгүй юм.
Үнэхээр та бол газар дэлхий дээрх дээдийн дээд
бөгөөд хүмүүсийн хорон муугийн өмнө гашуудаж
буй, төгс өршөөлт, нигүүлсэхүй, нинжин сэтгэлт
Эзэн билээ.
Аяа, Эзэн минь. Та өөрийн сайн сайхны дагуу
өөрийн мэлмийн өмнө буй гэм нүгэлтнүүдэд гэмшил
ба өршөөлийг амласан ба өөрийн нигүүлслийн ёсоор
тэдэнд авралын төлөөх наминчлалыг тогтоосон
билээ. Аяа, Эзэн, шударга Тэнгэрбурхан минь. Та
гэм нүгэлгүй, зөв шударга Абрахам, Исаак, Иаков
нарын төлөө наминчлалыг тогтоогоогүй, харин гэм
нүгэлтэн миний төлөө тогтоосон билээ. Үнэндээ,
миний гэм нүгэл өссөн, Эзэн минь, миний гэм нүгэл
далайн элснээс ч арвинаар өсөн олширсон билээ!
Гэм нүглүүдээсээ болоод би өндөр тэнгэр лүү харах
зохисгүй нэгэн болсон. Таныг жигшиж, таныг ихээр
доромжлохдоо би таны уур хилэнг шатааж, таны
өмнө хорон мууг үйлдсэн болохоор олон гав гинжээр
гинжлэгдэж, толгойгоо ганзагалж, түүнийгээ ч өргөж
чадахгүй, амьсгаа ч авч чадахгүй болсон.
Аяа, Эзэн минь. Эдүгээ би таны сайн сайхныг
залбиран гуйхын тулд өвдөг сөгдөж, дорд сэтгэлээр
гэмшиж байна. Аяа, Эзэн минь, би гэм нүгэлтэн!
Би гэм нүгэлтэн бөгөөд гэм нүглээ хүлээж байна
Тиймийн тул, аяа Эзэн минь. Намайг уучлан өршөөж,
намайг уучлан өршөөнө үү хэмээн танаас гуйж байна.
Миний гэм нүглийн улмаас намайг бүү устгаач, надад
мөнхөд бүү хилэгнээч, надад ёроолгүй гүн тамын ял
шийтгэл бүү оногдуулаач. Аяа, Тэнгэрбурхан минь.
Та гэмшигчийн Тэнгэрбурхан билээ, надад хамаг
сайн сайхнаа үзүүлээч! Туйлын өршөөлийнхөө дагуу
та зохисгүй намайг аврах бөгөөд би насан туршдаа
таныг магтах болно. Учир нь, ертөнцийн хамаг эрх
сүр таныг магтдаг бөгөөд танд сүр жавхланг үүрд
мөнхөд болготугай. Амэн.