Матай 22:17

2023-10-23

Эрхэм ахан дүүс нар аа, Өглөөний мэнд!

Өнөөдрийн ёслолын Сайн мэдээний айлдалд Херодынхонтой нийлэн Есүсийг хэлсэн үгэнд нь унагахаар хичээж буй зарим фарисайг өгүүлж байна. Фарисай нар үргэлж Есүсийг занганд оруулахыг хичээж байсан. Тэд Түүнд очоод: "Бид Цезарьт албан татвар төлөх нь хуульд нийцэх үү, үгүй юу?" хэмээн асуудаг (Матай 22:17). Энэ бол тэдний заль мэх байсан. Хэрвээ Есүс татварыг хуульд нийцнэ гэвэл Тэр ард түмний эсрэг улс төрийн хүчний талд орсон хэрэг болно. Харин хуульд нийцэхгүй гэж хэлбэл Түүнийг эзэнт гүрний эсрэг босогч хэмээн буруутгаж болох байв. Жинхэнэ урхи байгаа биз. Гэвч Есүс энэ урхинаас мултран гардаг. Есүс Цезарийн дүрс бүхий зоосыг Өөрт нь үзүүлэхийг тэднээс хүсээд: “Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Тэнгэрбурханы юмыг Тэнгэрбурханд өг” хэмээдэг (Матай 22:21). Энэ нь юу гэсэн үг вэ?

Есүсийн эдгээр үгсийг нийтээрээ мэддэг болсон ч заримдаа үүнийг Шашин ба Төр, Христийн сүсэгтнүүд ба улс төрийн хоорондын харилцааны талаар ярихдаа буруугаар эсвэл дутуу дулимаг байдлаар ашигладаг. Тэд ихэвчлэн Есүс "Цезарь"-ыг "Тэнгэрбурхан"-аас, өөрөөр хэлбэл дэлхийг оюун санааны бодит байдлаас тусгаарлаж салгахыг хүссэн гэж тайлбарладаг. Заримдаа бид ч гэсэн итгэл, итгэлийн зан үйлсийг өдөр тутмын амьдралаас тусад нь салгаж боддог. Ийм байж болохгүй. Огтхон ч болохгүй. Итгэл маань бодит амьдрал, нийгмийн сорилтууд, нийгмийн шударга ёс, улс төр гэх мэт зүйлтэй ямар ч холбоогүй гэж бодох нь "шизофрени"-ийн нэг хэлбэр юм.

Үнэндээ Есүс бидэнд "Цезарь" болон "Тэнгэрбурхан"-ыг тус бүрийг нь зохистой байранд нь тавихад туслахыг хүссэн. Дэлхий дээрх дэг журмыг сахиулах нь Цезарийн буюу өөрөөр хэлбэл улс төр, иргэний байгууллагууд, нийгэм эдийн засгийн үйл явцын үүрэг. Энэ бодит байдал дунд амьдарч буй бид бидэнд хариуцуулсан зүйлсэд санаа тавьж, ажиллаж хөдөлмөрлөхдөө хууль, шударга ёсыг сахин дэмжиж, татвараа шударгаар төлж, нийтийн сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулах гэх мэтээр нийгмийн бидэнд өгч буй зүйлсийн хариуд хариуцлагатай иргэдийн хувиар өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Үүний хажуугаар Есүс бүх хүн нэг бүрчлэн Тэнгэрбурханд харьяалагддаг хэмээх суурь бодит үнэнг бататгасан. Энэ нь хүмүүс бид дэлхийн бодит байдалд, "Цезарь"-д хамаарахгүй гэсэн үг юм. Бид Эзэнийх бөгөөд дэлхийн ямар ч хүчний боол байх ёсгүй. Зоосон дээр эзэн хааны дүр байх ч бидний амьдралд Тэнгэрбурханы дүр төрх шингэсэн бөгөөд үүнийг юу ч, хэн ч нууж чадахгүй гэдгийг Есүс сануулдаг. Энэ дэлхийн зүйлс Цезарийнх боловч хүн төрөлхтөн болон дэлхий өөрөө Тэнгэрбурханых гэдгийг бүү март!

Үүгээрээ Есүс хүн нэг бүрийн өөрийнх нь мөн чанарыг сэргээж байгааг бид ойлгож болно. Энэ дэлхийн зоосон дээр Цезарийн дүр байх ч, бид нэг бүрчлэн дотроо ямар дүр төрхийг тээж байна вэ? Би дотроо ямар дүр төрхийг тээж байна вэ? хэмээх асуултыг өөрсдөөсөө асууцгаая. Чиний амьдрал хэний дүр төрхтэй вэ? Бид Эзэнд харьяалагддаг гэдгээ санаж байна уу, эсвэл дэлхийн логикоор хэлбэржиж, ажил, улс төр, мөнгийг шүтэх шүтээнээ болгосон уу?

Цэвэр охин Мариа бидэнд өөрсдийн болон хүн бүрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхэд туслах болтугай.

 

Анжелус залбирлын дараа Пап лам үргэлжлүүлэн:

Эрхэм ахан дүүс нар аа

Би дахин Израиль, Палестинд болж буй үйл явдалд анхаарлаа хандуулж байна. Миний санаа ихээр зовж, гашуудаж байна. Би залбирч, зовж шаналж буй бүх хүн буюу барьцаалагдсан, шархадсан хүмүүс, хохирогчид, тэдний төрөл садантай сэтгэл зүрхээрээ ойр байна. Би Газад үүссэн хүмүүнлэгийн ноцтой зөрчлийг бодож, ойрын өдрүүдэд Англикан эмнэлэг болон Грек-Ортодокс сүм дайралтад өртсөнд харамсаж байна. Би аюулгүй бүсүүдийг нээхийг, хүмүүнлэгийн тусламж ирэх боломжийг хангахыг, барьцаалагдсан хүмүүсийг суллахыг дахин уриалж байна.

Би бас зовж шаналж буй Украины тухай бодож байна. Дайн, дэлхий дээр болж буй ямар ч дайн бол ялагдал. Дайн үргэлж ялагдал байдаг. Дайн хүн төрөлхтний эв нэгдлийг сүйтгэдэг. Ах дүүс ээ, больцгоо! Одоо болно!

Ирэх Баасан гараг буюу 10 сарын 27-ны өдрийг би мацаг барилт, залбирал, гэмшлийн өдөр болгон зарлаж, тэр орой 18.00 цагт Гэгээн Петрийн талбайд дэлхийн энх тайвныг гуйж нэг цаг залбирах болсныг сануулъя.

Бид өнөөдөр “дүрэлзсэн зүрх, замд гарсан хөл” гэсэн сэдэвтэй Дэлхийн Католик шашныг дэлгэрүүлэгчдийн өдрийг тэмдэглэж байна. Энэ хоёр дүр зүраг бүгдийг илэрхийлэх чадвартай аж! Би шашны хүрээнүүд, сүмүүд дэх хүн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ромчууд болон мөргөлчид та бүхэнд, ялангуяа Гранадагаас ирсэн Siervas de los Pobres hijas del Sagrado Corazón de Jesús бүлгэмийн гэлэнмаа нар, ​​Centro Académico Romano Fundación төвийн гишүүд, Ром дахь Перучуудын Señor de los Milagros нөхөрлөлийнхөнд мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу та бүхний гэрчлэлд баярлалаа гэж хэлмээр байна! Сайхан сүсэг бишрэлээ хадгалан үргэлжлүүлэн ажиллаарай.

Би “Хүн төрөлхтнийг сахин хамгаалагчид” нэртэй эгэл сүсэгтнүүдийн хөдөлгөөний гишүүдтэй мэндчилж байна. Мөн Корденоны олон янзын өнгө аястай "Sant’Antonio Abate" найрал дууныхан, Наполи, Касажиовын итгэгчдийн холбооныхонтой мэндчилье.

Казалмажиоре бүсийн Casa Giardino буюу "Цэцэрлэгт байшин"-гийн залуучууд; Эммануэль нийгэмлэгийн залуу найзуудын бүлэг; Тулоны “Jean XXIII” Католик сургуулийн захирал, багш нар болон Нейлигийн “Saint Croix” ахлах сургуулийнханд мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Immaculata-ийн залуучууд та нар ч бас. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, Дараа дахин уулзацгаая!