Бүх гэгээнтний өдөр

2023-11-01

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno, баяр ёслолт өдрийн мэндийг хүргэе!

Өнөөдөр бид Бүх Гэгээнтний Баярыг тэмдэглэж байна. Энэхүү баярын өдрийг тохиолдуулан гэгээн байдлын тухай, тэр дундаа жинхэнэ гэгээн байдлын хоёр шинж чанарын талаар тунгаан бодоцгооё. Гэгээн байдал бол бэлэг - энэ бол худалдаж авах боломжгүй бэлэг. Үүний зэрэгцээ гэгээн байдал бол аялал. Бэлэг бөгөөд аялал.

Юуны өмнө, яагаад бэлэг гэж? Гэгээн байдал бол Ариун угаалаар бидний хүлээн авсан Тэнгэрбурханаас өгөгдсөн бэлэг. Хэрэв бид өсөн нэмэгдэхийг нь зөвшөөрвөл энэ бэлэг бидний амьдралыг бүрэн өөрчилж чаддаг (Папын Номлол Gaudate et exsultate, 15). Гэгээн хүмүүс бол хүрэхийн аргагүй алс холын баатрууд биш, харин бидэн шиг хүмүүс, бидний найз нөхөд юм. Гэгээн болох нь бидний хүлээн авсан бэлэг болох Ариун угаалаас эхтэй. Сайтар бодвол бид өдөр тутамдаа зөвт, энгийнээр бөгөөд нухацтайгаар Христэд итгэгчийн амьдралаар амьдардаг гэгээн хүмүүстэй таарсан нь гарцаагүй. Тэд бол миний "хөрш гэгээнтнүүд" гэж нэрлэх дуртай, бидний дунд амьдарч байдаг энгийн хүмүүс. Гэгээн байдал гэдэг хүн бүрд санал болгосон аз жаргалтай амьдралын бэлэг юм. Бид бэлэг авахдаа хамгийн түрүүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг билээ? Хэн нэгэн биднийг хайрладаг гэдгийг бэлэг илэрхийлдэг учраас бэлэг авах нь биднийг аз жаргалтай болгодог. Тэнгэрбурхан биднийг хайрладаг учраас гэгээн байдлын бэлгийг хүлээж авах нь биднийг аз жаргалтай болгодог.

Гэвч бэлэг болгон түүнийг хүлээн авч, "баярлалаа" хэмээн талархсан хариуг өгөх хариуцлагыг тээж байдаг. Бид яаж "баярлалаа" гэж хэлэх вэ? Бэлгийг үрэн таран хийхгүйг хичээх замаар бид талархлаа илэрхийлнэ. Бүх Ариун угаал хүртсэн хүн хүлээн авсан гэгээн байдлаа хадгалж, амьдралдаа төгөлдөржүүлэх дуудлагыг хүлээн авсан билээ (Lumen gentium, 40). Ингэснээр бид дараагийн цэгт хүрдэг. Гэгээн байдал гэдэг нь Гэгээнтнүүд хэмээх онц сайн нөхөдтэй нэгдэн, хүмүүс бие биедээ туслан хамтдаа хийх аяллыг хэлдэг.

Гэгээнтнүүд бол үргэлж найдаж болох ах, эгч нар маань билээ. Гэгээнтнүүд биднийг дэмждэг ба буруу зам руу орох үед чимээгүйхэн өөрсдийн оршихуйгаар бидний замыг засаж залруулдаг. Тэд бидний сайн сайхныг хүсдэг учраас итгэж болох чин сэтгэлийн найзууд билээ. Тэдний амьдралаас бид үлгэр жишээг, залбирлаас нь тусламж болон нөхөрлөлийг хүлээн авч, ах дүүгийн хайраар холбогддог.

Гэгээн байдал бол аялал бөгөөд бэлэг. Тиймээс бид өөрсдөөсөө асууцгаая. Намайг гэгээн байдалд дуудаж, тийш хүрэхэд тусалдаг Ариун Сүнсний бэлгийг би хүлээн авснаа санаж байна уу? Гэгээн байдлын бэлэг өгснийх нь төлөө би Ариун Сүнсэнд талархдаг билүү? Гэгээнтнүүд надтай ойр байгааг би мэдэрч, тэдэнтэй ярилцдаг билүү, тэдэнд ханддаг билүү? Би тэдний заримынх нь түүхийг мэдэх билүү? Гэгээнтнүүдийн амьдралыг мэдэж, тэдний үлгэр жишээг нь сонсох нь бидэнд тустай. Мөн залбирлаараа тэдэнд хандах ч бидэнд ихээхэн ач тустай.

Бүх Гэгээнтний Хатан Мариа эх бидэнд хүлээн авсан бэлгийнхээ баяр баясгаланг мэдрэхэд тусалж, мөнхийн оршихуйд хүрэх хүслийг улам нэмэгдүүлэх болтугай.

 

Анжелус залбирлын дараа хэлсэн үг

 

Эрхэм ахан дүүс ээ!

Олон улсаас ирсэн төрөл бүрийн гэр бүл, сүмийн бүлэг, холбоо, сургуулийн бүлгийн мөргөлчид та бүхэнтэй би элэгсэг дотноор мэндчилье.

Ялангуяа би ХБНГУ-ын Алленсбах, Мексикийн Монтеррей хотын итгэгчид, Дани улсын Никобинг Фалстерийн Гэгээн Иосефийн гэлэнмаагийн сургуулийн оюутнууд, мөн Үндэсний цагдаагийн нийгэмлэгийн Ром хотын сайн дурын бүлгийнхэнд мэндчилгээ дэвшүүлж байна.

Би Бүх Гэгээнтний баярыг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор "Don Bosco Missions" сангаас зохион байгуулж буй Corsa dei Santi уралдаанд оролцогчдыг баяртайгаар угтан авъя. Та бүхний сайхан санаачилгад болон хүрэлцэн ирсэнд тань талархаж байна!

Маргааш өглөө би Дэлхийн II дайны үед Хамтын нөхөрлөлийн орнуудаас амь үрэгдэгсдийн Оршуулгын газарт Талархал магтаалын мөргөлийг тэмдэглэнэ.

Өнөөдөр болж буй дайнуудын улмаас зовж шаналж буй хүн амын төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Бид тарчлан зовж буй Украиныг, Палестиныг, Израилыг болон дайн үргэлжилж байгаа бусад олон бүс нутгийг мартаж болохгүй.

Энэ баярын өдрийг оюун санаагаараа Гэгээнтнүүдтэй хамт аз жаргалтай өнгөрүүлэхийг би та бүхэнд хүсэж байна. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Өдрийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!