Санваартан хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Санваартан: Энэ айлд амар амгалан байх болтугай.
Хариу: Амэн.
Библи cудрын эшлэлийг уншина:
13Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. 14Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг. 15Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно. 16Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. 17Елиа бол бидэнтэй адилхан жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг залбирахад гурван жил зургаан сарын турш газарт бороо ороогүй билээ. 18Түүнийг дахин залбирахад, тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм. (Иаков 5:13-18).
Үг хэлэлгүйгээр санваартан өвчтөн дээр гараа тавина.
Эзэн тантай хамт байж, өөрийн энэрэл хайранд итгэх таны итгэл бишрэлийг бататгах болтугай.
Өвчтөний тосон дээрх талархлын залбирал эсвэл адислал
Аяа, Эзэн минь, та энэ тосыг бүтээсэн тул
та түүнийг адислаж, өвчтөн Н. -ыг/-ийг
хишиг ивээлээрээ арвинаар бялхаана уу.
Өвчтөний дух болон гарын дээрх түрхлэг
Энэхүү ариун нандин түрхлэгээрээ дамжуулан
Эзэн өөрийн агуу их соёрхол хайрын дотор
Ариун Сүнсний хишиг ивээлээр Н. таныг
тайтгаруулах болтугай.
Хариу: Амэн.
Тиймийн тул, гэм нүглээс ангижруулагдсан таныг
тэрээр босгож, аврах болтугай.
Хариу: Амэн.
Түрхлэгийн дараах даатгал залбирал
Аяа, Есүс Христ Эзэн, хамаг хүмүүний аврагч минь.
Та тарчлалтаараа бидний зовлон зүдгүүрийг өөртөө үүрсэн тул хүнд өвчинд нэрвэгдсэн бидний ах/эгч Н. -ын /-ийн төлөө бид танаас залбиран гуйж байна.
Та түүнийг цагаатгасан ба ариун нандин түрхлэгээр уламжлан хишиг ивээлээ үзүүлсэн тул түүний зовлон зүдгүүрийг хөнгөтгөж, сорилтын үед тайтгарлыг хайрлаж, түүний зүрх сэтгэлд аврагдах итгэл найдварыг нь бэхжүүлнэ үү.
Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Авралын сургаалаар суралцсан ба тэнгэрлэг тогтоолоор төлөвшсөн бид ийн зүрхлэн хэлье:
Тэнгэр дэх Эцэг минь ээ, таны нэр алдар эрхэм дээд байх болтугай. Таны хаанчлал орших болтугай. Тэнгэр дэх таны дур таалал дэлхийд ч биелэх болтугай. Бидэнд өдөр тутмын талхыг өнөөдөр хайрлана уу. Бид бусдыг уучилдгийн адил биднийг өршөөнө үү. Биднийг сорилтонд оруулалгүй, харин хорон муу бүхнээс гэтэлгэн соёрхоно уу.
Учир нь, хаанчлал, ид хүчин ба сүр жавхлан танд үүрд мөнх байдаг билээ.
Санваартан: Төгс хүчит Тэнгэрбурхан Эцэг, Хүү, Ариун Сүнс таныг адислах болтугай.
Хариу: Амэн.