Наманчлалын үндсэн ёслолын дэг жаяг

Наманчлагчийг хүлээн авахуй
Санваартан: Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар.
Сүсэгтэн: Амэн.
Санваартан: Тэнгэрбурхан бидний зүрх сэтгэлийг гийгүүлдгийн тул үнэний гэгээн гэрлээр өөрийн гэм нүглийг, түүнчлэн түүний энэрэл нигүүлслийг танин мэдэхийг танд (чамд) хайрлан соёрхох болтугай.
Сүсэгтэн: Амэн.
Тэнгэрбурханы үгийг унших уншлага (чөлөөтэйгээр унших боломжтой)
Эзэний айлдсан үгийг сонсоцгооё:
40Есүс - Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон -Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ.
-Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй Миний хөлийг нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. 45Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг энд байх мөчөөс эхлээд хөлийг минь үнссээр байна. 46Чи Миний толгойг тосоор тослоогүй. Харин тэр үнэт тосоор хөлийг минь тослов. 47Тийм учраас Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг гээд, 48эмэгтэйд -Нүгэл чинь уучлагдсан гэлээ. 49Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо -Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хүн хэн гээч вэ? гэлцлээ. 50Есүс тэр эмэгтэйд хандаж -Итгэл чинь чамайг аварлаа. Амар амгалан яв даа гэж айлдав. (Лук 7:40, 44-50)

Гэм нүглээ наманчлахуй ба цагаатгалыг хүлээн зөвшөөрөхүй - Би хүлээнэ
Сүсэгтэн: Төгс хүчит Тэнгэрбурхан, мөн ахан дүүс та нартаа өөрийн буруугаас бодлоороо, үгээрээ, үйлдсэн болон үйлдээгүй бүхнээрээ гэм нүглийг ихэд үйлдэж байснаа би хүлээж байна. Тийм, миний буруу, миний буруу, миний туйлын буруу. Тиймийн тул би төгс жаргалт мөнхөд Цэвэр Охин Мариа, бүх Тэнгэр элчүүд, бүх Гэгээнтнүүд мөн ахан дүүс та нараасаа Тэнгэрбурхан бидний Эзэнд миний төлөө залбирахыг гуйж байна.
Наманчлагчийн даатгал залбирал ба санваартны ангижруулахуй - Гэм гэмшлийн өчиг

Сүсэгтэн: Аяа, Тэнгэрбурхан Эзэн минь, та туйлын сайн мөний тул үйлдсэн гэм нүглээ үзэн ядаж, таны шударга зөв шийтгэлийг хүлээн авах зохистой төдийгүй таныг басамжилж доромжилсон гэм нүглээ би чин сэтгэлээсээ гэмшинэ. Тиймийн тул таны хишиг ивээлээр гэм нүглийг дахин эс үйлдэх хийгээд гэм нүглийн учралаас зайлахаар шийдсэнээ би өчиж байна. Аяа, Эзэн минь, Есүс Христ бидний Аврагчийн тарчлалтын гавьяагаар уламжлан та намайг өршөөнө үү.
Санваартан: Тэнгэрбурхан, хамаг нигүүлслийн Эцэг. Амин Ганц Хүүгийнхээ үхэл ба амилалтаар дэлхий ертөнцийг өөртэйгөө эвлэрүүлсэн бөгөөд гэм нүглийг уучлан өршөөхөөр Ариун Сүнсийг илгээсэн тул Шашны их үйлээр уламжлан танд (чамд) өршөөл энэрэл ба амар амгаланг хайрлан соёрхох болтугай.
Түүнчлэн би Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар таныг (чамайг) гэм нүглээс нь ангижруулж байна.
Сүсэгтэн: Амэн.
Тэнгэрбурханыг магтахуй ба наманчлагчийг тараахуй
Санваартан: Эзэн туйлын сайн мөний тул түүнийг сайшаан магтагтун.
Сүсэгтэн: Учир нь, түүний энэрэл нигүүлсэл мөнхөөс мөнхөд байдаг билээ.
Санваартан: Эзэн таны (чиний) гэм нүглийг ангижруулсан билээ. Амар амгалан яв даа.

Наманчлалын дараах даатгал залбирал
Аяа, Эзэн минь. Төгс Жаргалт үргэлжид Цэвэр Охин Эх болон хамаг гэгээнтнүүдийн гавьяагаар та миний наманчлалыг таалан соёрхож, хүлээн авна уу. Таны нигүүлсэл ба өршөөл миний гэмшил залхал, цэвэр байдал, төгс төгөлдрөөр дутагдсан наманчлалыг биелүүлж, надад тэнгэр дэх төгс төгөлдөр ангижруулалтыг соёрхох болтугай.
Та бол Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд оршиж, хаанчилдаг Тэнгэрбурхан билээ. Амэн.