Лук 21:25-28, 34-36

2024-12-01

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдөр буюу Ирэлтийн цаг улирлын эхний Ням гарагийн литургийн Сайн мэдээний айлдал (Лук 21:25-28, 34-36) бидэнд сансар огторгуйд гарах өөрчлөлтүүд болон үндэстнүүдэд төрөх айдас түгшүүрийн талаар өгүүллээ. Энэ нөхцөл байдалд Есүс шавь нартаа найдварын үгсийг айлдсан. “Харин эдгээр нь биелж эхлэх үед цэх зогсож тэргүүнээ өргө” (эшлэл 28). Тэрхүү өдөр амьдралын санаа зовнилд дарамтлагдалгүй (эшлэл 34) Хүний Хүүгийн ирэлтийг сонор сэрэмжтэй хүлээхийг Эзэн сануулжээ.

Тэргүүнээ өндөр өргөж, зүрхээ хөнгөн, сэргэг байлгахыг Есүс сануулсан байна.

Есүстэй нэг цаг үед амьдарч байсан хүмүүс өөрсдийн эргэн тойронд сүйрэлтэй (хавчлага, мөргөлдөөн, байгалийн гамшиг) тулгарах үедээ түгшүүрт автаж, дэлхийн төгсгөл ойртож байна гэж бодоцгоодог байв. Тэдний зүрх айдас хүйдсээр дүүрэн байлаа. Харин Есүс тэднийг түгшүүр, ташаа ойлголтоос чөлөөлөн тэдний зүрхийг сэргэг байлгахыг хүссэн. Түүхийн хамгийн эмгэнэлт үйл явдлуудаас ч Тэнгэрбурхан авралыг авчирдаг гэдгийг Тэр харуулахыг хүссэн юм. Тиймээс газар дээрх зүйлсийг ойлгохын тулд харцаа Тэнгэр өөд чиглүүлэхийг Тэр хүмүүст санал болгосон: “Цэх зогсож тэргүүнээ өргө” (эшлэл 28). “Цэх зогсож тэргүүнээ өргө”. Ямар сайхан үгс вэ.

“Та нарын зүрх санаа зовнилд дарамтлагдахгүйн тулд болгоомжил” (эшлэл 34) гэх Есүсийн энэ сануулга бидний хувьд ч маш чухал. Бид амьдралын олон мөчид өөрсдөөсөө ийн асуудаг шүү дээ: “Би яаж зүрхээ хөнгөн, сэргэг, чөлөөтэй байлгах вэ? Гунигт дарамтлагдахгүй байхын тулд яах ёстой вэ?” Гуниг бол маш таагүй зүйл. Үнэхээр ч бидний хувийн амьдрал эсвэл өдгөө дэлхийд болж буй үйл явдлуудтай холбоотой түгшүүр, айдас, санаа зовнилууд биднийг хүнд чулуу мэт дарж, урам хугаралд түлхдэг. Санаа зовнил зүрхийг дарамталж, биднийг дотроо түгжигдэхэд хүргэдэг бол, Есүс эсрэгээрээ биднийг тэргүүнээ өргөж, биднийг аврахыг хүсэж буй Түүний хайранд итгэхийг, амьдралын аливаа нөхцөл байдалд Тэр дэргэд байгаа гэдгийг санахыг урьдаг юм. Тэр биднийг түүнд зай гаргаж, дахин найдвар олж аваасай гэж хүсдэг.

Тиймээс өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Миний зүрх айдас, санаа зовнил, ирээдүйн тухай түгшүүрт дарагдсан байна уу? Өдөр тутмын үйл явдлууд болон түүхийн явцыг би залбирал дотор Тэнгэрбурханы нүдээр, илүү өргөн хүрээнд харж чадаж байна уу? Эсвэл би гутралд автсан байна уу? Ирэлтийн энэхүү цаг улирал бидний зүрхийг хөнгөлж, биднийг тэтгэдэг Тэнгэрбурхан руу харцаа өргөх үнэт боломж болох болтугай.

Сорилт бэрхшээлийн үед ч Тэнгэрбурханы төлөвлөгөөг хүлээн авахад бэлэн байсан Тэнгэрбурханы шивэгчин Мариад хандан одоо залбирцгаая.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Сүүлийн өдрүүдэд Аргентин, Чили хоёр улсын хооронд Энх тайван, Найрамдлын Гэрээ байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүллээ. Тус гэрээ нь Гэгээн ширээт улсын зуучлалаар Аргентин, Чили хоёр улсыг дайны ирмэгт хүргэсэн аймшигт маргааныг эцэслэсэн юм. Энэ нь, хэрэв зэвсэг хэрэглэхээс татгалзаж, харилцан яриаг эхлүүлбэл сайн замыг сонгож болдгийг бидэнд харуулж байна.

Сүүлийн хэд хоногт Ливан улсад галыг зогсоох гэрээ байгуулсан гэх мэдээг би баяртайгаар хүлээн авлаа. Бүх тал үүнийг хүндэтгэн дагаж, мөргөлдөөний бүс нутагт буй ливанчууд болон израйлчууд ойрын хугацаанд аюулгүй гэртээ харих боломжтой болно гэж найдаж байна. Үүнд Ливаны арми болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулагч хүчний тусламж ихээхэн чухал байх болно. Энэ нөхцөл байдалд би Ливаны улс төрчдөд хандан, Бүгд Найрамдах Улсынхаа Ерөнхийлөгчийг яаралтай сонгож, байгууллагуудыг хэвийн үйл ажиллагааны горимд шилжүүлж, шаардлагатай шинэчлэлүүдийг хэрэгжүүлэн, өөр хоорондоо эв найртай байж, шашнууд хоорондоо энх тайван зэрэгцэн оршиж болдгийг үлгэрлэн үзүүлнэ үү хэмээн уриалж байна. Энхийн энэхэн оч Газын бүс болон бусад дайны фронтод гал зогсоход хүргэнэ гэж би найдаж байна. Олзлогдсон израйлчуудыг чөлөөлж, зовж буй палестинчуудыг хүмүүнлэгийн тусламжаар хангахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Харамсалтай нь дахин олон хүний амийг авч одсон мөргөлдөөн Сирид дэгдсэн тул тэдний төлөө залбирцгаая. Сирийн сүм миний сэтгэлд тун ойр байгаа. Тэдний төлөө бүгдээрээ залбирцгаая!

Мөн цус асгаруулсаар буй Украйны дайн миний санааг зовоож, гашуудал төрүүлсэн хэвээр байна. Бараг гурван жилийн турш бид үхэл, шарх, хүчирхийлэл, сүйрлийн аймшгийг харлаа... Хүүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настнууд болон сул дорой хүмүүс хамгийн эхний хохирогчид нь байсан. Дайн бол аймшиг, дайн бол Тэнгэрбурхан болон хүн төрөлхтнийг доромжилсон хэрэг. Дайн хэнийг ч өршөөдөггүй бөгөөд тэр ямагт бүх хүн төрөлхтний ялагдал байдаг. Өвөл хаяанд ирсэн энэ үед орон гэргүй хүмүүсийн нөхцөл байдал улам хүндрэх эрсдэл үүсээд байна. Тэдний хувьд ирэх хэдэн сар маш хэцүү байх болно. Дайн, хүйтэн хоёрын давхцал үнэхээр эмгэнэлтэй. Олон улс болон сайн санаат эрэгтэй, эмэгтэй бүх хүнд хандан энэ дайныг зогсоох харилцан яриа, ахан дүүгийн харилцаа, эвлэрлийн төлөө чадах бүхнээ хийхийг би дахин уриалмаар байна. Бүх түвшинд хичээл зүтгэлээ шинэчилцгээе. Амар амгалангийн Хааны мэндлэлтийг хүлээн, Зул сарын баярт бэлдэж буй энэ үед Украйны ард түмэнд бодит найдварыг өгцгөөе. Энх тайвны эрэл нь цөөн хүний үүрэг биш, бүх хүний үүрэг хариуцлага юм. Хэрэв бид дайны аймшигт дасаж, үл тоомсорлох юм бол бүх хүн төрөлхтөн ялагдана. Тиймээс ахан дүүс ээ, зовж буй ард түмний төлөө залбирахаа бүү зогсоо. Тэнгэрбурханаас үргэлжлүүлэн энхийн бэлгийг гуйн залбирцгаая.

Ром хотын үнэнч сүсэгтнүүд, Итали улсын бусад хэсгээс ирсэн хүмүүс болон бусад олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа Барселон, Мурсиа, Валенсиа (Валенсиа ихээр зовж байгаа), мөн Хорватын Геровогоос ирсэн итгэгчдэд энэ өдрийн мэнд хүргэе. Арко ди Тренто болон Шиаккагийн итгэгчид, Жовенту Арденте Мариана бүлгийн Ром дахь сүсэгтнүүд, мөн Иммаколата бүлгэмийн залуус та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.