Марк 5:21-43
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдал хоорондоо холбоотой мэт харагдах хоёр гайхамшгийн тухай өгүүллээ. Охин нь хүндээр өвдсөн синагогийн ахлагчдын нэг Иаирын гэр лүү Есүсийг явж байх үед цус алдалттай нэгэн эмэгтэй Түүний хувцсанд хүрдэг. Есүс түр зогсож тэр эмэгтэйг эдгээнэ. Энэ хооронд Иаирын охин нас барсан гэх мэдээ ирсэн хэдий ч Есүс ахлагчийн гэрт очиж, охины өрөөнд ороод гараас нь барьж түүнийг босгодог (Марк 5:21-43). Энэ хэсэгт эдгэрэл ба дахин амилалт гэсэн хоёр гайхамшиг тохиожээ.
Айлдалд энэ хоёр эдгээлтийг нэг дор өгүүлэн бичсэн байдаг. Аль аль нь биед хүрэх замаар эдгэрчээ. Цус алдалттай эмэгтэй Есүст хүрч эдгэсэн бол, Есүс охины гарт хүрч эдгээсэн билээ. Ийнхүү "хүрсэн" нь яагаад чухал вэ? Яагаад гэвэл тэр хоёр эмэгтэй бузар гэж тооцогдож байсан юм. Нэг нь цус алдалттай учраас, нөгөө нь нас барсан учраас тэдэнд хүрч болохгүй гэж хүмүүс үзэж байлаа. Харин Есүс өөрт нь хүрэхийг тэдэнд зөвшөөрсөн бөгөөд өөрөө ч тэдэнд хүрэхээс айгаагүй. Бие махбодыг анагаахаасаа ч өмнө Есүс, Тэнгэрбурхан хүмүүсийг цэвэр бузраар нь ялгаж тусгаарладаг гэх шашны хуурамч итгэл үнэмшлийг эсэргүүцсэн. Бид бүгд Түүний хүүхдүүд учраас Тэнгэрбурхан биднийг ялгадаггүй. Хоол хүнс, өвчин эмгэг, тэр байтугай үхэл ч хүнийг эс бузарлана. Харин бузар зүрх хүнийг бузарладаг.
Бид бие махбод болон сүнсээрээ зовж, шархалж, хүнд нөхцөл байдалд орсон ч, гэм нүгэлтэй байсан ч Тэнгэрбурхан биднээс зайгаа барьдаггүй. Тэр биднээс ичихгүй, биднийг шүүхгүй. Харин ч Түүнд хүрэхийг бидэнд зөвшөөрдөг агаад Өөрөө бидэнд хүрэхийн тулд ойртон ирж, үхлээс биднийг амилуулдаг юм. Тэр үргэлж бидний гараас бариад, “Охин минь, хүү минь, бос!” хэмээдэг (Марк 5:41). Тэр биднийг эрч хүчтэй урагш алхахыг хүсдэг! Биднийг, "Эзэн, би гэм нүгэлтэй хүн" гэхэд Тэр, "Урагш алх; би чамайг аврахын тулд чиний төлөө гэм нүгэл болсон” гэж хариулдаг. “Гэхдээ Эзэн минь, Та нүгэлтэн биш шүү дээ” гэвэл Тэр, “Үгүй ээ, гэхдээ би чамайг аврахын тулд нүглийн бүх үр дагаврыг тэвчсэн юм” хэмээнэ. Энэ хэчнээн сайхан бэ!
Есүсийн бидэнд өгсөн дүр зургийг зүрхэндээ хадгалж авцгаая. Тэнгэрбурхан таны гараас барьж, таныг дахин босгох болно. Тэр таны өвдөлтийг мэдэрдэг бөгөөд, таныг эдгээж, шинэ амь өгөхөөр танд хүрнэ. Тэр хүн болгонд хайртай учраас хэнийг ч ялгаварладаггүй.
Тиймээс өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Тэнгэрбурхан ийм гэдэгт бид итгэдэг билүү? Эзэн, Түүний Үг, Түүний хайр бидэнд хүрэхийг бид зөвшөөрдөг билүү? Бид ахан дүүсээ босгохын тулд гараа сунгадаг билүү? Эсвэл өөрсдийн сонирхол, таалалд суурилан хүмүүсийг ялгаж зай барьдаг уу? Бид хүмүүсийг ийм тийм гэж ялгадаг шүү дээ. Та бүхнээс нэг асуулт асууя: Тэнгэрбурхан, Эзэн Есүс хүмүүсийг ялгадаг билүү? Хүн бүр дотроо хариулаарай. Тэнгэрбурхан хүмүүсийг ялгадаг билүү? Гэтэл би байнга хүмүүсийг ялгаж амьдарч байгаа юм биш биз?
Ахан дүүс ээ, бүгдээрээ Тэнгэрбурханы зүрхийг харцгаая. Сүм болон нийгэм хэнийг ч "бузар" хэмээн гадуурхалгүй, өрөөсгөл үзэлд авталгүй, янз бүрийн түүхтэй хүмүүсийг ижилхэн угтан авч, хайрлах учиртай.
Бидний болон бүх дэлхийн төлөө залбирахыг Эелдэг зөөлөн эх, Цэвэр Охин Мариагаас гуйцгаая.
Дараах үг
Эрхэм ахан дүүс ээ, Ром хотын ард иргэд болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье!
Би Польшийн Скочов хотоос ирсэн “Misyjna Jutrzenka” шашин дэлгэрүүлэх бүлгэмийн хүүхдүүд болон Калифорниа, Коста Рикагийн сүсэгтнүүдтэй онцгойлон мэндчилье.
Сүмийн Охид бүлгэмийн гэлэнмаа нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эгэл сүсэгтнүүдийн хамтаар эдгээр өдрүүдэд өөрсдийн бүлгэмийн үүсгэн байгуулагч, Эрхэмсэг Мария Олива Боналдогийн мөрийг дагаж мөргөл үйлдэж буй. Мөн Мантуагийн ойролцоох Гонзага нутгийн залуустай мэндчилье.
Өнөөдөр бид Ромд итгэл бишрэлээсээ болж тарчилж үхсэн анхны хүмүүсийг санан дурсаж байна. Өдгөө бидний цаг үеийн хүмүүс ч эрт зууны үеийнхнээс илүү тарчлалыг амсаж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа манай ахан дүүс итгэл бишрэлийнхээ улмаас гадуурхагдаж, хавчлагад өртөж байгаа ба ингэснээрээ тэд Сүмийг үр жимстэй болгож буй. Зарим нэг нь тарчлалтай нүүр бардам тулгарч байна. Тэднийг дэмжиж, Христийг хайрладаг хайрынх нь гэрчлэлээс урам зориг авцгаая.
6 сарын сүүлчийн энэ өдөр бүгдээрээ Есүсийн Ариун Нандин Зүрх дайныг хүсэж буй хүмүүсийн зүрхэнд хүрч, тэднийг дайны оронд яриа хэлэлцээр, энх тайвныг хүсэх хүсэлтэй болгож өөрчлөөсэй хэмээн гуйцгаая.
Ахан дүүс ээ, Украйн, Палестин, Израил, Мьянмар болон дайны улмаас шаналж буй бусад олон газрыг бид мартаж болохгүй!
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.