Марк 3:20-35
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн Талархал магтаалын мөргөлийн үеэр уншсан Сайн мэдээний айлдал (Марк 3:20-35) Есүс нийтийн үйлчлэлээ эхлүүлснийхээ дараа хоёр өөр хариу үйлдэлтэй тулгарсан тухай өгүүллээ. Хамаатан саднууд нь түүнийг ухаан мэдрэлээ алдсан гэж эмээж байсан бол шашны эрх мэдэлтнүүд түүнийг муу ёрын сүнсний нөлөөнд автсан хэмээн буруушааж байв. Бодит байдал дээр Есүс Ариун Сүнсний хүчээр номлож, өвчтэй хүмүүсийг эдгээж байлаа. Чухамхүү Ариун Сүнс түүнийг тэнгэрлэг эрх чөлөөтэй буюу хэмжээлшгүй, нөхцөлгүйгээр бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэх чадвартай болгосон юм. Есүс эрх чөлөөтэй нэгэн байсан. Түүний эрх чөлөөг хэсэг хугацаанд эргэцүүлэн бодоцгооё.
Есүс эд баялгийн хүлээснээс ангид байсан учраас өөрийн тосгон Назар дахь аюулгүй амьдралаа орхиж, тодорхойгүй байдлаар дүүрэн ядуу амьдралыг (Матай 6:25-34) сонгосон бөгөөд өвчтэй болон тусламж хэрэгтэй хэн бүхнийг үнэ төлбөргүй, хариу нэхэлгүй халамжилж байв (Матай 10:8). Есүсийн үйлчлэл үнэ төлбөргүй байлаа. Шашны үйлчлэл бүр ийм байдаг.
Есүс эрх мэдлийн хүлээснээс ангид байв. Тэр олон хүнийг өөрийг нь дагахыг уриалсан ч хэнийг ч хүчилж албадаагүй билээ. Тэр эрх баригчдын дэмжлэгийг эрэлхийлээгүй, харин үргэлж өчүүхэн хүмүүсийн талд орж, шавь нартаа ч тийн үйлдэхийг сургадаг байлаа (Лук 22:25-27).
Эцэст нь Есүс алдар нэр, хүмүүст сайшаагдахын хүлээснээс ангид байв. Хүмүүс Түүнийг буруугаар ойлгож байсан ч хамаагүй, Тэр хэзээ ч үнэнийг хэлэхээ зогсоогоогүй (Марк 3:21). Загалмай дээр үхэх хүртлээ хүмүүсийн дургүйг хүргэсэн ч, Есүс хэзээ ч тэднээс айж сүрдээгүй, тэдэнд худалдагдаагүй, бас эвдрээгүй юм (Матай 10:28).
Есүс эрх чөлөөтэй нэгэн байсан. Тэр эд баялаг, эрх мэдэл, алдар нэрийн хүлээсэнд баригдаагүй. Энэ нь бидний хувьд ч чухал юм. Бид таашаал, эрх мэдэл, мөнгө эсвэл хүмүүстэй зөвшилцөлд хүрэхийг чухалчилбал тэдгээр зүйлсийнхээ боол нь болдог. Оронд нь Тэнгэрбурханаас үнэ төлбөргүй өгөгдсөн хайранд бидний зүрх сэтгэлийг дүүргэн тэлэх боломжийг олгож, тэр хайрыг айдас, тооцоо, нөхцөлгүйгээр, бүхий л оршихуйгаараа бусдад өгч чадвал бид улам бүр эрх чөлөөтэй болж, эрх чөлөөг эргэн тойрондоо түгээнэ.
Тиймээс өөрсдөөсөө ийн асууцгаая: “Би эрх чөлөөтэй хүн мөн үү? Би мөнгө, эрх мэдэл, амжилтын зэрэглээнд хууртаж, тэдгээрийн төлөө өөрийнхөө болон бусдын амар амгалан, тайван байдлыг золиосолж байгаа юм биш биз? Ажиллаж, амьдарч буй газрууддаа би чин сэтгэлээсээ, зөнгөөрөө амьдрахын эрх чөлөөг түгээж байна уу?”
Тэнгэрбурханы хүүхдүүд болохынхоо хувьд эрх чөлөөтэйгөөр Есүсийн заасан шиг амьдарч, бусдыг хайрлахад маань Цэвэр Охин Мариа бидэнд туслах болтугай (Ром 8:15,20-23).
Дараах үг
Иорданы хаан, Египетийн Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын зохион байгуулж буй Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдалтай холбоотой олон улсын бага хурал маргааш Иордан улсад болно. Тэдний энэхүү чухал санаачилгад талархахын зэрэгцээ дайнд ядарч туйлдсан Газын ард түмэнд бүх талын яаралтай тусламж үзүүлэхийг би олон улсад уриалж байна. Хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй хүмүүстээ очих ёстой бөгөөд үүнд хэн ч саад болох учиргүй.
Бид Ватиканд Израилын Ерөнхийлөгч асан, талийгаач Шимон Перес, Палестины Ерөнхийлөгч Абу Мазен нарын хамт энх тайвныг уриалсны 10 жилийн ой өчигдөр тохиосон. Тэрхүү уулзалт хоёр тал гар нийлэх боломжтойг, энхийг тогтооход дайн хийхээс хавьгүй илүү эр зориг шаардагддагийг харуулсан билээ. Талуудын хооронд өрнөж буй үргэлжилсэн яриа хэлэлцээ амар биш ч гэлээ, би тэрхүү яриа хэлэлцээг дэмжиж байгаа. Энх тайвныг тогтоож, галыг зогсоон, барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх санал Палестин болон Израилчуудын сайн сайхны төлөө нэн даруй хүлээн зөвшөөрөгдөнө хэмээн би найдаж байна.
Тарчлан зовсон Украйны ард түмнийг бид мартаж болохгүй. Зовлон шаналал үргэлжлэх тусам тэд улам бүр амар амгаланг хүсэж байна. Украйны далбаатай энд ирсэн Украйнчуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Бид зүрх сэтгэлээрээ та бүхэнтэй ойр байгаа! Олон улсын тусламжтайгаар аль болох хурдан энх тайвныг тогтоохын тулд хийгдэж буй бүх хүчин чармайлтыг би дэмжиж байна. Мьянмар улсыг ч бид мартаж болохгүй.
Ром хотын ард иргэд, олон орноос ирсэн мөргөлчид, тэр дундаа Украйны Киев хотын "Гэгээн Иохан Паул II" биеийн тамирын сургуулийн багш нарmай мэндчилье. Слава Исусу Христу! (Есүс Христ алдаршиг!) Энэ хүнд хэцүү, зовлонтой үед хийж буй та бүхний үйлчлэлийг би урамшуулан сайшааж байна. Мөн би Испанийн Сигуэнза-Гвадалахара шашны хүрээний “Карденал Сиснерос” сургуулийн багш, сурагчид, Кальяри хотын Ассеминигийн сүсэгтэн олон, Падуагийн “Жованни Прати” сургуулийн хүүхдүүд болон Ромын Сант'Иренео сүмийн залуучуудад мэндчилгээ дэвшүүлж байна.
Олон улсын найрал дууны дөрөв дэх уулзалтад оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс Ром хотод хүрэлцэн ирсэн найрал дуучдад дахин мэндчилгээ дэвшүүлье. Эрхэм найзууд аа, та бүхэн дуугаараа дамжуулан Тэнгэрбурханыг үргэлж алдаршуулж, Сайн мэдээний баяр баясгаланг хүмүүст хүргэж чадах билээ!
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.