Марк 1:14-20

2024-01-21

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд анхны шавь нар хэрхэн дуудагдсан талаар өгүүллээ (Марк 1:14-20). Есүс олон түмний төлөөх үйлчлэлээ эхлүүлэхээсээ өмнө зарим хүнийг Өөртөө дуудсан билээ. Тэр залуу загасчид руу очоод, тэднийг Өөрийг нь дагаж “хүмүүсийн загасчид” болохыг урьсан (эшлэл 17). Энэ нь бидэнд нэгэн чухал зүйлийг хэлж өгдөг. Эзэн биднийг авралын ажилдаа татан оролцуулах дуртай бөгөөд Тэр биднийг Түүнтэй хамт идэвхтэй ажиллахыг хүсдэг. Тэр биднийг хариуцлагатай гол дүрүүд байхыг хүсдэг. Идэвхгүй, Эзэнийг тунхаглах ажилд хариуцлагагүй ханддаг, итгэлийн амьдралынхаа гол дүр нь болоогүй Христэд итгэгч бол Христэд итгэгч биш. Эсвэл тэр эмээгийн маань хэлдэг байсанчлан "хэврэгхэн" Христэд итгэгч юм.

Зарчмын хувьд Тэнгэрбурханд бид хэрэггүй мэт боловч, бидний олон хязгаарлалтыг Тэр өөртөө үүрэн, нүгэлтнүүд байхад маань хүртэл биднийг Өөртөө хэрэгтэй гэж үзсэн билээ. Жишээлбэл, Есүс шавь нартаа ямар тэвчээртэй хандаж байсныг санацгаая. Тэд ихэнхдээ Түүний үгийг ойлгодоггүй байсан (Лук 9:51-56). Заримдаа тэд өөр хоорондоо ч эв түнжингүй (Марк 10:41) байдаг байв. Тэд Есүсийн номлосон зүйлсээс үйлчлэл гэх мэт зарим чухал хэсгийг удаан хугацаанд ойлгож хүлээж авч чадаагүй (Лук 22:27). Гэсэн хэдий ч Есүс тэднийг сонгож, тэдэнд итгэсээр байсан. Эзэн биднийг Христэд итгэгч нар болгохоор сонгосон гэдэг нь чухал юм. Бид нэг нүглийн араас нөгөөг нь үйлдсээр байдаг нүгэлтнүүд боловч Эзэн бидэнд итгэсээр байдаг нь гайхалтай.

Үнэн хэрэгтээ Тэнгэрбурханы авралыг хүн бүрд авчрах нь Есүсийн хувьд хамгийн агуу баяр баясгалан, даалгавар нь, оршин тогтнолынх нь утга учир бөгөөд (Иохан 6:38) Өөрийнх нь хэлснээр, хоол нь байсан (Иохан 4:34). Түүнтэй хамт байхдаа хэлсэн үгс, хийсэн үйлдлүүд маань, бусдад хайрыг өгөх гэсэн сайхан адал явдал маань зөвхөн бидний эргэн тойронд төдийгүй бидний дотор ч бас гэрэл гэгээ, баяр баясгаланг үржүүлэн нэмэгдүүлдэг (Исаиа 9:2). Сайн мэдээг тунхаглах нь цагийн гарз биш. Энэ бол бусдад аз жаргалтай болоход туслах замаар өөрсдөө илүү аз жаргалтай болох; бусдыг чөлөөлөгдөхөд туслах замаар өөрсдийгөө чөлөөлөх; бусдыг илүү сайн болоход туслах замаар өөрсдөө сайжрах явдал!

Тиймээс өөрсдөөсөө ингэж асууцгаая: Есүсийг таньж мэдэж, бусдад гэрчлэх дуудлагыг хүлээн авах үедээ миний дотор болон эргэн тойронд минь өсөн нэмэгдсэн баяр баясгаланг би хааяа эргэцүүлэн санадаг билүү? Залбирах үедээ бусдыг баярлуулахаар намайг дуудсан Эзэнд талархдаг билүү? Эцэст нь би Есүсийг хайрлах нь ямар сайхан гэдгийг өөрийн гэрчлэл болон баяр баясгалангаараа дамжуулан бусдад амтлуулахыг хүсдэг билүү?

Цэвэр охин Мариа бидэнд Сайн мэдээний баяр баясгаланг амталж мэдэхэд туслах болтугай.

 

Анжелус залбирлын дараа Ариун Эцгийн хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Хэдэн сарын дараа бид Ойн баярт жилийг эхлүүлэн Ариун хаалгыг нээх болно. Энэхүү хишиг ивээлтэй үйл явдлыг сайхан өнгөрүүлж, Тэнгэрбурханы найдварын хүчийг мэдрэхэд өөрсдийгөө бэлтгэхийн тулд залбирлаа эрчимжүүлэхийг би та бүхнээс хүсэж байна. Тиймээс өнөөдөр бид Залбирлын жилийг эхлүүлнэ. Энэ нь хувийн, Сүмийн болон дэлхий дээрх амьдралд залбирал агуу үнэ цэнтэй, туйлын хэрэгцээтэй болохыг дахин олж нээхэд зориулагдсан жил байх юм. Үүнд Сайн мэдээг түгээх Дикастери бидэнд шаардлагатай материал нөөцөөр туслах болно.

Ойрын өдрүүдэд тусгайлан Христийн шашинтнуудын эв нэгдлийн төлөө залбирцгаая. Мөн бид Украин, Израил, Палестин болон дэлхийн бусад олон хэсэгт энх тайван тогтохын төлөө Эзэнийг дуудан залбирахаас шантарч болохгүй. Энх тайван тогтоогүй газар үргэлж хамгийн сул дорой хүмүүс л хохирдог. Бяцхан үрс, бэртэж гэмтэн амь насаа алдсан олон хүүхэд, хайр энхрийлэл дутагдсан, хүсэл мөрөөдөл, ирээдүйгээ алдсан хүүхдүүд миний бодолд үргэлж байдаг. Тэдний төлөө залбирч, амар амгаланг бий болгох үүрэг хариуцлагаа санацгаая!

Гаитид Католик шашны зургаан гэлэнмааг оролцуулан хэсэг хүмүүсийг хулгайлсан гэдэг мэдээг сонсоод би их харууссан. Тэднийг суллахыг чин сэтгэлээсээ гуйж байна. Тус улсын нийгэм эв түнжинтэй байхын төлөө би залбирч байгаа. Гаитигийн эрхэм ард түмэнд ихээхэн зовлон учруулж буй хүчирхийлэлд эцэс тавихыг би бүх хүнээс хүсэж байна.

Ром хот, Итали болон дэлхийн олон орноос ирсэн хүмүүс, ялангуяа Польш, Албани, Колумбын мөргөлчид, Испанийн Куэнка хотын Педро Мерседес Институтын оюутнууд; Флоренц хотод суралцаж буй их сургуулийн Америк оюутнууд; Панамын охидын бүлэг; мөн Эквадороос ирсэн санваартнууд, цагаач нартай мэндчилье. Эквадорт энх тайван тогтохын төлөө би залбирч байгаа. Мөн Италийн католик багш, менежер, сурган хүмүүжүүлэгч, бэлтгэгчдийн холбоо, Массафра, Перужагийн сүсэгтэн олон болон Палмигаас ирсэн Agesci скаутын бүлгийнхэнд мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхэн Ням гарагийг сайхан өнгөрүүлээрэй. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!