Иохан 6:41-51
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдалд (Иохан 6:41-51) "Би тэнгэрээс бууж ирсэн" (Иохан 6:38) хэмээх Есүсийн үгэнд иудейчүүд дургүйлхэн гүнгэнэлдэж байсныг өгүүлжээ.
Тэд өөр хоорондоо: "Энэ чинь Иосефын хүү Есүс биш бил үү? Бид эцэг, эхийг нь мэднэ шүү дээ. Одоо болохоор “Би тэнгэрээс бууж ирсэн” гэж Тэр яаж ярина вэ?" гэлцдэг (Иохан 6:42). Тэдний үгсэд анхаарлаа хандуулцгаая. Есүс мужааны хүү байсан бөгөөд ээж болон төрөл төрөгсөд нь бусад хүмүүсийн л адил эгэл ард байлаа. Тиймээс түүнийг тэнгэрээс ирсэн байх боломжгүй гэдэгт иудейчүүд итгэлтэй байв. "Тэнгэрбурхан яаж ийм энгийн байх билээ?" гэж тэд хоорондоо ярилцаж байсан. Есүсийн эгэл даруу гарал үүслийн талаарх тэдний явцуу ойлголт итгэлд нь саад болжээ. Мөн түүнээс суралцах зүйл үгүй хэмээн бардсан нь тэдэнд тушаа болсон. Явцуу ойлголт болон бардамнал хүмүүст ямар их хор хөнөөл учруулдаг гээч! Тэд чин сэтгэлийн яриа, ахан дүүсийн эв нэгдэлд саад болдог учир болгоомжлох хэрэгтэй! Иудейчүүдийн сэтгэлгээ хөшүүн байсан тул зүрхэн дотор нь өөр зүйл орох зайгүй болсон байлаа. Тоос дарсан өөрсдийнх нь үнэмшлээс өөр зүйлийг тэд хүлээж авахаа больсон байв. Бидний үнэмшлүүд ч ихэвчлэн хаалттай, тоосонд дарагдсан хуучин ном мэт байдаг нь үнэн билээ.
Тэдгээр иудейчүүд хуулийг сахидаг, өглөг өгдөг, мацаг болон залбирлын цагийг баримталдаг хүмүүс байсан агаад тухайн үед Христийн үйлдсэн янз бүрийн гайхамшгуудыг (Иохан 2:1-11; 4:43-54; 5:1-9; 6:1-25) мэдэж байсан атлаа яагаад Мессиаг таниагүй юм бол оо? Юу тэдэнд саад хийв? Хариулт нь, тэд шашны зан үйлийг Эзэнийг сонсохын тулд биш, харин өөрсдийн бодсон зүйлээ баталгаажуулахын тулд хийдэг байсанд оршино. Тэд Эзэний үгэнд хаалттай байсан агаад өөрсдийн бодлыг л батлахыг эрмэлзэж байжээ. Үүнийг тэд Есүсээс тайлбар асуухын оронд хоорондоо гүнгэнэлдэж байснаас нь харж болно. Тэд үнэн гэж бодож буй зүйлдээ л нэг нэгнээ итгүүлэх оролдлого хийж байсан нь нэвтэршгүй цайзад өөрсдийгөө түгжиж орхисон хүмүүс мэт байлаа. Тийм ч учраас ч тэд Христэд итгэж чадаагүй. Зүрхээ хааж орхих нь ямар хор хөнөөлтэй гээч!
Бидний амьдралд, бидний залбиралд ч заримдаа үүнтэй ижил зүйл тохиолдож болдог учраас үүнд анхааралтай байцгаая. Бид Эзэний хэлэх үгийг сонсохын оронд Түүнээс болон хүмүүсээс зөвхөн өөрсдийн бодож үнэмшиж буй өрөөсгөл дүгнэлтийн баталгааг хайх нь бий. Гэвч Тэнгэрбурханд ийн хандах нь биднийг Түүнтэй учруулдаггүй. Түүнтэй учирч, гэрэл, хишиг ивээлийн бэлгийг нь хүлээн авч, сайн сайхныг хөгжүүлэх замаар тааллыг нь биелүүлж, хүндрэл бэрхшээл, мунхаг байдлыг даван туулахын тулд бид нээлттэй байх учиртай. Ахан дүүс ээ, жинхэнэ итгэл ба залбирал нь зүрх сэтгэлийг хаалттай бус нээлттэй болгодог. Залбирах үед сэтгэл нь хаалттай нэгэн байвал түүний итгэл, залбирал үнэн биш юм.
Тэгвэл өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Итгэл бишрэлийнхээ хүрээнд би дотоод аниргүй байдлыг хадгалж, Тэнгэрбурханыг сонсож чаддаг билүү? Би өөрийн сэтгэлгээнээс давж Түүний дуу хоолойг хүлээн авахад, мөн Түүний тусламжтайгаар айдсаа даван туулахад бэлэн үү?
Эзэний дуу хоолойг итгэлтэйгээр сонсож, дур тааллыг нь зоригтойгоор биелүүлэхэд Мариа эх бидэнд туслах болтугай.
Дараах үг
Эрхэм ахан дүүс ээ! Бид сүүлийн хэдэн өдөр Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаясан явдлыг дурсан өнгөрүүллээ. Тэрхүү үйл явдлуудын хохирогчид болон дайны хөлд өртсөн бүхий л хүнийг Эзэнд даатган залбирцгаая. Үүний сацуу энх тайвны төлөө, ялангуяа тарчлан зовж буй Украин, Ойрх Дорнод, Палестин, Израил, Судан, Мьянмар улсуудын энх тайвны төлөө эрч хүчтэйгээр дахин дахин залбирцгаая.
Өнөөдөр Клара Гэгээнтний тэмдэглэлт өдөр. Гэгээн Кларагийн бүлгэмийнхэн, тэр дундаа миний анд нөхөд болсон Валлеглориагийн хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Бразил улсад болсон онгоцны эмгэнэлт ослын хохирогчдын төлөө мөн залбирцгаая.
Ром хотынхон, Италийн бусад хэсгээс болон өөр олон орноос ирсэн мөргөлчид, тэр дундаа мөргөл хийхээр Ассизигаас наашаа хэд хоног явган алхаж ирсэн Бергамогийн шашны сургуулийн оюутнууд та бүхэнд мэндчилж байна. Та бүхэн ядарсан уу? Үгүй гэж үү? Сайн байна, сайн байна!
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Иммаколата бүлгэмийн залуус болон тэнд харагдаж буй Бразилчуудад ч Ням гарагийн мэнд хүргэе! Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.