2023-01-30:Жирийн цаг улирлын IV Ням гараг, Мягмар
Гэгээнтэн:Иохан Боско гэгээнтэн, санваартан (Дурсахуй)
НЭГДҮГЭЭР УНШЛАГА
Евр.12:1-4

Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүйн тулд Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн Түүнийг санагтун.  Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртэлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа.

 

ХАРИУ ДУУЛАЛ
Дуу. 22:26-27, 28, 30, 31

Хариу: ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.

Ядуу нэгэн идэж, цадна.

ЭЗЭНийг эрэн хайгчид

Түүнийг магтах болно.

Та нарын зүрх мөнхөд амьд байх болтугай!

Хариу: ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.

Газрын бүх зах хязгаар

ЭЗЭНийг санаж, Түүн уруу эргэх болно

Улс үндэстнүүдийн бүх ураг

Таны өмнө хүндэтгэн мөргөнө.

Хариу: ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.

Учир нь хаанчлал нь ЭЗЭНийх

Тэрээр улс үндэстнүүдийг захирдаг.

Хариу: ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.

Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно

Чинээлэг нь ч, иддэгүүд ч

Шороон доор орогчид ч,

Амь үл хадгалагчид бүгд

Өмнө нь сөгдөнө.

 Үр удмууд Түүнд зарагдах болно

Эзэний тухай ирэх үеүдэд  яригдах болно.

Хариу: ЭЗЭНийг эрэн хайгчид Түүнийг магтах болно.

САЙН МЭДЭЭНИЙ АРИУН АЙЛДАЛ
Мк.5:21-43

Есүс завиар нөгөө эрэгт дахин гаталж ирэхэд Түүн уруу үй олон хуран цуглажээ. Тэр нуурын дэргэд байв. Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир гэгч ирж, Есүсийг хараад хөлд нь унаж

— Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Та очиж, гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв.  Есүс түүнтэй хамт явахад үй олон Түүнийг дагаж, бүчин шахаж байлаа.  Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. 26 Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууджээ. Тэрээр Есүсийн тухай сонсоод, хурсан олны дундуур Түүний ард нь очоод хувцсанд нь хүрэв. Учир нь тэр

—Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ. Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв.  Есүс Өөрөөс нь хүч гарсныг тэр даруй мэдээд, хурсан олны зүг эргэн харж

—Хэн хувцсанд минь хүрэв? гэж асуулаа.  Шавь нар нь Түүнд

 

—Үй олон Таныг шахаж буйг Та харж байна шүү дээ. Тэгтэл Та “Хэн Надад хүрэв?” гэх юм гэлээ. Есүс үүнийг үйлдэгчийг харах гэж эргэн тойрноо ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж, Есүсийн өмнө унав. Тэгээд бүх үнэнээ хэлжээ. Есүс түүнд

—Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв.

 Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс хүмүүс ирж

—Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ? гэжээ. Гэвч Есүс үүнийг сонсоод, синагогийн ахлагчид

—Бүү ай, гагцхүү итгэ гэж хэлэв. Тэгээд Тэр Петр, Иаков, Иаковын дүү Иохан нараас өөр хэнийг ч Өөртэйгөө хамт явахыг эс зөвшөөрөв. Тэд синагогийн ахлагчийн гэрт ирэв. Уймарч, чангаар уйлж хайлагсдыг Тэр харлаа.  Оронгуутаа Тэр тэдэнд

—Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд тэд Түүнийг тохуурхан инээлдэв. Харин Есүс бүгдийг гаргаж, зөвхөн өнөөх хүүхдийн аав ээжийг, Өөртэйгөө байгсдын хамт авч, хүүхдийг тавьсан өрөөнд оров.  Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд

—Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв. Тэр даруй охин босоод явж эхлэв. Тэр арван хоёр настай байжээ. [Тэр даруй] тэд бүр мэл гайхав.  Тэр

—Энэ тухай хэн ч мэдэх ёсгүй гэж тэдэнд хатуу сануулаад,

—Охинд идэх юм өг гэлээ.