Гаж буруу ба эрдэм буян 15. Хянамж болгоомж
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өнөөдөр би үндсэн эрдэм буянуудын дөрөв дэх буюу сүүлчийнх нь болох хянамж болгоомжийн тухай ярих болно. Бусад үндсэн эрдэм буянуудын нэгэн адилаар хянамж болгоомж нь маш эртний түүхтэй бөгөөд зөвхөн Христэд итгэгч нарт харьяалагддаг ухагдахуун биш юм. Грекчүүд аз жаргалтай болох зорилгоор эрдэм буянт үйлсийг үйлддэг байв. Философич Аристотель өөрийн хүү Никомахыг амьдрах урлагт сургахын тулд ёс зүйн талаарх хамгийн чухал бүтээлээ бичсэн байдаг. Цөөхөн хүн л аз жаргалд хүрж чаддаг атал хүн бүр түүнийг эрэлхийлдэг нь юуных вэ? хэмээх энэ асуултад хариулахын тулд Аристотель эрдэм буяны сэдвийг хөндсөн бөгөөд үүний дотор enkráteia буюу хянамж болгоомж чухал байр суурь эзэлж байлаа. Enkráteia хэмээх Грек үг "өөрийгөө захирах" гэсэн утгатай. Тиймээс хянамж болгоомж гэдэг нь өөрийгөө хянаж захирах хүчийг хэлж байна. Энэ эрдэм буян нь өөрийгөө эзэмшин тэрслүү хүслүүддээ дийлдэхгүй байх чадвар бөгөөд Манзонигийн хэлснээр "хүний зүрхэн дэх үймээн"-ийг дэг журамд оруулах урлаг юм.
Католик шашны сургаалд "хянамж болгоомж нь зугаа цэнгэлд татагдах явдлыг багасгаж, бүтээгдсэн баялгийн ашиглалтыг тэнцвэржүүлдэг" хэмээжээ. Түүнчлэн, "энэ нь төрөлх зөнг хүсэл зоригт захируулж, аливаа хүсэл шуналыг зохист хэмжээнд барьдаг. Хянамгай хүн ноцомтгой дур сонирхлуудаа сайн сайханд чиглүүлэн болгоомжтой амьдардаг. Тэрээр дорд хүслүүдээ дагадаггүй, харин дуршлуудаа хязгаарладаг" гэжээ (1809).
Итали хэлээр хянамж болгоомж гэдэг үг нь аливаа юмны тунг зөв тааруулахын эрдэм буян юм. Ийм эрдэмтэй хүн аливаа нөхцөл байдалд мэргэн ухаанаар ханддаг. Учир нь үргэлж сэтгэлийн хөөрлөөр үйлдэл хийдэг хүмүүс эцсийн дүндээ найдваргүй хүмүүс байдаг. Хянамж болгоомжгүй хүмүүс итгэл даах чадваргүй. Энэ дэлхийд олон хүн бодсон зүйлээ шууд хэлдэг гэдгээрээ сайрхдаг. Харин хянамгай хүн хэлэх үгсээ бодож эргэцүүлэхийг илүүд үздэг. Та бүхэн ялгааг нь ойлгож байна уу? Хянамгай нэгэн санаанд орж ирсэн зүйлээ шууд хэлэх биш, харин хэлэх зүйлээ боддог. Ийм хүн хоосон амлалт өгдөггүй, харин биелүүлж чадах зүйлдээ л амлалт өгдөг юм.
Хянуур болгоомжтой хүн таашаалд ч ухаалгаар ханддаг. Импульс, таашаалууддаа бүрэн эрх чөлөөг олгож тэдэнд автах нь эцэстээ хүмүүсийг хойш татаж, уйтгар төрүүлдэг билээ. Хэчнээн хүн бүх зүйлийг шуналтайгаар туршиж үзсэнийхээ дараа юмсыг таашаах чадваргүй болсноо мэддэг гэж санана! Тиймээс аливаа зүйлд зөв зохист хэмжээг баримтлах нь дээр. Жишээлбэл, сайн дарсыг бүгдийг нь нэг дор залгиснаас бага багаар амтлах нь илүү дээр гэдгийг бид бүгдээрээ ойлгодог шүү дээ.
Хянамгай хүн хэрхэн үгээ жинлэж, тунг нь тохируулахаа сайн мэддэг. Тэр хэлэх зүйлийнхээ талаар эргэцүүлэн боддог. Хоромхон зуурын уур хилэнд харилцаа холбоо, нөхөрлөлийг нь сүйрүүлэхийг тэр зөвшөөрдөггүй. Нөхөрлөлийг дахин сэргээх хэцүү. Ялангуяа гэр бүл дотор хүн биеэ барих нь бага байдаг учраас хурцадмал байдал үүсгэх, уур бухимдлаа хянахгүй байх эрсдэлд ордог. Ярих үе болон чимээгүй байх үеийн аль алийнх нь хэмжээг зөв тааруулах шаардлагатай. Энэ дүрэм бусадтай байх, ганцаараа байх бүхий л нөхцөлд үйлчилдэг.
Түргэн зангаа хянаж чаддаг байлаа гээд хянуур болгоомжтой хүн үргэлж тайван, инээмсэглэсэн төрхтэй байдаг гэсэн үг биш. Заримдаа шударга бус зүйлд бухимдах хэрэгтэй. Гэхдээ үргэлж зөвөөр. Зохист хэмжээнд, зөв аргаар. Зэмлэсэн үг заримдаа гашуун, хорсол тээсэн чимээгүй байдлаас илүү эрүүл байх нь бий. Өөр хүнийг засаж залруулах нь хянуур хүнд тун эвгүй байх авч үүнийг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг тэр мэддэг. Тэгж чадахгүй бол хорон мууд эрх чөлөөг олгож буйгаас өөрцгүй. Тэрээр зарим тохиолдолд хоёр туйлыг хамтад нь барьж чаддаг. Тэр абсолют зарчмууд, хөдөлшгүй үнэт зүйлсийг баримтлахын зэрэгцээ бусад хүмүүсийг ойлгож өрөвдөх чадвартай. Тэр бусдын оронд өөрийгөө тавьж үзэж чаддаг.
Иймд хянамж болгоомжтой хүн ховор нандин чанар болох тэнцвэртэй байдлын бэлгийг бусдад өгдөг юм. Энэ дэлхий биднийг бүх зүйлийг хэтрүүлэхэд түлхэж байдаг. Харин хянамж болгоомж Сайн мэдээний айлдлын үнэт зүйлс болох хүний өчүүхэн байдал, болгоомж, хэмжээ хязгаарыг мэдэх чадвар, номхон дөлгөөн зан зэрэгтэй сайн тохирдог. Хянамгай хүн бусдыг хүндэлдэг ч гэлээ хүндлэлийг үйлдэл, үг болгоныхоо цорын ганц шалгуур болгодоггүй. Тэр мэдрэмжтэй, уйлж чаддаг бөгөөд нулимснаасаа ичдэггүй. Гэхдээ тэр өөрийгөө өрөвдөн уйлдаггүй. Ялагдал хүлээсэн ч тэр дахин өндийж босдог бөгөөд ялалт байгуулсан ч хянуур хэвээрээ үлддэг. Тэр алга ташилтыг эрэлхийлдэггүй, харин бусад хүн түүнд хэрэгтэй гэдгийг мэддэг.
Ахан дүүс ээ, хянамж болгоомж хүнийг баяр баясгалангүй, уйтгартай болгодог гэдэг худлаа. Харин ч эсрэгээрээ, энэ эрдэм буян амьдралын сайн сайхныг илүү сайн мэдрэх боломжийг хүнд олгодог. Ширээний ард хүмүүстэй эвлэлдэн хамт суух, нөхөрлөлийн сайхныг мэдрэх, мэргэн хүмүүст итгэл хүлээлгэх, бүтээлийн сайханд гайхширах боломжийг тэр хүнд өгдөг. Хянамж болгоомж бүхий аз жаргал бол амьдралын хамгийн чухал зүйлийг таньж, үнэлдэг хүмүүсийн зүрхэнд цэцэглэдэг баяр баясгалан юм. Хянамж болгоомжийн бэлгүүд болох насны төлөвшил, сэтгэлийн төлөвшил болон нийгмийн төлөвшлийг Эзэн бидэнд өгөөсэй хэмээн залбирцгаая.
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Ирланд, Финлянд, Индонез, Малайз, Филиппин, Солонгос, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн бүх хүнд халуун мэндчилгээ дэвшүүлье. Амилсан Христийн баяр баясгалан дотор би та нарт болон танай гэр бүлийнхэнд бидний Эцэг Тэнгэрбурханы хайрын нигүүлслийг дуудан залбирч байна. Эзэн та бүхнийг адислах болтугай!
Миний, бид бүгдийн бодол дайн тулаантай байгаа улсууд руу чиглэж байна. Бид Ариун Нандин Газар, Палестин, Израил, зовж шаналж буй Украин, мөн дайнд олзлогдогсдыг санаж байна. Эзэн хүмүүсийн хүсэл зоригийг бадрааж олзлогдогсдыг суллах болтугай. Хоригдлуудын дунд тамлагдаж байгаа хүмүүс ч бий. Тэднийг тамлан зовоох нь аймшигтай, хүнлэг биш үйлдэл. Хүний эрхэм чанарт халдсан олон төрлийн эрүүдэн шүүлтэд өртсөн олон хүмүүс байгаа... Эзэн хүн бүрд тусалж, хүн бүрийг адислах болтугай.
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: Үндсэн эрдэм буяны талаарх үргэлжилсэн хичээлийнхээ хүрээнд бид өнөөдөр Католик шашны сургаалд "зугаа цэнгэлд татагдах явдлыг багасгаж, бүтээгдсэн баялгийн ашиглалтыг тэнцвэржүүлдэг ёс суртахууны эрдэм буян" гэж тодорхойлогдсон хянамж болгоомжийг авч үзнэ. Хянамгай байдал нь өөрийгөө эзэмших, болгоомжтой байх, хүслүүдээ зохист хэмжээнд барихад биднийг чиглүүлдэг эрдэм буян юм. Хэзээ ярьж, хэзээ чимээгүй байх, хэзээ бусдын алдааг залруулж, хэзээ дуугүй өнгөрөх гэх мэт нөхцөл байдал бүрд тохирсон мэргэн үйлдлийг хийхэд тэр бидэнд тусалдаг. Таашаалыг эрүүлээр үнэлж дүгнэж, түүнийг зохист хэмжээнээс хэтрүүлэхгүй байх сонголтыг тэр бидэнд өгснөөр таашаалыг тохирсон тунгаар мэдрэх боломжийг олгодог. Энэ утгаараа хянамгай байдал Сайн мэдээнд өгүүлсэн өчүүхэн байдал, болгоомж, номхон дөлгөөн байдлын үнэт зүйлстэй нийцдэг юм. Энэхүү эрдэм буяныг хөгжүүлснээр бид Тэнгэрбурханаас заяасан үнэнхүү чухал сайн зүйлсийг зохих ёсоор таашааж, тэнцвэртэй амьдрахын гүн гүнзгий баяр баясгаланг мэдрэх болтугай.