Иохан 1:35-42

2024-01-14

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал Есүс анхны шавь нартайгаа уулзсан түүхийг өгүүлжээ (Иохан 1:35-42). Энэхүү үзэгдэл биднийг Есүстэй анх учирсан үеэ санахад хүргэж байна. Бид бүгд хүүхэд байхдаа, эсвэл өсвөр залуу насандаа, магадгүй насанд хүрсэн хойноо Есүстэй анх учирсан... Би Есүстэй хэзээ анх учирсан билээ? гэдгээ түрхэн зуур санахыг хичээгээрэй. Тэрхүү бодол, дурсамжийг санасны дараа Түүнийг дагахын баяр баясгаланг шинээр мэдэрч, өөрөөсөө Есүсийг дагаж, Есүсийн шавь байх нь ямар утга учиртай болохыг асуугаарай. Өнөөдрийн Сайн мэдээний айлдлын дагуу бид Есүсийг эрж хайх, Есүстэй хамт байх, Есүсийг зарлан тунхаглах гэсэн гурван үгийг тунгаах болно. Эрж хайх, хамт байх, зарлан тунхаглах.

Юуны өмнө эрж хайх гэсэн үгийг авч үзье. Баптисч Иоханы гэрчлэлийн ачаар хоёр шавь нь Есүсийг дагаж эхэлдэг. Есүс “тэдний дагахыг хараад, тэднээс ‘Та нар юу эрнэ вэ?’ гэж асуусан” (эшлэл 38). Эдгээр нь Түүний шавь нартаа хандаж хэлсэн эхний үгс байлаа. Юуны өмнө Есүс тэднийг өөрсдийн дотоод сэтгэлээ цэгнэж, тээж явдаг хүслүүдээ өөрсдөөсөө асууж мэдэхийг урьсан юм. "Та нар юу эрнэ вэ?". Эзэн тэднийг шашинд татан оруулахыг хүсээгүй. Тэр өнгөцхөн дагагч нарыг олж авахыг хүсээгүй. Эзэн хүмүүсийг өөрсдөөсөө асуулт асуухыг, Түүний үгээр өөрсдийгөө сорихыг хүсдэг. Тиймээс Есүсийн шавь байхын тулд юуны түрүүнд Түүнийг эрэлхийлэх нь чухал. Үүний дараа ханасан,  маадгар зүрхтэй биш харин нээлттэй, эрж хайсан зүрхтэй байх хэрэгтэй.

Хамт байх гэсэн хоёр дахь үйл үгээр анхны шавь нар юуг эрэлхийлж байв? Тэд Тэнгэрбурханы тухай мэдээ, мэдээлэл, тэмдэг, гайхамшгуудыг эрэлхийлээгүй. Харин тэд Есүстэй, Мессиатай уулзаж, Түүнтэй ярилцаж, Түүнтэй хамт байж, Түүнийг сонсохыг хүссэн. Тэдний хамгийн түрүүнд асуусан асуулт нь "Та хаана байгаа вэ?" гэх асуулт байлаа (эшлэл 38). Христ тэднийг Өөртэй нь хамт байхыг урьж: “Ир, та нар харна” гэдэг (эшлэл 39). Түүнтэй хамт байж, Түүнтэй хамт үлдэх нь Эзэний шавийн хувьд хамгийн чухал зүйл. Товчхондоо, итгэл бол онол биш. Итгэл бол учрал билээ. Итгэл гэдэг Эзэн хаана байгааг харж, Түүнтэй хамт амьдрахыг хэлдэг. Эзэнтэй уулзаж, Түүнтэй үлдэхийг хэлнэ.

Түүнийг эрж хайж, хамт байсны эцэст Түүнийг зарлан тунхаглах нь. Шавь нар Есүсийг хайж, Түүнтэй хамт явж, бүхэл бүтэн үдшийн турш хамт байсан. Тэд буцаж ирээд Түүнийг тунхаглаж эхэлдэг. Эрж хайх, хамт байх, тунхаглах. Би Есүсийг эрж хайдаг уу? Есүстэй хамт байдаг уу? Надад Есүсийг тунхаглах зориг байна уу? Шавь нарын Есүстэй анх уулзсан цаг маш хүчтэй туршлага байсан тул тэр хоёр Түүнтэй уулзсан цагаа хүртэл санаж байв: “Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа.” (эшлэл 39). Энэ нь бидэнд тэрхүү учрал ямар хүчтэй байсныг мэдэх боломжийг олгосон юм. Тэдний зүрх сэтгэл маш их баяр баясгалангаар дүүрсэн тул тэд хүлээн авсан бэлгээ шууд бусадтай ярьж хуваалцсан. Үнэхээр ч хоёр шавийн нэг Андрей ахтайгаа үүнийг хуваалцах гэж яардаг билээ.

Ахан дүүс ээ, өнөөдөр бид ч бас Эзэнтэй анх уулзсан цагаа эргэн санацгаая. Хүн нэг бүр гэр бүл дотроо ч юм уу, гэр бүлийнхээ гадна Есүстэй анх учирсан... Би Эзэнтэй хэзээ учирсан билээ? Эзэн хэдийд миний зүрх сэтгэлд хүрсэн бэ? Өөрсдөөсөө ингэж асууцгаая: бид Эзэнд сэтгэл татагдсан шавь нар байгаа хэвээрээ юу? Бид Түүнийг эрж хайж байна уу, эсвэл дадал зуршлаас бүрдсэн итгэлийн амьдралд дасчихсан уу? Бид залбирлаар Түүнтэй хамт байж, Түүнтэй хамт чимээгүй сууж мэддэг билүү? Би өөрөө залбирал дотроо Эзэнтэй хамт үлдэж, Түүнтэй хамт чимээгүй байж мэддэг билүү? Цаашлаад Эзэнтэй уулзах учралын гоо сайхныг хуваалцаж, Түүнийг тунхаглах хүслийг бид мэдэрч байна уу?

Есүсийн анхны шавь, Гэгээнээс Гэгээн Мариа эх бидэнд Түүнийг хайж, Түүнтэй хамт байж, Түүнийг тунхаглах хүслийг өгөх болтугай.

 

Анжелус залбирлын дараа Ариун Эцгийн хэлсэн үгс

Ромчууд, мөн Италийн бусад нутгаас болон дэлхийн олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ялангуяа Испанийн Hermandad Sacramental de Nuestra Señora de los Remedios бүлгийн гишүүдэд би мэндчилгээ дэвшүүлж байна.

Олон хүний амийг авч одсон Колумбад болсон хөрсний гулгалтаас болж хохирсон хүмүүсийн төлөө залбирахаа бид мартаж болохгүй.

Дэлхийн өнцөг булан бүрд, ялангуяа Украин, Палестин, Израилын дайны харгислалд өртсөн хүмүүсийг ч бид мартаж болохгүй. Оны эхээр бид амар амгаланг нэг нэгэндээ хүсэн ерөөж байсан ч зэр зэвсгүүд хүмүүсийг хороож устгасан хэвээр байна. Энгийн иргэдийг үхэлд хүргэж, хот, дэд бүтцийг сүйтгэдэг учраас дайн нь зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам биш гэдгийг мөргөлдөөнийг зогсоох эрх мэдэлтэй хүмүүс эргэцүүлэн бодоосой хэмээн залбирцгаая. Өөрөөр хэлбэл, өнөөдөр дайн өөрөө хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм. Үүнийг мартаж болохгүй. Дайн өөрөө хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Хүмүүст энх тайван хэрэгтэй! Дэлхийд энх тайван хэрэгтэй! Хэдэн минутын өмнө "A Sua Immagine" нэвтрүүлгээр Иерусалим дахь Ариун нандин газрыг хариуцан хамгаалагч Фалтас санваартан энх тайвны төлөөх боловсролын талаар ярьж байхыг би сонслоо. Бид хүүхдүүдээ энх тайван байхад сургах ёстой. Хүн төрөлхтөн бүхэлдээ дайныг зогсоох хэмжээнд хангалттай боловсроогүй байгааг бид харж байна. Бүгдээрээ энх тайвны төлөөх боловсролын хишиг ивээлийг хүртэхийн төлөө ямагт залбирцгаая.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!