Марк 9:2-10
Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!
Дөч хоногт цаг улирлын хоёр дахь Ням гарагийн Сайн мэдээний айлдал бидэнд Есүсийн хувирлын тухай өгүүллээ (Марк 9:2-10).
Есүс шавь нартаа Өөрийн Тарчлалтыг зөгнөн хэлсний дараа Петр, Иаков, Иохан нарыг дагуулан өндөр ууланд гарч, тэнд Өөрийнхөө бүхий л гэрэл гэгээг харуулдаг. Ингэж Тэр тэдэнд тэр мөчийг хүртэл хамт туулж өнгөрүүлсэн зүйлсийнхээ утгыг илчилдэг. Тэнгэрийн Хаанчлал болон гэм нүглийн уучлал өршөөлийн тухай номлол, өвчтөнүүдийн эдгээлт болон гүйцэтгэсэн тэмдгүүд нь үнэхээр л илүү агуу гэрэл болох Есүсийн гэрлийн, Есүс хэмээх гэрлийн оч нь байв. Энэ гэрлээс өөр тийш харцаа чиглүүлэхгүй байхыг Тэр шавь нартаа сургасан. Ялангуяа удахгүй болох Есүсийн Тарчлалт шиг сорилттой тулгарсан үедээ Түүний гэрлээс өөр тийш харцаа чиглүүлэхгүй байхыг Тэр сургасан билээ.
Есүсийн гэрлээс өөр тийш хэзээ ч бүү харцаа чиглүүл. Энэ бол өнөөдрийн захиас. Энэ яг л тариаланчдын тариан талбайгаа хагалахдаа хийдэг байсан зүйлтэй адил. Тэд газар хагалахдаа харцаа өмнөө байгаа тодорхой нэг цэг дээр төвлөрүүлж, төвлөрүүлсэн чигээрээ урагшилж шулуун ховилууд гарган газрыг хагалдаг байсан.
Христэд итгэгч бид нар амьдралын замыг туулахдаа Есүсийн гэрэлтсэн царайг нүднийхээ өмнө үргэлж байлгах учиртай.
Ахан дүүс ээ, Есүсийн гэрлийг угтан авахад нээлттэй байцгаая! Тэр бол хайр, Тэр бол мөнх амьдрал. Заримдаа нугачаа ихтэй оршихуйн энэ замд нигүүлсэл, хувиршгүй үнэнч байдал, найдвараар дүүрэн Түүний царайг эрэлхийлцгээе. Үүнийг хийхэд бидэнд Залбирал, Түүний Үгийг сонсох болон Үндсэн ёслолууд, тэр дундаа Наманчлал болон Эвхарист туслах болно. Залбирал, Үг болон Үндсэн ёслолууд нь Есүс дээр харцаа төвлөрүүлэхэд бидэнд тусалдаг. Дөч хоногт цаг улирлын үеэр нээлттэй хандлагыг төлөвшүүлж, залбирлаас болон хүмүүсээс "гэрлийг эрэлхийлэгч" буюу Есүсийн гэрлийг эрэлхийлэгч болох шийдвэрийг гаргавал сайн.
Иймд өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Надтай хамт байдаг Христ дээр би харцаа төвлөрүүлдэг билүү? Ингэхийн тулд чимээгүй байж, залбирч, шүтэн бишрэх орон зайг би гаргадаг билүү? Эцэст нь, миний болон ахан дүүсийн маань дотор тусах Есүсийн гэрлийн туяа бүрийг би олж хардаг билүү? Үүний төлөө би Түүнд талархлаа илэрхийлдэг билүү?
Тэнгэрбурханы гэрлээр гэрэлтдэг Мариа эх бидэнд харцаа Есүс рүү чиглүүлэхэд болон нэг нэгнээ итгэл, хайрын харцаар харахад туслах болтугай.
Анжелусын дараа хэлсэн үгс
Эрхэм ахан дүүс ээ,
Өчигдөр буюу 2 сарын 24-ний өдөр Украинд томоохон дайн эхлээд хоёр жил болсныг бид харамсан саналаа. Аймшигтай урт энэ хугацаа хэчнээн олон хүнийг хохироож, гэмтээж, хэчнээн их сүйрэл, зовлон шаналал, нулимсыг авчрав аа! Одоо ч энэ бүхэн хэзээ дуусгавар болох нь тодорхойгүй байна! Энэ дайн Европын бүс нутгийг донсолгосон төдийгүй дэлхий даяар айдас, үзэн ядалтын давлагааг бий болгож байна. Зовж шаналж буй Украины ард түмнийг чин сэтгэлээсээ хайрлахын зэрэгцээ би хүн бүрийн төлөө, ялангуяа тоо томшгүй олон гэмгүй хохирогчдын төлөө залбирсаар байгаа. Шударга, тогтвортой энх тайвныг эрэлхийлж дипломат арга замаар дайныг шийдвэрлэхийн тулд илүү хүнлэг хандахыг би чин сэтгэлээсээ гуйж байна. Мөн бид Палестин, Израилын төлөө, дайнаас болж тарж бутарсан ард түмнүүдийн төлөө залбирч, зовж шаналж буй хүмүүст бодитоор туслахаа мартаж болохгүй! Учирсан асар их зовлон зүдүүр болон шархадсан, гэм зэмгүй хүүхдүүдийн талаар бодоцгооё.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын зүүн хэсэгт хүчирхийлэл улам газар авч байгааг би санаа зовон ажиглаж байна. Мөргөлдөөнүүд зогсож, чин сэтгэлийн бүтээлч яриа хэлэлцээр явагдах болтугай хэмээх найдвартайгаар би хамба лам нарын хамт энх тайвны төлөө залбирч байна.
Нигерт хүн хулгайлах явдал улам бүр нэмэгдэж байгаа нь сэтгэл түгшээж байна. Би залбирлаараа Нигерийн ард түмэнтэй ойр байгаагаа илэрхийлэхийн сацуу хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсооход Нигери улс хүчин чармайлт гаргана гэж найдаж байна.
Мөн ноцтой үр дагавруудыг авчирсан хүчтэй хүйтний давалгаанд нэрвэгдээд буй Монгол Улсын ард түмэнтэй би сэтгэлээрээ ойр байна. Энэхүү эрс тэс үзэгдэл нь цаг уурын өөрчлөлт, түүний үр нөлөөний илрэл юм. Уур амьсгалын хямрал бол олон ах дүүгийн маань, ялангуяа хамгийн эмзэг бүлгийн хүмүүсийн амьдралд гүн гүнзгий нөлөөлж буй дэлхийн асуудал билээ. Тэнгэрбурханы бүтээлийг арчлан халамжлахад хувь нэмрээ оруулахын тулд мэргэн, зоригтой сонголтуудыг хийх чадвартай байхын төлөө залбирцгаая.
Ром болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сүсэгтэн олон, ялангуяа Хаены (Испани улс) мөргөлчид, Парисаас ирсэн залуу Грек-Католик Румынчууд, Польш, Румын, Италийн Шинэ сонсогчдын нийгэмлэгүүдэд би энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Мөн Посиллипогийн Санваартны Сургууль, Католик хөдөлгөөний олон улсын форумын хэрэг эрхлэх газар, Палианогийн скаутууд болон Ластра Синьа, Торре Майна, Горзано тосгоны бататгал хүртэх гэж буй хүмүүстэй мэндчилье.
Италийн ховор өвчнүүдийн холбоо, "Режио Рикама" соёлын дугуйлан, Хүчирхийлэлгүй хөдөлгөөний гишүүд, N.O.E.T.A.A Холбооны сайн дурын ажилтнуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Бас Иммаколатагийн залуучуудтай мэндчилье.
Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.