Лук 2:22-40
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдал (Лук 2:22-40) Мариа, Иосеф хоёр нялх Есүсийг Иерусалимын сүмд аваачсан тухай өгүүллээ. Хуулийн дагуу тэд Есүсийг Тэнгэрбурханы сүмд өргөснөөр амь амьдрал Тэнгэрбурханаас ирдэг гэдгийг эргэн санадаг. Энэ зан үйлийг Израилын ард түмэн үеэс үед хийсээр ирсэн бөгөөд Ариун Гэр бүл үүнийг үйлдэх явцад урьд өмнө болж байгаагүй зүйл тохиодог.
Симеон, Анна гэгч хоёр ахмад настан Есүсийн амьдралыг зөгнөсөн үгсийг хэлдэг. Тэд хоёулаа Тэнгэрбурханыг магтаад “Иерусалимын авралыг хүлээж байсан” хүмүүст нялх Есүсийн талаар ярих аж (Лук 2:38). Тэдний чин зүрхний дуун Сүмийн эртний чулуунууд дунд цуурайтан, Израилын хүлээлт биелснийг тунхагладаг юм. Үнэхээр Тэнгэрбурхан Өөрийн ард түмний дунд байв. Тэр дөрвөн хананы дотор бус, харин хүмүүсийн дундах нэгэн хүн болон оршсон билээ. Есүс ирснээр урьд өмнө тохиогоогүй шинэ зүйл тохиосон. Симеон, Анна нар өндөр настай болсон тэр л үед дэлхийн түүхийг өөрчилсөн шинэчлэл тохиосон юм.
Сонссон үгс нь Мариа болон Иосефийг ихэд гайхшируулсан (эшлэл 33). Симеон хүүхдийг гар дээрээ авах үедээ Түүнийг гурван гайхамшигтай нэрээр нэрлэв. Тэдгээрийг тунгаан бодох нь зүйтэй. Симеон Есүсийг аврал, гэрэл, мөн эсэргүүцүүлэх тэмдэг хэмээдэг.
Юуны өмнө, Есүс бол аврал. Симеон Тэнгэрбурханд залбирч, “нүд минь Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ.” (эшлэл 30-31) гэсэн. Бүх нийтийн аврал ганц хүн дээр төвлөрсөн гэдэг нь биднийг үргэлж гайхшируулдаг үнэн билээ! Есүс дотор Тэнгэрбурханы хайрын төгс дүүрэн нь бүхлээрээ оршдог (Колоссай 2:9).
Хоёр дахь зүйл: Есүс бол “харийнханд илчлэлийн гэрэл” (эшлэл 32). Дэлхий дээр мандах нар мэт тэр хүүхэд дэлхийг хорон муу, өвчин шаналал, үхлийн харанхуйгаас аварна. Өнөөдөр ч энэ гэрэл гэгээ бидэнд маш их хэрэгтэй байна!
Эцэст нь, Симеоны тэвэрсэн хүүхэд эсэргүүцүүлэх тэмдэг байлаа: “олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ” (эшлэл 35). Түүхийн бүхий л эмгэнэл болон бидний амьдралыг үнэлэх шалгуурыг Есүс илчилсэн. Тэрхүү шалгуур нь хайр. Хайрладаг хүн амьдарна; харин үзэн яддаг хүн үхнэ.
Есүс бол аврал, Есүс бол гэрэл, Есүс бол эсэргүүцүүлэх тэмдэг.
Есүстэй уулзсан энэхүү учралын гэрэл дор өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Би амьдралаасаа юуг хүлээж байна вэ? Би юунд хамгийн ихээр найддаг вэ? Миний зүрх Тэнгэрбурханы нүүр царайг харахыг хүсэж байна уу? Хүн төрөлхтнийг аврах Тэнгэрбурханы төлөвлөгөөний биеллийг би хүлээж байна уу?
Түүхийн гэрэл сүүдэр дунд бидэнтэй үргэлж хамт байж, Эзэнтэй уулзах учрал өөд биднийг хөтөлнө үү хэмээн Тэнгэрбурханы шивэгчин Мариа эхээс залбиран гуйцгаая.
Дараах үг
Эрхэм ахан дүүс ээ,
Өнөөдөр Итали улс “Амьдралыг дамжуулах нь дэлхийн найдвар” сэдвийн дор Амийн Өдрийг тэмдэглэж байна. Итали улсын хамба лам нарын хамт би амьдрал хэмээх агуу бэлгийг баяртайгаар хүлээн авдаг олон гэр бүлд талархал илэрхийлэхийн сацуу, залуу хосуудад энэ хорвоод хүүхдүүд авчрахаас бүү ай хэмээн зоригжуулмаар байна. 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Итали улсын Амь Амьдралын төлөөх хөдөлгөөнийхөнд мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэж байна.
Маргааш Ватиканд “Тэднийг хайрла, тэднийг хамгаал” хэмээх сэдэв дор хүүхдийн эрхийн олон улсын дээд хэмжээний хурал болно. Уг арга хэмжээг дэмжих боломж олдсонд би баяртай байгаа бөгөөд би өөрөө түүнд оролцох болно. Энэхүү арга хэмжээ бяцхан хүүхдүүдийн амьдралд тулгамдсан асуудлуудыг дэлхийн анхаарлын төвд авчрах хосгүй боломж билээ. Та бүхнийг уг арга хэмжээний амжилтын төлөө залбирна уу хэмээн хүсэж байна.
Хүний амьдрал үнэ цэнтэй. Тиймээс бүхнийг устган амьдралыг үл тооход хүргэдэг дайныг би эрс эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлье. Дайн үргэлж ялагдал байдаг гэдгийг санацгаая. Эвэр бүрээдэлтийн (Ойн баярын) энэхүү жилийг тохиолдуулан би Христэд итгэгч эрх мэдэлтнүүдэд хандан өдгөө үргэлжилж буй бүх мөргөлдөөнд эцэс тавих хэлэлцээрийг тууштай дэмжихийг уриалж байна. Тарчилж буй Украин, Палестин, Израил, Ливан, Мьянмар, Судан улсууд болон Умард Кивугийн бүс нутагт энх тайван тогтохын төлөө бүгдээрээ залбирцгаая.
Энд цугласан Италийн болон дэлхийн бусад орны сүсэгтэн олонд халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа Валенсиа, Барселон, Севиль хотоос ирсэн итгэгч нар; Испанийн Бадахос дахь “Родригес Моњино” сургуулийн сурагчид; Францын Марсель дэх “Эколь де Провенс” сургуулийн сурагчид; Нантерийн сүмийн хүмүүс болон Польш, Хорват, Болгар, Энэтхэгээс ирсэн хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн Иммаколата бүлгэмийн залуустай мэндчилж байна.
Вигиццоло, Сереньо, Колоньо Монзезе хотын итгэгчид, Камерино-Сан Северино Марке шашны хүрээний UNITALSI бүлгэм, Нолагийн скаутууд болон Серра Олон улсын Клубын гишүүдтэй мэндчилье. Мөн Миланы шашны хүрээний “Элч нарын Хатан хаан” бүлгэмийнпасторал ажилтнуудад мэнд хүргэе.
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.