Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 1. Тэнгэрбурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа
Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 1. Тэнгэрбурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өнөөдөр бид “Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг” сэдвийн дагуу эргэцүүлэн бодох цуврал хичээлийг эхлүүлж байна. Сүйт бүсгүй гэдгээр Сүмийг илэрхийлж байгаа. Бид энэ аяллынхаа хүрээнд авралын түүхийн гурван үе шат болох Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ болон Сүмийн түүхийг авч үзнэ. Ингэхдээ бид харцаа үргэлж бидний найдвар болсон Есүст хандуулах болно.
Хуучин Гэрээн дэх Ариун Сүнсний ажлын тухай хичээлүүдээр бид “библийн археологийг” судлахгүй. Оронд нь Хуучин Гэрээнд өгсөн амлалт Христ дотор бүрэн биеллээ олсныг олж харна. Энэ нь яг л үүр цайхаас үд болох хүртэл нарны хөдөлгөөнийг ажиглахтай адил байна.
Хамгийн түрүүнд Библийн эхний хоёр эшлэлийг авч үзье. Судар: «Эхэнд Тэнгэрбурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Тэнгэрбурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа” хэмээх хоёр эшлэлээр эхэлдэг (Эхлэл 1:1-2). Тэнгэрбурханы Сүнс энд хэлбэр дүрсгүй, эзгүй, бараан дэлхийг эмх цэгц, зохиролд оруулдаг нууцлаг хүчээр дүрслэгджээ. Учир нь Сүнс амьдрал, дэлхийд зохирлыг бий болгодог. Өөрөөр хэлбэл, Тэрээр ертөнцийг хаосоос огторгуй руу, будлианаас гоо үзэсгэлэн, эмх цэгц рүү шилжүүлдэг. Грек хэлний kosmos, Латин хэлний mundus хэмээх үгс үзэсгэлэнтэй, эмх цэгцтэй, цэвэр, зохиролтой зүйлсийг илэрхийлдэг. Учир нь Ариун Сүнс өөрөө зохирол билээ.
Бүтээл доторх Ариун Сүнсний ажлын бүдэг бадаг дүрслэл цаашлах тусам илүү тодордог. Дуулал номоос бид “ЭЗЭНий үгээр тэнгэрс, амных нь амьсгалаар тэдгээрийн түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ” (Дуулал 33:6), мөн "Таныг Сүнсээ илгээхэд тэд бүтээгддэг. Та газрын төрхийг ч шинэчилдэг" хэмээх үгсийг уншиж болно (Дуулал 104:30).
Шинэ Гэрээнд шинэ бүтээл дэх Ариун Сүнсний оролцоог маш тодорхой дүрсэлдэг. Ингэхдээ дэлхийн гарал үүсэлтэй холбоотой дүрслэлүүдийг ашиглажээ. Жишээлбэл, Есүс баптисм хүртэх үед Иордан голын усан дээгүүр Ариун Сүнс тагтаа мэт буусан (Матай 3:16) бөгөөд эхэнд Тэнгэрбурхан Адам дээр амьсгал үлээж амь оруулсантай адил (Эхлэл 2:7) Есүс дээд өрөөнд байхдаа шавь нар руугаа үлээн, "Ариун Сүнсийг хүлээн авагтун" (Иохан 20:22) гэж хэлсэн байдаг.
Ариун Сүнс ба бүтээлийн хоорондын харилцааны шинэ элементийг Элч Паул гаргаж бичсэн байдаг. Тэрээр ‘ёолон, төрөх зовлон эдэлж буй’ ертөнцийн тухай (Ром 8:22), ертөнц түүнийг “ялзралын боолчлолд” оруулсан хүнээс болж зовж шаналж байгаа тухай бичсэн (эшлэл 20-21). Энэ бол бидэнтэй ойр, бидэнд ихээхэн хамаатай бодит байдал. Хүнийг Тэнгэрбурханаас хөндийрүүлсэн ялзрал, гэм нүгэл нь бүтээлийн зовлон зүдүүрийн шалтгаан хэмээн Элч Паул үзсэн. Энэ нь өнөөдөр ч үнэн хэвээр. Хүн төрөлхтний, тэр дундаа нөөц баялгийг илүүтэй завших боломжтой хүмүүсийн авчирч буй сүйрэл өнөөдөр ч бидний өмнө илхэн байна.
Сүнсний зохирол руу буцах зам, гарах гарцыг Ассизийн Гэгээн Францис бидэнд харуулсан. Тэр нь Тэнгэрбурханыг эргэцүүлж, Түүнийг магтах аж. Бүтээл нь Бүтээгчээ магтан дуулахыг Францис хүсэж байсан. Бид түүний магтаалын "Laudato sí, mi Signore..." хэмээх үгсийг санаж болно.
Нэгэн дуулалд (18:2 [19:1]) "Тэнгэр нь Тэнгэрбурханы сүр жавхланг зарлана" гэсэн байдаг ч тэнгэрийн чимээгүй дуунд эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн дуу хоолойгоо өргөх шаардлагатай. Талархал магтаалын мөргөлийн Sanctus дуугаар бид "Тэнгэр, газар таны сүр жавхлангаар дүүрэн билээ" гэж давтан дуулдаг. Тэнгэр газар магтаалыг "тээдэг" ч түүнийг төрүүлэхийн тулд сайн эх баригчийн гар хэрэгтэй. Дэлхий дээрх хүмүүс бидний ажил бол "Түүний алдрыг магтах" (Ефес 1:12) гэж Паул сануулсан байдаг. Энэ нь Тэнгэрбурханыг эргэцүүлэн бодохын баяр баясгаланг эзэмшихийн баяр баясгалангаас дээгүүр тавих явдал юм. Тэнгэрбурханы бүтээлийн алийг нь ч эзэмшихийг хүсээгүй Ассизийн Гэгээн Францисаас илүүтэй бүтээлд баярлаж байсан хүн үгүй биз ээ.
Ахан дүүс ээ, эхэнд хаосыг огторгуй болгон хувиргасан Ариун Сүнс хүн бүрийн дотор өөрчлөлтийг бий болгохоор ажиллаж буй. Зөнч Езекиелээр дамжуулан Тэнгэрбурхан, “Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө… Би Сүнсээ та нарын дотор оруулна” (Езекиел 36:26-27) хэмээн амласан билээ. Бидний зүрх Эхлэл номын эхний эшлэлүүдэд гардаг эзгүй, оёоргүй гүнтэй төстэй. Зүрхэн дотор маань махан бие болон сүнсний хоорондоо тэрсэлдсэн мэдрэмж хүслүүд үргэлж ургаж байдаг. Сайн мэдээний айлдалд Есүсийн дурдсан “дотроо хуваагдсан хаанчлал” бид бүгдийн дотор бий (Марк 3:24). Нийгэм, улс төрийн эмх замбараагүй байдал бидэнд нөлөөлж байдаг. Дайн дажин, түүнээс болж өөрсдийгөө дулаацуулж ч чадахгүй байгаа хүүхдүүд, нийгмийн олон шударга бус явдлууд зэрэг нь гадаад хаос юм. Түүнээс гадна хүн бүрийн дотор хаос бий. Дотоод хаосыг арилгаагүй тохиолдолд гадаад хаосыг ч арилгах аргагүй! Ахан дүүс ээ, дотоод төөрөгдлөө Ариун Сүнсний тодорхой байдалд хувиргах ажлыг хичээнгүйлэн хийцгээе. Үүнийг Тэнгэрбурханы хүч л хийж чадах агаад, харин бид Түүнд зүрхээ нээж өгөх ёстой билээ.
Энэхүү эргэцүүлэл Бүтээгчийн Сүнсийг мэдрэх хүслийг бидэнд төрүүлэх болтугай. Мянга гаруй жилийн өмнө Сүм бидэнд “Veni creator Spiritus! “Сүнс бүтээгч буугтун! Ард бидний сэтгэлд бууж хишиг ивээлийг хайрла” хэмээх үгсийг өгсөн билээ. Ариун Сүнс бидэн дээр ирж, Сүнсний шинэлэг байдлаар биднийг шинэ хүмүүс болгохын төлөө залбирцгаая. Баярлалаа.
Тусгай мэндчилгээ
Би Папуа Шинэ Гвинейн зарим тосгоныг дайрсан их хэмжээний хөрсний нуралтад нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирч байгаагаа хэлмээр байна. Тэнгэрбурхан хохирогчдын гэр бүлийнхэн, орон гэрээ алдсан хүмүүс болон нийт Папуа Шинэ Гвинейн ард түмнийг тайтгаруулах болтугай. Эзэн таалвал ирэх есдүгээр сард би тэдэнтэй уулзах болно.
Өнгөрсөн ням гаригт Новара хотод энэрэл хайраар дүүрэн амьдарсан сүмийн зүтгэлтэн, тарчлагч санваартан Жозеф Россиг Төгс жаргалт хэмээн өргөмжилсөн. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайны эмгэнэлт үед сүсэгтэн олноо орхиогүй бөгөөд цусаа урсган тэднийгээ хамгаалсан юм. Түүний баатарлаг гэрчлэл бидэнд амьдралын сорилтуудыг чин батаар даван туулахад туслах болтугай. Төгс жаргалт Жозеф Россид зориулан алга ташицгаая.
Итали хэлээр ярьдаг мөргөлчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа санваартнаар томилогдсоны 25 жилийн ойгоо тэмдэглэж буй Бергамогийн санваартнуудтай мэндчилье. Та бүхэн Эзэний дуудлагад үнэнч байж, Сайн мэдээний баяр хөөртэй үйлчлэлдээ тууштай зүтгэхийг уриалж байна. Бергамо нутгийнхан сайн санваартнууд болдгоороо алдартай, тийм биз? Эр зоригтойгоор урагшлаарай! Би бас хуралд оролцож буй Льеж хотоос ирсэн Загалмайн охидтой мэндчилж байна. Тэнгэрбурхан болон ахан дүүстээ улам өгөөмөр сэтгэлээр өөрсдийгөө зориулахын тулд шашны идеалаа бэхжүүлэхийг би та бүхэнд уриалж байна.
Солопакагийн сүсэгтнүүд, "Гроссето 1912" Спортын холбоо, Чеккиньола болон Неттуногийн армийн цэргүүдийг халуун дотноор угтан авъя.
Эцэст нь би залуучууд, өвчтэй хүмүүс, өндөр настнууд, шинээр гэрлэсэн хүмүүсийг санаж явдгаа хэлмээр байна. Өнөөдөр бид Христ, Сүм болон хүн төрөлхтнийг гэх хайраар шатаж явсан Гэгээн Паул VI пасторын хүндэтгэлийн ёслолыг тэмдэглэж байна. Энэхүү ой хүн бүрд Христэд итгэгч байхын баяр баясгаланг дахин нээж, хайрын соёл иргэншлийг бий болгох зүтгэлээ сэргээхэд нь туслах болтугай. Боломжтой бол та бүхэн VI Паулын "Evangelii nuntiandi" захидлыг уншаарай. Түүний захидал одоо ч үнэ цэнтэй хэвээр байна.
Миний бодол зовж шаналж буй Украин улс руу чиглэж байна. Хэдэн өдрийн өмнө би дайнд түлэгдэж, хөлөө алдсан бяцхан охид, хөвгүүдийг хүлээн авч уулзсан. Дайн үргэлж харгис байдаг. Тэдгээр бяцхан охид, хөвгүүд хиймэл гар хөлтэйгөөр хөдөлж сурах ёстой болсон. Тэдний царайнаас инээмсэглэл арилсан байлаа. Хүүхэд инээмсэглэлээ алдах нь хэчнээн гунигтай вэ. Украин хүүхдүүдийн төлөө бүгдээрээ залбирцгаая.
Зовж шаналж буй Палестин, Израилыг бид мартаж болохгүй. Дайн дуусах болтугай.
Мьянмар болон дайнтай байгаа олон орныг ч бид мартаж болохгүй.
Дайнд өртсөн хүүхдүүд зовж байна. Тэнгэрбурхан бүгдэд ойр байж, амар амгалангийн ивээлийг бидэнд өгөхийн төлөө залбирцгаая. Амен.
Би та бүхэнд өөрийн адислалыг хүртээе!
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: Өнөөдөр бид авралын түүхийн турш Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүсийг хэрхэн залж чиглүүлж байсан тухай эргэцүүлэх "Сүнс ба сүйт бүсгүй" сэдэвтэй шинэ цуврал хичээлийг эхлүүлж байна. Анхнаасаа л Тэнгэрбурханы Сүнс хаосыг дэг журам болон гоо үзэсгэлэн болгон хувиргах ажлаа хийж байв. Энэхүү үргэлжилсэн ажил нь Есүс Христ дотор бүрэн биеллээ олсон юм. Гэгээн Паул "ёолон, төрөх зовлон эдэлж буй бүтээлийн" (Ром 8:22) талаар бичсэн нь одоо ч үнэн хэвээр байна. Мөн тэр дотоод болон гадаад хаосыг арилгах шаардлагатайг онцолсон. Тэдгээрийг арилгахын тулд Тэнгэрбурханыг эргэцүүлэн бодож, Түүнийг магтах ёстой хэмээн Ассизийн Гэгээн Францис санал болгож, өөрийн биеэр үлгэрлэсэн билээ. Тиймээс зүрхийг маань өөрчилж, дэлхийг эдгээгээч хэмээн Тэнгэрбурханы Сүнсийг амьдралдаа урьцгаая. “Сүнс бүтээгч буугтун! Ард бидний сэтгэлд бууж хишиг ивээлийг хайрлагтун”