Ариун Эцгийн бэлтгэсэн үгс
Ахан дүүс ээ, ням гаргийн мэнд хүргэе!
Өнөө өглөө Гэгээн Петрийн цогчин дуганд Эвхаристийг тэмдэглэхийн сацуу зарим суралцагчдад тахилчийн сахил хүртээлээ. Миний зүгээс тэдэнд болон энэ өдрүүдэд Ватиканд зохион байгуулагдаж буй Тахилчдад зориулсан Жүбилийн ёслолд оролцохоор ирсэн оролцогчдод мэнд дэвшүүлье, мөн энэхүү үйл ажиллагааг бэлтгэсэн Сахил санваартнуудын хэрэг эрхлэх яам болон Сайн мэдээ дэлгэрүүлэлтийн яамныханд талархал илэрхийлж байна.
Эрхэм ах дүү Тахилчид аа, та бүхэн өөрсдийгөө "Үг"-ийн төлөө зориулж, буяны үйлсэд шамдаж, өөрсдийн шашны үйлчлэлийг үгээр болон үйл хэргээр гүйцэтгэж Тэнгэрбурханы хайр болон нигүүлслийг бүгдэд хүргээрэй. Би та бүхнийг сайн мэдээ түгээн дэлгэрүүлэх ажлаа баяр хөөртэйгөөр үргэлжлүүлж, өнөөдрийн Сайн мэдээний айлдалд өгүүлсэнчлэн - бүхнийг тэвэртээ багтаах хайрын тэмдэг болж, хорон мууг сайн сайхан болгон хувиргаж, ахан дүүс адил дэлхийг бий болгохыг уриалж байна. Хайрын төлөө эрсдэл гаргахаас бүү ай!
Миний хувьд Жемелли эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэж, шаардлагатай эмчилгээгээ хийлгэж байна, амрах нь ч мөн адил эмчилгээ билээ! Өвчтнүүдэд үйлчилгээ үзүүлэхийн сацуу надад анхаарал хандуулж буй энэ эмнэлэгийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудад чин сэтгэлээсээ талархаж байна.
Маргааш бол Украины эсрэг өрнөж буй өргөн цар хүрээтэй дайны гурван жилийн ой болно. Энэ бол бүх хүн төрөлхтний хувьд зовлон зүдгүүртэй,ичгүүртэй үйл явдал юм. Би зовж шаналж буй Украины ард түмэнтэй ойр байгаагаа дахин илэрхийлж, зэвсэгт мөргөлдөөний хохирогч болсон бүх хүмүүсийг санан дурсаж, Палестин, Израил болон Ойрх Дорнод, Мьянмар, Киву, Судан улсад энх тайвны тогтохын төлөө залбирахыг та бүхэнд уриалж байна.
Ойрын өдрүүдэд сэтгэл хөдөлгөм олон захидлыг хүлээн авлаа, үүн дундаас онцгойлон хүүхдүүдийн захидал болон зургууд миний анхаарлыг татлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс хүлээн авч буй та бүхний ойр дотно байдал болон намайг тайтгаруулсан залбиралд талархлаа! Би та бүхнийг Мариагийн зуучлалд даатгаж, миний төлөө залбирахыг хүсэж байна.