Бараалхал 2010 он 10 сарын 30
Хайртай ахан дүүс нар минь. Өдрийн мэнд!
Өнөөдөр би бидний итгэлийн маш сайхан, нэгэн бодит чанарын тухай буюу “гэгээнтнүүдийн нэгдэл”-ийн тухай ярихыг хүсч байна. Католик Шашны Сурах бичиг нь бидэнд “гэгээнтнүүдийн нэгдэл” гэсэн хэллэг нь хоёр утга илтгэдэг болохыг сануулдаг. Нэгдүгээрх нь ариун нандин зүйлстэй нэгдэх нэгдэл, хоёрдугаарх нь гэгээн хүмүүстэй нэгдэх нэгдэл (н.948). Би хоёрдугаар утга дээр түр саатъя. Бид нар ганцаараа биш харин Христэд харъяалагддаг бүх хүмүүсийн хооронд амьдралын нэгдэл оршин байдаг гэдгийг бидэнд хэлж өгдгөөрөө хоёрдугаар утга нь бидний итгэлийг хамгийн их тайтгаруулагч үнэний нэг юм. Энэ нэгдэл бол итгэл бишрэлээс төрөн гардаг нэгэн нэгдэл юм. Үнэндээ “гэгээнтнүүд” хэмээх хэллэг нь Есүс Эзэнд итгэдэг ба Шашны дотор Ариун угаалаар дамжуулан Түүний биед нэгдсэн хүн бүхнийг багтаан хэлж байдаг. Тийм болохоор анхны Христийн сүсэгтнүүдийг бас “гэгээнтнүүд” гэж нэрлэдэг байсан (харьц. Үйлс 9:13.32.41, Ром 8:27, 1 Коринт 6:1).
1. Иоханы айлдал гэрчлэхдээ Есүс тарчлалтыг эдлэхийнхээ өмнө Тэнгэрбурхан Эцэгээсээ шавь нарынхаа хоорондын нэгдлийн төлөө дараах үгээр залбиран гуйсан хэмээдэг: «Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ» (17:21). Шашин нь өөрийн гүн үнэнийхээ дотор Тэнгэрбурхантай нэгдсэн нэгдэл, Тэнгэрбурхантай байгаа гэр бүлийн дотно байдал болж байдаг. Мөн ахан дүүсийн нэгдлээр үргэлжлэн илэрч байдаг Ариун Сүнсээр Христтэй ба Эцэгтэй нэгдсэн хайрын нэгдэл юм. Энэхүү Эцэг болон Есүсийн хооронд буй харилцаа нь сүсэгтэн бидний хоорондын холбоосын “эх үндэс” болдог. Хэрвээ бид өөрсдийгөө энэхүү “эх үндэс”-дээ, энэхүү хайр энэрлийн асаж буй зууханд сайтар оруулж өгснөөрөө бид үнэхээр хоорондоо зөвхөн нэг зүрх, зөвхөн нэг сүнс болж чадна. Учир нь Тэнгэрбурханы хайр энэрэл бидний аминч үзлүүдийг, ташуу ойлголтуудыг, гаднах ба доторх хагарлуудыг маань шатаах болно. Тэнгэрбурханы хайр энэрэл гэм нүглүүдийг маань ч шатаах болно.
2. Хэрэв Тэнгэрбурхан буюу энэхүү Хайрын эх булагт үндэс нь тулгуурласан үед харилцан хөдөлгөөн гарч ирдэг. Энэ нь ахан дүүсээс Тэнгэрбурхан руу гэсэн хөдөлгөөн. Ахан дүүсийн нэгдмэл амьдрал нь намайг Тэнгэрбурхантай нэгдмэл байхад дагуулах болно. Бид хоорондоо нэгдсэн байх нь биднийг Тэнгэрбурхантай нэгдсэн байхад, Тэнгэрбурхан Эцэгтэйгээ холбоотой байхад ойртуулна. Энэ бол миний онцгойлон хэлэхийг хүсээд байгаа гэгээнтнүүдийн нэгдлийн хоёр дахь шинж чанар юм. Бидний итгэл бишрэлд бусдын түшиг тулгуур хэрэгтэй байдаг. Онцгойлон хэцүү цаг мөчид. Бид нэгдмэл байх юм бол итгэл бишрэл маань хүчтэй болдог. Итгэлийн гайхамшигтай адал явдлын дунд нэг нь нэгэндээ харилцан түшиг болно гэдэг хэчнээн сайхан бэ! Үүнийг хэлж байгаа маань “миний хувийн зүйл” гэсэн бодлоосоо болоод өөрийгөө хаалттай байлгах хандлага нь шашинлаг орчинд ч муугаар нөлөөлдөг учраас юм. Тиймээс заримдаа итгэлийн амьдралыг адилхан хуваалцаж байгаа хүмүүсээсээ сүнслэг тусламжийг гуйхад амар биш байдаг. Бидний дундаас хэн нь итгэлийн аян замдаа ямар ч аюул, төөрөлдөөн, тэр ч бүү хэл эргэлзээтэй учирч байгаагүй вэ? Бид бүгдээрээ үүнийг туулж өнгөрүүлсэн, би ч мөн адил. Энэ бол итгэлийн аян замын нэг хэсэг, амьдралын маань нэг хэсэг. Энэ бүхэн биднийг гайхшруулах ёсгүй байх, яагаад гэвэл бид чинь хэврэг хязгаартай хүн төрөлхтөн. Бид бүгдээрээ адилхан хэврэг, бүгдээрээ адилхан хязгаартай. Хэдий тийм боловч, хүнд цаг мөчдөө хүүгийн сэтгэлээр залбирч Тэнгэрбурханы тусламжинд итгэх шаардлагатай мөн үүний зэрэгцээ бусдад өөрийгөө нээх, тусламж асуух, өөрсөддөө туслуулахыг гуйх зориг болоод даруу зантай байх нь чухал. Бид ямар олон удаа үүнийг хийж тэгсэнээрээ асуудлаасаа гарч ирэн ахин нэг удаа Тэнгэрбурханыг олж харж чадсан билээ! Энэхүү нэгдлийн доор бид (нэгдэл гэсэн үг нь бүх нийтийн-холбоо гэсэн үгний нийлэмж /итали хэлэнд/) бүх гишүүд нь хоорондоо харилцан тусладаг, харилцан дэмждэг тэр л газар буюу өнөр өтгөн нэгэн гэр бүл юм.
3. Өөр нэгэн шинж чанарт хүрч ирье: Гэгээнтнүүдийн нэгдэл нь хөрстийн амьдрал болоод үхлийг даван цаашид мөнхөд үргэлжлэнэ. Бидний хоорондын энэ холбоо цаашилсаар өөр нэгэн амьдралд үргэлжлэнэ. Энэ нэгдэл бол ариун угаалаар төрөн гарч амилсан Христийн ач буянаар үхэлд үл дийлэгдэх сүнслэг холбоо бөгөөд мөнхийн амьдралд төгс байдлаа олохоор заяагдсан. Энэ дэлхийн мөргөлчид бид нар болон мөнхийн амьдралд зэхэж үхлийн босгыг давсан тэдгээр хүмүүсийн хооронд гүн салшгүй холбоо бий. Газар дээрх бүх Ариун угаал хүртэгсэд, Ариуслын газарт буй сүнснүүд болон Тэнгэрийн оронд аль хэдийнээ орсон төгс жаргалтнууд бүгдээрээ цор ганц том Гэр бүлийг бүрдүүлдэг. Тэнгэр газрын хоорондох энэ нэгдэл нь зуучлалын залбирлын үед онцгойлон биелдэг.
Хайрт найзууд минь, бидэнд ийм гоо үзэсгэлэн байдаг! Биднийг хооронд нь ахан дүүс болгодог, амьдралын аян замд маань хамт явдаг мөн тэртээх тэнгэрийн оронд ахин нэг удаа учруулдаг бид бүгдийн нэгэн бодит үнэн юм. Энэ аялал руугаа баяр хөөртэйгээр, итгэлтэйгээр явцгаая. Сүсэгтэн хүн өөртэй нь хамт алхаж буй Ариун угаал хүртсэн маш олон ахан дүүс байгаад, тэнгэрийн орон луу адилхан замаар алхаж байгаа ах эгч нарынхаа тусламжаас гадна бидний төлөө Есүст залбирдаг тэнгэрт байгаа ах эгч нарынхаа тусламж дэмжлэгээр тэтгэгдэж байгаадаа баяртай байх ёстой. Энэ замынхаа өмнө баяр хөөртэй байцгаая!