2023 оны шашны хариуцлагатны захидал

2022-12-14

"Энэ бүхнийг эх нь зүрхэндээ нандигнан хадгалж байв" (харьц. Лук 2:51). Лукийн Сайн мэдээний айлдал бидэнд Эзэний Эхийг Хүү Есүсийнхээ амьдралд тохиолдсон бүхнийг нандигнан хадгалагч лугаа танилцуулсан байдаг. Пасторал буюу шашны хариуцлагатны нэгэн шинэ жилийг эхлүүлэн яваа энэ үедээ бид ч мөн Мариагийн адилаар амьдралдаа орших Эзэнд төвлөрдөг яг энэхүү хандлагаас эхлэхийг хүссэн юм. Монголд ирсэн анхны шашин дэлгэрүүлэгчид буюу CICM-н гишүүдийн (онцгойлон бидний анхны хамба лам хайрт Венсеслао Падиллагийн) золиослолын ачаар гучин жилийн өмнө эхэлсэн шашны замналдаа талархах бэлгийг 2022 он бидэнд өгсөн. Энэ гучин жилийн хугацаанд Тэнгэрбурханы Монголд хийсэн агуу үйлсийн талаарх дурсамжаар сэргээгдэж, ялангуяа өнгөрсөн 6-р сард зохиогдсон “Пасторал долоо хоног”-ийн турш хамтдаа хийсэн ялган таних үйл ажиллагаанаас хүч авсан бид хишиг ивээлийн нэгэн шинэ жилтэй учран золгоход өөрсдийгөө бэлэн байгааг мэдэрч байна. Гуч дахь жилийн ойн тэмдэглэлт үйл явдлаар хаагдсан тэр мөчлөгийг эргэцүүлэн бодохын сацуу онцгойлон Эх Мариагийн хамгаалал дор өөрсдийгөө нэгтгэж шавь бас шашин дэлгэрүүлэгчийн аяллаа ахин эхлэхийг бид хүсч байна. Анхны шашин дэлгэрүүлэгч нар Мариагийн нэрээр энэ нутагт ирсний адилаар шашин дэлгэрүүлэгчид, эгэл сүсэгтнүүд гээд бүгд хамтдаа сайн мэдээ тунхаглалтын үүрийн гэгээ, Элч нарын Хатан ба итгэгчдийн Эх болох түүнээс эхлэхийг сонгоцгооё.

Мариа гэж хэн бэ?

Гэвч Мариа хэн бэ? Бидний амьдралд тэр ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Бид бүгдийн мэддэг, өдөрт хэдэнтэй уншдаг тэр нэгэн залбирлаар өөрсдийгөө чиглүүлэхээр хичээе. Тэндээс бид хүн нэг бүрийн хувьд Мариа хэн бэ мөн ямар томилгоотой талаар товч олж мэдэх болно. Тэнгэрлэг Эхийг харцгаая. Түүн рүү харан зогсохдоо итгэл бишрэлийн үгсийг давтацгаая. Бидний бүрэн итгэлтэйгээр хандаж чаддаг тийм л ээжийн харцанд нь олж харагдахаар хөлд нь зогсоцгооё. Түүний өршөөл нигүүлсэл, амар тайвны нөмрөгт хучигдах боломжийг хүлээн авцгаая. Түүний эх хүний нөмрөг биднийг, бидний бүх гэр бүлүүд болон хувийн нөхцөл байдлуудыг маань хучин авах болтугай. Манай Катедралд байгаа Мариагийн барималд өмсүүлсэн нөмрөг нь хүмүүсийн өгсөн даавууны өдсүүдээр бүтсэн юм. Бидний “амьдралын хэсгүүд”-ийг илтгэх энэ өөдсүүдийг бүх зүйл нь утга санаа агуулах урлагийн бүтээл болгохоор Тэнгэрлэг Эх гарцаагүй хүлээн авч хамтад нь сүлжинэ. Тэнгэрбурханаар хязгааргүй хайрлагдахын гүн утга санааг илэрхийлсэн бүтээл болгоно. Тэр үргэлж бидэнд ээж хүнийхээ оршихуйг мэдрүүлсээр байна.  

Амар aмгалан Мариа минь ээ.
Та хишиг ивээлээр бялхам билээ.
Эзэн тантай хамт байна.
Таныг эмэгтэйчүүдийн дундаас адисласан билээ.
Таны хэвлий дэх үр Есүсийг бас адисласан билээ.
Тэнгэрбурханы эх Мариа гэгээн минь ээ,
Та одоо болон насан эцэслэх мөчид нүгэлт бидний
төлөө залбиран соёрхоно уу. 

Амэн.

Амар aмгалан Мариа минь ээ. Энэ залбирлын эхлэл нь Лукийн Сайн мэдээний айлдлын дагуу дээдийн тэнгэрэлч Габриелийн Мариад хандаж хэлсэн анхны үгийг сануулж байдаг: "Баярлагтун!" (Лук 1:28). Итгэл бишрэлийн замын эхлэл бол баяр баясгаланд дуудсан урилга юм. Эзэн бидний амьдралд өөрийн оршихуйгаа мэдрүүлэх үед энэ нь үргэлж сэтгэлийн гүнд баяр баясгаланг амсах туршлага болдог. Бүтээгч Тэнгэрбурхан өөрийн буурай бүтээлүүд болох бидэнд хандсан энэ баримт л бүх цаг үеийн гайхшрал байхуйц санагдана. Тэнгэр элчийн мэндчилгээ бол дүүрэн гэрэл гэгээ, бүрэн бүтэн байдлын тунхаг зарлал билээ.

Та хишиг ивээлээр бялхам билээ. Энэ өгүүлбэр нь грек хэлээрээ үйл үгийн өнгөрсөн цагийн идэвхгүй хэлбэрээр хувирсан ганц л үгээр бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Мариа хишиг ивээлээр дүүрэн болгогдсон гэж ойлгогдоно. Хэрэв бид энэ өгүүлбэрийн утгыг илүү тодорхой илэрхийлэхийг хүссэн бол “тааллыг авахаар бүтээгдсэн ба тэр хэвээрээ үлдэх нь та билээ” гэж хэлэх байх. Тэнгэрбурхан цор ганц онцгой хэлбэрээр Мариад хишиг ивээлийг бүрэн дүүрэн бас үргэлж тийм байхаар дүүргэсэн. Энэ магадгүй түүний талаарх байж болох хамгийн сайн тодорхойлолтуудын нэг байж болно. Тийм ч учраас Мариа бол бүгдэд үйлчлэх замаар Тэнгэрбурханы хишиг ивээлийг хэрхэн тосч авахыг бусад бүтээлээс хамгийн сайн мэдсэн үнэхээр л хүн төрөлхтний цэцэг билээ.

Эзэн тантай хамт байна. Энэ бол Мариаг тодорхойлсон хамгийн товч цол юм. Эзэн Мариатай хамт бөгөөд Мариа үргэлж Түүнтэй хамт байдаг. Эзэнтэй харилцах харилцаа нь Мариаг бүрэн тодорхойлдог. Түүний оршихуй бүхэлдээ Хүүтэйгээ буюу Эзэнтэй холбоотой. Ингэж айдсуудаас маань ангижруулж, зоригоор дүүргэдэг Эзэнтэй бид үргэлж нэгдмэл байгаа гэсэн ухамсраас томилгоо төрөн гардаг.

Таныг эмэгтэйчүүдийн дундаас адисласан билээ. “Ерөөгдсөн нь олон эмэгтэйн дундаас чи билээ. Хэвлий дэх үр чинь ч ерөөгдсөн ажээ!” (Харьц. Лук  1:42). Энэ бол Мариа үеэл Элизабет дээрээ зочлон ирэхэд үеэлээс нь түүнд хандсан сайшаал магтаалын цуурай юм. Мариа бол шинэ хүн төрөлхтний анхдагч, эмэгтэй байдлын дээд үлгэр жишээ болдог. Лукийн Сайн мэдээний айдлын хэсэгт Мариагийн ерөөгдсөн байдал нь түүний итгэл бишрэлээр ерөөгдсөнтэй нь шууд холбоотой. “Эзэнээс өөрт нь айлдсан зүйл биелнэ гэдэгт итгэсэн тэр эмэгтэй чи ерөөлтэй еэ!” (Лук 1:45). Эхэнд амласан ерөөл адислал Мариагийн итгэл бишрэл дотор бүрэн биелэлээ олсон ба бид ч бас тэр ерөөл адислалд дуудагдсан хүмүүс мөн.

Таны хэвлий дэх үр Есүсийг бас адисласан билээ. Энэ хураангуй илэрхийллийн дотор Мариагийн тэнгэрлэг эх хүний нууц агуулагдана. Уг нууцыг бид бишрэн харахаа хэзээ ч зогсоохгүй. Мариагаас хүн төрөлхтний Аврагч Есүс хүний мөн чанарыг олж авсан. Есүс бидэнтэй хамт байх нэгэн болох гэсэн нь онгон эмэгтэйн хэвлийд бие махбод болох хэмжээнд хүрсэн. Эцэг эхийн онцлог шинж чанарыг хүүхдүүдээс нь харахдаа бид баярладаг шиг Эзэн тэгж л Мариагаас хүний мөн чанарыг өөртөө шингээн авахыг хүссэн. Гэсэн хэдий ч Мариа өөрийгөө эх нь гэхээс илүү эхлээд шавь нь байхыг сонгосон бөгөөд баяр баясгалангаа өөртэй хадгалалгүй хуваалцахаар бидний хүн нэг бүрийг урьдаг. “Түүнийг энэ зүйлсийг айлдаж байхад нь олны дундаас нэгэн эмэгтэй Түүнд «Таныг тээсэн хэвлий, Таныг хөхүүлсэн хөх нь ерөөлтэй еэ!» гэж чанга дуугаар хэлэв. Харин Тэр «Бурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ!»” (Лук 11:27-28).

Тэнгэрбурханы Эх. Энэ бол Цэвэр Охин Мариаг тодотгосон хамгийн эртний хийгээд шийдэмгий алдар цол юм. Ингэж цоллохын тулд бүхэл бүтэн шашны дээд хуралдаан (Эфес, 431 он) зохион байгуулагдсан. Мариа бол Тэнгэрбурханы Эх хэмээх онол сургаалыг католик болон ортодокс сүм хийд бүрэн утгаар нь баримталсаар байгаа бөгөөд хамгийн тод танигдах онцлогуудынх нь нэг юм. “Есүс эхийгээ болон хайртай байсан шавиа ойр зогсохыг хараад, эхдээ «Эмэгтэй, хараач, хүү чинь» гэв. Дараа нь шавьдаа «Хараач, эх чинь» гэж айлдав. Тэр цагаас шавь нь эхийг нь гэртээ аваачив” (Иохан 19:26-27). Ийнхүү загалмай дээр амьсгал хурааж байхдаа Есүс бидэнд Мариаг даатгаж харин Мариад биднийг өгөхөөр шийдсэн юм. Бидэнд тэнгэрлэг Эх байгаа!

Мариа гэгээн минь ээ. Саран дээр туссан нарны гэрэл адил Мариагийн дотор ариун гэгээн байдал туяаран цацрана. Тэр бол өө сэвгүй ариун гэгээн байдал ба түүнээс Тэнгэрбурхан нэвт харагдана. Мариа бүх зүйлд ариун бөгөөд бидний хамгийн хүчирхэг зуучлагч байлгахаар Тэнгэрбурхан түүнийг гэм нүглийн бүх халдвараас хамгаалж Өөрийн дэргэдээ сүр жавхланд хүссэн.

Та одоо болон насан эцэслэх мөчид. Энэ даатгал залбирлыг бид Мариад хандан тогтмол бас давтан давтан хэлдэг бөгөөд уг залбиралдаа одоо болон ирээдүй цагийг хамруулдаг. Энэ бол хэзээ нэгэн цагт бүхнийг ардаа үлдээж тэнгэрлэг Эцэгтэйгээ уулзахаар явах хэрэгтэй болно гэдгийг мэддэг хүмүүсийн эрүүл бодит үзэл хандлагаас төрсөн залбирал юм. Тиймээс тэд насан эцэслэх мөчдөө хүртэл Мариаг эх хүнийхээ байдлаар өөрсдөд нь хань бараа болоосой хэмээн Цэвэр Охин Мариад өөрсдийгөө даатгаж буй нь энэ юм.

Нүгэлт бидний төлөө залбиран соёрхоно уу. Ийм онцгой нэгэн Эхээс гуйх залбирал маань бичвэрийн эхний хэсэгт Мариагийн талаар ойлгосон тэр бүх зүйлээс аяндаа ундарна. Мөн өөрсдийгөө гэм нүглийн шарханд нэрвэгдсэн, маш сул дорой гэдгээ таньж байгаа бид түүнд хандаж бидний төлөө залбирч өгөхийг гуйх хэрэгтэйгээ ч мэдэрч байна.

Амэн. Энэхүү еврей үг нь бид уг залбиралдаа хэлсэн бүхнээ тамгалж байгаатай ижил. Энэ нь бид боловсруулсан залбиралдаа итгэдэг ба үүнийг биеллээ олж бидэнд нөлөө үзүүлнэ гэдэгт найддаг болохыг дахин батлаж буй нийтлэг хэлбэр юм.  

Мариагийн дотроос ямар шашин тольдогдож байна вэ? Ямар Шашин байхаар бид дуудагдсан бэ?

Мариагийн сонгодог даатгал залбирлын үгс биднийг Цэвэр Охин Мариагийн тухай илүү гүнзгий мэдэхэд хөтлөн, түүнтэй нэгдмэл хэвээр байхад тусалдаг. Түүнээс бид энд, Монголдоо ямар Шашин байхаар дуудагдсан бэ гэдгийг сурч авна. Мариа бидэнтэй үнэхээр гайхширам арга замаар ойрхон ирсэн нь Дархан Уул аймгаас олдсон, одоо манай Катедралд сүсэгтэн олны бишрэлд зориулан ил байршуулсан модон баримал юм. Мариа бүр ийм харагдах тэмдгээр ирсэн нь бидэнд түүний "хэв маяг"-ийг бүрдүүлсэн Шашин байх онцгой замыг үзүүлж байна.

  • Мариагийн үлгэр дуурайллыг дагахдаа Монгол дахь Шашин нь Эзэнийхээ үгийг сонсож, үгээр нь амьдрахын тулд Канагаас Калвари хүртэл үргэлж хөлд нь залбиран буй Эх бас шавь байхаар дуудагджээ. Бидний нийгэмд, гэр бүлүүдэд, Сайн мэдээний айлдалд үйлчилдэг шашинлаг гэр бүлүүдийн гишүүдийн дунд, санваартнуудын дунд тохиолдож буй зүйлийг зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж тунгаан цэгнэдэг тийм эх байх. Эзэнийг шүтэн биширч,  Тэнгэрбурханы ариун ард түмний болон дэлхийн хэрэгцээ бүхний төлөө зуучлан залбирдаг эх байх. Бид өнгөрсөн жил өдөр тутамдаа Эвхаристын шүтэн бишрэхүйд цаг гаргаж байх амлалт үйлдсэнээ мартахгүй байцгаая. Мөн Катедралд Эвхаристын шүтэн бишрэхүйг тасралтгүй байлгах санаачилгыг өдөр тутмын залбирлын ээлжийг өөрийн биеэр сахин идэвх сайтай дэмжицгээе.
  • Түүнчлэн Монгол дахь Шашин бүх хүүхдүүдээ угтан авдаг, холдож хөндийрсөнг нь эрж хайдаг, Шашин хэмээх өнөр өтгөн гэр бүлийн гишүүн бүрт анхаарал халамж тавьдаг, тэсвэр тэвчээртэй, халамжит Эх байхаар дуудагдсан. Сүсэгтнүүдийн ихэнх нь итгэл бишрэлийнхээ сонголтын улмаас заримдаа тусгаарлагдсан, гадуурхагдсан байдалд ордог. Энд би шашин дэлгэрүүлэгч нарын хувьд сүсэгтнүүдийн энэхүү амар бус нөхцөл байдлыг санаад сүсэгтэн нэг бүрчлэнд өөрийгөө зориулан харилцаа холбоотой явах нь хэр чухал болохыг эргэн сануулмаар байна. Би бүх шашин дэлгэрүүлэгч нараасаа буюу сүмийн үйл ажиллагаанд шууд оролцоо байхгүйгээс нь ч хүртэл хүсч байгаа зүйл бол юун түрүүнд Шашны амьдралд чин сэтгэлээсээ оролцохын үлгэр жишээг сүмүүдийнхээ сүсэгтэн олонд үзүүлж, итгэл бишрэлийнх нь аялалд хамт байлцах замаар тэднийг дэмждэг, урам зориг өгдөг хариуцлагатай даалгаварт дуудагдсанаа мэдрэх юм.
  • Тэнгэрбурханы Эх Мариаг дагаж байхдаа Монгол дахь католик Шашин нь Христийн оршихуйг зарлан тунхаглаж, Түүний замыг буюу бүгд үнэн ба эрх чөлөөг олдог замыг заан сургадаг Эхийн адил томилгоогоо үргэлжлүүлэхээс залхахгүй юм. Ариун угаалын өмнөх үеийн анхны төлөвшил, үүний дараах үе шат буюу “итгэлийн нууцад хөтлөх зам мөр” мөн дээшлүүлж сэргээх зорилгоор тогтмол хийгддэг шашны сургалтуудаар өгөгдөх төлөвшил нь багш нар болон шашин дэлгэрүүлэгч нараас бүр л томоохон амлалт үүргийг шаардаж байна. Шашны амьдралыг сонирхон ойртсон хүмүүс мөн Ариун угаалаар дамжуулан албан ёсоор Шашин хэдийнээ хүлээгээд авчихсан хүмүүс гээд тэд бүгд Сайн мэдээний айлдлын хэлж буй санааг мэдэж авах, ойлгох, үүгээр амьдрахсан гэсэн өлсгөлөнд байгаа. Тэд үүнийг бидний дотроос олох эрхтэй. Дэлгэрүүлбэл тэдэнд “бидний доторх горьдол найдварын учир шалтгаануудыг" (харьц. 1 Петр 3:15) тайлбарлан Үг ба номлол сургаалын талхыг хуваах хүсэлтэй хүмүүс буюу эгэл сүсэгтнүүд, шашин дэлгэрүүлэгч нар болох биднээс олох.

Хайрт ахан дүүс нараа, би шашин дэлгэрүүлэлтийн зөвлөлийнхөө саналын дагуу Апостолик Захиргааныхаа өнөөгийн байдалд хийсэн ялган таних үйл явцыг харгалзан үзэж 2022-2023 оны шашны хариуцлагатны жилийг “Мариагийн жил” болгож байгаагаа яг энэ түүхэн мөчид албан ёсоор зарлаж байна. Зорилго нь бид ийм тэнгэрлэг, хүчирхэг Эхтэй байхын гоё сайхныг ахин нээж, түүнийг улам танин мэдэж, хүндэтгэн биширч, түүний “шашин дэлгэрүүлэгчийн сургууль”-д ямар ч эргэлзээ тээлгүй өөрсдөө ирж чадахын тулд билээ. Мариатай холбоотой гаргасан энэхүү чиглэл нь бидэнд маш их хэрэгтэй зүйл болох сайн мэдээг дамжуулах тэрхүү бадрангүй сэтгэлийг шинэчлэхээс гадна Тэнгэрбурханы ард түмний бүх гишүүдэд томоохон үр дүнг авчрах болно гэдэгт би итгэж байна.

Цэвэр Охин Мариагийн тухай бичиж хүмүүст хамгийн их урам зориг, үр нөлөө үзүүлсэн зохиолчдын нэг болох Луис Мария Григнион де Монфорт гэгээнтэн (1673 - 1716) хэлэхдээ Мадоннад өөрийгөө даатган тушаахыг ариун гэгээн байдалд хүрч очих хамгийн хялбар, найдвартай, товч, төгс зам мэт гэсэн байдаг (харьц. The Treatise on True Devotion to the Blessed Virgin, орчуулга: Адислагдсан Цэвэр Охин Мариад сахих Жинхэнэ Үнэнч Сэтгэлийн тухай бичвэр). Сая өгүүлсэнтэй ижил зүйлийг бид Катедралд 2022 оны 12-р сарын 8-ны өдөр, Монгол дахь католик Шашны 30 жилийн ойн төгсгөлд, Язгуурын гэм нүгэлгүй Цэвэр Охин Мариад өөрсдийгөө даатган тушаах үедээ үйлдсэн. Гэхдээ энэ нь биднээс өдөр бүр хичээл зүтгэл шаардаж байдаг аяллын зөвхөн ёслол төгөлдөр, албан ёсны эхлэл байсан юм. Хичээл зүтгэл гаргаж байж л тэр өдөр хийсэн үйлдлийн маань хишиг ивээл энгийн амьдралд буун ирж, хүсэн хүлээсэн эрс өөрчлөлт, шинэчлэлт ба томилгооны үр жимс гарах байх. Энэхүү аяллыг хялбарчлах үүднээс хэрэгжүүлж болох зарим арга замуудаар бид өөрсдөдөө туслах болно. Үүнд:

  • Өдөр тутамдаа Сарнайн эрихэн залбирал үйлдэхийн гоо сайхан ба үр нөлөөтэй талыг бид ахин олж нээнэ.
  • Жил бүр тохиодог Тэнгэрбурханы Эх Мариад зориулсан нэлээд хэдэн шашны тэмдэглэлт өдрүүд байдгийг бид бүтээлчээр ашиглана.                        
  • Бид монгол хэлнээ хэдийн орчуулагдсан албан ёсны эхүүдийг (Товчлол - Католик Шашны Сурах Бичиг, YouCat ном болон бусад албан ёсны баримт бичгүүд) түлхүү ашиглан Мариагийн талаарх шашны сургалтыг хөхүүлэн дэмжих болно.
  • Бид "манай" Мадоннагийн баримлыг сүсэгтнүүдийн гэрт мөн түүнчлэн Монголын эргэн тойронд аваачих болно. 
  • Мариагийн долоо хоногийн үеэр гүнзгийрүүлсэн судалгаатайгаар теологи ба сүнслэг төлөвшлийн онцгой завшаан олгоно.

Өмнө маань нээгдэж буй энэ жил биднийг Пап Францисын хүслээр эхэлж мөн өөрийнх нь шийдвэрээр 2024 он хүртэл сунгагдсан байгаа Синодын үйл явцын шийдвэрлэх үе шатанд авчрах болно. Үүнээс гадна ирж буй жил биднийг Төр болон Шашин хоорондын харилцааны хэв журмыг тогтоох талбар дээр оролцоотой байгааг харах юм. Бид Монгол улс ба Ватикан улсын хооронд ахисан шатандаа яваа хоёр талын үндсэн хэлэлцээр бүрэн эцэслэгдэнэ гэсэн итгэл найдвараа нандигнасаар байна. Цаашлаад, удахгүй Ариун Эцэг Францис Монголд айлчлан ирэх боломж бүрдэнэ хэмээн найдаж байгаа ба уг айлчлал нь энэ улсад Шашны суурь тавигдах явдалд гарцаагүй эргэлтийн цэг болох байх. Энэ бүхэн нь хамтын болоод хувь хүний амлалт үүргэнд илүү хүчтэй түлхэц юм. Хэрэв Сайн мэдээний айлдлыг тунхаглах гадаад орчин нөхцлүүд сайжирвал энэ байдал бидний амьдралд улам илүү харагдахуйц гэрэлтэх ёстой! Эдгээр үйл явдлаас харахад бидний өмнө байгаа алхам нь хүн бүрээс нухацтай байдал, амлалт үүргийг шаардаж байгаа бөгөөд хүндэтгэхийг шаарддаг тэр эрхээрээ сүсэгтнүүдийн болон шашин дэлгэрүүлэгчдийн хувиар тууштай амьдарч батлах маш том хариуцлага бид бүгдэд байгааг ухамсарлах нэгэн урилга билээ. Шашин эхлээд амар тайван үйл ажиллагаа явуулах хамгийн таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд хичээчхээд дараа нь дундаж байдлыг үзүүлбэл Шашин үнэхээр итгэл үнэмшил төрүүлэхээр байж чадахгүй. Тийм учраас хүн бүр Христийн сүсэгтэн байх дуудлаганд тавигддаг шаардлагуудад өөрийн амьдралыг нийцүүлэхийг хичээх ёстой. Ингэх нь мөн Христийг хараахан таньж мэдээгүй нэгнийг дотроо эргэцүүлэхэд хүргэж, Түүнд итгэлээ тунхаглан зарласан ч үүнийгээ зоригтойгоор хүлээн авахаа арай л шийдээгүй яваа нэгэнд туслах хамгийн хүчирхэг шашин дэлгэрүүлэх хүч байх болно.

Хайрт ахан дүүсээ, та бүхний бясалгалд зориулан өргөж буй хоёр дүр зургаар эдгээр эргэцүүллээ төгсгөхийг минь болгооно уу. Эдгээр дүр зургийг Монгол орны бидэнд өгдөг гайхамшигтай байгаль орчноос буулган авсан билээ.

- Нам гүм. Хэрэв бид их хотын эмх замбараагүй хэмнэлээс гарвал гайхалтай, үлэмжийн нам гүм байдалд хүрч ирнэ. Монгол орон үүгээрээ алдартай бөгөөд бараг өөр хаанаас ч олоход бэрх болсон нам гүм байдлыг мэдрэхээр гадны улс орноос олон хүмүүс ирдэг. Байгалийн энэ нам гүм байдал бидний хувьд нэгэн зүйлийг сануулдаг нь Цэвэр Охин Мариагийн хайраар бялхсан нам гүм байдал юм. Мариа ийм л байдлаар Тэнгэрбурханы Үгийг өөрийн дотор хүлээн авч мөн түүнийг үргэлж бидэнд өргөдөг. Энэ байдал мөн Тэнгэрбурханд бидний дотор нэвтрэх боломжийг бүрдүүлдэг орон зай юм. Бид Мариаг дуурайж чадна, чадах ч ёстой. Тэгэхдээ нийгмийн сүлжээний чимээ шуугиан, хэт хэрэглээнээс татгалзаж, залбирлын нам гүм байдлын чухлыг эргэн нээцгээе.

- Цас. Энд жилийн хугацаанд олон сарын турш бидний харсаар дассан цасан хучлага бол зуны улирлыг буцан ирэх хүртэл бүтээлийг бүрхэн хучиж, тэр хэвээр нь хамгаалах цэвэр ариун байдал юм. Манай Хатагтай ихэвчлэн цасны цагаан байдалтай холбогдсон байдаг. Зарим газруудад Мариа өөрийгөө яг ийм тэмдгээр, магадгүй итгэмээргүй нөхцөл байдлаар дамжуулан харуулахыг хүссэн (Ром дахь одоогийн Санта Мария Мажжиоре хэмээх дээд сүм баригдсан газар 358 онд аагим зуны 8-р сарын 5-нд цас орсон тохиолдол шиг). Бид ч бас ийм хайр дүүрэн халамжийг бүтээлийн төлөө, ялангуяа ахан дүүсийнхээ төлөө үзүүлэхээр дуудагдсан. Аядуу зөөлнөөр, яг л хөнгөн буугаад гэрлийг ойлгон бүхнийг өнгө оруулдаг цас шиг.

Эцэст нь бидний хайрт Пап Францисын Итгэл бишрэлийн гэрэл хэмээх түгмэл захидлынхаа (Lumen Fidei, №60) төгсгөлд сонгосон сайхан үгсийг ашиглан Цэвэр Охин Мариа руу итгэлтэй хандацгаая.

Аяа, Эх минь ээ, бидний итгэл бишрэлд тус дэм болно уу! Тэнгэрбурханы дуу хоолой, дуудлагыг таньж мэдэхийн тулд бидний сонсголыг Үгэнд нээж өгнө үү.

Өөрсдийн газар нутгаас гарч, түүний амлалтыг хүлээн авахын тулд түүний алхмуудыг дагах хүсэл эрмэлзлийг бидний дотор сэрээнэ үү.

Итгэл бишрэлээр Тэнгэрбурханд ойртон хүрэхийн тулд түүний энэрэл хайр бидэнд мэдрэгдэхэд та туслана уу.

Түүнд өөрсдийгөө бүрэн даатгах, түүний энэрэл хайранд итгэхэд, ялангуяа шаналал ба загалмай байх үед буюу итгэл бишрэлийн хувьд  нас биед хүрэхэд дуудагдах цагт бидэнд туслана уу.  

Амилсан Нэгний баяр баясгалангийн үрийг бидний итгэл бишрэлд тарина уу.

Итгэсэн нэгэн хэзээ ч ганцаардаггүйг бидэнд сануулна уу.  

Бидний аялалд Есүс гэрэл байхын тулд биднийг Түүний мэлмийгээр харахад сургана уу.  

Бидний Эзэн, таны Хүү, Христ буюу нар үл жаргах тэр өдрийг ирэх хүртэл энэхүү итгэл бишрэлийн гэрэл бидний дотор цаг үргэлж өсөх болтугай!

 

 

Та бүгдэд шашны хариуцлагатны жилийн мэнд хүргэе!

Эзэний дотор нэгдсэн

Кардинал Жиоржио Маренго, I.M.C.