Матай 25:14-30

2023-11-19

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд талантын тухай сургаалт зүйрлэлийг танилцууллаа (Матай 25:14-30). Талант гэдэг нь мөнгөний нэгж байсан. Эзэн нь аян замд гарахдаа зарц нартаа өөрийн талант, эд хөрөнгө буюу "капиталыг" даатгадаг. Тэр тус бүрд нь чадварынх дагуу талантыг хуваарилдаг. Эзэн нь буцаж ирээд зарц нартайгаа тооцоо боддог. Тэдний хоёр нь хүлээн авсан талантаа хоёр дахин нэмэгдүүлсэн учир эзэн нь тэднийг магтана. Харин гурав дахь нь айсандаа талантаа булж байгаад буцааж өгсөн тул эзнээсээ хатуу зэмлэл хүртдэг. Энэ сургаалт зүйрлэлээс бид Тэнгэрбурханд хандах хоёр өөр хандлагыг мэдэж авч болно.

Эхнийх нь өөрийн авсан талантыг булж, Тэнгэрбурханы өгсөн баялгийг олж харахгүй байгаа нэгний хандлага. Тэр эзэндээ ч, өөртөө ч итгээгүй. Харин ч тэр эзэндээ: “Эзэн, би таныг тариалаагүй газраасаа хадаж авдаг, цацаагүй газраасаа хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ” (ишлэл 24) гэж хэлсэн. Тэр эзнээсээ айжээ. Эзэн нь түүнийг үнэлж итгэл хүлээлгэсэн гэдгийг тэр олж хараагүй, харин өгснөөсөө илүүг шаарддаг эзэн, шүүгчийг л олж харсан. Тэнгэрбурханы дүр төрх түүний хувьд ийм аж. Тэр Түүний сайн сайханд, өөрт нь хандах Эзэний сайхан сэтгэлд итгэж чадаагүй. Тийм ч учраас тэр нэг байрандаа гацаж, хүлээн авсан даалгавраа биелүүлэхийг өөртөө зөвшөөрөөгүй аж.

Харин эзэндээ итгэснээрээ итгэлийг нь хариулдаг нөгөө хоёр зарцаас бид хоёр дахь хандлагыг олж харна.

Тэр хоёр зарц сайн үр дүн гарах эсэхийг эхэндээ мэдэхгүй байсан ч гэсэн хүлээн авсан бүх талантаараа хөрөнгө оруулдаг. Тэд судалж, боломжуудыг олж харж, хамгийн сайн боломжийг хичээнгүйлэн эрэлхийлжээ. Тэд эрсдэлийг хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө эрсдэлд оруулсан. Тэд итгэж, судалж, эрсдэл хүлээсэн. Тэд чөлөөтэй, бүтээлчээр ажиллаж, шинэ баялгийг бүтээх эр зоригтой байв (ишлэл 20-23).

Ахан дүүс ээ, Тэнгэрбурхантай нүүр тулах үед бид айдас эсвэл итгэлийн аль нэгийг сонгох болдог. Нэг бол Тэнгэрбурханаас айна, эсвэл Түүнд итгэнэ. Сургаалт зүйрлэлийн гол баатруудын адилаар бид бүгд мөнгөнөөс ч илүү үнэ цэнтэй талантуудыг хүлээн авсан билээ. Гэхдээ тэдгээрийг хэрхэн хөрөнгө оруулах маань зүрх сэтгэлийг чөлөөлж, сайн зүйлд идэвхтэй, бүтээлч болгодог Эзэнд итгэх итгэлээс ихээхэн хамаардаг. Итгэл үргэлж биднийг эрх чөлөөтэй болгодог бол айдас хөшөөж орхидгийг бүү мартаарай. Айдас биднийг хөшөөж, итгэл  чөлөөлдөг гэдгийг санаарай. Хүүхдийн боловсролд ч энэ хамаатай. Бид өөрсдөөсөө ингэж асууцгаая. Тэнгэрбурхан бол миний Эцэг гэдэгт, Тэр надад итгэдэг учраас надад бэлгүүдийг даатгасан гэдэгт би итгэдэг үү? Үр дүн нь тодорхойгүй, чамлахуйц байсан ч гэлээ би өөрийгөө эрсдэлд оруулах хэмжээнд Түүнд итгэж байна уу? Би өдөр бүр залбирахдаа “Эзэн, би Танд итгэж байна, цааш явах хүчийг надад өгөөч. Би Танд, Таны надад өгсөн бүхэнд итгэдэг. Тэдгээрийг хэрхэн авч явахыг надад хэлж өгөөч" гэж хэлдэг үү?

Эцэст нь Сүмийн хүрээнд нэгэн зүйлийг тунгаан бодоцгооё. Бидэнд хамтдаа урагшлахад маань тусалдаг, хүмүүсийг нээж, хүн бүрийн бүтээлч хайрыг өдөөдөг итгэлцэл бүхий, харилцан нэгнээ үнэлж хүндэлсэн уур амьсгалыг бид эргэн тойрондоо төлөвшүүлж байгаа билүү?

Цэвэр Охин Мариа бидэнд айдсыг даван туулахад туслах болтугай - Тэнгэрбурханаас хэзээ ч бүү айгаарай! Түүнийг биширч болно, харин Түүнээс бүү ай. Эзэнд итгэ.

 

Анжелус залбирлын дараа Пап лам ийн үргэлжлүүлэв:

 

Эрхэм ахан дүүс ээ!

Өчигдөр Севиль хотод 1936 онд Испанийн иргэний дайны үед шашны хэлмэгдүүлэлтэд өртөн амь үрэгдсэн шашны хүрээний санваартан Мануэль Гонзалес-Серна болон бусад 19 санваартан, итгэгч нарт хутагт хэргэмийг олгосон. Тэдгээр тарчлагч нар Христийг эцсээ хүртэл гэрчилсэн юм. Тэдний үлгэр жишээ өнөө үед итгэл бишрэлээсээ болж гадуурхагдаж буй олон Христэд итгэгчийг тайтгаруулах болтугай. Хутагтын хэргэмийг хүртсэн тэдний төлөө алга ташицгаая!

Харамсалтайгаар хүчирхийлэл, дайралтад өртсөөр байгаа Мьянмарын ард түмэндээ би сэтгэлээрээ ойр байгаа гэдгээ дахин илэрхийлье. Тэд шантралгүйгээр Эзэний тусламжид үргэлж итгэж найдаасай хэмээн би залбирч байгаа.

Ахан дүүс ээ, тарчилж зовж буй Украин болон Палестин, Израилын хүн амын төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Энх тайванд хүрэх боломж бий. Үүний тулд нөхөрсөг хандлага хэрэгтэй. Энх тайвныг тогтоох боломжтой. Дайнд бууж өгөхгүй байцгаая! Дайн үргэлж, ямагт ялагдал байдаг гэдгийг мартаж болохгүй. Дайнаас зөвхөн зэвсэг үйлдвэрлэгчид л хождог.

Өнөөдөр бид "Ядуу хүнээс нүүрээ бүү буруул" (Тобит 4:7) гэсэн сэдэв дор Дэлхийн ядуусын долоо дахь өдрийг тэмдэглэж байна. Амьжиргаагаа залгуулахын тулд тэмцэж буй хүмүүс, гэр бүлүүдтэй эвлэлдэн нэгдэх үйл ажиллагааг зохион байгуулсан шашны хүрээнийхэн, сүмүүдэд би талархлаа илэрхийлье.

Мөн өнөөдөр бид зам тээврийн ослоос болж хохирсон бүх хүнийг санацгаая. Хамтдаа тэдний төлөө, төрөл төрөгсдийнх нь төлөө залбирч, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд хичээцгээе.

Мөн нөгөөдөр болох Дэлхийн загас агнуурын өдрийг энд онцлон дурдъя.

Итали болон дэлхийн бусад улс орноос ирсэн мөргөлчид та бүхэнтэй халуун дотноор мэндчилье. Мадрид, Ибиза, Варшавын сүсэгтэн олон болон Дэлхийн католик багш нарын холбооны зөвлөлийн гишүүдэд мэндчилгээ дэвшүүлье. Би Априлиа, Сан Фердинандо ди Пулиа болон СантАнтимогийн бүлгүүдтэй болон Орта Новагийн FIDAS холбоо, хараагүй хүмүүсийн төлөөлөгчдийн хөдөлгөөний "Хуваалцах өдөр"-т оролцогч нартай мэндчилж байна. Мөн Virgen del Quinche-гийн баярыг тэмдэглэж буй Ром дахь Эквадорын хүмүүст онцгой мэндчилгээг дэвшүүлье. Immacolata-гийн залуучуудад мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхний Ням гараг адисаар дүүрэн байгаасай хэмээн хүсье. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, аrrivederci!