Марк 4:26-34
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн Талархал магтаалын мөргөлийн үеэр уншсан Сайн мэдээний айлдал Тэнгэрбурханы хаанчлалыг үртэй зүйрлүүлж бидэнд тайлбарлалаа (Марк 4:26-34). Есүс энэ зүйрлэлийг хэд хэдэн удаа ашиглаж байсан (Матай 13:1-23; Марк 4:1-20; Лук 8:4-15). Өнөөдөр Тэр үрийн зүйрлэлтэй холбоотой нэгэн чухал хандлага болох итгэлтэйгээр хүлээх хандлагын тухай эргэцүүлэхийг биднээс хүсжээ.
Тариачин сайн үрийг олноор цацсан ч бай, хөрсийг сайтар бэлтгэсэн ч бай, ургамал тэр даруй нахиалдаггүй нь үнэн. Энэ үйл явц цаг хугацаа, тэвчээр шаарддаг! Үрийг тарьсны дараа тэр нь зөв цагт соёолж, түрүүлж, эцэстээ арвин ургац өгнө гэдэгт тариачин итгэж, хүлээж чаддаг байх ёстой (Марк 4:28-29). Гайхамшиг газар доор өрнөх буюу (Марк 4:27) асар их хөгжил нүдэнд үзэгдэхгүйгээр явагдах зуур тариачин өнгөн дээрээ хоосон харагдах хөрсийг тэвчээртэйгээр арчилж, усалж, цэвэрлэж байх учиртай.
Тэнгэрбурханы хаанчлал ч үүнтэй адил. Өөрийн үг, хишиг ивээлийн сайн үрийг Эзэн олноор бидний дотор суулгадаг агаад тэднийг соёолохыг тэвчээртэйгээр хүлээдэг. Ингэхдээ Тэр биднийг орхилгүй, үргэлж бидэнтэй хамт явна. Эзэн биднийг Эцэг хүний итгэлээр халамжилсаар байх ба үр соёолон ургаж, сайн үйлсийн жимсийг өгөх хүртэл тэвчээртэй хүлээн бидэнд цаг хугацаа өгдөг. Учир нь Тэр өөрийн талбайн үрээс нэгийг нь ч алдахыг хүсдэггүй бөгөөд бүгд тариан түрүү мэт бүрэн боловсроосой гэж хүснэ.
Үүгээрээ Эзэн бидэнд үлгэр жишээ болдог. Тэр хэрхэн байгаа газраа Сайн мэдээний үрийг итгэлтэйгээр тарьж, тарьсан үрээ өөрсдийн болон бусдын дотор ургаж, үр жимсээ өгөхийг нь хүлээх ёстойг бидэнд зааж өгдөг. Хүчин чармайлт гаргаад байхад үр дүн харагдахгүй үед хэрхэн шантралгүйгээр бие биеэ дэмжиж, үргэлжлүүлэн нэгэндээ туслахыг Тэр бидэнд сургадаг. Үнэндээ бидний дотор ил харагдахгүй хэр нь зохист цаг нь ирэхэд арвин үр жимсийг өгөх гайхамшиг аль хэдийн эхэлсэн байх нь олонтоо!
Тиймээс өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Эзэн миний дотор Үгийн үрийг суулгахыг би зөвшөөрч байна уу? Амьдарч буй газрууддаа Тэнгэрбурханы үгийг би итгэлтэйгээр тарьж байна уу? Би тэвчээртэй юу, эсвэл шуудхан үр дүн үзэхгүй байгаадаа шантардаг уу? Сайн мэдээг тунхаглахын тулд би чадах бүхнээ хийхийн зэрэгцээ бүгдийг Эзэнд тайвнаар даатгаж чаддаг билүү?
Үгийн үрийг хүлээн авч өөрийн дотор ургуулсан Цэвэр Охин Мариа биднийг Сайн мэдээний үрийн өгөөмөр бөгөөд итгэлтэй тариачид болоход туслах болтугай.
Дараах үг
Эрхэм ахан дүүс ээ, өчигдөр Краков хотод Михал Рапачийг Төгс жаргалт хэмээн өргөмжилсөн. Санваартан, тарчлагч, Христийн зүрхтэй пастор, Сайн мэдээний үнэнч бөгөөд өгөөмөр гэрч байсан тэрээр Нацист болон Зөвлөлтийн хавчлагыг аль алийг нь туулахдаа өөрийн амьдралыг бэлэг болгон өргөжээ. Түүнд алга ташицгаая!
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хэсгээс мөргөлдөөн, аллагын гашуун мэдээнүүд цуварсаар байна. Хүчирхийллийг зогсоож, энгийн иргэдийн амь насыг хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийхийг би тус улсын удирдагчид болон олон улсад уриалж байна. Хохирогчдын дунд итгэл бишрэлээсээ болж амиа алдсан Христэд итгэгч буюу тарчлагч олон бий. Тэдний золиос бол нахиалж, үр жимсээ өгөх үр юм. Сайн мэдээний зоригтой, тууштай гэрчүүд байхыг тэд бидэнд сургаж байна.
Украйн, Ариун Нандин газар, Судан, Мьянмар болон дайнаас болж зовж шаналж буй бүх газар энх тайван тогтохын төлөө бүгдээрээ зогсолтгүй залбирцгаая.
Ром хотын ард иргэд болон мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Тэр дундаа Ливан, Египет, Испаниас ирсэн сүсэгтнүүд; Лондонгийн уран илтгэлийн сургуулийн оюутнууд; Польшийн Ополе шашны хүрээнийхэн болон Будапешт-Альбертфалвагийн хүмүүс; "Итгэл, урлаг ба хамт алхах шашин" сэдэвт Европын эгэл сүсэгтнүүдийн форумд оролцогчид болон Ром дахь Конго улсаас гаралтай эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлье. Тэд их сайхан дуулдаг! Тэдний дуулахыг дахин нэг сонсмоор байна.
Мөн Карини, Катаниа, Сиракуса, Мессинагийн сүсэгтнүүд; Анхны нэгдэл, бататгал сакрамент хүртэхээр хүлээж буй Местриногийн залуучууд; Кастелсардо, Сассари, Болгаре, Бергамо, Камин, Падуа хотуудын шинээр бататгал сакрамент хүртсэн хүмүүстэй мэндчилэхийн сацуу саяхан баяраа тэмдэглэсэн цусны доноруудад талархал илэрхийлье.
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.