Матай 25:1-13
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэндийг дэвшүүлье!
Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд хүн бүрийн амьдралын утга учиртай холбоотой түүхийг санал болгож байна. Энэ түүх нь сүйт залууг угтахаар гарсан арван охины тухай сургаалт зүйрлэл юм (Матай 25:1-13). Амьдрал бол Есүс рүү очих өдрийн агуу бэлтгэл билээ! Арван охины сургаалт зүйрлэлд тав нь ухаалаг, тав нь мунхаг байсан. Мэргэн ухаан, мунхаглал гэж юу болохыг хамтдаа харцгаая. Амьдралд мэргэн хандах, амьдралд мунхаг хандана гэдэг нь яахыг хэлдэг вэ?
Бид амьдралыг аз жаргалтайгаар төгсгөхийг хүсдэг шиг тэр сүйт бүсгүйчүүд сүйт залууг угтан авч, түүнтэй уулзахыг хүсэж байсан. Мэргэн ухаан ба мунхаглалын ялгаа нь сайн бодол санаанд оршдоггүй. Энэ нь тэдний уулзалтад цагтаа ирсэн эсэхтэй ч холбоогүй. Охид бүгд цагтаа очсон байсан шүү дээ. Ухаалаг, мунхаг хоёрын ялгаа нь бэлтгэлээ хангасан эсэхэд оршиж байна. Бичвэрт: "ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ" (эшлэл 4) гэсэн бол мунхгууд нь тэгээгүй ажээ. Ялгаа нь тосыг авсанд байна. Тэрхүү тосны шинж чанар нь юу вэ? Тос дэнлүүний дотор харагдахгүй боловч түүнгүйгээр дэнлүү гэрэлтэж чадахгүй.
Бид өөрсдийгөө харвал, бидний амьдралд ижил эрсдэл тулгарч буйг мэдэх болно. Ихэнхдээ бид гадаад төрхдөө маш их анхаарал тавьдаг. Өөрийнхөө дүр төрхийг сайтар хянаж, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх нь бидний хувьд хамгийн чухал зүйл болдог. Гэвч Есүс амьдралын мэргэн ухаан өөр зүйлд оршдог хэмээсэн. Харагдахгүй боловч илүү чухал зүйл буюу зүрх сэтгэлдээ анхаарал тавих нь ухаалаг юм. Дотоод сэтгэлээ төлөвшүүлнэ гэсэн үг. Энэ нь зогсоод зүрх сэтгэлээ чагнаж, өөрийн бодол санаа, мэдрэмжээ хянах чадвартай байхыг хэлнэ. Зүрх сэтгэлдээ юу болж буйг анзааралгүй өдрийг өнгөрүүлсэн удаа бидэнд хэр олон байна вэ? Бидний хүн нэг бүрийн дотор юу болж байна вэ? Мэргэн ухаан гэдэг өөрийгөө болон бусдыг сонсох чадвартай байхын тулд чимээгүй байх орон зайг гаргаж мэддэг байхыг хэлнэ. Утасны дэлгэц ширтэж өнгөрөөдөг цагаасаа заримыг нь бусдын нүд, өөрийн зүрх сэтгэл, биднийг тольдох Тэнгэрбурханы мэлмий дэх гэрлийг харахад зориулна гэсэн үг. Идэвхтэй завгүй байдлын занганд оролгүйгээр Эзэнд цаг заваа зориулж, Түүний үгийг сонсоно гэсэн үг.
Энэхүү Сайн мэдээний айлдал бидэнд дотоод сэтгэлийн буюу "сүнсний тосыг" бэлдэх, түүнийг үл тоомсорлохгүй байх зохист зөвлөгөөг өгч байна. Түүхээс бид онгон охид аль хэдийн дэнлүүг эзэмшсэн ч гэлээ тосыг бэлтгэх ёстой болохыг харж байна: тэд худалдаачинд очиж тосыг худалдаж аваад, дэнлүүнд хийх ёстой ... (эшлэл 7-9). Бид ч адилхан. Дотоод сэтгэлийн төлөвшил гэдэг урьдчилж төлөвлөлгүй тухайн мөчид бий болгох боломжгүй зүйл. Энэ нь хоромхон зуурт, хааяа нэг, эсвэл нэг удаа хийгээд л болчихдог зүйл биш. Хүн чухал зүйлд бэлдэхдээ удаан хугацаанд тууштай цаг зарцуулдагтай адилаар бид өдөр бүр багахан цагийг дотоод сэтгэлийн төлөвшилд зориулах ёстой.
Тиймээс өөрсдөөсөө асууцгаая. Амьдралын энэ мөчид би юу бэлдэж байна вэ? Сэтгэл дотроо би юуг бэлдэж байна вэ? Магадгүй би хуримтлал үүсгэхийг хичээж, байшин эсвэл шинэ машин авах тодорхой төлөвлөгөө гаргаж байж болох юм ... Эдгээр нь сайн зүйлс; муу зүйлс биш. Сайн зүйлс мөн. Гэхдээ би хажуугаар нь зүрх сэтгэлээ анхаарах, залбирах, бусдад болон амьдралын зорилго болсон Эзэнд үйлчлэхэд өөрийн цагийг зориулах талаар бодож байна уу? Товчхондоо сэтгэлийн минь тос хэр хэмжээтэй байна вэ? Хүн нэг бүр өөрөөсөө энэ асуултыг асууя. Миний сэтгэлийн тос ямар хэмжээтэй байна вэ? Би түүнийг нэмэгдүүлж, арчилж байна уу?
Манай Хатагтай бидэнд дотоод сэтгэлийнхээ тосыг нандигнан хадгалахад туслах болтугай.
Анжелусын дараа хэлсэн үг
Эрхэм ахан дүүс ээ!
Судан улс хэдэн сарын турш намжих шинжгүй иргэний дайнд нэрвэгдээд байна. Энэ дайны улмаас олон тооны хүн хохирч, сая саяараа орон гэргүй болж, хөрш орнууд руу дүрвэн хүмүүнлэгийн ноцтой байдал үүсжээ. Би Суданы эрхэм ард түмний зовлон зүдүүрт сэтгэлээрээ ойр байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламжийг хүрэлцээтэй болгох, олон улсын хүмүүсийн оролцоотойгоор энхийн замаар шийдэл олох арга замыг эрэлхийлэхийг орон нутгийн удирдагчдаас чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид зовж шаналж буй ахан дүүсээ мартаж болохгүй!
Бид өдөр бүр Израил, Палестин дахь маш ноцтой нөхцөл байдлын талаар бодож байна. Би зовж шаналж буй Палестин, Израил хүмүүстэй сэтгэлээрээ ойр байна. Энэ харанхуй цаг үед би тэднийг цээжиндээ наан тэдний төлөө залбирч байна. Зэвсэгт мөргөлдөөн зогсох болтугай. Тэд хэзээ ч энх тайванд хүргэхгүй. Мөргөлдөөн ширүүсэхгүй байх болтугай! Хангалттай! Хангалттай, ахан дүүс ээ! Газад шархадсан хүмүүсийг нэн даруй аварч, энгийн иргэдийг хамгаалж, гамшигт нэрвэгдсэн ард түмэнд илүү их хүмүүнлэгийн тусламж хүргэхийг зөвшөөрөөч. Барьцаалагдсан хүмүүс, тэр дундаа хөгшид, хүүхдүүд суллагдах болтугай. Христэд итгэгч, еврей, мусульман, ямар ч угсаа гарал, шашин шүтлэгтэй бай, хүн бүр Тэнгэрбурханы мэлмийд эрхэм нандин бөгөөд амар тайван амьдрах эрхтэй. Итгэл найдвараа алдалгүйгээр хүн чанар нь зүрхний хатууг даван дийлэхийн тулд залбирч, уйгагүй зүтгэцгээе.
Хоёр жилийн өмнө Laudato si’ Action Platform ажиллаж эхэлсэн. Би энэ санаачилгад нэгдсэн хүмүүст талархаж, экологийн өөрчлөн шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэн хийхийг дэмжиж байна. Үүнтэй холбогдуулан удахгүй Дубайд болох COP28 Уур амьсгалын өөрчлөлтийн хурлын төлөө залбирцгаая.
Өнөөдөр Италийн Сүм Талархлын баярыг "Хөдөө аж ахуйн хөгжлийн хамтын ажиллагааны хандлага" сэдвээр тэмдэглэж байна.
Итали болон дэлхийн бусад өнцөг булангаас ирсэн мөргөлчид, ялангуяа Польшийн Щецин-Камиены шашны хүрээний санваартнууд болон Аугсбург, Зара, Пореч, Пола, Порто, Парисын сүмийн бүлгүүд та бүхэнд би чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлье. Мөн Азийн орнуудын Сант’Эжидио нийгэмлэгийн гишүүдэд мэндчилж, сайн мэдээг түгээх, сурталчлах үйлсийг нь дэмжиж буйгаа илэрхийлье. Зоригтойгоор урагшлаарай! Та бүхэн энх тайвныг тогтооход тусалдаг билээ.
Би Воларне, Озиери, Кремона хотуудын сүсэгтнүүдэд мэндчилж байна. Гэгээн Иосафатын тарчлалын 400 жилийн ойг тэмдэглэхээр янз бүрийн улс орноос ирсэн сүсэгтнүүд, тэр дундаа Украины мөргөлчид, Базилийн лам нартай би халуун дотноор мэндчилье. Бүслэгдсэн эх оронд тань энх тайван тогтохын төлөө би та бүхэнтэй хамт залбиръя. Ахан дүүс ээ, тарчлан зовж буй Украиныг бид мартах учиргүй.
Би та бүгдэд бүтэн сайн өдрөө сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!