Марк 13: 33-37

2023-12-03

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдөр ч гэсэн би эргэцүүлэмжийг бүгдийг нь уншиж чадахгүй нь. Миний бие сайжирч байгаа ч хоолой маань сайнгүй хэвээр байна. Өнөөдрийн шашны сургалтын хичээлийг Монсиньор Брайда та бүхэнд уншиж өгөх болно.

Өнөөдөр буюу Ирэлтийн улирлын эхний ням гарагт, литургийн уншлагаар бид Сайн мэдээний товчхон айлдлыг сонслоо (Марк 13: 33-37). Есүс бидэнд хандан энгийн бөгөөд шулуунаар гурван удаа "Сэрэмжлэгтүн" (ишлэл 33, 35, 37) хэмээн сургамжилсан.

Тиймээс өнөөдрийн айлдлын сэдэв бол сонор сэрэмж. Үүнийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Заримдаа бид сонор сэрэмжтэй байх эрдмийг ойртож буй мөхлөөс айх айдсаар өдөөгдсөн нэгэн хандлага гэж ойлгодог. Яг л тэнгэрээс солир унах гэж байгаа мэт, түүнд даруулахгүйн тулд даруйхан бултахад бэлэн байхтай адилаар бид сонор сэрэмжийг ойлгодог. Гэвч мэдээж Христэд итгэгчдийн хувьд сонор сэрэмж гэдэг нь ийм утгатай биш!

Есүс үүнийг тайлбарлахдаа эргэн ирэх эзэн болон түүнийг хүлээж буй зарц нарын тухай сургаалт зүйрлэлийг ашигладаг (ишлэл 34). Библид гарч буй зарц бол эзнийхээ “итгэмжтэй хүн” нь бөгөөд тэд ихэвчлэн хамтран ажиллаж, ойр дотно харилцаатай байдаг. Жишээлбэл, Мосег Бурханы зарц гэж тодорхойлсон (Тооллого 12:7) байдгийг болон Мариа өөрийнхөө тухай “Эзэний шивэгчнийг харагтун” (Лук 1:38) гэж хэлдгийг бодвол, зарц нарын сонор сэрэмж гэдэг нь айдсаас биш, харин ирэх гэж буй Эзэнтэйгээ уулзах гэсэн хүлээлт хүслээс үүдэлтэй гэдгийг харж болно. Тэд Эзэндээ санаа тавьдаг учраас түүнийг эргэн ирэхэд бэлдэж, ирэхэд нь гэрийг нь халуун дотно, эмх цэгцтэй байлгахыг хүсдэг. Тэд түүнийг харахдаа баяртай байх бөгөөд Эзнийхээ эргэн ирэлтийг өөрсдөө нэг хэсэг нь болсон бүрэн бүтэн том гэр бүлийн баяр болгон тэмдэглэхээр тэсэн ядан хүлээнэ.

Чухамхүү ийм халамж хайраар дүүрэн хүлээлтээр бид ч бас Есүсийг угтан авахад бэлдэх учиртай. Есүс хэдэн долоо хоногийн дараа бидний тэмдэглэх Христмасаар (Зул сарын баяраар) ирнэ. Тэр ертөнцийн төгсгөлд сүр жавхлантайгаар ирнэ. Тэр бас өдөр бүр Эвхаристаар, Өөрийн Үгээр, ахан дүүсээр маань, тэр дундаа хамгийн тусламж хэрэгцээтэй хүмүүсээр дамжуулан бидэн дээр ирдэг.

Тиймээс, ирэх долоо хоногуудад бүгдээрээ сэтгэл зүрхнийхээ өргөөг эмх цэгцтэй, зочломтгой байлгахын тулд онцгойлон бэлдэцгээе. Ер нь сонор сэрэмжтэй байна гэдэг нь зүрх сэтгэлээ бэлэн байлгана гэсэн үг. Энэ бол шөнө ядралтын уруу таталтад автаад унтчихгүй, харин нарны гэрлийг хүлээн сэрүүн байдаг харуулын хандлага юм. Эзэн бол бидний гэрэл бөгөөд Түүнийг залбирлаар угтаж, зочлон хүндлэхэд зүрх сэтгэлээ хандуулах нь сайн. Ийм бэлтгэлийг хийснээр бид Эзний тав тухыг хангах юм. Залбиралд өөрийгөө зориулдаг байсан Турсын Гэгээн Мартин нөмрөгийнхөө талыг нэгэн ядуу хүнд өгсний дараа Есүсийг нөмрөгийн яг тэр хэсгээр өөрийгөө ороосон байхыг зүүдэлсэн гэдэг. Ирэлтийн цаг улиралд зориулан бид тусламж хэрэгтэй байгаа ахан дүүстэйгээ уулзаж, чадах бүхнээ хуваалцвал сайн. Тэднийг сонсох, тэдэнд цаг гаргах, тодорхой тусламж үзүүлэх замаар үүнийг хийж болно. Ингэх болгонд бид Есүстэй уулздаг.

Эрхэм нөхөд өө, өнөөдөр бүгдээрээ хэрхэн найрсаг зүрхээр Эзэнийг хүлээн авахад бэлдэх вэ хэмээн өөрсдөөсөө асууцгаая. Бид Түүний өршөөл, Түүний Үг, Түүний Ширээнд дөхөж очин, залбирах зай гаргаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг угтан авах замаар үүнийг хийх боломжтой. Есүсийг угтан авахаар бэлтгэх үедээ утга учиргүй олон зүйлд сатааралгүйгээр, байнга гомдоллолгүйгээр зүрх сэтгэлээ сэргэг, сэрүүн, бэлэн байлгаж, Түүнтэй уулзахыг тэсэн ядан хүлээцгээе.

 

Итгэлээр дүүрэн Цэвэр Охин Мариа ирж буй Хүүг нь хүлээн авахад бидэнд туслах болтугай.

 

Анжелусын дараа хэлсэн үгс

 

Эрхэм ахан дүүс ээ,

Израил, Палестинд нөхцөл байдал хүнд байна. Галыг түр зогсоох тохиролцоо дуусгавар болсон нь бидний сэтгэлийг өвтгөлөө. Учир нь энэ бол үхэл, сүйрэл, зовлон зүдүүрийн цондон юм. Барьцаалагдсан олон хүн суллагдсан хэдий ч олон хүн Газын зурваст байсаар байна. Хайртай хүмүүсээ дахин тэврэх найдвар, гэрэл гэгээг харсан тэдний гэр бүлийнхний тухай бодоцгооё. Газад хүмүүс маш их зовлон зүдүүртэй байна. Тэд наад захын хэрэгцээний зүйлсээр дутагдаж байна. Дайнд оролцож буй хүмүүс аль болох хурдан галыг зогсоох шинэ хэлэлцээрт хүрч, зэвсэг хэрэглэхээс өөр шийдлийг олж, энх тайвны төлөө зориг гаргахыг хичээнэ гэж би найдна.

Филиппинд өнөөдөр өглөө Талархал магтаалын мөргөлийн үеэр тэсрэх бөмбөг дэлбэрсэн. Энэ халдлагад өртсөн хүмүүсийн төлөө би залбирч байгаагаа хэлмээр байна. Маш их хохирол амссан Минданаогийн гэр бүлүүд, ард түмэнтэй би сэтгэл зүрхээрээ ойр байна.

Дубайд болж буй COP 28 бага хуралд би зайнаас ч гэсэн ихээхэн анхаарал хандуулж байгаа. Би тэдэнтэй ойрхон байна. Цаг уурын өөрчлөлтөд улс төрийн тодорхой өөрчлөлтөөр хариу өгөхийг би дахин уриалъя. Ганц талыг баримтлах үзэл болон үндсэрхэг үзлээс үүдэлтэй бэрхшээлүүдийг давж, өнгөрсөн үеийн сэтгэлгээг орхин нэгдмэл алсын харааг хүлээн авч, дэлхийд хэрэгтэй өөрчлөлтийг хийхийн төлөө бүх хүчин чармайлтаа яг одоо гаргацгаая.

Өнөөдөр олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. Ийм бэрхшээлтэй тулгарсан хүмүүсийг угтан авч, нийгэмд оролцуулах нь нийгмийг бүхэлд нь илүү хүмүүнлэг болоход тусалдаг. Гэр бүл, сүм, сургууль, ажил, спортын талбарт хэнийг ч гадна үлдээлгүйгээр хүн бүрийг онцлог чанар, чадвараар нь үнэлж сурцгаая.

Ром, Италийн бусад хэсэг болон дэлхийн өөр өөр газраас ирсэн мөргөлчид, ялангуяа саяхан Ром хотноо хутагт хэргэмийг олсон Улмагийн тарчлагч гэр бүлийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцож буй Польш хүмүүстэй халуунаар мэндчилье.

Би Флоренц, Сиена, Бриндизи, Козенза, Адрано хотуудаас ирсэн мөргөлчид болон сүмийн бүлгүүдтэй мэндчилж байна.

Та бүхэнд Ням гарагийг болон Ирэлтийн цаг улирлыг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!