Билиг ухааны магтаал (Билиг ухаан 9:1-6, 9-11)

Аяа, эцэг дээдсийн Тэнгэрбурхан минь, нигүүлсэхүйн
Эзэн минь. Та үгээрээ ертөнцийг бүтээсэн билээ.
Хүн төрөлхтөн таны бүтээлүүдийг засаглан барьж,
газар дэлхийг шударга ба ариунаар засан захирч,
шулуун үгээрээ ялгаруулан шүүхийн тулд та тэднийг
Билиг ухаанаараа соён хүмүүжүүлсэн билээ.
Таны сэнтийд заларсан Билиг ухааныг та надад
хайрлан соёрхоно уу.
Хөвгүүдийнхээ дундаас та намайг бүү орхиоч.
Учир нь би таны зардас, таны шивэгчний хүү билээ.
Би ахар амьдралтай мөхөс нэгэн хүн бөгөөд цааз
зарчмыг ойлгохын хувьд би хэтэрхий мунхаг билээ.
Хэрэв хүмүүний хөвгүүдийн дундаас төгс төгөлдөр
нэгэн хүүхэд таны хайрладаг Билиг ухаанаар дутуу
дулимаг байваас түүнийг үл хэрэгсэх билээ.
Харин Билиг ухаан тантай хамт байдаг юм. Тэр таны
бүтээлүүдийг таньж, та ертөнцийг бүтээсэн үед тэнд
байсан бөгөөд таны мэлмийд тааламжтай зүйлс
хийгээд таны бошгийн ёсоор тогтоосон зарчмыг тэр
сайн мэддэг юм.
Ариун тэнгэрүүдээс та түүнийг илгээнэ үү. Та
өөрийн сүр жавхлангийн сэнтийгээс түүнийг буулган
явуулна уу.
Миний хажууд Билиг ухаан хөдөлмөрлөж, таны
дур тааллыг надад сургаасай. Учир нь тэр бүгдийг
мэддэг, бүгдийг ойлгодог бөгөөд тэр миний ажил
үйлсийг хянамж болгоомжоороо удирдаж, өөрийн
сүр жавхлангаар намайг хамгаалах болно. Амэн.