Хамба лам Вэнсэслао Падилла Ром хотод хийсэн айлчлалынхаа сэтгэгдлийг хуваалцлаа

Манай хамба лам Вэнсэслао Падилла 2015 оны 3 сарын 9-17-ны өдрүүдэд Ром хотноо хийсэн "Ад лимина апостолорум" хэмээх айлчлалынхаа сэтгэгдлийг хуваалцлаа. Энэхүү айлчлалын нэр нь латинаар "Элч нарын босго руу" гэсэн утгатай бөгөөд бүх дэлхийн хамба лам нар Ромд очиж Элч нарын бунханыг эргэж залбирал үйлдэхээс гадна Пап ламд бараалхаж ажил үйлсээсээ танилцуулдаг таван жил тутамд болдог албан ёсны айлчлал юм.
Энэ бол Элч нарын бунханыг (Петр болон Паул гэгээнтний) эргэж тэнд залбирал үйлдэхээр Ром хот руу хийсэн эргэл мөргөл байсан юм. Үүнээс гадна Ватиканд байрлах дэлхийн католик Шашны албан оффисуудаар зочлох боломж байсан. Миний хувьд танин мэдэхүйн, итгэл бишрэлийн болоод учран золголтыг эрэлхийлсэн эргэл мөргөл байсан юм.
Би тэнд Өмнөд Солонгосын хамба лам нарын чуулганы (CBCK) 25 гишүүдтэй нэгдсэн юм. Ингээд 26-уулаа болж бүгд хамтдаа Си Ай Эй Эм (C.I.A.M - Center of International Animation for Missionaries) гэдэг шашин дэлгэрүүлэгч нарын төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын төвд байрласан. Энэ нь Петр гэгээнтний Дээд сүм ба талбайг бүхэлд нь харж болох гайхалтай газар байсан. Энэ газар нь уулан дээр байрладаг бөгөөд тэндээсээ бид хар өнгөтэй санваартны хувцастайгаа Петр гэгээнтний Дээд сүмийн ойролцоох уулзалт руугаа явах бүртэй шатаар дээш доош мөн урт урт түнэлээр 5 км орчим замыг туулан алхдаг байлаа.
Энэ удаад би Ариун Эцэгтэй гурав дахь удаагаа уулзаж байгаа юм. Эхнийх нь Өмнөд Солонгос улсад зохиогдсон Азийн залуучуудын наадам ба 124 тарчлагсдыг төгс жаргалтнаар зарлах ёслолын үеэр, хоёр дахь нь түүнийг Филиппин улсад очиж хар салхинд сүйтгэгдсэн Таклобан болон Лейте хотын ард иргэдтэй уулзаж тэдэнтэй нэгдмэл байдлаа илэрхийлж ойролцоогоор 7 сая хүн оролцсон талархал магтаалын Мөргөлийг хийж байсан үеэр, гурав дахь удаагийнх нь энэхүү Ад лимина апостолорум уулзалт юм.
Эдгээр гурван тохиолдлоор би энгийн даруу, үнэнч, итгэмжтэй ариун нэгэнтэй уулзсан юм. Тэр үгээ үйлдэл болгодог үнэхээр амьдралд ойрхон байгаа хүн юм билээ. Түүнтэй уулзахдаа группээр явсан бөгөөд нүүр нүүрээ харсан сайн уулзалт болсон. Солонгосын хамба лам нарын хоёрдугаар групптэй (бид хоёр хэсэгт хуваагдсан) хамт явахад надад түүнтэй хэдэн хором уулзах боломж тохиосон юм. Би түүнд мөнгөн аяга, шар ба цагаан (Ватиканы өнгө) хадгийг, шашин дэлгэрүүлэгчдийн ба шашин дэлгэрүүлэлтийн үйл ажиллагаануудын зурагт ном болон монгол хэлнээ хөрвүүлэгдсэн Пап Францисын бичсэн “Итгэл бишрэлийн гэгээн гэрэл” номыг болон үүнтэй адил өөр бусад орчуулагдсан номнуудын хамт өргөн барьлаа. Мөнгөн аягыг тосон авахдаа тэр надаас энэ юуных вэ гэж асуухад би “таны цайны найз” гэсэн юм. Мөн зурагт номыг түүнд танилцуулахдаа би түүнд бид хэдийнээ 1025-уулаа болсон гэхэд тэр хариуд нь “тэгээд чи ядарч байна уу?” гэж билээ (зарим хамба лам нарын инээлдэх чимээ сонсогдож байсан). “Итгэл бишрэлийн гэгээн гэрэл” (Lumen Fidei) хэмээх түүний бичсэн түгмэл захидлыг монгол хэлнээ хөрвүүлсэн гаднаа түүний нүүр зурагтай номыг өгөхөд тэрээр хошигнон “хэн үүнтэй адилхан харагддаг билээ?” гэв. Би тэрхүү номыг аваад нүүрнийх нь хажууханд барихад тэр ч мөн бусадтай адил инээмсэглэж байсан юм.
Тэгээд ... Солонгос хамба лам нарыг Солонгос улсын хамба лам нарын чуулганы гишүүд хэмээн зарлаж байх үед би түүнд би Монголын чуулганд хамаарагддаг гэхэд тэр над руу эгцлэн харж надаас “чи заримдаа ерөнхийлөгчийнхөө үгийг сонсдог уу?” гэхэд тэнд байсан групп инээлдэж гарлаа. Богинохон хугацаан дахь эдгээр цөөхөн хормууд түүнийг хурц ухаантай бас шогч хүн болохыг харуулсан. Хамба лам нартай нээлттэй хуваалцал хийх үеэр тэр биднээс нээлттэй байж өөрийг нь шүүмжилэхээр байсан ч хамаагүй юунаас ч бүү эмээхийг сануулсан. Ингээд удалгүй би Монголын шашин дэлгэрүүлэлтийн талаар тайлагнасан ба тэр ахин надаас “Монголд ямар нэгэн Пап айлчилж байсан уу?” гэж асуулаа. Ингэхэд нь би түүний өмнө өвдөг сөгдөөд (би түүний хажууд сууж байсан) түүнд энэ асуултыг л хүлээж байлаа гэж хэллээ. Тэгээд би 2003 онд Пап 2-р Иохан Паул ирэх боломжтой байсан тухай дуулгаад бид өөрийг нь хүлээж бас өөрийнх нь төлөө залбирч байдгийг дамжуулсан.
Бусад өдрүүдэд түүнтэй олон мянган хүмүүсийн очдог лхагва гарагт болдог Папын бараалхалын үеэр мөн Ромд байгаа солонгос сүсэгтнүүд оролцсон солонгосын тарчлагчдын дурсгалд зориулсан талархал магтаалын Мөргөлийн эхлэл хэсэгт уулзсан. Папын бараалхал хамба лам нарын айлчлалтанд зориулагдсан байсан. Ад лимина айлчлалыг хийж байгаа хамба лам нарын нэрийн өмнөөс (CBCK)-н ерөнхийлөгчийн хэлсэн үгний дараагаар Пап Францис үг хэлсэн. Өөрийн үгэндээ тэрээр Монголыг онцлон “Уудам газар нутагт жижигхэн бүлэг хэдий ч энэ хамт олон бол Тэнгэрбурханы Хаант улсын биелэлийн амлалт болсон гичийн үртэй адил юм (харьц.Матай 13:31-32). Эдгээр эргэцүүлэмжүүд тэрхүү үрийн тууштай урган цэцэглэлтийг урамшуулж Монголын ард түмний итгэл бишрэлийн баялаг хөрсөнд шим тэжээл өгч чадах юм” гэж байсан. Мөн төгсгөлд нь тэрээр ... “Би өөрийн сайшааж буйгаа онцгойлон Тэнгэрбурханы Хаант улсыг байгуулахад гаргаж байгаа хичээл зүтгэл бүрийнх нь төлөө Монголд байгаа католик ахан дүүсийн нэгдэлд илэрхийлэхийг хүсч байна. Тэдгээр ахан дүүс итгэл бишрэлээрээ ноцсон мөн Ариун Сүнсний ариусгах хүч тэдний дотор ажиллаж шашин дэлгэрүүлэгч шавь болгож байдаг гэдэгт үргэлж итгэл дүүрэн хэвээр байх болтугай. (Evangelii gaudium, Сайн Мэдээний баяр баясал д.119)” хэмээн нэмэн хэлсэн. Пап Францисын эдгээр санаануудтай Пропаганда Фидэд зочилон ирсэн хамба лам нартай уулзсан кардинал Фернандо Филони ч мөн санал нэг байсан юм. Тэр Монгол бол Сайн Мэдээг тунхаглах чухал газар, Монголын сүм шашин дэлгэрүүлэгч сүмийнхээ хувьд түүний гишүүн бүр, салбар бүр үүрэг хариуцлагатай гэдгийг мэдэж байсан.
Ромд байхдаа бусад ажил үүргийнхээ дагуу зочилсон газрууд бол Тэнгэрлэг Тахилга ба Үндсэн Ёслолын Дэг Жаягийн Ариун Нандин Хэлтэс (талархал магтаалын Мөргөлийн Ромын уламжлалт судар номыг монгол хэлнээ хөрвүүлэх ССМ-н зөвлөгчдийг баталсан газар), Сахилт амьдралын төлөөх үйл хэрэг хариуцсан зөвлөлийн болон Эгэл сүсэгтний төлөөх үйл хэрэг хариуцсан зөвлөлийн байр байсан. Ад лимина айлчлалынхаа чөлөөт цагуудаар би зарим сахилт ахан дүүс дээр жишээ нь Монголд ажиллаж байгаа байгууллагуудын төв байруудаар зочилсон.
Олон хүн надаас Ад лимина айлчлал ямар болсон бэ? гэж асуухад би эргэлзээгүйгээр энэ бол “хишиг ивээлийн цаг мөчүүд байлаа” гэж хариулсан. Миний хувьд энэ мөн танин мэдэх боломж ба Христэд мөн Монгол дахь түүний Сүмд үйлчлэх үйлчлэлийн маань шинэчлэл байсан юм.
Эрхэм хүндэт хамба лам Вэнс Падилла, ССМ