Матай 23:3

2023-11-05

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдрийн шашны ёслолын сайн мэдээний айлдлаас бид ард түмний шашны удирдагч болох хуулийн багш нар, фарисайчуудын тухай Есүсийн хэлсэн зарим үгийг сонслоо. Эрх мэдэлтэй эдгээр хүмүүсийн талаар ярихдаа Есүс "Тэд ярьдаг ч түүнийгээ эс үйлддэг" (Матай 23:3), "тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг" (Матай 23:5) хэмээн маш хатуу үгсийг ашигладаг. Есүс хэлэхдээ тэд номлодог зүйлээ хэрэгжүүлдэггүй, хийдэг бүх зүйл нь бусдад харагдахын тулд байдаг гэжээ.

Тиймээс хэлэх, хийх хоёрын хоорондох зай, дотоод сэтгэлээс илүү гаднах үзэмжийг чухалчлах гэсэн хоёр зүйл дээр түр анхаарлаа хандуулцгаая.

Хэлэх, хийх хоёрын хоорондох зай. Бусдад Тэнгэрбурханы үгийг заадаг Ариун сүмийн удирдлага хэмээн хүндлэгддэг Израилийн тэрхүү багш нарын амьдралын хуурмаг байдлыг Есүс эсэргүүцжээ. Тэдний номлодог зүйлс нь амьдралдаа хэрэгжүүлдэг зүйлсээс нь өөр байсан. Есүс зөнчдийн, тэр дундаа зөнч Исаиагийн хэлсэн үгсийг сануулдаг: “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа л Намайг хүндлэвч, зүрх нь Надаас алс хол байдаг.” (Ис 29:13). Бид хуурмаг зүрхний аюулаас үргэлж сэрэмжлэх ёстой. Бидэнд ч ийм аюул тулгардаг. Хуурмаг зүрхийг тээх нь бидний гэрчлэлийн жинхэнэ мөн чанарыг, түүнчлэн хувь хүн болон Христэд итгэгчийн хувиар бусдын итгэлийг даах чадварыг маань эрсдэлд оруулдаг.

Бид бүгд сул дорой учраас хэлсэн үгс, хийсэн үйлдлүүдийн маань хооронд тодорхой зөрүү байдаг. Гэвч хуурмаг зүрхтэй байх нь үүнээс өөр зүйл. Энэ бол ямар ч асуудалгүйгээр “нэг хөл нь усанд нөгөө хөл нь газарт” амьдрах явдал. Амьдралд ч, нийгэмд ч, сүмд ч үүрэг хариуцлага хүлээхээр дуудагдсан үедээ худал хуурмаг байдлаас татгалзацгаая. Санваартан, шашны хариуцлагатан, улс төрч, багш эсвэл эцэг эх гээд хэн ч бай хэлсэн, бусдад номлосон зүйлээ эхлээд өөрөө амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээ. Жинхэнэ багш болохын тулд бид эхлээд итгэлийн найдвартай гэрч байх ёстой.

Үг, үйлдлийн зөрүүнээс улбаалах үр дагавар нь дотоод сэтгэлээс илүү гаднах үзэмжийг чухалчлах явдал. Үнэндээ бусдад зааснаа өөрсдөө мөрддөггүй хуулийн багш нар болон фарисайчууд гаднах нэр хүндээ аврахын тулд үг үйлдлийн зөрүүтэй байдлаа нуухад анхаарч байсан юм. Хэрэв хүмүүс тэдний зүрх сэтгэлд юу байгааг мэдэж байсан бол тэд ичгэвтэр байдалд орж, бусдын итгэлийг алдах байв. Тиймээс тэд зөв харагдахын тулд бидний хэлдгээр "нэр нүүрээ бодсон" үйлдлүүдийг хийж байлаа. Энэ заль мэх маш түгээмэл - хүмүүс нүүрээ буддаг, амьдралаа буддаг, зүрх сэтгэлээ ч буддаг... Ийн "будсан" хүмүүс хэрхэн үнэн амьдрахаа мэддэггүй. Бид ч гэсэн хуурмаг амьдралын уруу таталтыг олон удаа мэдэрдэг.

Ахан дүүс ээ, бид ч бас Есүсийн энэхүү сэрэмжлүүлгийг хүлээн авч, өөрсдөөсөө ингэж асууцгаая: Бид номлосон зүйлээ хэрэгжүүлэхийг хичээдэг үү, эсвэл худал хуурмагаар амьдардаг уу? Бид хэлснээсээ өөр зүйл хийдэг үү? Бид зөвхөн гаднаасаа ямар ч өө сэвгүй харагдахад л санаа тавьж байна уу, эсвэл чин үнэн зүрхийг хөгжүүлэхэд анхаарч байна уу?

Бүгдээрээ Цэвэр охин Мариад хандацгаая. Тэнгэрбурханы тааллын дагуу үнэнч шударгаар, даруу зүрх сэтгэлтэйгээр амьдарч байсан тэр биднийг сайн мэдээний найдвартай гэрчүүд болоход туслах болтугай.

 

Эрхэм ахан дүүс ээ!

Олон олон хүн амиа алдсан Палестин, Израилын ноцтой нөхцөл байдлыг би үргэлж санаж яваа. Тэнгэрбурханы нэрээр би та бүхнээс зэвсэг хэрэглэхээ зогсоохыг гуйж байна. Мөргөлдөөний даамжралаас эрс зайлсхийж, шархадсан хүмүүсийг аварч, хүмүүнлэгийн байдал нэн хүнд байгаа Газын хүн амд тусламж хүргэх арга замыг эрэлхийлнэ гэж би найдаж байна. Барьцаалагдсан хүмүүсийг яаралтай суллахыг би та бүхнээс хүсэж байна. Тэдний дунд олон хүүхэд бий - тэднийг гэр бүлийнхэнд нь эргүүлж өгөөч! Энэ дайнд, Украинд болон бусад мөргөлдөөнд нэрвэгдэж, ирээдүй нь устан үгүй болж буй бүх хүүхдийг санацгаая. "Хангалттай" гэж хэлэх хүчний төлөө залбирцгаая.

Газар хөдлөлтийн улмаас зовж шаналж буй Непалын хүн ам, мөн Пакистанд орогнож байсан хэдий ч цаашид хаачихаа мэдэхгүй байгаа Афганистаны дүрвэгсэд миний сэтгэлд ойрхон байна. Мөн би Итали болон бусад улс оронд болсон шуурга, үерийн хохирогчдын төлөө залбирч байгаа.

Ром хотынхон болон орон орны мөргөлчид та бүхэнд би халуун мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа Вен болон Валенсиа хотын итгэгчид, Кальяригийн сүмийн бүлэг, Дээд Адиж дахь Лонгомосогийн хамтлаг, найрал дуучидтай мэндчилж байна. Би Роденго Сайано, Оме, Падернонегийн залуучууд; Кассина де Пеки болон Триестегийн Гэгээн Жон Боско сүмийн шашны сургалтын багш нар; “Дайныг зогсоо” зөвлөлийнхөнтэй мэндчилж байна.

Та бүхэн бүтэн сайн өдрийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Тавтай сайхан хооллоорой, arrivederci!