Марк 6:7-13
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд шавь нараа хоёр хоёроор нь илгээж буй Есүсийн түүхийг өгүүллээ (Марк 6:7-13). Тэр тэднийг илгээхдээ зөвхөн чухал шаардлагатай зүйлсийг л авч яв хэмээн тушаасан.
Есүс шавь нараа ганц ганцаар нь бус хоёр хоёроор нь илгээснийг болон тэдэнд зөвхөн чухал шаардлагатай зүйлсийг л авч явахыг тушаасныг эргэцүүлэн бодоцгооё.
Бид Сайн мэдээг дангаараа бус, хамт олноороо тунхагладаг. Үүний тулд эрүүл ухаанаа хадгалах нь чухал. Бид аливаа зүйлийг ашиглахдаа болон нөөц баялаг, чадавх, бэлгүүдийг хуваалцахдаа ухаалаг байж, чухал хэрэгцээгүй зүйлийг орхих шаардлагатай. Яагаад тэр вэ гэж үү? Эрх чөлөөтэй байхын тулд тэр. Илүүц зүйлс хүнийг боолчилдог учраас тэр. Мөн хамт олноороо олхиотой амьдарч, илгээлтийн ажилд идэвхтэй хувь нэмэр оруулан, улмаар эрүүл бодол, мэдрэмжтэй байхын тулд ухаалаг байх хэрэгтэй юм. Бид өрөөсгөл бодлуудаа орхиж, ашиггүй ачаа мэт биднийг хүндрүүлэн, аялалд саад болдог хөшүүн байдлаас татгалзах хэрэгтэй. Оронд нь ярилцаж, нэг нэгнээ сонсохыг дэмжих аваас Сайн мэдээг гэрчлэх ажил илүү үр дүнтэй болно.
Жишээлбэл, гэр бүл, хамт олны дотор юу болдгийг бодоцгооё л доо. Жаахан ч бай, чухал шаардлагатай зүйлс маань бидэнд байгаад сэтгэл ханах үед бид Тэнгэрбурханы тусламжтайгаар тэрхүү зүйлсээ хуваалцаж, хэрэггүй зүйлээс татгалзаж эв найртайгаар бие биеэ дэмжин урагшилж чаддаг (Үйлс 4:32-35). Ингэх нь Есүсийн захиасны гоо сайхныг амьдралын бодит байдалд хэрэгжүүлж буй хэрэг бөгөөд үгнээс илүүтэйгээр Сайн мэдээг тунхагладаг. Ийм байдлаар амьдардаг гэр бүл эсвэл хамт олон хайраар баялаг орчныг эргэн тойрондоо бий болгодог юм. Тийм орчинд хүн итгэлд болон Сайн мэдээний шинэлэг байдалд илүү нээлттэй байдаг агаад илүү тайван амьдардаг билээ.
Нөгөөтээгүүр, хүн бүр өөрийн замыг хөөж, зөвхөн материаллаг зүйлсийг чухалчлах юм бол (материаллаг зүйлс хэзээ ч хангалттай байдаггүй); бусдыг үл сонсож, индивидуализм болон атаа жөтөө давамгайлах юм бол (атаархал бол үхлийн аюултай хор) орчны уур амьсгал хүндэрч, амьдрал хэцүү болж, бусадтай уулзах учралууд баяр баясгаланг бус харин тайван бус байдал, гуниг, урам хугарлыг авчирч эхэлдэг (Матай 19:22).
Эрхэм ахан дүүс ээ, нэгдэл болон эрүүл ухаан хоёр Христэд итгэгчийн амьдралын чухал үнэт зүйлс билээ. Нэгдэл, зохирол, эрүүл ухаан бол шашин дэлгэрүүлэгч Сүмийн бүхий л түвшинд зайлшгүй чухал үнэт зүйлс.
Тэгвэл өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Би Сайн мэдээг тунхаглахын, Эзэнтэй уулзах учралаас ирдэг баяр баясгалан, гэрэл гэгээг эргэн тойрондоо түгээхийн сайхныг мэдэрч байна уу? Үүний тулд би бусадтай хамт алхаж, тэдэнтэй санаа бодол, ур чадвараа нээлттэй, өгөөмөр сэтгэлээр хуваалцаж байгаа билүү? Эцэст нь, ахан дүүсийнхээ хэрэгцээг анхаардаг ухаалаг амьдралын хэв маягийг өөртөө төлөвшүүлж чадаж байна уу? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуух нь зүйтэй.
Элч нарын хатан Мариа эх бидэнд амьдралд эрүүл ухаанаар ханддаг, хоорондоо эв нэгдэлтэй жинхэнэ шавь нар болоход туслах болтугай.
Дараах үг
Эрхэм ахан дүүс ээ, Ром хотын ард иргэд, Итали улс болон олон орны мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ялангуяа Гэгээн Августин бүлгэмийн эгэл сүсэгтнүүдийн олон улсын их хуралд оролцогч нар; Ерөнхий хуралдаа оролцож буй Назарын Ариун гэр бүлийн гэлэнмаа нар; Франчижена замаар мөргөл хийж буй Лусон сүмийн залуучууд; хүндэт Жоржио Ла Пирагийн захиасаас урам зориг авсан Газар дундын тэнгисийн залуучуудын зөвлөл болон Regnum Christi-ийн үүсгэн байгуулагчдын олон улсын курст оролцож буй залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе.
Радио Мариагийн жил бүрийн мөргөлийг тохиолдуулан Честоховагийн Мариа эхийн сүмд цугларсан Польшийн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөдөр далайд ажилладаг хүмүүс болон тэдэнд анхаарал халамж тавьдаг хүмүүсийн төлөө залбирцгаая.
Нөгөөдөр Кармел уулын хатагтай нэрээр нь хүндэтгэн ёслох Тэнгэрбурханы эх дайны аймшигт дарлагдсан бүх ард түмнийг тайвшруулж, амар амгаланг өгөх болтугай. Бүгдээрээ тарчилж буй Украин, Палестин, Израил, Мьянмарыг мартаж болохгүй.
Иммаколата бүлгэмийн залуучуудад энэ өдрийн мэндийг хүргэе.
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.