Матай 22:34-40

2023-10-29

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдрийн Сайн мэдээ бидэнд хамгийн агуу тушаалын тухай өгүүлж байна (Матай 22:34-40). Нэгэн хуульч Есүсээс хуулийн аль тушаал нь агуу болохыг асуухад Есүс “хайрын агуу тушаал” буюу “Чи Тэнгэрбурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. (...) Чи хөршөө өөрийн адил хайрла” хэмээн хариулсан (ишлэл 37,39). Тэнгэрбурханыг болон хөршөө хайрлах хайрыг салгах боломжгүй. Тиймээс түр азнан энэ талаар эргэцүүлэн бодоцгооё.

Эзэнийг хайрлах тушаал хамгийн түрүүнд байгаа нь эхлээд Тэр биднийг хайрласныг сануулж байна. (1 Иохан 4:19) Тэр ойр, зөөлөн, нигүүлсэнгүй учраас биднийг хязгааргүй зөөлнөөр, ойр дотноор, нигүүлсэнгүйгээр хүлээж байдаг. Хүүхэд ээж, аавынхаа өвдөг дээрээс хайрлахад суралцдаг шиг бид Тэнгэрбурханы тэвэрт хайрлахад суралцдаг. Дуулалд гардаг “Эхийнхээ тэвэрт байх хөхнөөс гарсан хүүхэд” (131:2) адил бид ч Тэнгэрбурханы тэвэрт байгаагаа мэдрэх ёстой. Эзэний тэвэрт бид Түүний хайрыг шингээн авч, тэнд л бид өөрсдийгөө өгөөмрөөр бусдад зориулахад хүргэдэг хайртай учирдаг. Гэгээн Паул Христийн өгөөмөр сэтгэл биднийг бусдыг хайрлахад хүргэх хүчтэй хэмээсэн (2 Кор 5:14). Бүх зүйл Түүнээс эхтэй. Тэнгэрбурханыг хайрлах, Есүсийг хайрлах энэ үндэс суурь байхгүй бол жинхэнээсээ бусдыг хайрлаж чадахгүй.

Одоо хайрын тушаалын хоёр дахь хэсгийг авч үзье. Энд Тэнгэрбурханыг хайрлах хайрыг хөршөө хайрлах хайртай холбосон. Энэ нь ах дүүсээ хайрлах замаар бид Эцэгийн хайрыг толь мэт тусган харуулдаг гэсэн утгатай. Бид нүдэнд харагдах ах/эгч дүүсээ хайрлах замаар нүдэнд харагдахгүй Түүнийг хайрлах –  Тэнгэрбурханы хайрыг тусган харуулах учиртай.(1 Иохан 4:20). Нэгэн өдөр Калькутта хотын Гэгээн Терезагаас өөрийнх нь хийж буй зүйл дэлхийг өөрчилнө гэх төсөөлөлтэй явдаг эсэхийг нь нэгэн сэтгүүлч асуужээ. Гэгээн Тереза, “Үгүй ээ, би дэлхийг өөрчилж чадна гэж хэзээ ч бодож байгаагүй! Би Тэнгэрбурханы хайр гэрэлтэх цэвэр усны дусал байхыг л хүссэн” гэж хариулсан (Нобелийн энх тайвны шагнал хүртсэний дараа сэтгүүлчидтэй хийсэн уулзалт, Ром, 1979 он). Жижигхэн биетэй Тереза Тэнгэрбурханы хайрыг дусал мэт тусган харуулснаараа маш их сайныг үйлдсэн билээ. Бид заримдаа түүнийг болон бусад гэгээнтнийг хараад тэд бол бидний хэзээ ч дуурайж чадахааргүй баатрууд гэж боддог. Тэгж бодох үедээ тэрхүү жижигхэн дуслыг дахин санаарай. Хайр бол олон зүйлийг өөрчилж чадах жижигхэн дусал. Үүнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх вэ гэж үү? Хариулт нь үргэлж түрүүлж алхам хийх байдаг. Заримдаа эхний алхмыг хийх, болсон зүйлийг мартах зэрэг нь амаргүй. Хэдий тийм ч эхний алхмыг хийцгээе. Эхний алхмыг хийснээрээ бид Тэнгэрбурханы хайрыг тусган харуулах дусал болох боломжтой.

Тиймээс, хайрт ахан дүүс ээ, эхлээд биднийг хайрласан Тэнгэрбурханы хайрын талаар бодож, өөрсдөөсөө ингэж асууцгаая: Тэр намайг эхэлж хайрласных нь төлөө би Эзэнд талархдаг билүү? Би Тэнгэрбурханы хайрыг мэдэрч, Түүнд талархаж байна уу? Мөн би бусдад Түүний хайрыг тусган харуулахыг хичээдэг үү? Би хайрын тушаалын хоёр дахь алхмыг хийн ах эгч дүүсээ хайрлахыг хичээж байна уу?

Тэнгэрбурханыг хайрлаж, Түүнд биднийг хайрлахыг зөвшөөрч, мөн ах эгч дүүсээ хайрлах хайрын агуу тушаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд Цэвэр охин Мариа бидэнд туслах болтугай.

 

Анжелусын дараа хэлсэн үгс

 

Эрхэм ахан дүүс ээ

Өнгөрсөн Баасан гарагт олон газраас, янз бүрийн аргаар мацаг барих, залбирах, гэмших өдөрт нэгдэж дэлхий дахины энх тайвныг гуйн залбирсан бүх хүмүүст би талархаж байна. Бүгдээрээ зогсолтгүйгээр Украйны төлөө, Палестин, Израилын ноцтой нөхцөл байдлын төлөө, дайнтай бусад бүс нутгийн төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Ялангуяа Газад хүмүүнлэгийн тусламж оруулах орон зайг нээж, барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллах болтугай. Зэвсгийн дуу намдаж гал зогсоно гэсэн итгэл найдвараа бид орхиж болохгүй. Би саяхан A Sua Immagine нэвтрүүлэгт оролцсон Ибрахим Фалтас санваартны яриаг сонссон. Тэр "Тулааныг зогсоо! Тулааныг зогсоо!" хэмээсэн. Тэр бол Ариун нандин газрын итгэмжит төлөөлөгч юм. Ибрахим санваартантай хамт бид ч бас тулааныг зогсоо гэж хэлцгээе. Ахан дүүс ээ, больцгоо! Дайн үргэлж ялагдал байдаг - үргэлж шүү!

 

Би маш хүчтэй хар салхинд нэрвэгдсэн Мексикийн Акапулько хотын хүмүүстэй сэтгэлээрээ ойрхон байна. Хохирогчид, тэдний ар гэрийнхэн болон хүнд гэмтэл авсан хүмүүсийн төлөө би залбирч байгаа. Гвадалупегийн Цэвэр охин үр хүүхдүүдээ энэ зовлон зүдүүр дунд тэтгэх болтугай.

 

Ромын хүмүүс, Итали болон дэлхийн олон орны мөргөлчид та бүхэнд мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа би Торано Нуовогийн “Тэнгэрийн хүүхдүүд”-ийн эцэг эхчүүд, Кампанагаас ирсэн сүсэгтэн олон, Ром дахь Флорентийн Гэгээн Иохан сүмийн “Талита Кум” мэргэжлийн бүлэг, Словени болон Гандоссогоос ирсэн Бататгалын ангийн охид хөвгүүд, түүнчлэн Гэгээн Камиллусын Хүүхдүүд болон Өвчтөнүүдэд Үйлчлэгч нартай мэндчилж байна.

 

Та бүгд бүтэн сайн өдрийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна. Миний төлөө залбирахаа мартуузай. Сайхан хооллоорой, arrivederci!