Хүүхдийн адислал

Ёслолын удирдагч хийгээд бусад сүсэгтнүүд загалмайн тэмдгээр загалмайлаад, санваартан энд байгаа хүмүүст хандан ийн хэлнэ:
Бидний тус дэм Эзэний нэр алдарт оршдог билээ.
Хариу: Тэр тэнгэр газрыг бүтээсэн билээ.
Библи cудрын богино эшлэлийг уншина:
- Эзэн ийн айлдав: Хүүхдүүдийг над уруу ирэхийг зөвшөөр, тэднийг бүү хорь. Тэнгэрбурханы хаанчлал тэдний адил хүмүүсийнх юм. (Марк 10:14).
Эсвэл:
- Эзэн ийн айлдав: Та нар эргэн өөрчлөгдөж, балчир хүүхдүүдтэй адил эс болбоос тэнгэрийн хаанчлалд орж үл чадна. (Матай 18:3).
Аль эсвэл:
- Эзэн ийн айлдав: Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч намайг хүлээн авсан хэрэг. (Матай 18:5).
Зан үйлийн удирдагч нь санваартны эсвэл тахилчийн хэргэмтэй бол хүүхдийн тэргүүн дээр гараа тавиад адислалын залбирлыг уншина:
a) Ариун угаалыг хүртсэн хүүхдийн төлөө
Аяа Эзэн Есүс Христ, та хүүхдүүдийг ихэд хайрласан тул Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч намайг хүлээн авсан хэрэг хэмээн айлдсан билээ.
Энэ хүүхдэд ариун угаалын хишиг ивээлийг та хайрласан тул түүний төлөөх бидний залбиралд чих тавина уу. Тэр өсөж томрохдоо танд чөлөөтэй итгэн биширч, энэрэл хайраар бадрангуй болж, тэнгэрийн хаанчлалын найдварын төлөө хичээн зүтгэхийн тулд та түүнийг үүрд мөнх сахин хамгаална уу.
Та үүрд мөнх оршин хаанчилдаг билээ.
Хариу: Амэн.
Эзэн чамайг адислаж, сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
б) Ариун угаалыг хүртээгүй хүүхдийн төлөө
Аяа Төгс хүчит Тэнгэрбурхан, адислалын эх булаг, хүүхдийг сахин хамгаалагч минь.
Та хосуудыг адислаж, тэднийг эцэг эх болгохдоо баяр баясгалангаар бялхаадаг билээ.
Та нигүүлсэнгүй мэлмийгээрээ энэ хүүхдийг ивээн соёрхож, Ариун сүнс ба усны шинэ төрөлтөөр хүүхдүүдийнхээ гэр бүлд багтаана уу.
Ариун угаалын билигт хишгийг хүртэх үед тэр таны Хаанчлалын өв залгамжлагч болж, бидэнтэй хамт таныг ерөөхийг суралцаасай хэмээн танаас бид залбиран гуйж байна.
Христ бидний Эзэнээр уламжлан тийн болтугай.
Хариу: Амэн.
Эзэн чамайг адислаж, сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.
Хураангуй хэлбэр
Санваартан эсвэл тахилч энэхүү хураангуй залбирлыг уншиж болно:
Хүүхдүүдийн найз нөхөр Есүс Эзэн чамайг адислаж, өөрийн энэрэл хайранд сахин хамгаалах болтугай.
Хариу: Амэн.