Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 4. Ариун Сүнс сүйт бүсгүйд хэрхэн залбирахыг зааж өгдөг

2024-06-19

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 4. Ариун Сүнс сүйт бүсгүйд хэрхэн залбирахыг зааж өгдөг. Библи дэх залбирлын симфони болсон Дуулал ном

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд, тавтай морил!

Ирж буй Ойн баярт жилд бэлтгэн 2024 оныг "залбирлын агуу ‘симфони’-д” зориулахыг би [сүсэгтнүүдэд] уриалсан билээ.[1] Өнөөдрийн хичээлээр би аль хэдийн Сүмд буй Ариун Сүнс хэмээх зохиогчтой залбирлын симфони болох Дуулал номын талаар яримаар байна.

Бүх симфонийн нэгэн адил Дуулал номд янз бүрийн "хөдөлгөөнүүд" буюу магтаал, талархал, залбирал, гашуудал, хүүрнэл, эргэцүүлэл болон бусад хувийн болон нийтэд зориулсан дуун залбирлын төрлүүд багтжээ. Эдгээрийг Сүнс Өөрөө сүйт бүсгүй буюу Сүмд зааж өгсөн. Өмнө ярьсанчлан, Библийн бүх номыг Ариун Сүнс төрүүлсэн билээ. Тэр дундаа Дуулал ном яруу найргийн онгодоор дүүрэн аж.

Дууллууд Шинэ Гэрээнд онцгой байр суурь эзэлдэг. Шинэ Гэрээ болон Дуулал номыг хамт хэвлэх нь ч бий. Надад илгээсэн Дуулал болон Шинэ Гэрээний Украйн хувилбар ширээн дээр минь бий. Тэр ном дайнд амиа алдсан цэргийнх байсан. Тэр цэрэг байлдааны тэргүүн шугам дээр тэрхүү номоор залбирдаг байж. Орчин цагийн хүн гэлтгүй Христэд итгэгч ч дууллын хэсэг бүрийг өөрийн болгож давтах аргагүй л дээ. Зарим дуулал түүхэн нөхцөл байдал, шашны хуучин сэтгэлгээг тусгасан байдаг. Тэглээ гээд тэдгээр нь Сүнсээр бичигдээгүй гэсэн үг биш. Эртний хууль тогтоомжийн ихэнх хэсгийн нэгэн адил тэд зарим талаараа [тодорхой нэг] цаг хугацаатай холбогдсон түр зуурын илчлэл байх нь бий.

Дууллууд нь Есүс, Мариа, элч нар болон бидний өмнөх бүх Христэд итгэгчийн залбирал байсан учраас тэднийг анхааран үзэх учиртай. Тэднийг унших үед гэгээнтнүүдийн нэгдэл хэмээх “оркестр” бидэнтэй хорших агаад Тэнгэрбурхан биднийг сонсож байдаг. Еврейчүүдэд бичсэн захидлын дагуу Есүс "Үзэгтүн. Тэнгэрбурхан минь, хүслийг тань үйлдэхээр би ирлээ" (Еврей 10:7; Дуу 40:7) хэмээх дууллын мөрийг зүрхэндээ тээн ертөнцөд иржээ. Лукийн Сайн мэдээний дагуу Тэр, “Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая” хэмээх өөр нэг мөрийг хэлээд ертөнцийг орхисон. (Лук 23:46; Дуулал 31:5).

Дууллуудыг Шинэ Гэрээнд ашигласны дараа эртний санваартнууд болон Сүм бүхэлдээ тэднийг Талархал магтаалын мөргөл болон Залбиралт цагийн байнгын бүрдэл хэсэг болгосон юм. "Ариун Судраас бүхэлд нь, тэр дундаа Дуулал хэмээх гайхалтай номоос Тэнгэрбурханы сайн сайхан ханхалдаг" гэж Амброз Гэгээнтэн хэлжээ.[2] Та бүхэн Дуулал номыг ашиглан залбирдаг болов уу? Библи аваад аль нэг дууллыг уншин залбирдаг уу? Жишээлбэл, нүгэл үйлдсэндээ харуусан гуних үедээ Дуулал 50-ийг залбирдаг уу? Үргэлжлүүлэн амьдрахад бидэнд тусалдаг олон дуулал бий. Дуулалтай хамт залбирч дадаарай. Ингэснээр аз жаргал мэдэрнэ гэдгийг би батлан хэлье.

Гэвч бид зөвхөн өнгөрсөн үеийн өвөөр амьдраад байж болохгүй. Дуулал номыг бид өөрсдийн залбирал болгох шаардлагатай. Бид өөрсдөө Дуулал номын "бичээчид" болж, тэднийг өөрсдийн болгож залбирах ёстой гэж бичигдсэн байдаг.[3] Зүрх сэтгэлд маань нийцсэн аль нэг дуулал эсвэл дууллын мөрүүд байвал тэдгээрийг өдрийн турш давтаж залбирах сайн. Дуулал ном бол "бүхий л үед зориулсан" залбирал билээ. Бидний санаа сэтгэл, хэрэгцээ ямар ч байсан бай, Дуулал номоос залбирал болгон хувиргаж болох тохиромжтой үгсийг олохгүй байна гэж үгүй. Бусад залбирлаас ялгаатай нь дууллыг давтсанаар түүний хүч сулардаггүй, харин ч улам нэмэгддэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэд Тэнгэрбурханы амьсгалснаар бичигдсэн агаад, тэднийг итгэлтэйгээр унших бүрд Тэнгэрбурхан ханхалж байдаг юм.

Бид нүгэлтнүүд учраас харуусал эсвэл гэмшлийн мэдрэмжид дарагдах үе тохионо. Тэр үедээ Давидын хамт, "Тэнгэрбурхан минь, хайр энэрлийнхээ учир намайг нигүүлсээч" (Дуулал 51:1) хэмээн давтаж болно. Хайраа хүчтэйгээр илэрхийлэхийг хүссэн үедээ, “Тэнгэрбурхан, Та миний Тэнгэрбурхан/ Би Таныг эртлэн хайх болой/ Усгүй, хуурай, ангамал газарт/ Сэтгэл минь Танаар цангаж/ Бие махбод минь Таныг/ Хүсэн тэмүүлж байна” гэж залбирч болно (Дуулал 63:1). Литурги энэ дууллыг Ням гарагийн магтаал болон баярын үеэр ашигладаг нь учиртай. Харин айдас, шаналал биднийг дайрсан үед Дуулал 23-ын гайхамшигт үгс бидэнд тусална: "Эзэн бол миний хоньчин... Үхлийн харанхуйн хөндийг туулсан ч хор муугаас би үл айна" (Дуулал 23:4).

Залбирлыг "надад өгөөч, бидэнд өгөөч..." гэсэн байнгын гуйлт төдийхнөөр хязгаарлахгүй байхад Дуулал ном бидэнд тусалдаг. “Өдөр тутмын талх”-ыг гуйхаасаа өмнө “Таны алдар эрхэм дээд байх болтугай; Таны хаанчлал орших болтугай, Таны дур таалал биелэх болтугай" хэмээдэг Эзэний залбирлаас суралцацгаая. Дууллууд өөрсдөөс маань илүү магтаал, адислал, талархалд төвлөрсөн залбиралд биднийг нээж өгдөг. Мөн тэд бүх бүтээлийн дуу хоолой болж, магтаалдаа бүтээлийг оролцуулахад бидэнд тусалдаг билээ.

Ахан дүүс ээ, тэнгэрлэг сүйт залуудаа залбирах үгсийг сүйт бүсгүй буюу Сүмд өгсөн Ариун Сүнс өнөөдөр тэдгээр үгсийг эгшиглүүлж, Ойн баярын бэлтгэл болсон энэ жилийг жинхэнэ залбирлын симфони болгоход туслах болтугай.

УРИАЛГА

Маргааш НҮБ-аас санаачилсан Дэлхийн дүрвэгсдийн өдөр болно. Энх тайван, аюулгүй байдлын төлөө гэрээ орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүст ах дүүгийн ёсоор анхаарах боломжийг энэ өдөр бидэнд өгөх болтугай. Бидний хаалгыг тогшиж буй хүмүүсийг бид хүлээн авч, дэмжиж, тэдэнтэй хамт байж, хамруулах ёстой. Дүрвэгсдэд хүмүүнлэгийн нөхцөлийг бүрдүүлж, дасан зохицох үйл явцыг нь хөнгөвчлөхийн төлөө хичээнгүйлэн ажиллахыг би улс орнуудаас хүсэж байна.

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Австрали, Энэтхэг, Индонези, Филиппин, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Швед, Тайвань, Танзани, Их Британи, Америкийн Нэгдсэн Улс болон Вьетнамаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод мэндчилгээ дэвшүүлье. Би та бүхэн болон гэр бүлийнхэнд нь бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!

Эцэст нь миний бодол өвчтэй, өндөр настай болон шинээр гэрлэсэн хүмүүс, залуучууд руу чиглэж байна. Амьдралыг хайрладаг байсан учраас Христийн шашны агуу идеалын төлөө өөрийн амьдралыг бүхэлд нь зориулсан Луижи Гонзага Гэгээнтнийг дурсан бид маргаашийн мөргөлийг үйлдэх болно. Тэнгэрбурханд болон ахан дүүстээ өөрийгөө өгөөмрөөр зориулах ариун амьдралын дуудлагаа эргэн санахад тэр та бүхэнд туслах болтугай .

Ахан дүүс ээ, энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Дайн эхэлсэн цагаасаа л үргэлж ялагдал байдаг. Тарчилж буй Украин, Ариун Нандин газар, Судан, Мьянмар болон дайнд нэрвэгдсэн бүхий л газар энх тайван тогтохын төлөө залбирцгаая. Бүгдээрээ өдөр бүр амар амгалангийн төлөө залбирцгаая.

Та бүхнийг адисалъя!

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Христийн сүйт бүсгүй болсон Сүмд хэрхэн залбирахыг зааж өгдөг Ариун Сүнсний тухай хичээлээ бид өнөөдөр үргэлжлүүлнэ. Удахгүй болох Ойн баярт бэлтгэн залбирлын симфонийг зориулахын тулд Дуулал номын яруу найрагт бид анхаарлаа хандуулах болно. Христэд итгэх итгэлийн эхэн цагаас л гэгээнтнүүдийн нэгдэл хэмээх агуу "оркестр" дууллуудаар залбирч байсан билээ. Залбирлын симфонийн хөдөлгөөн бүрийг буюу гайхширал, уй гашуу, найдвар бүхий зүрх сэтгэлийн өнгө аясыг Дуулал ном үгээр илэрхийлдэг. Сүнсээр өдөөгдсөн тэдгээр залбирлуудыг олон удаа давтах тусам тэд улам хүчтэй болдог. Ариун Сүнс бидний залбирлыг дууллын бэлгээр баяжуулж, улмаар бүх бүтээлийн дуу хоолой болон магтаалдаа бүтээлийг оролцуулахад бидэнд туслах болтугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Letter to Archbishop Fisichella for the Jubilee 2025 (11 February 2022)

[2] Comment on the Psalms I, 4, 7: CSEL 64,4-7.

[3] Giovanni Cassiano, Conlationes, X,11: SCh 54, 92-93.