Бараалхал 2013 он 11 сарын 06
Хайртай ахан дүүс нар минь. Өдрийн мэнд!
Өнгөрсөн лхагва гарагт би гэгээнтнүүдийн нэгдлийн тухай ярихдаа ариун хүмүүсийн хоорондын нэгдэл буюу сүсэгтэн бидний дунд байгаа нэгдэл юм гэж ярьсан. Өнөөдөр гэгээнтнүүдийн нэгдлийн нөгөө шинжийг нь гүнзгий судлахыг хүсч байна. Та бүхэн санаж байна уу өнгөрсөн удаад хоёр шинж байдалтай гэж хэлж байсныг, нэг нь бидний хоорондын харилцаа холбоо буюу нэгдмэл байдал, нөгөө нь ариун зүйлсэд буюу сүнслэг сайн сайхан зүйлсээр нэгдэх нэгдэл. Хоёр шинж байдал нь хоорондоо маш нягт холбогдсон байдаг. Үнэндээ бол сүнслэг сайн сайхан зүйлсийг хуваалцсанаараа Христийн сүсэгтнүүдийн хоорондын холбоо, нэгдэл өсч байдаг юм. Сүнслэг сайн зүйлсэд онцгойлон үндсэн ёслолууд, авьяас билгүүд, хайр энэрлийг авч үздэг (харьц. Католик Шашны Сурах Бичиг нн.949-953). Бид нэгдмэл байдлын дотор үндсэн ёслолуудаар, Ариун Сүнсээр хүн бүхэнд өгөгдсөн авьяас билгүүдээр мөн хайр энэрлээр өсдөг.
Нэгдүгээрт үндсэн ёслолууд дахь нэгдлийг ярилцъя. Христээр дамжуулан итгэлээр ахан дүүс болдогчлон үндсэн ёслолуудын дотор Аврагч Христтэй уулзсанаар үндсэн ёслолууд нь бидний хооронд байгаа жинхэнэ ба гүнзгий холбоо харилцааг илэрхийлхээс гадна бий болгож хэрэгжүүлнэ. Үндсэн ёслолууд бол харагдах төдий зүйл биш, зан үйлүүд биш. Тэдгээр нь Христийн хүч юм. Есүс Христ үндсэн ёслолуудад байж байдаг. Эвхарист тэмдэглэх үед биднийг цугларуулж, биднийг нэг бүлгэм болгож, Эцэгийг шүтэн бишрүүлдэг нь амьд Есүс юм. Бидний хүн нэг бүр угтаа Ариун угаал, Бататгал, Эвхаристын үндсэн ёслолоор уламжлан Христийн дотор багтсан ба бүх сүсэгтний бүлгэмд нэгдэн орсон. Тэгэхлээр нэг талаасаа Шашин нь үндсэн ёслолыг бий болгож байгаа бол нөгөө талаасаа үндсэн ёслолууд Шашныг бий болгож байгаа юм. Үндсэн ёслолууд нь шинэ үр удмыг төрүүлэн, Тэнгэрбурханы ариун ард түмэнд тэднийг нэгтгэн, бүрэлдэхүүн байдлыг нь тогтоон тулж Шашныг барьж байгуулж байдаг.
Үндсэн ёслол дотор Христтэй уулзах уулзалт бүр бидэнд авралыг хайрладаг. Тэгээд бидэнд “явахыг”, бусдад өөрсдийн маань харж, хүрч, уулзаж, хүлээн авч чадсан авралаа “дамжуулахыг” уриалдаг. Аврал нь үнэхээр итгэж болохуйц, учир нь энэ бол хайр юм. Ийм байдлаар үндсэн ёслолууд биднийг Шашин дэлгэрүүлэгчид байхад өдөөж өгдөг. Сайн Мэдээг газар орчин бүрт тэр ч байтугай хамгийн ихээр дайсагнасан газруудад ч хүргэж байгаа Шашны үйлчлэл бол бүгдэд авралыг өгөхийг хүсдэг Тэнгэрбурханы авралын санаачлаганд оролцож байгаа үйлдэл болох үндсэн ёслолын хичээнгүй амьдралын жинхэнэ үр жимсийг бүтээдэг. Үндсэн ёслолуудын хишиг ивээл бидний дотор хүчтэй баяр баясгалантай итгэлийг, Тэнгэрбурханы “гайхамшгуудыг” гайхан биширч чаддаг, дэлхийн хуурамч шүтээнүүдээс түтгэлзэж чаддаг итгэлийг өсгөнө. Тийм учраас Нэгдлийн ёслолд оролцох нь чухал, хүүхдүүд Ариун угаал эрт хүртэх нь, цаашлаад бататгал үндсэн ёслолд орох нь чухал байдаг. Яагаад гэвэл Үндсэн ёслолууд бол бидний доторх Есүс Христийн оршихуй, бидэнд тусалдаг оршихуй. Бид өөрсдийгөө нүгэлтнүүд гэж мэдрэх үедээ Эвлэрлийн үндсэн ёслолд ойр байх нь чухал. Хэн нэгэн нь хэлж болох байх: “би айж байна яагаад гэвэл санваартан намайг таягдах болно”. Үгүй ээ, санваартан таныг таягдахгүй. Та мэдэх үү Эвлэрлийн үндсэн ёслолд хэнтэй уулзах аа? Таныг уучилдаг Есүстэй уулзах болно. Есүс тэнд таныг хүлээж байдаг. Энэ бол Шашиныг бүхлээр нь өсгөж байдаг нэгэн үндсэн ёслол юм.
Ариун зүйлсэд нэгдэх нэгдлийн хоёр дахь шинж байдал бол нөгөө билиг авьяасын нэгдэл юм. Ариун Сүнс сүсэгтнүүдэд сүнслэг ивээлүүд болон билгүүдийг үй олноор нь түгээж байдаг. Ариун Сүнсний бэлгүүдийн “бүтээлч онгод” гэж хэлдэг энэхүү баялаг бол Чуулганы байгуулалтанд зориулагдсан байдаг. Билиг авьяасууд гэж хэлэхээр ойлгоход бэрх байх тэгэхээр бэлгүүд гэж хэлье. Ариун Сүнсний бидэнд өгдөг бэлгүүд буюу ур чадвар, бололцоо... Эдгээр нь нууцлаасай гэж өгөгдсөн бэлгүүд бус тэдгээрээр бусадтай нэгдэхийн төлөө юм. Бэлгүүд нь зөвхөн хүлээн авч байгаа хүнийхээ ашиг тусын тулд өгөгдөөгүй харин Тэнгэрбурханы ард түмний нэгдмэл байдлын төлөө зориулагдсан юм. Хэрэв нэг билиг авьяас буюу эдгээрийн нэг бэлгийг өөрсдийгөө нотлоход хэрэглэвэл энэ үнэхээр Ариун Сүнсээр өгөгдсөн жинхэнэ билиг авьяас уу, түүгээрээ тууштай амьдарсан уу гэж ярихад эргэлзээтэй болж байгаа юм. Билиг авьяасууд бол бусад олон хүмүүсийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулагдан заримд нь өгөгддөг онцгой ивээл юм. Эдгээр нь бүлгэм доторх үйлчлэлд дуудагдсан тодорхой хүмүүст тэдний амьдралд болон оюун санаанд нь төрөн гардаг авьяасууд, онгод санаанууд, дотоод бадарсан хүсэл зоригууд байдаг. Ялангуяа эдгээр сүнслэг бэлгүүд Чуулганы ариун байдалд болон түүний ажил үүрэгт нь дэмжлэг болон оролцоно. Бүгдээрээ өөрсдийнхөө ба бусдын дотор байгаа бэлгүүдийг хүндэлж тэдгээрийг Чуулганы амьд байдал болон үр шимт ажил үйлсэд хэрэгцээт сэргээгчүүд мэтээр хүлээн авахад дуудагдсан. Паул гэгээнтэн сануулдаг: «Ариун Сүнсийг бүү бөхөө» (1 Тесалоник 5:19). Чуулганыг өсгөдөг ийм сайхан эдгээр бэлгүүдийг, эдгээр авьяас чадваруудыг, эдгээр эрдэм буянуудыг өгдөг Ариун Сүнсийг бөхөөхгүй байцгаая.
Бид Ариун Сүнсний бэлгүүдийн өмнө ямар хандлагатай байна вэ? Тэнгэрбурханы Ариун Сүнс хүссэн нэгэнд нь бэлгүүдийг чөлөөтэй өгдөг гэдгийг ухамсарлаж байгаа юу? Тэдгээрээр дамжуулаад Тэнгэрбурхан бидний итгэл бишрэлийг тулж, дэлхий дэх ажил үүргийг хүчирхэгжүүлж байгаа сүнслэг тусламж гэж үзэж байгаа вэ?
Ариун зүйлсэд нэгдэх нэгдлийн гурав дахь шинж байдалд буюу хайр, буянг бий болгодог бидний хоорондын нэгдэл болох энэрэнгүй сэтгэл, хайрын харилцаа холбоонд хүрч ирцгээе. Паганчууд анхны Христийн итгэгч нарыг ажиглаад хэлсэн байдаг: тэд нар бие биенээ ямар их хайрладаг, бие биендээ ямар их санаа тавьдаг юм бэ! Үзэн ядалт байхгүй, нэг нь нөгөөгийнхөө эсрэг хорон мууг ярихгүй юм гэсэн байдаг. Энэ бол бидний зүрх сэтгэлд Ариун Сүнсний буулгадаг энэрэл хайрын сэтгэл юм. Билиг авьяасууд сүсэгтний бүлгэмийн амьдралд чухал ч Паул гэгээнтний билиг авьяасыг давсан чухал зүйл байгааг тайлбарлан хэлсэнчлэн (харьц. 1 Коринт 13:1-13) билиг авьяасууд нь үргэлж энэрэнгүй сэтгэл, хайран дотор өсөхөд туслах зэмсэгүүд болж байдаг. Хайргүйгээр яг үнэндээ хамгийн онцгой бэлгүүд ч хоосон зүйл болох юм. Энэ хүн хүмүүсийг эдгээдэг, ийм чадвартай, ийм эрдэм буянтай...гэх ч түүний зүрхэнд энэрэнгүй сэтгэл, хайр байгаа бил үү? Хэрвээ хэдий сайн зүйл өөрт нь байлаа ч хайр байхгүй бол Чуулганд хэрэгцээгүй юм.
Хайргүйгээр эдгээр бүх бэлгүүд, билиг авьяасууд Чуулганд хэрэггүй юм. Учир нь хайр байхгүй газарт хувиа бодсон сэтгэлээр дүүргэгдсэн хоосон л байдаг. Тэгэхээр би өөрөөсөө асууж байна л даа: хэрвээ бид бүгдээрээ амиа бодсон хүмүүс бол эв нэгдэлтэйгээр амар тайвнаар амьдарч чадах болов уу? Чадахгүй, тийм учраас биднийг нэгтгэдэг хайр шаардлагатай байгаа юм. Бидний хайраар үйлдсэн өчүүхэн жижиг үйлдэл ч бүгдэд сайн нөлөөтэй байдаг. Энэ үүднээс Чуулган дотор нэгдмэл болон энэрэл хайрын харилцаа холбоотой амьдрах гэдэг нь өөрийнхөө ашиг сонирхолыг хайх бус ахан дүүсийнхээ зовлон жаргалыг хамт хуваалцаж (харьц 1Коринт 12:26), хамгийн ядуу, дорой буурайнхаа хүнд ачааг хамт үүрэлцэхэд бэлэн байхыг хэлнэ. Энэ ахан дүүсийн барилдлага гэж байгаа нь хоосон гоёмсог үг төдий биш харин Христийн сүсэгтнүүд хоорондын харилцаа холбооны салшгүй хэсэг юм. Бид ингэж амьдарч чадвал дэлхийд бид Тэнгэрбурханы хайрын тэмдэг “сакрамэнт” байж чадна. Бие биендээ ба бүгдийн төлөө тэмдэг болно. Энд зөвхөн нэг буяны үйлсэд өргөж болох бяцхан хандивын талаар яригдаагүй, илүү гүн гүнзгий зүйл болох биднийг чин сэтгэлээсээ бусдынхаа зовлон жаргалд нэвтрэн орох чадалтай болгодог тийм нэгэн харилцааны талаар ярьж байна.
Ихэнхдээ бид хэтэрхий хүсэлгүй, үл тоомсорлосон, зайгаа барьсан байдаг ба ахан дүүсийн сэтгэлийн оронд зөрчилдөөн, хүйтэн хөндий хувиа хичээсэн байдлыг дамжуулдаг. Зөрчилдөөн, хүйтэн хөндий, хувиа хичээсэн байдлаар Чуулган өсөн хөгжиж чадахгүй. Чуулган зөвхөн Ариун Сүнсээр ирэх хайраар л өсөж хөгжинө. Христийн сүсэгтний дуудлагаараа зөв зохистой байдлаар амьдруулахын тулд Эзэн Тэнгэрбурхан үндсэн ёслолуудаар, билиг авьяасуудаар, энэрэл хайраар өөртэй нь холбоо харилцаатай байдалд өөрсдийгөө нээхийг урин дууддаг!
Одоо би та бүхнээс нэг буян үйлдээчээ хэмээн гуйж байна. Тайван байцгаагаарай хандивын талаар биш. Би талбайд хүрч ирэхээс өмнө жил зургаан сартай маш хүнд өвчтэй нэгэн бяцхан охинтой уулзахаар явсан. Түүний аав ээж нь охиныхоо эрүүл байдлыг Эзэнээс гуйн залбирч байгаа. Түүний нэрийг Ноэми гэдэг. Хөөрхийлөлтэй тэр охин инээмсэглэж байсан. Бүгдээрээ нэгэн хайрын үйлс хийцгээе. Бид тэр охиныг мэдэхгүй гэхдээ тэр охин Ариун угаал хүртсэн, бидний нэг, нэгэн Христийн хүн юм. Бүгдээрээ энэ мөчид түүний төлөө хайрын үйлдэл хийж чимээгүйгээр Эзэнээс түүнд туслаж эрүүл мэндийг хайрлана уу хэмээн гуйцгаая. Хэсэг зуур чимээгүй байгаад дараа нь Амар амгалан Мариа минь ээ залбирлыг хэлцгээе. Одоо бүгдээрээ хамтдаа Ноэмигийн төлөө Эх Мариад залбирцгаая. Амар амгалан Мариа минь ээ...Энэхүү энэрэл хайрын үйлсэд нэгдсэн явдалд баярлалаа.