Хамба ламын 2021-2022 оны шашны хариуцлагатны захиа

2021 оны 12-р сарын 8 Улаанбаатар хот
Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн их баяр
Христ дэх эрхэм ахан дүүс нараа,
Би та бүхэнд сэтгэл догдлон хандаж байна. Энэ захидлыг Язгуурын гэм нүгэлгүй бүрэлдсэн Төгс Жаргалт Цэвэр Охин Мариагийн өдөр илгээлээ. Тэр бол бидний түгшүүр, хүсэл тэмүүллийг бүгдийг мэддэг бидний хөтөч, гэрэлт цамхаг, хамгийн эелдэг Ээж. Би эдгээр эргэцүүллийг түүнд даатгаж тэр бидний итгэл бишрэлд туслах нэгэн болно.
Пап лам Францис намайг та бүхний хамба лам болгон томилсноос хойш жил хагас болж байгаа бөгөөд би та бүхний олонхтой биечлэн уулзаж амжаагүй л байна. Ийм уулзалт удахгүй болох байх гэж найдаж байгаа. Цар тахлын хязгаарлалт бидний харилцаа холбоог хамгийн бага хэмжээнд байлгасан ч та бүхэн миний өдөр тутмын залбиралд байдаг нь баталгаатай билээ… Би та бүхнийг ихэвчлэн гэртээ, ажил дээрээ залбирч байгаагаар төсөөлөхийг хичээдэг. Та бүхний ямар, хэр их хэмжээний зовлон зүдгүүрийг туулж явааг хэн мэдэх билээ... Та бүхний дотор ариун угаал хүртсэн өдрөөс хойш оршин байгаа Тэнгэрбурханы Хишиг ивээл энэ бүхний дотор ч мөн оршин байгаа. Энэ нь Есүсийн зааж сургадгийн адилаар өдөр тутмын залбирал болон бүх зүйлд хайраар амьдрах амлалтаар тэжээгдэж байдаг. Таны харьяалагддаг ариун Католик шашин бол итгэлийн гал дүрэлзсэн гэр орон юм. Цаашлаад үл сүсэглэх үнэнч бус байдал олон ч (заримдаа биднээр үйлчлэгчдийг биечлэн харуулдаг бөгөөд тэрээр танаас уучлал өршөөлийг даруухнаар гуйдаг) энэ нь Есүсийн бүх хүмүүст хүртээмжтэй болгосон тэнгэрлэг амьдралын оргилуун эх сурвалж болох үндсэн ёслолуудын хэмжээлшгүй үнэт эрдэнэсийн хамгаалагч хэвээр үлддэг байна.
Энэ жил Ариун Эцэг биднийг Тэнгэрбурханы ариун хүмүүсийн хувьд зогсолт хийж, шашин дэлгэрүүлэгч шавь нарын амьдралынхаа талаар тунгаан бодохыг хүсэж байна. Бид үнэндээ Шашныг бүхэлд нь шинэчлэх, сэргээх онцгой тохиолдлыг илэрхийлдэг Синодыг чиглэн явж байна. Синод гэдэг нь Грек хэлнээс гаралтай үг бөгөөд шууд утгаараа "хамтдаа хийсэн аялал" гэсэн утгатай. Пап лам Францис үүнийг зөвхөн тодорхой тооны хамба лам нарт зориулсан арга хэмжээ (2023 онд зохион байгуулагдана) төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс бүх итгэгчдийг хамарсан танин мэдэхүйн үнэн зам байлгахыг хүсч байгаа. Католик шашныг Монгол Улсад албан ёсоор хүлээн зөвшөөрсөн 1992 оноос хойш өнөөг хүртэл бидний хувьд гучин жилийн ой болж байгаа ба энэ нь энэ мөчтэй яг таарч байгаа билээ. Тиймээс бид Ариун Сүнсээр цугларсан гэр бүлийн хувьд нийтлэг эргэцүүллийн энэ цагийг өөртөө зориулан гаргах нь илүү чухал юм.
ГҮН ГҮНЗГИЙ БАЙДАЛ
Бүгдээрээ Тэнгэрбурханы үгийг бүрэн сонсоход гүн нэвтэрцгээе. Үүгээр бид бидний амьдралыг баяр жаргалд хүргэхийн тулд өдөр бүр бидэнтэй ярьдаг амьд Христтэй уулздаг. Тэнгэрбурхан элбэг дэлбэгээр үр суулгадаг ч үр нь ургахын тулд сайн бөгөөд гүн хөрстэй байх хэрэгтэй гэдгийг Эзэн Үгтэй зүйрлэдэг.
«Үүнийг сонс. Тариачин үр суулгахаар гарчээ.Түүнийг үрээ цацахад зарим үр нь зам хавиар унасанд, шувууд ирээд түүгээд идчихжээ. Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, урган өсөж ургацаа өгөхөд гуч, жар, зуу дахин их болжээ гэв. (Mарk. 4, 1-20).
Бид Монгол дахь Шашны түүхээ хөрс шороонд нэвтэрч, үр жимсээ өгч байгаа энэ үр адил төсөөлж болох хэдий ч бүхнээс илүүтэйгээр гүн гүнзгий байдал хэрэгтэй юм. Энэ нь энэ жил эргэцүүлэл хийхэд та бүхнийг урьж буй анхны түлхүүр үг болно. Монгол дахь Католик шашны анхны эхлэл нь CICM бүлгэмийн шашин дэлгэрүүлэгчид, ялангуяа анхны хамба лам, апостолик тэргүүн хайрт Монсиньор Венсеслао Падиллагийн баатарлаг байдал, золиослолтой холбоотой бөгөөд гайхалтайгаар хурдан уур амьсгал бүрдэн өрнөжээ. 1991 онд Монголын засгийн газар Гэгээн Ширээттэй дипломат харилцаа тогтоохыг хүссэн ба жилийн дараа харилцааг албан ёсоор зөвшөөрсний дараа CICM бүлгэмийн шашин дэлгэрүүлэгчид анх энд ирсэн. Удалгүй өөр шашны бүлгэм, өөр шашны хүрээнд харьяалагддаг Айлдлын бусад үйлчлэгч нар нэмэгдэж ирсэн ба үүнээс хойш хэдхэн жилийн дотор орон нутгийн Католик нэгдлийн цөм бий болж өнөөдөр 8 сүм, 2 дэд сүм, нэгдлийн олон төслийг хэрэгжүүлжээ. Тэнгэрбурханы ийм гайхамшиг хэрхэн ийм богино хугацаанд бүтэмжтэй өрнөснийг мэдэх нь үнэхээр гайхалтай бөгөөд үүний төлөө бид Эзэнд чин сэтгэлээсээ талархах ёстой. Одоо магадгүй Айлдлын анхны зоригтой гэрчүүдийн авчирсан тунхаглалыг тунхаглаж, амьдралд нэвтрүүлж, илүү их гүнзгийрүүлэх цаг нь болсон байх. Үгүй бол бид гүехэн газар унасан, тэр даруй нахиалдаг ч гүнийн дутагдлаас болж удалгүй хатдаг үр адил болох эрсдэлтэй. Энэ 30 жилд ард түмний амьдралын хэв маягт томоохон өөрчлөлт гарсан. Хөгжлийн энэ хурдац нь ихэвчлэн баримжаагүй байдал, тодорхойгүй байдал, айдас зэрэг мэдрэмжүүдийг дагалдуулдаг. Итгэл бишрэлд өдөр тутмын амьдралыг гэрэлтүүлэх, шийдвэр гаргахад чиглүүлэх, бидний амсаж мэдэрч буй бүх зүйлд утга учрыг өгөх өөрийн гэсэн энерги бий. Гэхдээ энэ нь гүнзгийрэх ёстой. Бид хүлээн авсан итгэл бишрэлийнхээ утга учрыг шашин дэлгэрүүлэгчид болон сүсэгтнүүдийн хамт эргэцүүлэн бодоход ямар хугацаа, ямар нөөцийг зориулдаг вэ? Энэ итгэл бишрэл манай Монголын ард түмний соёлын ангилалд өөрийгөө хэрхэн илэрхийлж чадаж байна вэ? Бид гүнзгийрүүлэн судлах, сургах, харилцан сонсоход өөрийн зүгээс хэр их орон зай гаргаж өгдөг вэ? Бидний залбирлын амьдрал ямар байдаг вэ? Талархал магтаалын мөргөлөөр Эзэнийг шүтэн биширч, Үгээр залбирч, үүнийгээ өдөр бүр бясалгаж байх нь бидний хувьд хэр чухал вэ? Та бүхний харж байгаагаар эдгээр асуултууд бүгд бидний "гүн" гэж нэрлэж буй зүйлтэй холбоотой бөгөөд эдгээр нь түүний тодорхой илэрхийлэл юм. Гучин жилийн өмнө тал нутгийг усалж эхэлсэн, хурдан бөгөөд гялалзсан нүүдлээрээ баясгаж байсан ширүүн урсгал өдгөө тогтуун урсгалт гол болон хувирчээ. Учир нь энэ нь гүн юм. Эрхэм ахан дүүс нар аа, бид эхлэлийн урам зоригийг тасралтгүй өгч, бат бөх ирээдүйг баталгаажуулдаг урт бөгөөд элбэг дэлбэг голуудын ердийн энэ удаашралтай боловч тогтмол хэмнэлд дуудагдсан нь чухамдаа гүн гүнзгий учраас юм гэдэгт би итгэдэг.
“Гүн ус удаанаар урсдаг" гэсэн эртний Азийн зүйр цэцэн үг байдаг. 2009 онд IX бүгд хуралдаанд цугларсан Азийн хамба лам нар Эвхаристын сэдэвт анхаарлаа хандуулж, Азийн гүн гүнзгийн үнэ цэнийг дахин баталсан юм. Тэдний нэг болох Гувахатигийн нэр хүндтэй, SDB бүлгэмийн тэргүүн хамба лам Томас Менампарампил энэ үеэр “Ашигтай үнэт зүйлс" хамгийн их үнэлэгдэж, хүмүүс өнгөц харилцааны сүлжээнд ихээр баригдаж, ололт амжилт өмч хөрөнгөөр болон харилцан арга зальт амжилтаар хэмжигдэж, зөвхөн эрхээ нэхэмжлэн үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй ханддаг хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа даяаршсан энэ дэлхий ертөнц дэх өнөө үед бид нийгэмд найдаж болохуйц буюу "гүн гүнзгий хүмүүс"-ийг эрчимтэй эрэлхийлдэг” хэмээн бодлоо илэрхийлж байсан. Ийм төрлийн хүмүүс эв найрамдал, хүчирхийлэлт бус байдал, шашин шүтлэг, харьяалагдах хүчтэй мэдрэмжийг эрэлхийлэхэд онцгой анхаарч, өнгөрсөн өв уламжлалаараа бахархаж, эцсийн хувь заяандаа бат итгэж, жинхэнэ Азийн загвараар өөрийгөө хичээнгүйлэн хөгжүүлж, эртний тивийн суут хүмүүсийг төлөөлж ирсэн байдаг. Тэд итгэл найдварыг барьж байдаг. Хүн төрөлхтний түүхийн ирээдүй тэднээс хамаарна."
АХ ДҮҮГИЙН БАРИЛДЛАГА
Есүс шавь нараа өөртөө дуудсанаар тэднийг тогтвортой биетэй болгосон. Тэд бие биенээсээ тэс өөр байсан ч түүний эргэн тойронд тэнцвэрээ олсон. Загалмайн үед тарж бутарсан тэд амилсан Эзэний дотор нэгдлийг олсон. Монгол дахь Шашны эрхэм гишүүд минь, өнөөдөр бидэнд ч гэсэн ийм нэгдэл урьд өмнөхөөсөө илүү хэрэгтэй байгаа. Ах дүүгийн барилдлага гэдэг нь манай гэр бүлийн 30 дахь жилдээ та бүхэнд өргөж гэж буй хоёр дахь түлхүүр үг юм. Эзэн бидэнд амьдралын шинэ дүрмийг даатгадаг. Үүнд:
“Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна.
Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно гэж хэллээ. "(Иохан 13: 34-35).
Бид ч бас Айлдлын тунхаглалаар нэг бие болон бүтсэн. Бид Эзэн Есүсийг дагах сонголтоороо түүний ахан дүүс болсон. Бид өөр өөр сүмд харьяалагддаг ч нэг сүргийг бүрдүүлсэн. Энэ нь шашны өөр өөр бүлгэм, хүрээ, улс орноос ирсэн ч Монгол ахан дүүсийн хамт амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээр шийдсэн, сайн мэдээг түгээгч, нэг байгууллагыг бүрдүүлдэг манай эрхэм шашин дэлгэрүүлэгчдэд маань ч мөн адил хамаатай билээ. Пап лам Францис шашин дэлгэрүүлэгч шавь нарын амьдралын энэ хэмжүүр ямар их чухал болохыг сануулсаар л байдаг. Тэрээр өөрийн тээж яваа Ассиси нутгийн агуу гэгээнтний нэрээр урам зориг авсан "бүх нийтийн ахан дүүсийн барилдлага" сэдэвт түгмэл захидлыг ч мөн зориулан бичиж байсан.. Нэг өдөр Ариун Эцэг "Ганцаараа чи зэрэглээнд байх нь эрсдэлтэй, тиймээс тэнд байхгүй зүйлийг хардаг. Мөрөөдөл хамтдаа бүтээгддэг»[1] хэмээн хэлсэн. Мөн тэрээр өөр нэг үйл ажиллагаан дээр "Өнөөдөр ахан дүүсийн барилдлага бол хүн төрөлхтний шинэ хил хязгаар юм” гэж хэлсэн байдаг. Бид нэг бол ахан дүүс байдаг үгүй бол бид бие биенээ устгадаг. Өнөөдөр хайхрамжгүй хандах цаг хугацаа байхгүй. Бид холын зай, хайхрамжгүй байдал, үл тоох байдлаар гараа угааж болохгүй. Нэг бол бид ахан дүүс - намайг зөвшөөр – үгүй бол бүх зүйл сүйрнэ. Энэ бол хил хязгаар юм. Бидний бий болгох ёстой хил хязгаар бол манай зууны сорилт, бидний цаг үеийн сорилт юм. […] Бид нэг Эцэгээс төрсөн ахан дүүс. Өөр соёл иргэншил, өөр уламжлалтай ч бид бүгд ахан дүүс. Энэ ахан дүүсийн барилдлагааг бид өөр соёл, өөр уламжлал, өөр иргэншлийг хүндэтгэх замаар бий болгох ёстой. Хэлэлцээр тохиролцоогоор биш юм. Энэ бол сонсох мөч. Энэ бол чин сэтгэлээсээ хүлээн авах цаг. Энэ бол ахан дүүсгүй ертөнц нь дайсны ертөнц гэдэгт баталгаатай байх мөч. Би үүнийг онцолмоор байна. Бид нар “Бид бол ахан дүүс эсвэл бид ахан дүүс биш” гэж хэлж болохгүй юм. Ахан дүүс үү эсвэл дайсан уу. Үүнийг сайн цохон хэлцгээе. Учир нь хайхрамжгүй байдал нь дайсагналын маш нарийн хэлбэр болдог. Дайсан бий болгохын тулд дайн хийх шаардлагагүй. Тоомсоргүй байдал л хангалттай. “Өөр тийш харах, оршин байхгүй байгаа мэт бусдыг хайхрахгүй байх хандлага л хангалттай. Ийм техник л хангалттай. Энэ нь техник болсон»[2].
Манай бүх шашин дэлгэрүүлэгчдийн амлалтын гол зүрх нь бидний дээдлэн хүндэлдэг, үйлчилдэг, хамтдаа тунхагладаг цор ганц Эзэний эргэн тойронд биднийг нягт холбодог хувиршгүй нэгдэл байх ёстой. Манай шашны бүтцийн харьцангуй даруухан хэм хэмжээ энэ ахан дүүсийн барилдлагааг дэмжих ёстой. Бид дөнгөж л 1380 байна! Ялгааг онцлох шалтгаан үнэхээр байхгүй. Нөгөөтэйгүүр, бид бүгдээрээ нэг гэр бүлийн нэг хэсэг гэдгээ мэдрэх нөхцөл бүрдэж байгаа ба Хамгаас Ариун нандин Ээж Мариа болон хамгаалуулахаар, бодит үнэн хүн гэдгийг нь дэлхийд таниулахаар хажууд нь байлгасан Тэнгэрлэг Ивээл гэгээн Иосефын хамт төгс нийцлийг бий болгосон Тэнгэрбурханы Хүү Назарынхны шилдэг гэр бүлийн хамгаалалтад оруулахаар сонгосон. Христийн дотор бид аль хэдийн ах, эгч дүүс болсон байдгийг зөвхөн мэддэг байж, нухацтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ нь Монгол дахь Католик шашныг өөр өөрийн авьяас билгээрээ баяжуулж, Апостолик Захиргаанд нэгэнт бүрэлдсэн Тэнгэрбурханы ард түмэнд үйлчлэх сонголтыг хийсэн Шашин дэлгэрүүлэгчдийн нэгдэлд ч хамаатай. Хишиг ивээлийн энэ жил бидний нэгдлийн гүн хэлхээ холбоог дахин нээж, жинхэнэ ахан дүүс болгон өөрчлөхөд бидэнд туслах болтугай.
ТУНХАГЛАЛ
Шашин шавь нарын тунхаглалаас болон тэдний амьд гэрчлэлээс төрсөн. Амилсан Эзэн Өөртэй нь уулзах боломжийг үзэж харсан, амсаж мэдэрсэн зүйлсээ өөрийн замнал, хүүрнэлээрээ дамжуулан олж авахыг дагалдагчдаасаа хүссэн. Эзэн Есүсийн тухай ярихыг хориглосон эрх баригчдын буланд шахагдсан Шавь нар эрх баригчдад “Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй” (Үйлс 4:20). гэжээ.
Анхны шашин дэлгэрүүлэгчид Монголд ирснээс хойш 30 жилийн дараах түүхэн энэ мөчид ч гэсэн тунхаглалын гал цогийг алдахгүй байх зайлшгүй шаардлагатай гэдэгт би итгэдэг. Энэ нь энэ онцгой жилийн талаар та бүхэнд хэлэх гэсэн миний гурав дахь бөгөөд эцсийн үг болно. Боловсрол, эрүүл мэнд, тусламж, соёлын салбаруудад бидний хийж буй хүмүүсийг дэмжих олон ажил нь Айлдлын шинэлэг байдлыг тунхаглаж буй нэг хэлбэр болж буй нь үнэн. Гэсэн хэдий ч анагаах хүч, ад зэтгэрээс ангижруулах хүч, өөртөө татгалзах бүх хэлбэрийг ялсан Христийн эрх мэдлийн талаарх тунхаглал бас байх ёстой. Арга барил нь нөхцөл байдалд дасан зохицохоор өөр өөр байх болно. Бидний тунхаглал заримдаа хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг ч, биднийг аврахаар, бидэнд амьдралыг бүрэн дүүрэн өгөхөөр дэлхий ертөнцөд ирсэн Тэнгэрбурханы Хүү Христийн тайтгарлыг авчирдаг ч хашир шивнээ хэлбэртэй байдаг. Хүндэтгэл, нөхөрлөлийн гүн гүнзгий харилцан яриа өрнүүлдэг бусад шашны уламжлалуудтай ихэвчлэн нүүр тулгардаг цөөнх нөхцөл байдалд ч гэсэн тунхаглах арга зам үргэлж боломжтой байдаг бөгөөд зайлшгүй шаардлагатай байдаг гэдгийг Шашин бидэнд зааж сургадаг. Бид боломжтой бүхнийг хийхэд дуудагддаг хэмээн мэдэрч байна. Бидний үг, үйлдлийн ачаар хүмүүс амилсан Эзэнтэй аминчлан уулзаж, түүний тайтгарлын гүнийг мэдэрч, Түүнийг улам бүр хайрладаг. Учир нь үргэлж нэн түрүүнд ирдэг Түүний хайр тэдэнд хүрдэг. Энэ нь Христийн гэрлийг тусгахын тулд хүрээлэн буй орчиндоо үүрэг хүлээдэг ариун угаал хүртсэн хүн бүрийн хувьд, мөн сахилтан ах, эгч, дүү нарын хувьд ч адил хамаарна. Хэрэв бид Түүн рүү харвал Түүний гэрэл биднийг бүрхэж, бид өөрийн эрхгүй гэрэлтэх болно. Тэгснээр бидний эргэн тойрон дахь хүмүүс Христийн тэр гэрэлд татагдах болно. Дуулал номонд: "Түүн рүү хар, тэгвэл чи гэрэлтэх болно" гэж хэлдэгийн адил (Дуу. 34-ийг харна уу).
Бид ямар ч нөхцөлд энгийн, даруу байдлаар Эзэн Есүсийг тунхаглахаас эмээх ёсгүй. Энэ нь элч нар дээр суурилсан сургаал номлолын гол агуулга байсаар ирсэн бөгөөд Пап лам болон хамба лам нараар тасалдалгүйгээр батлагдсаар байна. Пап лам II Иохан Паул Ази дахь Хуралдаан буюу синодын дараах элч нар дээр суурилсан номлолдоо: «Шашныг бусад шашинлаг бүлгүүдээс ялгах зүйл нь Есүс Христэд итгэх итгэл бишрэл юм. Итгэлийн энэхүү нандин гэрлийг хүн бүртэй хуваалцах нь эрхэм зорилго тул савны дор (Матай 5:15-ыг үзнэ үү) байлгаад байж болохгүй. Есүс Христийн дотор олсон шинэ амийг [Шашин] амьдралын бүрэн бүтэн байдлыг эрэлхийлдэг Азийн бүх ард түмэнд өргөхийг хүсч байгаа бөгөөд ингэснээр тэд Ариун Сүнсний хүчээр Эцэг болон түүний Хүү Есүс Христтэй ижил нэгдлийг бий болгож чадна. Есүст итгэх Шашны итгэл бишрэл бол хүлээн авсан билигт хишиг бөгөөд хуваалцах билигт хишиг юм. Энэ нь Азид өргөж болох хамгийн том билигт хишиг юм. Есүс Христийн үнэнийг бусадтай хуваалцах нь итгэл бишрэлийн билигт хишгийг хүлээн авсан хүмүүсийн эрхэм үүрэг мөн” (n. 10).
Хэдэн жилийн өмнө Азийн Шашин дэлгэрүүлэгчдийн анхны (одоог хүртэл цорын ганц мөч) Их хурал дээр Азийн Христийн шашинтнууд шашин дэлгэрүүлэгчдийн тунхаглалд Христийн төв байдлыг болон "Азид Есүсийн түүхийг ярих"-ыг үргэлжлүүлэх шаардлагатайг дахин баталсан. Түүний түүхийг ухаалаг, даруу байдлаар бүх хүнд санал болгох нь зохистой. Энэ нь түүний тусгал болсон бидний хувийн түүхүүдэд тусгагдсан байдаг.
Христ дэх эрхэм ахан дүүс нараа, энэ захидлыг уншихад цаг заваа зориулж байгаад тань баярлалаа. Үүнийг энгийн боловч нэгдлийг мэдрэх, чухал зүйлсийг хамтдаа эргэцүүлэн бодох гүн гүнзгий арга зам гэж би найдаж байна. Гүн гүнзгий байдал, ах дүүгийн ёс, тунхаглал нь Пап лам Францисын Синод-д зориулан сонгосон эв нэгдэл, оролцоо, томилгоо гэсэн үгсийн үндэс суурь байж болно. 2022 онд бид янз бүрийн түвшинд уулзах арга замуудыг олох болно. Өнгөрсөн хугацаанд жаргалтайгаар зохион байгуулагдаж байсан теологийн үйл ажиллагааны дараа бид "шашны хариуцлагатны долоо хоног" -ийг зохион байгуулж болох бөгөөд энэ үеэр синодын аянд хувь нэмрээ оруулж, харилцан туршлага солилцох замаар өөрсдийгөө баяжуулахад дуудагдах болно. Энэ гучин жилийн турш урссан Түүний нигүүлслийг ёслон тэмдэглэхээр Эзэний тахилын ширээнээ цугларч чадна гэдэгт найдсан хүчирхэг мөчүүд жилийн турш бидэнд тохиох нь гарцаагүй. Дипломат түвшинд ч мөн Гэгээн Ширээт болон Монгол Улсын хооронд албан ёсны харилцааг баталгаажуулах (магадгүй эрчимжүүлэх) боломж бий болно. Мөн бид Монгол дахь Шашны ариусгалыг Тэнгэрбурханы Эхэд сэргээн шинэчлэх Мариагийн хүчирхэг мөчийг хүлээж байна. Хороод болон Шашны хариуцлагатны Зөвлөл эдгээр бүх санаачилга дээр Шашин дэлгэрүүлэгчдийн Зөвлөлийн зохицуулалтаар ажиллана. Жилийн хөтөлбөр тодорхой хэлбэрт орох учир сүмийн ахлах санваартнууд тань та бүхэнд мэдээлэл өгөх болно.
Одоо би залбирлын урилгаар төгсгөе. Энэ бол сүнсний амьсгал юм. Залбирахын тулд тусгай арга барил шаардлагагүй, зүгээр л Эзэний оршихуйд ирж сонсоход бэлэн байгаарай. Мөн түүнийг "Эзэн Есүс ээ, гэм нүгэлт намайг өршөөнө үү", "Есүс ээ, би Танд итгэж байна!", "Эзэн минь, миний итгэлийг өсгөж өгнө үү", "Миний Эзэн, миний Тэнгэрбурхан!", “Та бол амьд Тэнгэрбурханы Хүү Христ мөн”, “Эзэн минь, би Таны нүүр царайг хайж байна” гэх зэрэг энгийн үгсээр түүнийг гуйн дуудаж болно. Хэрэв бид залбирдаг хүмүүс бол бид ч гэсэн тунхаглалд нэгдсэн гэр бүл болно. Залбирлын үнэ цэнийг хувьдаа болон бүлэг хамт олныхоо хүрээнд дахин нээж мэдэцгээе! Үүнийг өдөр тутмын дадал зуршлаа болгон жижигхэн лааны гэрэлд, Христийн дүр зургийн өмнө ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт залбирч байхад та бүхнийг урьж байна. Тэнгэрбурханы Ээж, Төгс Жаргалт Охин Мариаг бид орон гэртээ оршин суухад урьж, түүний хөрөг зураг эсвэл бусад дүрслэлд орон зай гаргацгаая. Цар тахлын хамгийн бараан цаг үед ч онлайн уншлагаар дамжуулан цуурайтуулж байсан сарнайн эрхийн уламжлалт залбирлыг түүнд чин сэтгэлээсээ өргөцгөөе. Манай Католик шашинд уламжлан цуурайтдаг "Мариагаар уламжлан Есүс рүү" хэмээх урилгыг санаж, түүнд өөрсдийгөө амар тайвнаар даатгацгаая. Энэ нь мөнх хөх тэнгэрийн оронд анхны гучин жилээ тэмдэглэж буй Католик шашинд бидний зүгээс өргөх хамгийн нандин билигт хишиг байх болно.
Тэнгэрбурхан та бүхнийг адислах болтугай.
+ IMC Жиоржио Маренго, IMC
Хамба лам, Апостолик Тэргүүн
[1] Хойд Македонын Скопье хотод болсон шашны болон шашин хоорондын залуучуудтай хийсэн уулзалтын үеэр Ариун Эцэгийн хэлсэн үг (2019 оны 5-р сарын 7). L'Osservatore Romano, 2019 оны 5-р сарын 9, хуудас 9 харна уу.
[2] Хүн төрөлхтний ахан дүүсийн анхны олон улсын өдөр. 2021 оны 2-р сарын 4, Пүрэв гарагийн Ариун Эцэг Францисийн видео мессеж.