Нээлт
Санваартан эсвэл тахилч: Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар.
Хариу: Амэн.
Тэнгэрбурханы үг
Библи cудрын богино эшлэлийг уншина:
1Тиймд бид өршөөлийг хүлээн авч, энэ үйлчлэлтэй болсноор зүрх алдахгүй. 2Бид ичгүүрийн улмаас нууцлагдсан юмсыг үл хэрэгсэж, заль мэхээр явалгүй, Тэнгэрбурханы үгийг будлиулалгүй, харин үнэний илрэлээр өөрсдийгөө Тэнгэрбурханы өмнө хүн бүрийн мөс чанарт сайшаана. 3Хэрэв бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөж буй хүмүүсийн хувьд нууцлагдсан хэрэг. 4Энэ үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Тэнгэрбурханы дүр болох Христийн алдрын сайн мэдээний гэрлийг үзэж чадахгүй болжээ. 5Учир нь бид өөрсдийгөө тунхагладаггүй, харин Христ Есүсийг Эзэн гэж тунхагладаг. Мөн өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боолууд гэж тунхагладаг юм. 6Яагаад гэвэл “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Тэнгэрбурхан бол Христийн нүүрэн дэх Тэнгэрбурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн мөн.
7Хүчний давамгайлал нь биднээс биш, харин Тэнгэрбурханых байхын тулд бид энэхүү баялгийг шавар савнуудад тээдэг. 8Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. 9Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй. (2 Коринт 4:6-9).
Дуулал 121
Хариу: Бидний тусламж тэнгэр газрыг бүтээсэн Эзэнээс ирдэг.
1Би харцаа уулс уруу өргөнө.
Хаанаас надад тусламж ирэх вэ?
2Миний тусламж тэнгэр ба газрыг бүтээсэн
Эзэнээс ирдэг.
3Тэр чамайг хөл алдуулахгүй.
Чамайг хамгаалагч Тэрээр үүрэглэхгүй.
4Харагтун, Израилийг хамгаалагч Тэрээр
Үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.
5Эзэн бол чамайг хамгаалагч.
Эзэн бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм.
6Өдрөөр нар ч чамайг хорлохгүй,
Шөнөөр сар ч хөнөөхгүй.
7Эзэн чамайг бүх хор хөнөөлөөс сахин хамгаална.
Тэр чиний сэтгэлийг сахина.
8Эзэн чиний орох, гарах бүрийг
Өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална.
Зориулахуй гуйлт
Санваартан: Эцэг Тэнгэрбурхан бидэнд аж амьдралыг хайрладаг бөгөөд шинэ амьдралаар амьдрахад биднийг уриалан дууддаг тул сэтгэлийнхээ гүнээс түүнд хандан залбиран гуйцгаая.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Архинд (мансуурах бодист) донтсон хүмүүсийн төлөө :
Тэнгэрбурхан тэднийг өргөн тэтгэж, бататган хүчирхэгжүүлэх болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Донтсон (мансуурсан) Н. -ын/-ийн төлөө :
донгоосоо салах тэмцэлд нь бид түүнийг
туслан тэтгэж, зоригжуулах болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Н. -ын/-ийн гэр бүл болон найз нөхдийн төлөө :
Тэд итгэл бишрэл ба тэсвэр тэвчээрээр түүнд өөрсдийн энэрэл хайрыг үзүүлэх болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Католик Шашны төлөө:
Бүх хүмүүсийн хэрэгцээнд тэр анхаарлаа үргэлж хандуулах болтугай.
Хариу: Эзэн, та бидний даатгал залбирлыг таалан соёрхоно уу.
Адислалын залбирал
Санваартан эсвэл тахилч нь хүн дээр гараа сунгаад адислалын залбирлыг уншина:
а) Донтсон хүний төлөө
Аяа, нигүүлслийн Тэнгэрбурхан минь, Өөр лүүгээ ирсэн хүн бүхэнд Есүс Христ таны Хүү үйлчилж байсан тул бид түүний нэр алдраар таныг ерөөдөг билээ.
Донтсон өөрийн зардас Н.-т/-д
та ид хүчээ хайрлана уу.
Та түүнийг энэрэл хайрандаа багтааж, Тэнгэрбурханы охид хөвгүүдийн эрх чөлөөний дотор сэргээнэ үү.
Аяа, Эзэн минь, эрүүл энх ба эрх чөлөөгөө алдсан хүн бүхнийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ таалан болгооно уу.
Та тэдэнд мөнхийн өршөөл нигүүлслээ батлан үзүүлж,
донгоосоо салахад нь бататган хүчирхэгжүүлнэ үү.
Тэднийг асрагч нарт тэвчин хүлцэх энгүй тэсвэр тэвчээр ба тууштай энэрэл хайрыг хайрлан соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
б) Мансуурсан хүний төлөө
Аяа, нигүүлслийн Тэнгэрбурхан минь, өөр лүүгээ ирсэн хүн бүхэнд Есүс Христ таны Хүү үйлчилж байсан тул бид түүний нэр алдраар таныг ерөөдөг билээ.
Мансуурсан өөрийн зардас Н.-т/-д
та ид хүчээ хайрлана уу.
Та түүнийг энэрэл хайрандаа багтааж, Тэнгэрбурханы охид хөвгүүдийн эрх чөлөөний дотор сэргээнэ үү.
Аяа, Эзэн минь, эрүүл энх ба эрх чөлөөгөө алдсан хүн бүхнийг та нигүүлсэнгүй мэлмийгээрээ таалан болгооно уу.
Та тэдэнд мөнхийн өршөөл нигүүлслээ батлан үзүүлж,
сэрж босоход нь бататган хүчирхэгжүүлж, хорон муу бүхнээс гэтлэхэд нь туслана уу.
Тэднийг асрагч нарт тэвчин хүлцэх энгүй тэсвэр тэвчээр ба тууштай энэрэл хайрыг хайрлан соёрхоно уу хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Санваартан эсвэл тахилч хүн дээр ус цавдаж болно.
Төгсгөл
Тэнгэрбурхан танд (чамд) амар амгалан ба гэрэл гэгээг үзүүлэх болтугай.
Хариу: Амэн.
Тэнгэрбурхан таныг (чамайг) сэргээж,
аврах болтугай.
Хариу: Амэн.
Тэнгэрбурхан таныг (чамайг) зоригжуулж, хүчирхэгжүүлэх болтугай.
Хариу: Амэн.
Түүнчлэн төгс хүчит Тэнгэрбурхан
Эцэг, Хүү, Ариун Сүнс
энд буй та бүхнийг адислах болтугай.
Хариу: Амэн.